Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 60

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин

Улсын яллагч Л.Солонго

Хохирогч Б.Д

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-д холбогдох эрүүгийн 2028000450053 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтын “Поошиг” гэх газар гэр буудал ажиллуулдаг,

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээхүрэн хилийн боомтоос хойд зүгт байх “Поошиг” гэх газраас 2 километрт байх засмал зам дээр иргэн Б.Д-ийн эзэмшлийн 50-68 ӨМҮ улсын дугаартай УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичсэнээр/         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Содном шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Д-ийн машиныг жолоодож явсан. Поошиг гэх газраас 2 км орчимд явж байхад машины буруу талын урд дугуй хагарч буудснаас болж машин засмал замын зүүн хажуу руу онхолдож аваар хийсэн. Д ослоос болж хөдөлж чадахгүй байсан. Тэгтэл удалгүй Поошиг дээр цуг ажилладаг Нарангэрэл эгч ирсэн. Тэгээд хохирогчийг авч явж эмнэлэгт үзүүлсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Өөрийн буруугаа ойлгож байгаа. Д надаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн...” гэв.

Хохирогч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхэд С миний машиныг барьж явсан. Би өөрөө тохирох ангилалын үнэмлэхгүй байсан. Тухайн үед миний цээж хөндүүр, хавирга хугарч, уушги муу байсан. Одоо биеийн байдал сайжирч эдгэсэн. Надад С-д гомдол байхгүй. Бид хоёр ах дүүгээс ялгаагүй олон жил хамтран ажиллаж байгаа. Би өөрөө эмчилгээний зардлаа төлсөн. Надад С-с нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр Гурвантэс сумын төвөөс миний машиныг Содном жолоодож, Поошиг гэх газар очихоор явж байсан. Поошиг гэх газраас 2 км орчим зайд машины дугуй хагараад гэнэт замын зүүн гар тал руугаа машин унасан. Тэгээд би сэргэхэд машиныхаа гадна талд гарчихсан, баруун талаараа хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан. Би осолд орсны дараа босох гэхэд хөдөлж чадахгүй байсан. Удаагүй байхад хүмүүс ирээд намайг болон С-ыг аваад Гурвантэс сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Би С гэдэг залуутай хамт хилийн боомт дээр ажиллаад 6 жил болж байгаа. Ямар нэг хамаатан садны холбоо байхгүй, хамтарч ажилладаг юм. Би машинаа өөрөө барихгүй гээд Содном миний машиныг жолоодож явсан. Тухайн үед С архи уугаагүй, эрүүл байсан. Би С ямар нэг төлбөр мөнгө нэхэмжлэхгүй. ...Би эмчилгээний бүх зардлаа өөрөөсөө гаргасан. С мөн эмчилгээний зардал мөнгө авахгүй учраас Содномд ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Миний бие одоо зүгээр болсон. Ямар нэгэн өвчин зовиур байхгүй, бүрэн эдгэсэн” гэжээ. /хх-ийн 25-27 дугаар хуудас/

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн зам дагуу байрладаг Поошиг гэх газраас Хилийн цэргийн 0166 дугаар ангид байрлах гэртээ очихоор өөрийн машинтай засмал замаар явж байсан. Поошигноос хойшоо 2-3 км зайд нэг саарал өнгийн Фургон машин хойд зүг рүү харсан байдалтай замын баруун гар талд байсан. Тэгээд би зам дээр машинаа зогсоогоод очиход Поошиг дээр байдаг Д, С нар байсан. Д машиныхаа хажууд хэвтчихсэн хөдөлж чадахгүй байсан. Тэгээд би Содномтой хамт машиныхаа ард хэвтүүлээд боомтын эмч дээр очсон. Сумын эмнэлэгт яаралтай хүргэж өг гэсэн. Тэгээд би өөрийн машинтайгаа шууд сумын эмнэлэгт хүргэж өгсөн” гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч В.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой 17 цаг 30 минутын үед намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байхад эмнэлгийн яаралтай хүлээн авах тасагт иргэн Б.Д нь Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн зам дээр байдаг Поошиг гэдэг газрын засмал зам дээр Фургон автомашинтай явж байгаад зам тээврийн ослоор гэмтсэн байдалтай ирсэн юм. Уг хүнийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, орчиндоо харьцаатай, царай шаналангуй, зүүн мөр хөдөлгөж чадахгүй, нуруу руу хатгаж өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. Тэгээд цээжний рентген зургийг авахад Д-ийн биеийн баруун талд уушги хэмжээгээр жижгэрсэн, агааржилт буурсан, синус хаалттай, зүүн уушги гадна ирмэгээр агааржуулалт буурсан, баруун талын 3, 4-р хавирга орчим олон хугарлын зоонтой байсан. Тэгээд Д уушгины хүчилтөрөгчийн хангамж буурсан, уушги унасан тул Өмнөговь аймгийн эмнэлэгт Гэмтлийн алсын дуудлага өгч, өвчтөнд цээжний баруун талд гуурс байрлуулан, биеийн байдлыг тогтворжуулж, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасагт шилжүүлсэн.” гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Машиныг нь С барьж явсан байх. Тэгээд тэр оройхон Шивээхүрэн боомт руу явж байгаад машинтайгаа осолдож манай охин сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн байсан. Би дуулаад сумын эмнэлэг дээр очиход Д-ийн бие нь гайгүй, эмчилгээ хийлгүүлж байсан. Харин С бие нь зүгээр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Би С-с юу болсон талаар асуухад машины дугуй нь гэнэт засмал зам дээр хагараад машинаа онхолдуулсан гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 131 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Д биед цээжний зөөлөн эдийн битүү шахагдалт, няцралт, уушгинд хий агаар хуралдсан, тархины доргилт, ар нурууны баруун доод болон бүсэлхий орчимд өнгөц зулгаралт үүссэн, зүүн гарын шуунд хөхрөлт үүссэн гэмтлүүд учирсан байна.

2.  Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.

3. Учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Б.Д биеийн ар нуруу, зүүн гарт учирсан гэмтэл, тархины доргилт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уушгинд хий, агаар хуралдсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч С.Бат-Очирын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:                                                                                          

1. УАЗ-2206 маркийн 50-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Гэрлээ овогтой Содном нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна.

2. Г.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай байна.

3. Г.С жолоочийн үнэмлэхний лавлагааг гаргуулж авахад “В.С.СЕ.Д” ангиллын №858640 жолооны үнэмлэх хүчинтэй төлөвт байв. гэжээ. /хх-ийн 43 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс Д эзэмшлийн 50-68 ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн Фургон авто машиныг нь жолоодоод Гурвантэс сумаас урагшаа Шивээхүрэн боомтын хойд талд нь байдаг Поошиг гэх нэртэй газар луу явсан юм. Тэгэхэд машин дотор Д бид хоёр явж байсан. Өөр хүн яваагүй. Тэгээд сумаас урагшаа 30 гаруй км явж уурхайн зорчигчийн засмал зам руу орж Поошиг руу явсан. Поошигноос хойш 2 км орчимд явж байхад машины буруу талын урд дугуй хагарч буудсан. Тэгээд машин засмал замын зүүн хажуу руу онхолдож нэг бүтэн хөрвөөгөөд буцаад 4 дугуйн дээрээ буусан. Тэгэхэд миний хажууд сууж явсан Дэлгэрцэцэг нь машинд байхгүй байхаар би машинаас буугаад хартал машинаас 2 метрийн зайтай газарт доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь би очоод нэрээр нь дуудтал “гайгүй байна, цээж рүү жаахан өвдөөд байна” гэж хэлээд Д дээшээ харж хэвтсэн. Удаагүй Поошигноос саарал мөнгөлөг өнгийн приус маркийн автомашин ирсэн. Жолооч нь таньдаг Нарангэрэл эгч ганцаараа явж байсан. Нарангэрэл эгч машинаа засмал зам дээр зогсоогоод бууж ирээд яасан бэ, та нар гайгүй юу гэхэд бид хоёр гайгүй, Д-ийн цээжээр өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд Нарангэрэл эгчийн машины ард нь Дэлгэрцэцэгийг хэвтүүлээд би машины өмнө талд нь суугаад Гурвантэс сумын эмнэлэг дээр хүргүүлж буугаад сумын эмч нарт үзүүлсэн” гэжээ. /хх-ийн 55-57 дугаар хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-16/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22/

Жолоочийн мэдээлэл /хх-ийн 44/

Б.Дэлгэрцэцэгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 79-85/

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 48-49/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69/

Г.С-ын жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 70/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтоос хойд зүгт байх “Поошиг” гэх газраас 2 километрт байх засмал зам дээр хохирогч Б.Д-ийн эзэмшлийн 50-68 ӨМҮ улсын дугаартай, УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д-ийн биед цээжний зөөлөн эдийн битүү шахагдалт, няцралт, уушгинд хий агаар хуралдсан, тархины доргилт, ар нурууны баруун доод болон бүсэлхий орчимд өнгөц зулгаралт үүссэн, зүүн гарын шуунд хөхрөлт үүссэн гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Поошигноос хойш 2 км орчимд явж байхад машины буруу талын урд дугуй хагарч буудаж, машин засмал замын зүүн хажуу руу онхолдож нэг бүтэн хөрвөөгөөд буцаад 4 дугуйн дээрээ буусан. Тэгэхэд миний хажууд сууж явсан Д нь машинд байхгүй байхаар нь би машинаас буугаад хартал машинаас 2 метрийн зайтай газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Дэлгэрцэцэгийн “...Поошиг гэх газраас 2 км орчим зайд машины дугуй хагараад гэнэт замын зүүн гар тал руугаа машин унасан. Тэгээд би сэргэхэд машиныхаа гадна талд гарчихсан, баруун талаараа хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч Ц.Н “...Поошигноос хойшоо 2-3 км зайд нэг саарал өнгийн Фургон машин хойд зүг рүү харсан байдалтай замын баруун гар талд байсан. Тэгээд би зам дээр машинаа зогсоогоод очиход Поошиг дээр байдаг Дэлгэрцэцэг, Содном нар байсан. Дэлгэрцэцэг машиныхаа хажууд хэвтчихсэн хөдөлж чадахгүй байсан...” гэх, гэрч В.Бодьцэцэгийн “...2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой 17 цаг 30 минутын үед намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байхад эмнэлгийн яаралтай хүлээн авах тасагт Б.Д нь Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн зам дээр байдаг Поошиг гэдэг газрын засмал зам дээр Фургон автомашинтай явж байгаад зам тээврийн ослоор гэмтсэн байдалтай ирсэн...“ гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч С.Бат-Очирын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн мэдээлэл, Б.Д-ийн өвчний түүхийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 2028000450053 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Г.С нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Г.С хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Д-ийн биед цээжний зөөлөн эдийн битүү шахагдалт, няцралт, уушгинд хий агаар хуралдсан, тархины доргилт, ар нурууны баруун доод болон бүсэлхий орчимд өнгөц зулгаралт үүссэн, зүүн гарын шуунд хөхрөлт үүссэн гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч С.Бат-Очирын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.С-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.С-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг харгалзан үзэж прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Г.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа, хохирогч Б.Д нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд “...Би эмчилгээний бүх зардлаа өөрөөсөө гаргасан. С-оос мөн эмчилгээний зардал мөнгө авахгүй учраас С-д ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Миний бие одоо зүгээр болсон. Ямар нэгэн өвчин зовиур байхгүй, бүрэн эдгэсэн...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Содномыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул түүний 858640 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.С Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.С тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.С-ын 858640 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА