Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 79

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т.Бт холбогдох 2030000590099 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлгийн Сэхээний тасагт мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний сувилагч ажилтай,  ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Б.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Т.Б нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “У” гэх газарт  2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтуугаар О.Отай маргалдан зодож түүний эрүүл мэндэд “баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд цус хуралт, нүдний алиманд цусан хураа, нүдний эргэн тойрон, баруун хацар, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                            
    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу О.Отай хамт явсан юм. Миний авч очсон нэг шил архийг тэнд байсан хүмүүс уугаад дээр нь нэмж нэг шил архи уусан. Намайг архи аваад өг гээд байхаар нь Сүхбаатар сум руу яваад 4 шил архи 2 хоёр пивотой авчирч өгсөн. Би архи огт уудаггүй. Гэтэл тэнд байсан хүмүүс намайг шордоод байхаар 4-5 удаа архи татсан. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байсан гэв.

    Эрүүгийн 2030000590099 дугаартай хэргээс:

    Хохирогч О.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байхад миний танил Т.Б нь над руу 11 цагийн орчим над руу залгаж Сүхбаатар сум руу хамт яваад ирэх үү гэхээр нь би зөвшөөрч 12 цагийн үед аймгаас Т.Бийн машинтай Сүхбаатар сумын 1 дүгээр багт  нутаглах Г гэдэг айл дээр очсон бөгөөд нар жаргах үеэр би Батдэлгэртэй хамт Сүхбаатар сум явж 4 шил архи, 2 литрийн 2 пиво авч буцаж Г гэдэг айл руу очсон. Тэнд Г түүний эхнэр гэх эмэгтэй, өөр миний танихгүй 2-3 залуучууд байсан бөгөөд бүгдээрээ нийлж авсан архи пиво хувааж ууцгаасан юм. Гэтэл Г нь эхнэртэйгээ маргалдаж муудаад байхаар нь би голоор нь орж чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэтэл Батдэлгэр босч ирээд намайг хоёр удаа алгадсан юм. Тэгээд Батдэлгэр нь машиндаа суухаар нь араас нь очиж чи намайг холоос авчирчихаад намайг алгадсан гэтэл намайг машинаасаа буу гээд хөөгөөд байхаар нь би буухгүй гэтэл намайг машиндаа үсдэж миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиж надад хохирол учруулсан. Зүүн нүд хөхөрсөн, зүүн талын чамархай хэсэг газарт, баруун хацар хавдсан. Т.Бт хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р хуудас/,

          Гэрч Ч.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “У” гэдэг газар нутагладаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Т.Б нь танихгүй эмэгтэй хүнтэй хамт ирж адуу малаараа орж байгаад тэр хоёр Сүхбаатар сум руу яваад буцаж 19 цаг өнгөрөөж ирэхдээ 3 шил архи, 2 пивотой ирж манай нөхөр Г, Батдэлгэр, Оюунтуяа болон манай хажуугын Хурбаяр, мөн манай ээж Майгэрэл хувааж ууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байтал манай нөхөр Г гэрийнхээ яндангаа цохиод гэрээр дүүрэн утаа униар болгосон юм. Г согтоод надтай муудах гэж байтал О.О нь намайг өмөөрч чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэж байсан. Ингээд гэр утаа униартай болсон болохоор гэрт байсан хүмүүс гадагш гарсан бөгөөд би Т.Б, Оюунтуяа хоёртой хамт машинд нь хамт суусан. Гэтэл Батдэлгэр, О.О хоёр хоорондоо маргалдаж О.О нь Т.Бийг 3 удаа алгадсан. Тухайн үед Т.Б нь би тэсээд байгаа шүү гэж байснаа гэнэт О.Ог нэг удаа цохиж, 2 удаа алгадсан. Өөрөөр зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-р хуудас/,

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 90 дугаартай: “1.О.Огийн биед баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд цус хуралт, нүдний алиманд цусан хураа, нүдний эргэн тойрон, баруун хацар, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 11-р хуудас/,

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/

-  Шүүгдэгч Т.Бийн  иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 26-р хуудас/

- Шүүгдэгч Т.Бийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     27-р хуудас/

 - Шүүгдэгч Т.Бийн  Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 35-р хуудас /

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 32 дугаартай санал /хх-ийн 37-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “У” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Отай маргалдан зодож түүний эрүүл мэндэд “баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд цус хуралт, нүдний алиманд цусан хураа, нүдний эргэн тойрон, баруун хацар, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч О.О, гэрч Ч.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны  01 дүгээр сарын 31-ний өдрийн 90 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Т.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Т.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Бийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Бт ял шийтгэл оногдуулахад анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдал   болно.

Шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Бт оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.О  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА