| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0074/э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 77
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Гт холбогдох 2030000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Наран суманд 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ... тоотод оршин суух, 6 сартай жирэмсэн, Сүхбаатар аймгийн сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, З.Г.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч З.Г нь согтуугаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “С” караокед 2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой хохирогч Х.Мийг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын чамархайн дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, үсний уналт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байсан. Х.Мт учирсан 358 789 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн 2030000000062 дугаартай хэргээс:
Хохирогч Х.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “С” караоке ажиллуулдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед манай 3 дугаартай караокены өрөөнд хүмүүс бахиралдаад байхаар нь би хаалгыг нь тогшиж юу болсон талаар тодруулж асуухад нэг эмэгтэй уучлаарай гээд байхаар нь сануулаад гарсан. Дахин уг өрөөнд чимээ гарахаар нь ороход уг өрөөнд байсан шилэн ширээг хагалсан байсан. Дотор байсан 3 эмэгтэйг өрөөнөөс гаргаж, ширээ хагалсан хохирлоо барагдуул гэж хэлэхэд бид нарт мөнгө байхгүй хохирлыг барагдуулж чадахгүй цагдаа дууд гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч ирэх хооронд манай албаны ширээг хагалсан гэх эмэгтэй манай байгууллагад үйлчлүүлж байсан хүмүүсийг хэл амаар доромжилсон. Тэр үед би бичлэг хийсэн чинь уг эмэгтэй чи миний бичлэгийг хийдэг хэн бэ? гэх мэтээр намайг хэл амаар доромжилж, намайг үсдээд байхад цагдаагийн алба хаагч нар ирж уг эмэгтэйг надаас салгасан. Тухайн үед миний хуйхны хэсэг памбайж хавдсан, үс маш их унасан. З.Гээс нэхэмжлэх зүйл байхгүй. Шилэн ширээний үнэ 357 800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой байгаа. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/
Гэрч Х.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай гэрт манай найзууд болох З.Г түүний нөхөр А, У түүний нөхөр Б-А, манай нөхөр С нарын хамт “Болор” нэртэй шилтэй архи хувааж уугаад, орой 17 цаг 30 минутын орчим “С” караоке руу У, Г хоёрын хамт орсон. Харин нөхрүүд манай гэрт үлдсэн. Би караокед ороод унтаад өгсөн. Удалгүй сэрээд Утэй хамт босоод дуулж байтал ард сууж байсан Г нь шилэн ширээг өшиглөж хагалсан. Яг энэ үед гаднаас караокены зөөгч хүүхэн орж ирээд, юу болж байгаа юм гэтэл Г нь тэр эмэгтэйн үснээс зулгаахад нь салгасан. Нэг мэдсэн цагдаа ирсэн байсан. Ямар учраас шилэн ширээ өшиглөж хагалсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан караоке дотор хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. Уг нь зөөгч эмэгтэй юу болж байгаа юм хагалсан ширээгээ төлнө шүү гэтэл шууд очоод үснээс нь зулгаасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Гэрч С.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Б-А над руу залгаад Сын гэр рүү хүрээд ир гэсэн. 16 цагийн орчим Сын гэр рүү очиход С, А, Г, Б нар “Соёрхол” нэртэй уусан байсан. Мөн 2 литрийн пиво хуваагаад ууж байсан. Удалгүй Г, Б нарын хамт “С” караоке руу орж пиво, хоёр ундаа авсан. Тэгээд дуулаад цаг дуусах дөхөж байхад ард сууж байсан Г нь шилэн ширээг өшиглөж хагалсан. Энэ үед гаднаас зөөгч эмэгтэй орж ирээд ширээ хагалчихлаа 500.000 төгрөг төл гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо тохиролцох гэж байхад Г нь нилээн согтуу хүн хүн рүү бахирч байгаад зөөгч эмэгтэйн үснээс зулгаагаад тавихгүй байсан. Энэ үед гаднаас цагдаа нар орж ирээд салгасан. Тухайн үед Г нь гаръя, явмаар байна гэж хэлж байсан. Г нь 5 сартай жирэмсэн гэж байсан. Г нь зөөгч эмэгтэйг зураг авлаа гээд үснээс нь зулгаасан...” гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай: Х.Мийн зүүн талын чамархайн болон дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, үсний уналт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/
-Эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 23-34-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн эмч М.Урангаравын тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар засаг даргын Б.Мөнхнарангийн тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/
-Шүүгдэгч З.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 45 хуудас/
-Шүүгдэгч З.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 49-р хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Г нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “С” караокед хохирогч Х.Мийг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын чамархайн дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус харвалт, үсний уналт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч З.Гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Х.М, гэрч Х.Б, С.У нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Гийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч З.Гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.Гийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч З.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч З.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Гт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 358 700 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч З.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, 6 сартай жирэмсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Мт хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан З.Гт оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан З.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан З.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан З.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Мт хохирол төлсөн тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА