| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0094/э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 92
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш.Нид холбогдох 2030001360135 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1996 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металл судлал мэргэжилтэй, Ө” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш.Н.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ш.Н нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Зыг зодож, түүний эрүүл мэндэд “хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт: 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сумын төвөөр явж байхад тоглоомын талбайд сууж байсан хэдэн хүмүүс намайг дуудаад байхаар нь би тоогоогүй явсан. Гэтэл дахиад дуудаад байхаар нь очоод хэн намайг дуудсан юм бэ гэж асуухад З өөдөөс хэгжүүрхээд миний гарыг бариад авсан. Тэгээд бид хоёр зодолдож байхад хоёр хүн ирээд салгасан. Орой нь Зын ах ирж уулзаад утасных нь дэлгэц хагарсан байна гээд болсон асуудлын талаар хэлэхээр нь дэлгэцийг нь сольж өгсөн. Тэгээд өөр асуудал байхгүй гээд салсан гэв.
Эрүүгийн 2030001360135 дугаартай хэргээс:
Хохирогч Э.З мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх тоглоомын талбайн хашаан дотор найз Л болон С, А, Аз, О нарын хамт түрнүкен дээр суниаж байхад О, А гэх хоёр хүүхэд Н гэх залууг дуудсан. Н гэх залуу ирээд С, Аз хоёрыг нэг нэг удаа алгадсан. Ог “чи намайг дуудсан уу” гэж хэлэхэд О зугтаагаад явсан. Н гэх залуу над руу ирээд “чи намайг дуудсан уу” гэж хэлээд намайг цохих гэхээр нь би Н гэх залуугийн хоёр гарны бугуйнаас бариад би биш гээд цааш нь түлхсэн. Н гэх залуу намайг түлхээд миний зүүн нүдний хажуу хэсэгт нэг удаа баруун гараараа нэг удаа цохисон. Надтай хамт явж байсан Аз, Л хоёр Н бид хоёрыг салгасан. Тэгээд салгаж байхад Н гэх залуу миний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд бид хэд салаад гэр гэртээ байж байхад Н гэх залуу эгчтэйгээ хамт манай ахын гэрт ирээд ах Мөнхбаяртай уулзаад би танай дүүтэй хамт явсан хүүхдүүдийг алгадаад танай дүүг хэгжүүрхээд байхаар нь нэг удаа цохиод мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд миний гар утасны дэлгэц хагарсан байсан түүнийг эгч нь янзалж өгсөн. Тэгээд миний хамар өвдөөд байхаар 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугаралтай гэж гарсан. Одоо миний хамар мурийсан. Өөр гэмтэл зовиур байхгүй. Гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06-р хуудас/
Гэрч Т.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед найз Аз, Л, З бид дөрөв Хонхорын байрнаас сумын төвд байх тоглоомын талбай орсон юм. Тэгээд тоглоомын талбай дээр Аз, Л, З бид дөрвийг ирэхэд А, О гэх хоёр хүүхэд сууж байсан. Тэгээд Аз, Л, З бид дөрвийг тоглоомын талбайн турник дээр ирэхэд А, О хоёр араас турник дээр ирсэн. Тэгээд А, О хоёр сумын цагдаагийн байрны зүүн талд урагшаа явж байсан хүнийг дуудсан. Тэгээд А, О хоёрын дуудсан хүн нь ирээд намайг яагаад дуудаад байгаа юм гээд нэг удаа миний нүүрэн тус газар алгадсан. Тэгээд миний хажууд зогсож байсан найз Азыг Н гэх ах нэг удаа нүүрэн тус газар алгадаад О гэх хүүхэд рүү очиход О урагшаа ухрахад Н гэх ах Э.Зыг барьж авахаар нь Л, Аз, бид гурав З, Н хоёрыг салгахад Н нь Зын нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р хуудас/
Гэрч Н.Аз мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед найз С, Л, З бид дөрөв уулзаад Хонхрын байрнаас сумын төвд байх тоглоомын талбай дээр очсон юм. Тэгээд тоглоомын талбай дээр С, Л, З бид дөрвийг ирэхэд А, О гэх хоёр хүүхэд тоглоомын талбайн сандал дээр сууж байсан. Тэгээд С, Л, З бид дөрвийг тоглоомын талбайн турник дээр ирэхэд А, О хоёр араас турник дээр ирсэн. Тэгээд А, О хоёр сумын цагдаагийн байрны зүүн талаар урагшаа явж байсан хүнийг дуудсан. Тэгээд А, О хоёрын дуудсан хүн нь ирээд яагаад хүн дуудаад байгаа юм гээд манай найз Сг нэг удаа нүүрэн тус газар алгадсан. Тэгээд над руу Н гэх ах ирээд миний нүүрэн тус газар нэг удаа алгадаад О гэх хүүхэд рүү очиход О урагшаа ухрахад Н гэх ах манай найз Э.Зыг барьж авахаар нь Л бид хоёр З, Н хоёрыг салгахад Н нь Зын нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай: Э.Зын биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 18-19-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/
- Шүүгдэгч Ш.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 33-р хуудас/
- Шүүгдэгч Ш.Нийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 34-р хуудас/
- Шүүгдэгч Ш.Нийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-р хуудас /
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 44 дугаартай санал /хх-ийн 44-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Н нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Зыг зодож, түүний эрүүл мэндэд “хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Нийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.З, гэрч Т.С, Н.Аз нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Нид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Нийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ш.Нийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Нийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ш.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ш.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Нид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ш.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш. Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ш.Нид оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ш.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Ш.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА