| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0067/э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 71
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Л.Мөнхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дд холбогдох эрүүгийн 1930004180026 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг Жишиг хорооллын ... тоотод оршин суух, Сүхбаатар аймгийн шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5/08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл, 153 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 12 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Х.Д.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэнжийн 10 дугаар гудамж засмал замын баруун талд Креста маркийн 36-43 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зогсож байсан Урал-72 маркийн 30-28 СҮЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж зорчигч Ж.Сын эрүүл мэндэд хүнд, Ж.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2019 оны 09 дугаар сарын 27-ны орой сумын баруун талд байх нуурын хажуу талаар явж байхад адуу таарсан. Тухайн газар нь өгсүүр газар байсан. Би адууны нэг талаар гарахад цаад талд нь гэнэтхэн л мотоцикл гараад ирсэн. Өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би өөрөө тархины хагалгаанд орж байсан бие муутай хүн. Хохирогчид мөнгө өгнө гэж тохирсон. Надад шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна гэв.
Эрүүгийн 1930004180026 дугаар хэргээс:
Хохирогч Ж.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүргэн Эын гэрт эхнэр болох Ж.Оын хамт очсон. Тэгээд орой 19 цагийн үед хүргэн Эын гэрээс эхнэр Ж.О, ач Мөнхтөгс нарын хамт Мөнххаан сумын 4 дүгээр баг Жишиг хороололд байх гэр лүүгээ Урал маркийн 30-28 СҮЗ улсын дугаартай ногоон өнгийн мотоциклтой явж байхдаа засмал замын тээврийн хэрэгслийг өнгөрөөх гээд зогсож байхад ертөнцийн зүгээр баруун талд байх шороон замаар цагаан өнгийн жижиг тэрэг хурдтай ирж миний мотоциклийг мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгслийг хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Миний харснаар хурдтай ирж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний хөлний шилбэ хэсэг хугарсан, тухайн хэсэгт 2-3 хадаас хадуулсан. Би учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-47-р хуудас/
Хохирогч Ж.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр Ж.Сын хамт Урал маркийн 3028 СҮЗ улсын дугаартай мотоцикльтой хүргэн Эын гэрт будаа, сахар аваачиж өгөхөөр очсон юм. Тэгээд орой 19 цагийн үед нөхөр Ж.С, ач Мөнхцогт нарын хамт Мөнххаан сумын 4 дүгээр багт байх гэр лүүгээ явж байгаад засмал замын хажуу талд замаар явж байсан машиныг өнгөрөөх гээд зогсож байсан чинь ертөнцийн зүгээр урд талд байх шороон замаар цагаан өнгийн суудлын машин хурдтай явж ирээд мөргөсөн. Тэгээд нэг мэдэхэд сумын эмнэлэгт байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй, их л хурдтай явж байсан. Манай нөхөр бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг урд талаас шороон замаар ирж байгааг харсан. Замын баруун талд зүүн зүгт харсан байдалтай зогсож байсан. Миний түнх хугарсан, 3-4 хадаас хадсан. Би учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-42-р хуудас/
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 499 дугаартай: Ж.Оын биед баруун дунд чөмөг ясны хугарал, цээжний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогджээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 69-р хуудас/,
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 500 дугаартай: Ж.Сын биед баруун шилбэ ясны ил хугарал, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогджээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 70-р хуудас/,
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаартай: Ж.С нь элэгний хортой хавдар уушгины үсэрхийлэл, хэвлийд шингэн үүсэх хам шинж бүхий үхэлд хүргэх архаг хууч өвчтэй байжээ. Ж.Сын элэгний хортой хавдар уушигны үсэрхийлэл, хэвлийд шингэн үүсэх хам шинж бүхий үхэлд хүргэх архаг хууч өвчин нь гэмтэлтэй холбоогүй байна. Ж.Сын элэгний хортой хавдар уушгины үсэрхийлэл, хэвлийд шингэн үүсэх хам шинж бүхий үхэлд хүргэх архаг хууч өвчин нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжгүй гэх дүгнэлт, /хх-ийн 147-148-р хуудас/,
Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай:
1,Креста маркийн 36-43 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3- д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед Тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна.
2.Урал-72 маркийн 30-28 СҮЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан Ж.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үед тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 “Жолоочид дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл тогтоогдож байна гэх дүгнэлт, /хх-ийн 86-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9-р хуудас/
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/
- “Линзийн өгөөж” ХХК-ийн гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 90-103-р хуудас/
-Хохирогч Ж.С, Ж.О нарын эмчилгээний зардал нэхэмжилсэн хохирлын баримт /хх-ийн 11-21-р, 24-32-р хуудас/
- Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 123-р хуудас/
- Шүүгдэгч Х.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 117-р хуудас /
- Шүүгдэгч Х.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-р хуудас/ зэрэг баримтуудыг болно.
Шүүгдэгч Х.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэнжийн 10 дугаар гудамж засмал замын баруун талд Креста маркийн 36-43 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас Урал-72 маркийн 30-28 СҮЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж хохирогч Ж.Оын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Ж.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Дгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ж.С, Ж.О нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Дгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Х.Дгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Дгийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Дг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин зам тээврийн хөдөлгөөнд оролцон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч Х.Д нь хохирогч Ж.С, Ж.О нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 000 000 төгрөг төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохиролд 5 000 000 төгрөг төлөхөөр хохирогчтой эвлэрч тохиролцсон байх тул Иргэний хуулийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгээс 5 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.От олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 000 000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Х.Дгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Х.Дгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр тогтов.
Шүүгдэгч Х.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Дг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ 5 /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Х.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Х.Дд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Дд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгээс 5 000 000 төгрөг гаргуулж хохирогч Ж.От олгосугай.
8. Шүүгдэгч Х.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 000 000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА