Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 55

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин

Улсын яллагч Л.Солонго

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Уянга

Шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М, Б.М, Т.Н нарт холбогдох эрүүгийн 1928000860020 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн албаны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Шүүгдэгч: 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гоцлол дуучин мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 1,

Шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг “Өнцгөр цагаан” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул явуулж, байгаль орчинд 770.336 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би уг нь Баянхонгор аймгаас Өмнөговь аймагт экскаватор хүргэж өгөөд буцах зорилготой байсан. Гэтэл энд ирэхэд зөвшөөрөлтэй газар руу явчихаад ирье, өдрийн 50.000 төгрөгөөр цалинжуулаад явна, чи техникээ мэддэг юм чинь эвдрэл гарвал засаж янзлаад явчих гэсэн. Тэгээд 04 дүгээр сарын 12-нд яваад 13-ны үдээс хойш нь очсон. Очоод техник эвдрээд байсан учир 16-ны өдөр буцаж ирсэн” гэв.

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өнгөрсөн оны эхээр “Өнцгөр цагаан” гэх газар ард иргэд алт олборлож байгааг хүмүүсээс сонссон. Баянхонгорт байдаг Батбаатар гээд таньдаг залуугаас экскаватортой таньдаг хүн байна уу? гэж асуугаад Угтахбаяр гэдэг хүнтэй холбогдоод техник хэрэгслийг нь аваад Мандах барьж ирсэн. Урагшаа 04 дүгээр сарын 12-ны өдөр явсан. Бид нарын очсон газар хуучин гар аргаар алт олборлосон, эвдэрсэн газар байсан. Тэнд очоод гурван хэсэг газар ухаж үзэхэд техник маань эвдрээд байсан учраас буцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өнгөрсөн оны 03 дугаар сарын эхээр Б.М-тай Улаанбаатар хотод тааралдсан. Мөнгөний хэрэг байна, ажил эхлэх гээд байна, найздаа мөнгөөр туслаач гэсэн. Би Б.М-д 3.500.000 төгрөг 14 хоногийн хугацаатай зээлсэн. Мөнхнаран тэр хугацаанаас хойш надтай холбоо бариагүй. Хүний болон өөрийн гээд янз бүрийн утсаар залгаад байхад утас нь холбогдохгүй байсан. Хүнээр дамжуулаад хэл авч ч болохгүй байхаар нь би өөрөө 04 дүгээр сарын 09-ний өдөр хавьцаа Өмнөговь аймагт ирсэн. Би мөнгөө авъя, надад асуудлууд их байна гэж хэлсэн. Тухайн үед би уран бүтээл хийж байсан учир мөнгө хэрэгтэй байсан. Ойрхон 2, 3 хоног явчихаад ирье, чи итгэхгүй бол дагаад явчих, чи янз бүрийн юм бодох хэрэггүй, явж болно, асуудалгүй зүгээр гээд би цуг явсан. Ямар нэгэн байдлаар хамт явснаараа буруудчихсан байгаа. Би шүүхийн шийдвэрээр гэм буруутай гэж тогтоогдвол хүндэтгэн үзнэ” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирлын үнэлгээг бүрэлдэхүүн тус бүрээр нь тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлж хохирлын эцсийн үнэлгээг гаргадаг. Суурь үнэлгээ нь нийтдээ 235.056 төгрөг байсан. Нөхөн сэргээлтийн зардал нь 535.310 төгрөг байсан. 235.056 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нэмэгдүүлж тооцохоор 607.328 төгрөг гараад нөхөн сэргээлтийн зардалтайгаа нийт 1.142.638 төгрөг болсон. Мөрдөн байцаалтын шатанд энэ мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн. Гэм буруутай этгээдүүд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Байгаль хамгаалах сангийн 100110051407 тоот дансанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэхдээ гэм буруутай этгээдүүдийн хууль бус үйлдэл хийхдээ ашигласан техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох заалттай. Улсын орлого болгох мөнгөн дүн нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу байгаль хамгаалах санд орох ёстой. ...Миний хувьд байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулсан учир энэ тал дээр гомдолгүй. Харин энэ техник тоног төхөөрөмжийг хуулийн дагуу улсын орлого болгох ажлыг шийдэх нь зүйтэй болов уу? гэж бодож байна” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2004 оноос хойш Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт газар хэвлийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би өмнө нь “Өнцгөр цагаан” гэх газарт очиж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох үнэлгээг үндэслэн байгаль орчны хохирол 607.328 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 535.310 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хууль бус үйл ажиллагаа явуулахад ашигласан техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгохыг хүсч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэж байгаль орчны бүтээгдэхүүн тус бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр нэмэгдүүлэн тооцсон...” гэжээ. /1-р хавтасны 24-25 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч А.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “2017 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Хөвсгөлийн нэг танихгүй залуугаас 4.500.000 төгрөгөөр Митсубиши Фусо маркийн атомашиныг авч байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Уг машин одоо манай аавын хашаанд мотор цохисон байдалтай зогсож байгаа. 2019 оны 07 дугаар сарын дундуур би өөрөө унаж яваад шаварт суугаад моторыг нь цохиулчихсан. Цагдаа нар ирээд битүүмжлээд надад хадгалах, хамгаалах эрхийг өгсөн. Би Мандах, Мөнхнаран, Наранхүү нараас автомашинаа нэхэмжлэхгүй, улсын орлого болсон ч хамаагүй” гэжээ. /1-р хавтасны 27-28 дугаар тал/

Гэрч А.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын гаралтай бөгөөд над руу Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн малчин Алтантүлхүүр гэдэг хүн утсаар залгаад Хүрмэн сумын Жанжин багийн “Бор тээг” гэдэг газар экскаватор ачсан шаланз машинтай, 2 мотоциклтой хүн газар ухаад буцаж явна гэж ярьсныг би тэр дор нь аймгийн хилийн цэргийн алба хаагчдад мэдэгдэж, цагдаа руу ярьсан. Надад нүдээр харсан зүйл байхгүй” гэжээ. /1-р хавтасны 29 дүгээр хуудас/

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би яг хэзээ явсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Өнгөрсөн 7 хоногт манай саахалт айлын Алтантүлхүүр гэдэг залуу надад энэ талаар хэлсэн юм. Экскаватор ачсан шаланз машинтай хүмүүс Алтантүлхүүрийн гэрийн зүүн талаар явсан шороон замд зогсож байсан, дугуйгаа янзалж аваад аймаг руу явсан талаар ярьсан. Би хилийн цэргийн Цагаан-Уулын заставын туслах хүчний гишүүнээр ажилладаг учраас энэ асуудлыг нягтлахаар том оврын машин зогсож байсан газраас мөрийг нь хөөж үзэхэд тухайн газраасаа урагш 60 гаруй километр яваад “Өнцгөр цагаан” гэдэг газар очоод нуур байсан тойрмын ар талд газар ухсан байсан. Тэр экскаватор ачсан шаланз машинтай хүмүүс Өмнөговь аймгаас шууд явж Жанжин багийн “Өнцгөр цагаан” гэдэг газарт газар ухаж байгаад аймаг руу буцаж явахдаа Алтантүлхүүртэй таарсан” гэжээ. /1-р хавтасны 30-31 дүгээр тал/

Гэрч У.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 04 дүгээр сарын 15, 16-ны үе байсан байх. Өглөө эрт мал усалж байтал манай Жанжин багийн нутаг “Үзүүрийн худаг” гэдэг газар шороон зам дээр экскаватор ачсан шаланз машинтай 4 залуу машиныхаа дугуйг угсраад байж байсан. Би очиж уулзаад хаашаа явж байгаа талаар нь асуухад Жанжин багийн нутагт “Шанд” ороод буцаж байна гэсэн. Шанд гэдэг газар нь манай нутаглаж байгаа газраас урагш хилийн застав байдаг газар юм.  Тэгээд тэр хүмүүс аймаг зүглээд хойшоо явсан. Би ямар хүмүүс явж байгаа талаар саахалт айлын Энхтайван гэдэг хүнд хэлэхэд Энхтайван урдаас ирсэн тэр машины мөрийг сөргүүлж мөрдөхөд Жанжин багийн нутаг “Өнцгөр цагаан” гэдэг газар очоод газар ухсан байна гэж надад хэлсэн. Би мөн энэ талаар аймагт байдаг Идэрцог гэдэг хүнд утсаар ярьж хэлсэн юм. 64-30 УНА дугаартай, цэнхэр өнгийн толгой, тэвштэй машин байсан. Экскаватор нь бүтээсэн болохоор сайн харагдаагүй. 1 ширхэг ногоон өнгийн мотоцикл байсан...” гэжээ. /1-р хавтасны 32-33 дугаар тал/

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Би энэ ажлыг 2017 оноос хойш одоог хүртэл хийж байна. “Өнцгөр цагаан” хайрханы баруун талд нуур байсан тойрмын урд тал болон хойд талд байх толгод хярын гуу жалгыг өмнө нь иргэд нинжа нар ухаж байсан. Энэ үйлдэл хэд хэдэн удаа давтагдсан. “Өнцгөр цагаан” гэдэг газар орчим нь хилийн бүс нутаг учраас ойр орчмоор айл байдаггүй, сумын төвөөс хол болохоор бид яг ухаж байх үед нь мэдэх боломж байдаггүй, сүүлд нь мэддэг ямар хүмүүс ухсан талаар нь мэдэж чаддаггүй. 2017 оноос хойш тэр газарт хүмүүс газар ухаад байдаг юм. Одоо байгаа байдал нь гуу жалгыг ухчихсан, газрыг сэндийлсэн байдалтай байгаа” гэжээ. /1-р хавтасны 34 дүгээр тал/

