Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 85

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Мт холбогдох 2030000650075 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03-р сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Ц.М.  

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

           Шүүгдэгч Ц.М нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой  Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Дийг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн талын 4,5,6-р хавирганы цуурсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр, “баруун нүдний дотор буланд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын доод хэсэгт, дээд уруулын язарсан шарх, цээжний зүүн талд суганы шугамаар 4,5-р хавирга орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд баруун 1-р шүдний хөдлөл, 2-р шүдний эмтрэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Х дэлгүүрийн хойно П гэдэг найз охинтойгоо уулзсан. Бид хоёр тэнд уулзчихаад эмнэлэг рүү яваад буцаад хойшоо явж байхад Ч.Дтай таарсан. Тухайн үед бол бид хоёр муудаж, маргалдах зүйл огт болоогүй. Харин намайг оюутан болоод Улаанбаатар хотод очиход Ч.Д нь манай найз охинтой үерхэж байсан. Би Ч.Дийг ухаан алдтал нь цохиогүй. Би өөрөө эмнэлэгт хүргэж өгсөн. Өөртэй нь уулзаж албан ёсоор уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

Хууль ёсны төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд хуульд заасан ямар арга хэмжээг авахуулах саналтай байна. Манай хүүгийн уруул дээр сорви байгаа, хагалгаа хийлгэнэ. Үүнийг дараа нь иргэний журмаар нэхэмжилнэ гэж бодож байгаа гэв.

Эрүүгийн 2030000650075 дугаартай хэргээс:

Өсвөр насны хохирогч Ч.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны  өдрийн орой 20 цаг өнгөрөөгөөд Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах “Одкон” хотхонд байх эмээгийнхээ гэрээс гарч найзтайгаа уулзахаар Аймгийн нэгдсэн эмнэлгийн хашаанд хүлээж байтал М гэдэг танилтайгаа тааралдсан бөгөөд харилцан мэндэлсэн юм. Гэтэл Ц.М нь гэнэт намайг цохиж би унахдаа хажуудаа байсан хана мөргөж ухаан алдсан. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн. Ц.М бид хоёр хоорондоо маргалдаж муудаж байсан удаа байхгүй. Ц.М нь манай сургуульд сурч байгаад төгсөөд оюутан болсон юм.  Зүүн талын 3 хувирга цуурсан. Дээд уруулдаа 7 оёдол хийлгэсэн. Тухайн үед хамар битүү байсан. Одоо бага зэрэг хөндүүр байгаа. Мөн толгой өвдөж байгаа. Нэг шүд хөдөлсөн байгаа. Би П гэдэг охинтой уулзах гэж байсан юм. Тэр намайг ухаан алдсанаас хойш ирсэн юм шиг байна лэй. Сүүлд нь сонсоход архи уусан гэж байсан. Би анх уулзахдаа архи уусан эсэх талаар нь мэдээгүй байсан. Зүгээр байж байгаад бусдад зодуулж эрүүл мэндээрээ хохирсон асуудалд маш их гомдолтой байна.  Эмчилгээний зардал мөнгийг манай ээж гаргаж байгаа” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-р хуудас/

Гэрч  Г.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны 21 цагийн үед манай эгч Тунгалагийн хүү Д нь Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 7 дугаар баг Одкон хотхоны 2-2 тоотоос гэр рүүгээ харьлаа гээд гарсан. 22 цаг 14 минутад ээжээс нь дуудлага ирээд дүү чинь танайд очсон уу хүнд зодуулаад Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд ирсэн байна гэж ярихаар эмнэлэг дээр гүйгээд очсон чинь манай дүү хувцас хунар нь цус болсон цус, нөжиндөө хутгалдчихсан 103-н өрөөнд хэвтэж байсан. Юм ярьж чадахгүй байсан, хаана чинь өвдөж байна гэж асуусан чинь гараараа нүүрээ болон зүүн талын хавирган тус газраа гараараа заасан, уруул нь хавдчихсан хамрын гурвалжин нэлэнхүйдээ цус болчихсон байсан”  гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай: “1. Ч.Дийн биед зүүн талын 4,5,6-р хавирганы цуурсан хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын доод хэсэгт, дээд уруулын язарсан шарх, цээжний зүүн талд суганы шугамаар 4,5-р хавирга орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд баруун 1-р шүдний хөдлөл, 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Зүүн 4,5,6-р хавирганы цуурсан хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн  хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 14-р хуудас/

     - Аймгийн нэгдэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-р хуудас/
    
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2/63 дугаартай тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/
- Шүүгдэгч Ц.Мийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.М нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой  Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Дийг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн талын 4,5,6-р хавирганы цуурсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр, “баруун нүдний дотор буланд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын доод хэсэгт, дээд уруулын язарсан шарх, цээжний зүүн талд суганы шугамаар 4,5-р хавирга орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд баруун 1-р шүдний хөдлөл, 2-р шүдний эмтрэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Мийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, өсвөр насны хохирогч Ч.Д, хууль ёсны төлөөлөгч Г.Т, гэрч Г.Т нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч  Ц.Мийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ц.Мийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Мийн хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Мт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ц.Мийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Ц.Мийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны хохирогч Ч.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц. Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Мийн орлого олох боломжийг харгалзан 700 000 төгрөгийн торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Ц.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА