Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0854/З |
Дугаар | 221/МА2021/0421 |
Огноо | 2021-08-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2021/0421
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Ж.У, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Соёлын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Н.Б, гуравдагч этгээд “Д 11” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, Ц.Г, өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Д 11” СӨХ-ны давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1183 дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1183 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцох”-оор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... маргаан бүхий актад дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан зөрчил, барилгын зураг төслийг өөрчилсөн, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлүүд тогтоогдоогүй, хариуцагч захирамжийн үндэслэлийг нотолж чадаагүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар бодит зөрчил тогтоогдоогүй байтал шүүх нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосонгүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий актын үндэслэлийн хүрээнд л дүгнэлт хийх нь зүйтэй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлж барьсан шалтгаан нөхцөлийг тодруулах, энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан ноцтой зөрчилд хамаарах эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн. Тэг тэнхлэгийг шилжүүлэх нь барилгын батлагдсан зураг төслийг өөрчлөхтэй огт хамааралгүй бөгөөд барилгын зураг төсөлд тэг тэнхлэгийг зааж, тодорхойлоогүй байдаг. Газрын тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарах эсэхийг шүүх өөрөө дүгнэх боломжтой байтал хариуцагчийг маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд шалган тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал давж заалдах гомдолдоо: “... “С” ХХК-ийн барилга нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар барилгын зураг төслийн дагуу баригдсан байх шаардлагыг хангаагүй байна. Үүнээс үүдэн Соёлын яамны захиалгаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Үндэсний номын сангийн барилгын газрын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. “С” ХХК-ийн барилга нь зэргэлдээ орших нийтийн номын сангийн барилгын үзэгдэх орчныг хааснаас үүдэн номын сангаар үйлчлүүлэх оюутан, сурагч, тухайн орчинд амьдарч байгаа нийт оршин суугчдын нийтийн эрх ашигт нөлөөлсөн байна. Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар газрыг гэрээний дагуу эзэмшиж ашиглаагүй, барилгыг зураг төслийн дагуу бариагүй бөгөөд шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг гэмтээсэн, гэрээний үүргээ зөрчсөн нь эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн нөхцөл бүрджээ. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан байх тул маргаан бүхий захирамж нь зорилгодоо нийцсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Д 11” СӨХ нь давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 234 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн байрны зүүн урд байрлуулан 0.5 га газрыг эзэмшүүлсэн. Харин нэхэмжлэгчид 2010 онд анх нийслэлийн Засаг даргын 418 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байдаг. Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын “...анх газрын эрх нэхэмжлэгчид түрүүлж үүссэн” гэх тайлбар үгүйсгэгддэг. Гуравдагч этгээд болох 12а, б байр буюу манай Д 11 СӨХ-д мөн дүүргийн 7-р хороонд анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаар, гуравдагч этгээд Соёлын Яамд 2007 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн 352 дугаар захирамжаар тус бүр газар эзэмших эрх олгосон. Эдгээр баримтуудаар мөн газрын эрх нэхэмжлэгчид анх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрх бүхий албан тушаалтнуудын дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар дээрээ барьж байгаа барилгын үйл ажиллагаанд 5 төрлийн зөрчил илэрсэн тухай дурддаг. “С” ХХК нь тухайн шугам сүлжээг барилгын үйл ажиллагааг явуулахдаа хагалж гэмтээснээс их хэмжээний бохир, лаг алдагдсаны улмаас 12 а, б байрны иргэд, тэр хавийн нийтийн орон сууцны иргэд бохирын үнэр үнэртэж эрүүл мэндээрээ хохирсон асуудал гарч байсан. Энэ нь хүн амын эрүүл мэндэд харшаар ашигласан байдал бөгөөд эрх бүхий байгууллагын дээрх дүгнэлтээр тогтоогдсон.
Анхан шатны шүүхээс заавал эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг маргаан бүхий захиргааны актад тусгах ёстой мэтээр дүгнэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хууль зөрчин хэрэгжүүлсэн үйлдлээс болж хэрэгт оролцож байгаа гуравдагч этгээд нарын эрх,хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн,зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой байхад энэ талаар бүрэн нягталж шалгаагүй, хариуцагч нь захиргааны актад тусгаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Цаашид “С” ХХК-ийн барилга баригдах тохиолдолд 12а, б байрны барилга хоорондын зай хэмжээ алдагдаж, үүний улмаас тухайн орон сууцны иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөх буюу холбогдох дүрэм, журам зөрчигдөж баригдсан барилгын улмаас байрны иргэд аюултай орчин нөхцөлд амьдрах, нийтийн эзэмшлийн газрыг ашиглаж, эзэмших эрхгүй болох, орон сууцаа өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй, цаашлаад манай байрны ашиглалтын үйл ажиллагаа алдагдахаар байна.
Нэхэмжлэгч газар дээрээ барьж байгаа барилгын зураг төслийг дур мэдэн өөрчилж, тэг тэнхлэгээс зүүн тийш барьсан ба энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай, бүрэн тогтоогддог. Энэхүү нөхцөл байдал хэргийн бусад баримтаар хангалттай тогтоогдсон атал шүүхээс заавал дахин тодруулах ёстой гэх агуулгаар дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 38 дугаар зүйл болон 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай тус бүр нийцээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Анх нэхэмжлэгч “С” ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 234 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0,5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0060530 дугаартай гэрчилгээг олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 418 дугаар захирамжаар нэгж талбарын 3010/0093 дугаартай 3254 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938, 2018 оны А/52 дугаар захирамжуудаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг тус тус сунгаж, газар эзэмших эрхийн 0003232276 дугаар гэрчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр олгож шийдвэрлэжээ.
“С” ХХК нь Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас А/490-1,46 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч, загвар зургийг батлуулсан байх бөгөөд 2017 онд барилгын ажлын зөвшөөрлийн 71*/2017 дугаартай гэрчилгээг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас авч, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн зөвшөөрлийнхөө хугацааг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгуулсан байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “С” ХХК нь эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгын болон Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн 000016816 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын 19 дэх хэсгийг хүчингүй болгожээ.
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэж маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1183 дугаар захирамжийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчийг Барилгын болон Газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр буруутгаж байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар “С” ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу бус Барилгын тухаай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.4-т заасныг зөрчиж тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн өөрийн барилгыг барьжээ.
Ийнхүү уг барилгыг нэхэмжлэгч тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн барих болсон үндэслэл нь Сүхбаатар дүүргийн Тамгын газрын барилгыг барихдаа гүйцэтгэгч компани нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирын Ф200 мм-ийн трассыг “С” ХХК-ийн газарт шилжүүлэн хотын мэдээллийн санд бүртгүүлсэнтэй холбоотой гэж тайлбарлах бөгөөд энэ талаарх асуудлыг хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа харгалзсан эсэх нь тодорхойгүй, улмаар анхан шатны шүүх “...батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан гэх нөхцөл байдал нь хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болох, ...ийнхүү шилжүүлэн барихдаа холбогдох эрх бүхий байгууллагуудад хандаж, зөвшөөрөл авсан байсан эсэх, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газрын хил дотор барилгыг батлагдсан тэг тэнхлэгээс өөр газарт шилжүүлэн барьсан гэх үйл баримт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан ноцтой зөрчил гэх үндэслэлд хамаарах эсэх асуудлыг хариуцагч захиргааны байгууллага бүрэн гүйцэт шалган тогтоож, шаардлагатай тохиолдолд дээрх асуудлуудтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулсныг үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч компани “0” тэнхлэгийг өөрчлөлгүй барилга барьсан тохиолдолд гуравдагч этгээдийн буюу Соёлын яамны Төв номын сангийн барилга, “Деньвер 11” СӨХ-ны оршин суугчдын, өөрөөр хэлбэл маргаж буй актад дурдсан бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх ашиг сонирхол зөрчигдөх, эсхүл зөрчигдөхгүй байсан эсэхийг зайлшгүй тодруулж дүгнэлт өгөх шаардлагатай, мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаар “М Ө” ХХК-д орон сууцны зориулалтаар олгосон газарт баригдсан денверийн 12А, 12Б байрны “Д 11” СӨХ /тус сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын 2082.84 м.кв газрын авто зогсоолын 931.05 м.кв, явган хүний зам болон барилгын орчны 48.51 м.кв талбай нь нэхэмжлэгчийн газартай давхцалтай/, хариуцагчийн 2007 оны 352, 2010 оны 781, 2019 оны А/102 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3050 м.кв газарт номын сангийн барилгын зориулалтаар Улсын төв номын санд эзэмшүүлсэн газарт гуравдагч этгээд Соёлын яамны захиалгаар баригдаж буй барилга /газрын ямар нэгэн давхцалгүй/-д тус тус хэрхэн нөлөөлөх, тодруулбал нэхэмжлэгчийн баригдаж буй барилгын улмаас бусдын ямар газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хөндөгдөж буй болохыг хариуцагч шалган тогтоож, дүгнэлт өгч дахин шинэ акт гаргах нь зүйтэй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд “Д 11” СӨХ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР