Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 89

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч  хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч З.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Мт холбогдох эрүүгийн 2030000160086 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1972 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн, хамт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух,ял шийтгэлгүй, З.М.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч З.М нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 08 дугаар сард хохирогч Э.Бы 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:        

    Шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

    Эрүүгийн 2030000160086 дугаартай хэргээс:
    Шүүгдэгч  З.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард Улаанбаатар хотын “Эко ази” гэх нэртэй байгаль орчны дээд сургуульд эчнээгээр төгссөн. Тухайн сургуулийн төлбөр болох 1 500 000 төгрөг нь 2019 оны 08 дугаар сард нэхэгдэх болсон бөгөөд би Б гэх махны ченжээс 600 000 төгрөгийн үхэр өгнө гэж зээлж аваад өөрт байсан мөнгөө нийлүүлээд сургалтын төлбөрөө барагдуулсан. Б нь надаас үхрээ авъя гэхэд нь би өмнөх өвөл нь Өын үхрийг хариулж байсан, сайн таньдаг болохоор нэг үхэр аваад дараа нь тооцоо хийж болох байх гээд Дарьганга сумын 4 дүгээр баг сумын төвөөс 4-5 км байх “Хонгорын энгэр” гэх газраас Өын үхрийг бөөгнүүлж дотроос нь эвэртэй охин гунжийг барьж аваад Бийг дуудаж машинд нь ачуулсан. Тухайн үхэр нь Өын эгч Боы үхэр байсан бөгөөд Бо эгчийн үхэр Өын үхэртэй адилхан имтэй байсан. Би хүний үхрийг зөвшөөрөлгүй авч хэрэглэсэндээ гэмшиж байна.Э.Б эгчид тухайн гунжны үнэ 800 000 төгрөг өгч хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р хуудас/

    Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай 7 үхэр дүү нарын үхэртэй цуг Дарьганга сумын 1 дүгээр баг “Х” гэх газар байдаг. Миний үхрээс баруун чих онь, зүүн чих араасаа ухам имтэй улаан бөөр алаг эвэртэй тумбай гунж алга болсон. Манай дүү нарын үхрийг 2019 оны өвөл маллаж байсан З.М нь 2019 оны 8 дугаар сард Б гэх хүнд зарж борлуулсан байна. Үхрийн хохирлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дансанд 800.000 /найман зуун мянга/ төгрөг хийсэн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 06-р хуудас/

Гэрч Э.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э.Б бол миний төрсөн эгч бөгөөд цөөн үхэр нь манай үхэртэй цуг байдаг. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үхрээ маллуулахаар З.Мт манай дүү Хүрэлсүх, Ө бид 3 өөрсдийн 130 орчим үхэр им зүсээр нь хүлээлгэж өгөөд хөлсөнд нь би Мт судалтай хүрэн зүсмийн бөөрөн дээр жижиг цагаантай баруун чих урдаасаа ухам, араасаа цуулбар, зүүн чих араасаа ухам имтэй охин бяруу, манай дүү Хүрэлсүх хар хүрэн зүсмийн баруун чих цуулбар, зүүн чих араасаа ухам имтэй эр бяруу, Ө хүрэн цоохор зүсмийн баруун чих онь, зүүн чих араасаа ухам имтэй эр бяруу нийт 3 бага насны үхэр зүсэлж өгсөн. М 2018 оны өвөл 12 дугаар сарын үед Хүрэлсүх, Ө нарын зааж өгсөн бярууг хэрэгцээндээ хэрэглээд надаас авсан охин бяруугаа мал болгоно гэж ярьж байсан. 2019 оны хавар 03 дугаар сарын эхээр үхрээ хариулахгүй малын эмч Батчулуунтай хамт шүлхийн тариа хийгээд айлаар явсан. Бид нар Мыг үхрээ хүлээлгэж өг гэхэд удахгүй өгнө гэж явсаар байгаад хавар 2019 оны 05 дугаар сарын үед сургуульд явсан байсан. Ингээд манай дүү Ө өөрөө явж үхрээ бөөгнүүлсэн. Мт зааж өгсөн судалтай хүрэн гунж хамгийн сүүлд манай үхэрт байсан эсэхийг мэдэхгүй. Өөрөө хариулж байхдаа зарсан байж магадгүй. Намар Бо эгчийн үхэр алга болоход М үхрээ аваагүй гэж яриад байгаа. Бо эгчийн бөөр алаг улаан гунж нь гэдсээрээ өргөн битүү цагаан, Мын судалтай хүрэн гунж зүүн талдаа мэнгэ шиг 20 орчим см өргөн цагаантай андуурах боломжгүй им өөр үхрүүд. М надтай 2019 оны өвөл 2 сараас хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 07-р хуудас/

Гэрч Э.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын эхээр З.Мт ах дүү нарын нийлсэн 130 орчим үхрийг 2019 оны 03 дугаар сарын 20 хүртэл харуулахаар тохирч хөлсөнд нь манай ах Э.Хүрэлсүх хар хүрэн зүсмийн баруун чих цуулбар, зүүн чих араасаа ухам имтэй эр бяруу, Э.Х ах судалтай хүрэн зүсмийн бөөрөн дээр жижиг цагаантай баруун чих урдаасаа ухам, араасаа цуулбар, зүүн чих араасаа ухам имтэй охин бяруу, би хүрэн цоохор зүсмийн баруун чих онь, зүүн чих араасаа ухам имтэй эр бяруу зүсэлж өгсөн. 2018 оны 12 дугаар сард идэш хийх үеэр зүсэлж өгсөн хүрэн бяруугаа хүнд зарсан, цоохор бяруугаа манай хүргэн Баянмөнх гэх залуутай шүдлэн үхрээр сольж идээд үлдсэн бөөрөн дээр судалтай хүрэн бярууг мал болгоно гэж ярьж байсан боловч 2019 оны 3 дугаар сарын эхээр малын эмч Отгонбатыг дагаад малын тарилга хийхээр явж үхрээ эзэнгүй орхиод явсан байсан. Тухайн үед нь би Мтай сумын зүүн талд замд таарч “үхрээ хүлээлгэж өг” гэхэд “удахгүй хүлээлгэж өгнө” гээд явсан боловч албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Мтай дахиж ярихад суманд байхгүй байна гэхээр нь би өөрөө явж үхрээ бөөгнүүлсэн. Тэгэхэд Мт 130 үхэр хүлээлгэж өгснөөс өвөл хэрэглэсэн үхрээ хасаад 116 үхэр хүлээж авах ёстой боловч 114 үхэр бөөгнүүлж аваад Мт 2 үхэр дутуу байгааг утсаар хэлэхэд “би олж өгнө, тэр хавийн үхэрт байгаа байх” гэж хэлээд таг болсон. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Хадбаатар гэх залуу надтай таарч М ах танай үхэрнээс бөөр алаг үхэр Б гэх залууд ачиж явуулсан гэж хэлэхээр нь би Мыг өөрийнхөө гунжийг хүнд өгсөн байх гэж бодоод юм яриагүй. Харин 2019 оны 9 дүгээр сард Х ахыг хөдөө байхад нь  “үхрээ тоолоорой, М бяруугаа авсан гэсэн” гэж хэлээд тоолуулхад манай эгч Боы улаан бөөр алаг, зүүн чих араасаа ухам, баруун чих онь имтэй, эвэртэй охин гунж, мөн Мт зааж өгсөн судалтай хүрэн зүсмийн бөөрөн дээр жижиг цагаантай баруун чих урдаасаа ухам, араасаа цуулбар, зүүн чих араасаа ухам имтэй 2 гунж алга болсон байсан.Тэгээд багийн даргын малын бичиг бүртгэл дээрээс зураг үзэхэд манай эгч Боы улаан бөөр алаг гунжийг М, Б гэх хүнд зарсан байсан. 2019 оны 06 дугаар сард би үхэрээ тоолоход Мт зааж өгсөн судалтай хүрэн гунж манай үхэрт байсан. Тэрнээс хойш мэдэхгүй. Бо эгчийн бөөр алаг улаан гунж нь гэдсээрээ өргөн битүү цагаан, Мын судалтай хүрэн гунж зүүн талдаа мэнгэ шиг 20 орчим см өргөн цагаантай андуурах боломжгүй үхрүүд” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р хуудас/

Гэрч С.У мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр З.М 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ө, Х, Хүрэлсүх, Бо нарын үхрийг хариулахаар болсон. Тэгээд хөлсөнд нь 3 бяруу авахаар тохирч хариулсан юм. 2018 оны өвөл 2 бяруугаа авч хэрэглээд 1 бяруугаа үнээ болгох санаатай үлдээсэн.  М “Эко ази” сургуульд сурч байсан болохоор 2019 оны хавар Ч.Б гэх залуугаас үлдсэн бяруугааа өгнө гэж 450 000 төгрөг аваад 2019 оны намар Б үхрээ авъя гэхээр нь манай нөхөр Өт хэлэхгүй үхрээс нь гунж барьж өгсөн гэсэн. Ө, Х, Хүрэлсүх нараас 3 бяруу авахаар тохирсон гэдгийг мэднэ. Ямар им тамгатай, ямар зүстэй үхэр авсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р хуудас/

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны хавар 5 дугаар сарын эхээр З.Мын эхнэр Урансайхан надтай уулзаж гунж зарна гээд 450 000 төгрөг бэлнээр авсан. 2019 оны 08 дугаар сарын эхээр би Мтай уулзаж үхрээ авъя гэхэд бэлэн байгаа гээд 16 цагийн үед сумын төвөөс зүүн хойш 5 орчим километрт хонгорын баруун хойд талд би машинтайгаа зам дээр зогсоод М мотоцикльтой олон үхэр хөөж ирээд дотроос нь зүүн чих араасаа цуулбар имтэй улаан бөөр алаг эвэртэй үхэр бугуйлдаж барьж өгсөн. Түүнийг нь би ачиж Улаанбаатар хотын Налайх дүүргийн бойнд өгсөн. Өын үхрээс өгнө гэж ярьж байсан. Мын эхнэр Урансайхан анх мөнгө авахдаа Өын үхэрт 1 гунж байгаа гэж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-р хуудас/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 17-18-р хуудас/

-“Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-27-р, 31-38-р хуудас/

- Шүүгдэгч З.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 51-р хуудас/

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10/118 тоот албан бичиг / хх-ийн 52-р хуудас/

- Шүүгдэгч З.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 53-р хуудас/ зэрэг болно.
    
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч З.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
    
    Шүүгдэгч З.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

    Гэм буруугийн талаар: Шүүгдэгч З.М нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 08 дугаар сард хохирогч Э.Бы 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч З.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Б, гэрч Э.Х, Э.Ө, С.У, Ч.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
    
    “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг  шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд З.Мын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.М нь хохирогч Э.Бы эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

    Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Мыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч З.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч З.М нь хохирогч Э.Бд хохиролд 700 000 төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. Эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5/23 дугаартай тогтоолыг хүчингүй болгов.

    Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн  зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч З.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч З.Мын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч З.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

    Шүүгдэгч З.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний  бичиг  баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна.

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч З.Мыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч З.Мт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч З.Мт мэдэгдсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мын эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5/23 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Шүүгдэгч З.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА