| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0027/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхагвасүрэнгийн Баасансүрэн
Улсын яллагч Бямбадоржийн Оюунцэцэг
Шүүгдэгч Г-н Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О-д овогт Г-н Дт холбогдох 1916003510160 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, О-д овогтой Г-н Д гэв.
Шүүгдэгч Г.Д нь Говь-Алтай амйгийн Баян-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт газрын хэвлийд халдаж зөрчил үйлдсэн торгуулийн төлбөр” гэж З.Наас 300.000 төгрөгийг эхнэр А.А-нхаа ХААН банкны 5863133613 дугаарын дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Д нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт газрын хэвлийд халдаж зөрчил үйлдсэн хүн тус бүрийг 150.000 төгрөгөөр торгоно гэх нэрийдлээр торгуулийн төлбөр” гэж З.Наас 300.000 төгрөгийг эхнэр А.Ам-н ХААН банкны 5863133613 дугаарын дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Д гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн үед Баян-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн болгоомжгүй үйлдлээс ийм зүйл болсонд гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөгдсөн. Энэ зөрчлийн улмаас ажлаасаа халагдсан. Тухайн мөнгийг Байгаль орчны байцаагчдаа хүлээлгэж өгөх байсан. Тухайн үед байгаль орчны байцаагч жирэмсний амралттай байсныг мэдээгүй. Яах ёстой байснаа тухайн үед би мэдээгүй. Эрх зүйн мэдлэг дутмагаас болж багаж хэрэгслийг буцааж өгсөн. Надад тийм эрх байхгүй. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд миний хийх ёстой ажил байгаль орчны байцаагчдаа шилжүүлж өгөх ёстой байсан. Тэрийг тухайн үедээ би мэдээгүй. Чулууг нь албан шалгалтаар ирсэн хүмүүст хүлээлгэж өгсөн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн болгоомжгүй болон эрх зүйн мэдлэг дутмагаас ийм зүйл болсон. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань 2 нялх хүүхэдтэй ажилгүй байгаа. Би өөрөө мөн ажилгүй байгаа. Өөрөө гэм буруугаа сайн дураар хүлээсэн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Нын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний бие найз Б, З, Б, Г нарын хамт Баян-Уул сумын нутагт байх алттай чулуутай газарт очсон. Өмнө нь ухчихсан газар ухаж 3 шуудайны тал чулуу аваад машины сүүдэрт амарч байхад хэсгийн төлөөлөгч Г.Д нь олон нийтийн цагдаа, сумын багийн дарга нарын хамт ирсэн. 3 тал шуудай чулуу болон газар ухдаг молдок, хүрз зэрэг багажуудыг хураагаад гражинд хийсэн. Тухайн үед Г.Д бид нарт Зөрчлийн тухай хуульд заасан хуулийн хариуцлага хүлээлгэх талаар тайлбарлан өгч хүн тус бүрийг 150.000 төгрөгөөр торгоно гэхээр нь бид нар учир байдлаа хэлж гуйсан чинь багаж авч явсан 2 хүнийг торгоно гэж хэлээд бэлнээр 300.000 төгрөг өг гэж хэлсэн. Тухайн үед бэлэн мөнгө байгаагүй, картнаас мөнгө авах боломжгүй байсан болохоор Г.Дээс дансны дугаар авч тухайн дансанд би өөрийн данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн. Хэсгийн төлөөлөгч Г.Д нь манай сумын байгаль орчны улсын байцаагч байхгүй байгаа болохоор торгуулийн хуудас өгөх боломжгүй байна. Хойноос чинь явуулж болно гэж хэлсэн. Тэгээд бид нар багаж хэрэгслээ аваад аймгийн төв рүү тэр шөнөө явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх143-рт/,
Гэрч Э.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би өөрийн биеэр аймаг дээр ирж цагдаагийн газрын даргад орж гомдол мэдүүлсэн юм. Учир нь гэвэл зөрчил гаргасан хүмүүс дахин ирж алт ухаж байна. Мөн хураан авсан эд зүйлийг арга хэмжээ тооцолгүй буцаан олгосон байна гэж аман байдлаар хэлж яриад дараа нь мөрдөн байцаах тасгийн дарга Энх-Ирээдүйд би энэ зүйлийн талаар бичгээр гомдол гаргаж өргөдөл өгсөн юм. Тэгээд энэ талаар албан ёсоор шалгаж эхэлсэн байх...” гэсэн мэдүүлэг /хх148-рт/,
Гэрч А.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...нөгөө хүмүүсийг торгох гэж байна. Чи надад дансны дугаараа хэлээд өгөөч. Тэр хүмүүст торгуулах бэлэн мөнгө байхгүй гэж байсан. Манай цонхыг тогшоод тэндээс явахгүй амраахгүй байсан. Тэгээд би өөрийн ХААН банкны 5863133613 гэсэн дансаа хэлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх171-рт/,
Гэрч А.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Бид нарыг очиход Д нь сейфэндээ 300.000 төгрөгийг бэлнээр байлгаж байсан ба би 300.000 төгрөгийг авах нь авсан. Гэхдээ одоо хүртэл байлгаж байгаа гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх175-рт/,
Гэрч П.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 09 дүгээр сарын дундуур санагдаж байна. Хэсгийн төлөөлөгч Г.Д нь над руу яриад миний ширээний нүдэнд байх Үндсэн хууль гэсэн номны завсар 300.000 төгрөг байгаа. Тэр мөнгийг аваад орон нутгийн дансанд тушаагаадах гэсний дагуу би тэр өдөртөө “Нямбаяр ДЭ84030413 торгууль” гэсэн утгаар тушаасан. Сүүлд Г.Д надруу яриад Нямбаяр гэдэг хүний нэрээр торгуулийн мөнгө тушаагаадах гэхээр нь мэдсэн. Өмнө нь огт мэдээгүй. Хэрэв иргэнийг торгосон бол торгуулийн мөнгийг 3 хоногийн дотор банкинд тушаах ёстой юм...” гэсэн мэдүүлэг /хх181-рт/,
Гэрч Э.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Цагдаагийн ахлах дэслэгч Д нь 2019 оны 07 дугаар сард хууль бусаар алт одборлож байсан хүмүүстэй холбоотой гомдол мэдээллийг надад ямар нэгэн байдлаар хэлж мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх187-рт/,
Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тэр өдөр над руу Д дээрх хэрэг зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг утсаар хэлж мэдэгдсэн зүйл байхгүй. Уг нь иймэрхүү дуудлага мэдээлэл ирсэн тохиодолд жижүүр лүү болон дарга нарт заавал мэдэгдэх ёстой байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх189-рт/,
Гэрч Н., Н. нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би ажил хийж байгаа болохоор дансаар мөнгө төгрөг авч болохгүй. Манай эхнэрийн данс руу шилжүүлчих. Би эхнэрийнхээ данснаас торгуулийн чинь мөнгийг аваад Байгаль орчны байцаагчид өгнөө гэлүү тэгж хэлсэн. Тэгээд Нямбаяр өөрийнхөө данснаас хэсгийн төлөөлөгчийн эхнэрийн данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх201, 203-рт/, шүүгдэгч Г.Дийн эхнэр А-н Ам-н ХААН банкны депозит дансны хуулга /хх65-рт/, хохирогч З.Нын ХААН банкны депозит дансны хуулга /хх77-рт/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх81-82рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч З.Нт учруулсан 300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх шүүгдэгч Г.Дт ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар улсын яллагчийн “Яллагдагч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Дийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 17.4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О-д овогт Г-н Дийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА