| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0068/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2020-03-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 73
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн 2030000210074 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг “З” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй С.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Э нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 17-ны хооронд хохирогч Д.Мын 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 455.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би өнгөрсөн жилийн намар хүнээс хаалга аваад хөлсөндөө даага өгнө гэж хэлсэн. Тэгтэл хаалганы хөлс авах хүн өвөл манайд ирэхэд идэшний мал авна гэхээр нь адуу мал ойрхон байхгүй байна, танд бяруу зохицуулж өгье гэж хэлсэн. Би урьд нь өөрийнхөө явахгүй болсон машиныг хүнд бяруугаар зарсан байдаг. Тэр хүнээс хаалга авсан хүн хөлсөө авна гээд ирчихлээ, би чамаас авах бяруугаа авъя гэж хэлэхэд тэг тэг, үхэрт нэг ухаа зүстэй бяруу байгаа хүнд нь хэлээд авчих гэж хэлсэн. Тэгээд би айл руу нь явж байхад тэдний үхэр замд таарахаар нь айл руу нь явж хэлэхээсээ залхуураад авчихсан юм. Би анхнаасаа хүний бярууг хулгайлна гэсэн зорилго байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Алдаагаа засна гэв.
Эрүүгийн 2030000000038 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “З” гэх газар мал маллаж аж төрдөг юм. Би өвөлдөө үхрээ байнга хураадаг. Энэ жил бэлчээрийн хомсдлоос болоод үхрээ хураахгүй байгаа. Гэхдээ ажил багатай өдрөө бол өдөр болгон хараад эрэл суралд явах болон ажилтай үедээ бол харахгүй уддаг юм. Тэр хооронд манай үхрээс нэг тооны бяруу 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 2020 оны 01 дүгээр сарын 17-ны хооронд хулгайд алдагдсан бололтой бүүр олдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Үхэр бол байгаа гэхдээ нийлж бэлчиж байгаа зүйл бол цастай энэ үед байхгүй. Зуны цагт болон цасгүй жил усан дээр сарниж нийлэх асуудал бол гардаг. Содон зүйл байхгүй цулгай ухаа ягаан бяруу зүүн чих догол баруун чих араасаа хэрчим болон ээмэгтэй. Би алдсан үхрээ 700.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хэдний өдөр гэдгийг бол санахгүй байна. Хүүхдийн сургууль амраад орох дөхсөн байсан. Тухайн үед манайд хаалга зарсан хүн ирээд хаалганы хөлсөө авна гэсэн. Тэгээд маргааш нь хаалга зарсан хүн болох Далай, Энхсайхан, манай хоёр хүүхэд бид хэд манай найз Гантулгын машинд сууж Энхсайхан мотоциклоо машин дээр нь ачаад Баяндэлгэр сумын төвөөс 16 цагийн үед гарч замдаа танил айл А.Буяннэмэх гэх айлд бууж үлдээд уг айлдаа хоносон. Маргааш нь Энхсайхан мотоциклтой явж өөрийн 14 тооны үхрийг хөөж ирж өөрийн ухаа зүсмийн бярууг янзалж Далай гэх хүнд өгсөн. Уг бярууны имийг нь мэдэхгүй. Далай ах Энхсайхан хоёр янзлаад би гэдэснийх нь баасыг шувтраад гүзээндээ хийж өгсөн. Цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байдаг. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Эзэмшигч нь Энхсайхан өөрөө юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Л.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг “Өргөн дэрс” гэх газраас гурван хүн байна, аймаг явахдаа дамжаад авчих гэхээр нь би очсон чинь хоёр хүн нь яваад өгсөн гээд нэг хүн нь бярууны мах ачсан. Толгой шийр байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/
Гэрч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Өргөн дэрс” гэх газар нутаглаж мал маллаж аж төрж байна. 2020 оны 01 дүгээр сарын 06, 07-ны үед байх манай голын залуу Энхсайхан, эхнэр хоёр хүүхэд болон Далай гэж дуудаж байсан хүнтэй манайд замын унаагаар ирсэн. Ирэхдээ бол Энхсайхан нь өөрийн цагаан өнгийн даюун маркийн мотоциклыг ачиж ирж манайд буулгаад уг оройгоо манайд хоноод өглөө нь Энхсайхан үхэртээ яваад 7-оос 8 орчим үхэр хөөж ирээд ухаа зүсмийн бяруу барьж аваад янзалсан бололтой манай гадаа ухаа бярууны толгой шийр арьс нь байсан юм. Үхэр янзлах үед би хониндоо явсан байсан. Манай нөхөр болохоор хөлөө хугалчихсан гэрээсээ гарч чадахгүй гэртээ л байсан. Энхсайханы хоёр хүүхэд, манай хүүхэд гээд 1-6 насны 3 хүүхэд гэрт байсан. Тэгэхээр үхэр янзлахад бол Энхсайхан болон Далай, Энхсайханы эхнэр байсан гэж бодож байна. Үхрийг цагаан өнгийн даюун маркийн мотоциклоор хөөж ирсэн. Эхлээд бол би имийг нь үзээгүй. Өөрөө хөөж ирсэн болохоор нь өөрийнх нь үхэр гэж бодсон. Дараа нь харин үзэхэд ухаа зүстэй баруун чих араасаа хэрчим бас малын ээмэгний нүхтэй зүүн чих догол имтэй үхэр байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 96-р хуудас/
-“Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-69-р хуудас/
- Шүүгдэгч С.Эы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 44-р хуудас/
- Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн иргэн Д.М би “З” гэх газраас нэг бяруу 2019 оны 12 сард алдсан. С.Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд надад гаргах гомдол байхгүй” гэх хүсэлт зэргийг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Э нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 17-ны хооронд хохирогч Д.Мын 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Эы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.М, гэрч Д.Х, Л.А, М.Э нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд С.Эы гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Э нь хохирогч Д.Мын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Эыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч С.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч С.Э нь хохирогч Д.Мд хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/19 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн 48-83 СҮЗ улсын дугаартай цагаан өнгийн супер Даюун маркийн мотоциклыг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч С.Эы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч С.Эы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Эыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхчулууны Энхсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Эд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Эд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/19 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн 48-83 СҮЗ улсын дугаартай цагаан өнгийн супер Даюун маркийн мотоциклыг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА