Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/48

 

 

 

Г.Лхагват холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Оч /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                        Б.Сувд-Эрдэнэ        

шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ц.Раашзэвэг

нарийн бичгийн дарга                                   А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолтой Г.Лхагват холбогдох 2017 1900 0283 дугаартай 176 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, тодорхой оршин суух хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, Ягаан хацарт овгийн Галдангийн Лхагва /РД:ЧЗ74100331/.

Шүүгдэгч Г.Лхагва нь ялтай байх хугацаандаа согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” зочид буудалд 2017 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө амрахаар орохдоо 22 тоот өрөөнд амарч байсан иргэн Ц.Баяраагийн өмсөж явсан хавар намрын куртик, “8810 Хавай” загварын гар утсыг хулгайлж, 605.000 төгрөгний хохирол төлбөр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор: Ягаан хацарт овгийн Галдангийн Лхагвыг бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Ягаан хацарт овгийн Галдангийн Лхагвыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ягаан хацарт овгийн Галдангийн Лхагвад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ягаан хацарт овгийн Галдангийн Лхагвын 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 201719000283, 145.2, Галдан Лхагва гэсэн бичиглэл бүхий CD 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалж энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ягаан хацарт овгийн Галдангийн Лхагваас 605.000 /зургаан зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч ЦГ7201097 дугаарын регистртэй, Бошго овгийн Цэдэндоржийн Баяраад олгож,

шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ягаан хацарт овгийн Галдангийн Лхагвын хорих ял эдлэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ягаан хацарт овгийн Галдангийн Лхагват авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Лхагва гаргасан давж заалдах гомдолдоо: “Г.Лхагва миний бие нь 2005 оны 12 сараас эхлэн ханьтайгаа /бурхан болооч/ амьдарсаар хань минь зүрхний хавтаст хавхлаг гэх өвчнөөр 2010 оны 10 сард өнгөрсөн билээ. Энэхүү гэнэтийн нөхцөл надад маш хүндээр тусч миний бие нь улмаар эргээд архи уух болсноор 2013 онд хэрэгт холбогдож, хорих ялаар шийтгүүлж, гарч ирсээр 2016 оны 4 сарын 16-нд уг хэрэгт холбогдож ЭХ-ийн 17.1.2-т зааснаар шийтгэгдсэн билээ. Миний бие нь уг хэргийг зориуд төлөвлөн хийгээгүйг та бүхэн хавтаст хэргээс харж дахин тунгааж миний зөв сэтгэл, зөв санаа, зөв тэмүүллээр амьдрах хүсэл эрмэлзлэлийг минь дэмжиж өгөөч гэж чин сэтгэлээс хүсэж байна. Үйлдсэн үйлдэлдээ үнэхээр гэмшин харамсаж байгаагаас гадна хохирогчийнхоо хохирлыг барагдуулсан билээ” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч Галдан овогтой Лхагва нь Төв аймгийн Зуунмод сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудалд байхдаа нэг давхрын, караокед архи, пиво ууж байгаад дээшээ өрөөндөө орохдоо андуурч хажуу өрөөндөө орж /тэнд байсан архинаас бага зэрэг ууж гарахдаа орон дээр байсан куртикийг өмсөөд гарсан гэтэл куртикны халаасанд нь Хавай маркийн утас байжээ. Г.Лхагваа уг байрнаас шөнийн цагт гарч яваад такси хөлслөн нийслэл хот орохдоо уг куртикийг машиндаа үлдээж орхижээ. Гэтэл уг куртикний халаасанд бас нэг Нокиа 8810 маркийн гар утас байсныг мэдсэнгүй.

Ийм үйл явдал болсноор иргэн Баярт гар утаснуудын болон Куртикны үнэ бүгд 650 000-н төгрөгний хохирол учирснаар 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэгт холбогдож анхан шатны шүүх хуралдаанаас 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон байна. Халамжтай сайн хүн байсныг талийгаач эхнэрийнх нь төрсөн эгч хавтаст хэрэгт мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүхээс итгэл найдвар хүлээлгэвэл зөв явж, зөв амьдарч чадах найдвартай нь хэргээс ойлгогдоно. Г.Лхагва нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй ба хохирол төлбөрийг нь төлөлгүйгээр орсон байна. Ийм тохиолдолд анхан шатны шүүх уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэх нь ойлгомжтой. Харин одоо хохирлоо бүрэн төлсөн бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Ээж нь Солонгос улсад эмчлүүлж байгаа бөгөөд ээжийгээ харж асрах шаардлагатай байгаа зэргийг нь харгалзан үзэж Анхан шатны шүүхээс оногдуулсан  хорих ялыг нь өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1-дэх хэсэгт зааснаар хорих ял ноогдуулахгүйгээр тэнсэж, нэг жилээс дээшгүй хугацаагаар хянан харгалзаж бусад албадлагын арга хэмжээг хэрэглэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Лхагвыг согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг. “Эрхэс” зочид буудлын 22 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Ц.Баяраагийн хавар намрын куртик, 8810 Хавай загварын гар утсыг хулгайлж, 605.000 төгрөгний хохирол төлбөр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Лхагва дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5, 6-7/, зочид буудлын хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-24, 25/, эд зүйлийн үнэлгээ /хх-38/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 57 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-40-41, 42-43, 44-47/, шүүгдэгч Г.Лхагвын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба дээрх нотлох баримтууд нь мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт мөн бөгөөд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Лхагвын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтанд нийцнэ гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Ялтан Г.Лхагва нь 2017 оны 09 сарын 12-нд хохирогч Ц.Баяраад 650000 төгрөг хохиролд төлснөө нотлож, ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “шүүгдэгч хохирлоо бүрэн төлсөн, ямар нэгэн өр төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул хорих ялыг тэнсэж хянан өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзээд ялтан Г.Лхагвад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Лхагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай…” гэсэн нэмэлт заалт оруулсугай

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

          ШҮҮГЧИД                                      Ц.ОЧ 

                                                                              Г.БОЛОРМАА