Гэрч Ө.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн үед Хилийн тагнуулын тасгийн ахлах ажилтан Галбадрах гэдэг хүн манай 0131-р ангийн захирагч Батхүүд аймгийн төвөөс урагш Хүрмэн сумын нутаг, хилийн бүсэд экскаватор ачсан том оврын автомашинтай хүмүүс алт ухахаар явж байна. Энэ асуудлыг шалгах шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Ангийн захирагчаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу миний бие ахалж Хилийн тагнуулын ахлах ажилтан, дэд хурандаа Галбадрах, Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, ахмад Мэндбаяр, жолооч, ахлах ахлагч Идэржавхлан нарын бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж ажиллахаар явсан. Биднийг явж байхад Өмнөговь аймгаас урагш 30 гаруй километрт том оврын автомашин бүтээлгээр хучсан экскаватор ачсан 2 эрэгтэй хүн байсан. Бид тэр хүмүүсээс ямар ажилтай, хаашаа явж байгаа талаар тодруулахад Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутагт байдаг Цагаан-Уулын заставын ар талын нутгаас алт гарч байгаа талаар хүмүүсээс сонсоод алт ухахаар явж байгаад машины дугуйнууд хагараад явж чадсангүй энүүхэн урд талаас буцаад ирж байна гэж хэлсэн. Хоёр эрэгтэй хүн байсан. Нэг залуу нь Мөнхнаран гэдэг залуу байсан. 64-30 УНА дугаартай Митсубиши Фусо маркийн цэнхэр толгойтой том оврын автомашин байсан. Экскаваторыг хучсан байсан болохоор нь өнгө, маркийг нь хараагүй. ...Улсын хилийн шугамнаас дотогш 100 километрээс доошгүй киломерт байрлах газар орныг хилийн бүс гэнэ. Хилийн бүсээр нэвтрэхдээ тухайн бүс нутгийг хариуцсан хилийн цэргийн ангиас тусгай зөвшөөрөл авч нэвтэрдэг юм. Хилийн бүст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлохыг хориглоно...” гэжээ. /1-р хавтасны 42 дугаар тал/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд байж байсан чинь Түмэнжаргал чи Өмнөговь аймаг руу очоод Мандах гэх хүний 89667171 утсаар холбогд. Тэнд ажил байгаа, тэр ажилд туслаад өг гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумаас улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн Ява мотоциклтой гараад өдөр 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирээд 89667171 гэсэн дугаар луу өөрийн эзэмшлийн 88898926 гэсэн дугаараас залгаад Даланзадгад сумын хойд талын гэр хороололд уулзсан чинь нэг өдрийн 30.000 төгрөгөөр машин янзлаад туслалцаад явах уу гэхээр нь зөвшөөрөөд Даланзадгад сумаас зүүн урд зүг рүү Мандах ахын унаж явсан тээврийн хэрэгсэл дээр унаж явсан мотоциклоо ачаад 200 гаруй киломерт яваад нэг уулан дунд очсон. Би очсон газрын нэр усыг нь мэдэхгүй. Яг хэдэн километр явсныг нь сайн санахгүй байна. Тэгээд ачиж явсан унагалдайгаа буулгаад тэндээ шөнө амраад өглөө нь Мандах, Мөнхнаран, Наранхүү нар босоод явсан. Би унтаад үлдсэн. Би унтаж босоод хоол унд хийгээд нэг машины хагарсан дугуйг сольсон. Тэгээд тэр 3 ах буцаж ирээд унагалдай буюу жижиг трактор авч яваад яг юу хийгээд байсныг мэдэхгүй. Би хоол ундыг нь хийж тэнд 3 хоноод Баянхонгор аймаг руу буцсан. Намайг машины ойр зуурын юм эвдэрвэл туслалцаад яв гэсэн...” гэжээ. /1-р хавтасны 50-51 дүгээр тал/

Шинжээч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Грийн Ассесмент” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр газар дээр нь хэмжилт судалгаа хийсэн боловч тухайн газарт цаг хугацааны хувьд хэзээ ухаж сэндийчсэн талаар нотлох боломжгүй. ...Жанжин багийн “Өнцгөр цагаан” гэдэг газарт өмнө нь иргэд гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлож байсны улмаас ухагдаж, эвдэгдэж байсан талаар нотолж байгаа боловч цаг хугацааны хувьд хэзээ хууль бусаар ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна. “Грийн Ассесмент” ХХК-ийн газар дээрх шинжилгээ судалгаа, шинжээчийн дүгнэлтээр цаг хугацааны хувьд өмнө ухагдсан болон хэрэгт холбогдогч нарын хэн нь хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар нотлох боломжгүй юм. ...Өмнө нь ухагдсан болон одоо хэрэгт холбогдогч нарын хэнийх нь буруутай үйл ажиллагаар эвдэрсэн болохыг ялган тогтоох боломжгүй байсан тул тухайн газарт учруулсан хохирлын хэмжээг нийт эвдэрсэн талбайн хэмжээгээр тогтоосон. Тиймээс цаг хугацааны хувьд эрүүл газрыг анх ухаж эхэлсэн үеэс эхлээд шинжээчийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд нийт учруулсан хохирлыг нэгтгэн тооцсон болно. ...Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг дахин тооцсон ч өмнө нь ухагдсан болон одоо хэрэгт холбогдогч нарын цаг хугацааны хувьд хэзээ ухагдсаныг тогтоох боломжгүй байгаа тул гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэн дахин тооцох боломжгүй” гэжээ. /1-р хавтасны 122-125 дугаар хуудас/

“Грийн Ассесмент” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:                                                                                                    

Хариулт 1. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн “Өнцгөр цагаан” гэх нэртэй газарт Б.Мөнхнаран, Х.Мандах, Т.Наранхүү, Б.Батбаяр нар 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх бөгөөд ашиглалт явуулсан талбай нь цөлөрхөг хээрийн уулархаг толгодын өмнө энгэрт 3 хэсэг гуу, жалга, толгодын урагш буусан тэгш талбай хөндсөн байна. Дээрх газарт өмнө нь олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан талаар нотлох баримт байхгүй тул 3 хэсэг гуу жалгын нийт эвдэрсэн талбайг хээрийн хэмжилт судалгаа болон “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг үндэслэн нийт талбайгаар тооцов. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж өргөн 2-4.5 м, дундаж урт 20-70 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж, сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж, давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 857.9 м2  буюу 0.086 га талбай байна.

Хариулт 2. Б.Мөнхнаран, Т.Наранхүү, Х.Мандах, Б.Батбаяр нар хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газарт өмнө нь олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан талаар “Хэргийн газрын хийсэн тэмдэглэл”-д дурдаагүй тул нотлох боломжгүй байна.

Хариулт 3. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Билгүүн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Н.Соёл-Эрдэнэ нарын 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”-ээс үзэхэд ашиглалт явуулсан гэх газар нь гуу жалга бүхий газрын хөрсийг ухаж сэндийлсэн байдалтай боловч гүн ухагдаагүй, мөргөцөг,  эрэг үүсээгүй, хуулж удсан байж болох байдалтай гинжтэй тээврийн хэрэгслийн болон экскаваторын шанаганы хуулж удсан байх мөртэй, давхар дугуйтай байж болох тээврийн хэрэгслүүдийн мөрүүд хөрсийг хуулж удсан байх тул хэмжээ авах боломжгүй байжээ. Мөн “Грийн Ассесмент” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр газар дээр нь хэмжилт судалгааг хийхэд хур тунадас их хэмжээгээр орсны улмаас үерийн ус гүйж хүнд машин механизм, техник хэрэгслийн мөр арилсан байдалтай байсан тул техник, хэрэгсэл ашигласан талаар нотлох боломжгүй байлаа.

Хариулт 4. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцох ажлыг гүйцэтгэх, тайлан боловсруулах үе шатанд газрын доорх ашигт малтмалыг тодорхойлох боломжгүй. Ашигт малтмалын төрөл, нөөцийг мэргэжлийн байгууллага, судалгаа шинжилгээний үндсэн дээр тогтоодог.

Хариулт 5. “Грийн Ассесмент” ХХК нь Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцох ажлын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд тухайн газрыг ухаж сэндийчих үед ямар нэг ашигт малтмал олборлосон талаар тогтоох боломжгүй юм.

Хариулт 6. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн “Өнцгөр цагаан” гэх нэртэй газарт Б.Мөнхнаран, Х.Мандах, Т.Наранхүү, Б.Батбаяр нар 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрыг ухаж сэндийчсэн бөгөөд дээрх газарт өмнө нь олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан талаар нотлох баримт байхгүй тул 3 хэсэг гуу жалгын нийт эвдэрсэн талбайг хээрийн хэмжилт судалгаа болон “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”–ийг үндэслэн нийт талбайгаа тооцсон. Шинжлүүлж байгаа газарт бодитой хохирол учирсан тул байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учирсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал, нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон.

Хариулт 7. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал, нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 235.056  /хоёр зуун гучин таван мянга тавин зургаан/ төгрөг байна. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд /техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө/ шаардлагатай нийт зардлын хэмжээ 535.310 /таван зуун гучин таван мянга гурван зуун арав/ төгрөг байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 770.366 /долоон зуун далан мянга гурван зуун жаран зургаан/ төгрөг байна. гэжээ. /1-р хавтасны 68-71 дүгээр хуудас/

Шүүгдэгч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...М, Н, Б нарын хамт алт олборлох зорилготой явсан. Даланзадгад сумаас урагш ойрхон нинжа нар урагшаа явж алт олборлож ирээд байна, өдрийн 50.000 өгье, хамт явж алт олборлое гээд явсан. ...Би трактороо барьж гурван хэсэг газрын хөрсийг өнгөц ухаж үзсэн. Мөнхнаран ойр зуур шороо нааш цааш гаргах гэх зэрэг ажил хийж байсан. Наранхүү болон Батбаяр яг юу хийж байгааг хараагүй. Алт олборлоогүй, шороо ухаж байсан чинь машин эвдрээд зогсчихсон” гэжээ. /1-р хавтасны 150-151 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод очиж хуучин оюутан цагийн танил буюу найз болох Н-тэй уулзаж 3.500.000 төгрөг зээлчих, 14 хоногийн дотор эргүүлээд өгье гэсэн чинь Н надад нэг хүнээс зээлж өгсөн. Тухайн мөнгийг нь би 14 хоногийн дотор өгч чадаагүй. Тэгээд Н надаас мөнгөө нэхээд байн байн залгаад байсан. 2019 оны 04 дүгээр сарын эхээр Н би Даланзадгад суманд ажлаар ирчихсэн байна. Мөнгө төгрөгөө өг л дөө гэхээр нь би Н дээр очиж уулзсан. Тухайн үед Хүрмэн сумын урагшаа “Өнцгөр цагаан” гэх газар хүмүүс алт олборлож ирээд байна гэдэг яриа гадуур яригдаад байхаар нь би Наранхүүд Хүрмэн сумын урд руу алт ухаад хэдэн төгрөг олвол өр зээлийг чинь өгье гэж хэлсэн. Тухайн үед Наранхүү уран бүтээл хийж байсан болохоор тэрэнд чинь нэмэрлэе гэж хэлээд дагуулаад явсан.” гэжээ. /1-р хавтасны 152-154 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ууужөссуу

“...Би 2019 оны 03 дугаар сард оюутан үеийн танил болох Мөнхнаран надаас 14 хоногийн хугацаатай 3.500.000 төгрөг зээлсэн. Би 14 хоногийн дараа зээлсэн мөнгөө авах шаардлагатай болоод Мөнхнаран руу нэлээн хэдэн удаа залгахад Мөнхнаран нь утсаа авахгүй байхаар нь 2019 оны 04 дүгээр сарын эхээр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирээд Мөнхнаран руу залгахад утсаа авсан. Тэгээд би Мөнхнарантай уулзаад би мөнгөө авах хэрэгтэй байна, уран бүтээлийнхээ ажлыг хийж шинэ клипээ хийх хэрэгтэй байна гэтэл Мөнхнаран одоохондоо мөнгө алга, би урагшаа явж ажил хийх гэж байна, гайгүй мөнгө олчихвол би чиний мөнгийг өгье, дээрээс нь бас чиний дууны чинь уран бүтээл дээр мөнгө нэмэрлэе гэхээр нь би хаашаа юунд явах гэж байгаан гэсэн чинь урагшаа нэг ажил байнаа. Чи итгэхгүй бол цуг явчихаа гэхээр нь би заза, цуг яваад мөнгө төгрөгөө авъя гэж хэлээд Мөнхнаран, Мандах, Батбаяр билүү Батбаатар билүү 16 юм уу 17 настай хүүхэдтэй цуг цэнхэр толгойтой, цагаан саарал тэвштэй ачааны машин дээр жижиг трактор буюу унагалдай, хятад мотоцикл, хоёр түлшний сав, машин засдаг түлхүүр багаж, лоом зэргийг ачаад уг авто машиныг Мандах жолоодоод Мөнхнаран, Батбаяр бид гурав хажууд нь суугаад Даланзадгад сумаас баруун урд зүг рүү чиглээд 170-200 орчим км яваад нэг элс шороотой өмнө нь баахан ухаад сэндийчсэн газар очоод ачиж явсан трактороо Мандах жолоодоод шанагаараа газар тулаад газар буулгасан. Харин Мөнхнаран, Батбаяр бид гурав Мандахыг хэрхэн трактороо буулгахыг хараад зогсож байсан...Маргааш нь Мандах трактороо жолоодоод ганц нэг ухагдсан сул шороонуудыг сэндийлж үзээд байсан тухайн үед уг трактор нь эвдрээд байсан. Ер нь алт хайж байгаа нь тодорхой болохоор нь би Мөнхнарангаас зөвшөөрөл байгаа юм уу гэсэн чинь Мөнхнаран чи санаа зоволтгүй зүгээр гэж хэлсэн. Тэгээд ч тэр трактор нь эвдрээд хоёр өдөр болоод буцах замд ачааны авто машины дугуй хагараад зогсож байтал нэг нутгийн бололтой нэг халзан толгойтой дөч гаран насны ах ирээд Мөнхнарантай уулзаж байгаад явсан. Бид нар дугуйгаа нөхөөд Батбаяр бид хоёр мотоциклтой яваад Даланзадгад суманд ирээд маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Улаанбаатар хот руу явсан” гэжээ. /1-р хавтасны 155-157 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 14-21/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 58-63/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 178-182/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1000252 дугаар дүгнэлт /1-р хавтасны 127-130/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар дүгнэлт /1-р хавтасны 131-132/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 183-186/

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 294 тоот албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 164-168/

Гэрч Б.Мэндбаярын мэдүүлэг /1-р хавтасны 43/

Гэрч О.Галбадрахын мэдүүлэг /1-р хавтасны 44/

Гэрч А.Угтахбаярын мэдүүлэг /1-р хавтасны 45-47/

Гэрч С.Батбаатарын мэдүүлэг /1-р хавтасны 52-53/

Гэрч Д.Энхболдын мэдүүлэг /1-р хавтасны 54-57/

“Грийн Ассесмент” ХХК-ийн гэрчилгээ, албан бичиг /1-р хавтасны 66-67/

“Грийн Ассесмент” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот дүгнэлт, тайлан /1-р хавтасны 68-121/

Б.Мөнхнарангийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 35-38/

Х.Мандахын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 39-41/

Т.Наранхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 48-49/

Иргэний үнэмлэхийн лавлагаанууд /1-р хавтасны 202, 205, 206/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 207, 209/

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хавтасны 211/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хавтасны 213/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хавтасны 214/

Т.Наранхүүгийн бакалаврын дипломын хуулбар /1-р хавтасны 245-246/

Т.Наранхүүгийн оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хавтасны 247/

Т.Наранхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хавтасны 248/

Б.Мөнхнаранг ажлаас чөлөөлсөн тушаал /2-р хавтасны 01/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хавтасны 02/

Б.Мөнхнарангийн иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хавтасны 03/

Б.Мөнхнарангийн бакалаврын дипломын хуулбар /2-р хавтасны 04/

Т.Наранхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийн шалгах хуудас /2-р хавтасны 05/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлийн бэхжүүлсэн бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга гэрч Ж.Э, У.А нарын мэдүүлгийг ЭХХШТХ-ийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг, “Грийн Ассесмент” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1000252 дугаар дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар дүгнэлтүүд нь ЭХХШТХ-ийн 27.6 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн учир нотлох баримтаар тооцохгүй байх саналыг шүүхэд гаргаж байх боловч шүүхээс уг нотлох баримтуудыг шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн үндэслэл байхгүй байх тул өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирч, Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг “Өнцгөр цагаан” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул бүлэглэж явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн У.Алтантүлхүүрийн “...Жанжин багийн нутаг “Үзүүрийн худаг” гэдэг газар шороон зам дээр экскаватор ачсан шаланз машинтай 4 залуу машиныхаа дугуйг угсраад байж байсан. Би очиж уулзаад хаашаа явж байгаа талаар нь асуухад Жанжин багийн нутагт “Шанд” ороод буцаж байна гэсэн...” гэх, гэрч Ж.Энхтайваны “...Экскаватор ачсан том оврын машин зогсож байсан газраас мөрийг нь хөөж үзэхэд тухайн газраасаа урагш 60 гаруй километр яваад “Өнцгөр цагаан” гэдэг газар очоод нуур байсан тойрмын ар талд газар ухаж байгаад аймаг руу буцаж явахдаа Алтантүлхүүртэй таарсан...” гэх, гэрч А.Идэрцогийн “малчин Алтантүлхүүр гэдэг хүн утсаар залгаад Хүрмэн сумын Жанжин багийн “Бор тээг” гэдэг газар экскаватор ачсан шаланз машинтай, 2 мотоциклтой хүн газар ухаад буцаж явна гэж ярьсныг би тэр дор нь аймгийн хилийн цэргийн алба хаагчдад мэдэгдэж, цагдаа руу ярьсан” гэх, гэрч Б.Батбаярын “...ачиж явсан унагалдайгаа буулгаад тэндээ шөнө амраад өглөө нь М, М, Н нар босоод явсан. Тэр 3 ах унагалдай буюу жижиг трактороор өмнө нь ухаж байсан газар үзээд яваад байсан, яг юу хийгээд байсныг мэдэхгүй...” гэх, гэрч Ө.У-ын “...Биднийг явж байхад Өмнөговь аймгаас урагш 30 гаруй километрт том оврын автомашин бүтээлгээр хучсан экскаватор ачсан 2 эрэгтэй хүн байсан. Бид тэр хүмүүсээс ямар ажилтай, хаашаа явж байгаа талаар тодруулахад Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутагт байдаг Цагаан-Уулын заставын ар талын нутгаас алт гарч байгаа талаар хүмүүсээс сонсоод алт ухахаар явж байгаад машины дугуйнууд хагараад явж чадсангүй энүүхэн урд талаас буцаад ирж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Грийн Ассесмент” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1000252 дугаар дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 294 тоот албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О, иргэний нэхэмжлэгч А.У, шинжээч Д.Б, гэрч Ж.Э, Б.М, О.Г, А.У, С.Б, Д.Э нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал хайсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм. Иймд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдэсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно. Ийм учраас шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг “Өнцгөр цагаан” гэх газарт алт олох зорилгоор техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул бүлэглэн явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Энэ гэмт хэрэг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх ажиллагаа явуулснаар бүрдэл төгсөх учир шүүгдэгч нар ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй болох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Мөн түүнчлэн шүүгдэгч нар нь ашиг хонжоо олох зорилгоор санаатай нэгдэж гэмт хэргийг хамтран үйлдсэн тул бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг “Өнцгөр цагаан” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул бүлэглэн явуулж, байгаль орчинд 770.336 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах гэмт хэргийг үйлдэхдээ байгаль орчинд 770.336 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр алт олох зорилгоор техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул бүлэглэж явуулсан “Өнцгөр цагаан” гэх газар нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутагт байрлах ба улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй бөгөөд энэ газар өмнө нь иргэд алт олох зорилгоор гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлож байсны улмаас ухагдаж сэндийчсэн байсан болох нь мөрдөн шалган ажиллагаанд мэдүүлсэн гэрч Ж.Энхтайваны “...Би энэ асуудлыг нягтлахаар том оврын машин зогсож байсан газраас мөрийг нь хөөж үзэхэд тухайн газраасаа урагш 60 гаруй км яваад “Өнцгөр цагаан” гэдэг газар очиж газар ухсан байсан. “Өнцгөр цагаан” гэдэг газар нь хилийн бүсэд ордог бөгөөд өмнө нь хүмүүс ирээд бас нилээд газар ухсан байсан. Тэр экскаватор ачсан машинтай хүмүүс яг өмнө нь хүмүүс ухаад сэндийлсэн байсан газрыг ухаад орхисон байсан. Өмнө нь ухсан хүмүүсийг бид олж чадаагүй юм...” гэх, гэрч Ж.Энхбатын “...Өнцгөр цагаан хайрханы баруун талд байх нуур байсан тойрмын урд талд болон хойд талд байх толгод, хярын гуу жалгыг өмнө нь иргэд, нинжа нар ухаж байсан. Энэ үйлдэл хэд хэдэн удаа давтагдсан. Өнцгөр цагаан гэдэг газар орчим нь хилийн бүс нутаг учраас ойр орчмоор нь айл байдаггүй, сумын төвөөс хол болохоор бид яг ухаж байх үед нь мэдэх боломж байдаггүй, сүүлд нь мэддэг. 2017 оноос хойш тэр газарт хүмүүс газар ухаад байгаа юм” гэх мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 294 тоот албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Мөн түүнчлэн “Грийн Ассесмент” ХХК-ийн шинжээч Д.Батболдын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот “...3 хэсэг гуу жалгын нийт эвдэрсэн талбайг хээрийн хэмжилт судалгаа болон “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг үндэслэн нийт талбайгаар тооцов. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж өргөн 2-4.5 м, дундаж урт 20-70 м байна. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 857.9 м2  буюу 0.086 га талбай байна. ...Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 770.366 төгрөг байна...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч Д.Батболдоос авсан “...“Өнцгөр цагаан” гэдэг газарт өмнө нь иргэд гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлож байсны улмаас ухагдаж, эвдэгдэж байсан талаар нотолж байгаа боловч цаг хугацааны хувьд хэзээ хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна. “Грийн Ассесмент” ХХК-ийн газар дээрх шинжилгээ судалгаа, шинжээчийн дүгнэлтээр цаг хугацааны хувьд өмнө ухагдсан болон хэрэгт холбогдогч нарын хэн нь хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар нотлох боломжгүй юм. ...Өмнө нь ухагдсан болон одоо хэрэгт холбогдогч нарын хэнийх нь буруутай үйл ажиллагаар эвдэрсэн болохыг ялган тогтоох боломжгүй байсан тул тухайн газарт учруулсан хохирлын хэмжээг нийт эвдэрсэн талбайн хэмжээгээр тогтоосон. Тиймээс цаг хугацааны хувьд эрүүл газрыг анх ухаж эхэлсэн үеэс эхлээд шинжээчийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд нийт учруулсан хохирлыг нэгтгэн тооцсон болно. ...Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг дахин тооцсон ч өмнө нь ухагдсан болон одоо хэрэгт холбогдогч нарын цаг хугацааны хувьд хэзээ ухагдсаныг тогтоох боломжгүй байгаа тул гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэн дахин тооцох боломжгүй юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг “Өнцгөр цагаан” гэх газарт 2017 оноос хойш 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 770.366 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Тийм учраас 2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул явуулсан шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нараар 2017 оноос хойш 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд байгаль орчинд учирсан 770.366 төгрөгийн хохирлыг төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар байгаль орчинд 770.366 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 770.366 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 770.366 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул иргэний нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжилсэн байгаль орчинд учруулсан хохирол 607.328 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 535.310 төгрөг нийт 1.142.638 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Шүүхээс шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад ажилгүйдэл, ядуурал, шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн бөгөөд шүүгдэгч нар нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан байгаль экологид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь 1 дүгээр хавтасны 207, 209, 2 дугаар хавтасны 05 дугаар хуудсанд байгаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр дурдсан нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг бүлэглэж үйлдэхдээ А.У-ын эзэмшлийн 64-30 УНА улсын дугаартай, “Mitsubishi Fuso” маркийн ачааны автомашин болон гэмт хэрэг үйлдэх үед Д.Э-ын эзэмшилд байсан улсын дугааргүй, гинжтэй “Doosan” маркийн бага оврын трактор буюу экскаватор /унагалдай гэх/-ыг тус тус ашигласан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Иргэний нэхэмжлэгч А.У нь өөрийн эзэмшлийн 64-30 УНА улсын дугаартай, “Mitsubishi Fuso” маркийн ачааны автомашиныг Б.М, Х.М, Т.Н нар хууль бусаар алт олох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул явуулахад ашиглах гэж байгааг  мэдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан А.У-ын гэрчээр өгсөн “...Мөнхнаран над руу утсаар ярихдаа Өмнөговь аймагт газар ухаж алт олж мөнгө олох гэсэн гэсэн. ...Мөнхнаран бид хоёр эхлээд миний автомашин болон экскаваторыг өдрийн 300.000 төгрөгөөр түрээслэнэ гэж тохирсон боловч дараа нь ярьж тохирсны дараа газар ухаад олсон ашгаа тэнцүү хувааж авахаар болсон...” гэх, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Уг машин одоо манай аавын хашаанд мотор цохисон байдалтай зогсож байгаа. 2019 оны 07 дугаар сарын дундуур би өөрөө унаж яваад шаварт суугаад моторыг нь цохиулчихсан. Цагдаа нар ирээд битүүмжлээд надад хадгалах, хамгаалах эрхийг өгсөн. Би М, М, Н нараас автомашинаа нэхэмжлэхгүй, улсын орлого болсон ч хамаагүй...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул А.У-ын эзэмшлийн 64-30 УНА улсын дугаартай, “Mitsubishi Fuso” маркийн ачааны автомашиныг хураан авч, худалдан борлуулж олсон орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, гинжтэй “Doosan” маркийн бага оврын трактор буюу экскаватор /унагалдай гэх/-ыг Б.М, Х.М, Т.Н  нар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг тухайн үед эзэмшигч байсан Д.Э нь мэдээгүйгээс гадна одоо уг бага оврын трактор буюу экскаватор бусдын эзэмшилд шилжсэн байх тул “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар дүгнэлтээр тогтоосон 7.000.000 төгрөгийн үнэлгээгээр үнэлж, үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ. Гэхдээ шүүгдэгч Х.Мандах, Б.М, Т.Н нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 770.366 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул байгаль экологид учруулсан хохиролд шүүгдэгч нараас үндэслэлгүйгээр төлсөн 1.142.638 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах 7.000.000 төгрөгөөс хасч тооцон нийт 5.857.362 төгрөгийг шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.

Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-д хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийг бэхжүүлсэн бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, А.У-ын эзэмшлээс Mitsubishi Fuso маркийн 64-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарт тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нарт тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Х.М-д хяналт тавихыг Баянхонгор аймгийн, шүүгдэгч Б.М-д хяналт тавихыг Өмнөговь аймгийн, шүүгдэгч Т.Н-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжилсэн байгаль орчинд учруулсан хохирол 607.328 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 535.310 төгрөг, нийт 1.142.638 /нэг сая нэг зуун дөчин хоёр мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Mitsubishi Fuso маркийн 64-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.У-ын эзэмшлээс хураан худалдан борлуулж, бага оврын тракторийн үнэ 5.857.362 /таван сая найман зуун тавин долоон мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж, тус тус Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийг бэхжүүлсэн бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, А.У-ын эзэмшлээс Mitsubishi Fuso маркийн 64-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8.  Энэ хэрэгт шүүгдэгч Х.М, Б.М, Т.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Мандах, Б.Мөнхнаран, Т.Наранхүү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА