Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/46

 

                                 

                                     

Ц.Мөнхтөр, О.Батдорж, Ц.Дэлгэржаргал, Т.Батсайхан нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Оч /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                        М.Үүрийнтуяа,          

шүүгдэгч нарын өмгөөлөгч                         Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга                                   А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Мөнхтөр, О.Батдорж, Ц.Дэлгэржаргал, Т.Батсайхан нарт холбогдох 2017 1900 0338 дугаартай 223 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Батдорж, Ц.Мөнхтөр, тэдний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Архангай аймгийн Жаргалант суманд 1979 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 12 дугаар гудамж, 354/6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр /РД: АВ79121613/,

 Монгол улсын иргэн, Архангай аймгийн Жаргалант суманд 1977 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 11 дүгээр гудамж, 440 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржгин овгийн Очирбатын Батдорж /РД: АВ77061410/,

Монгол улсын иргэн, Архангай аймгийн Жаргалант суманд 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймаг, Жаргалант сум, Баянцагааны 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал /РД:АВ86012411/,

Монгол улсын иргэн, Архангай аймгийн Жаргалант суманд 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, ганцаараа Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууцны 3 дугаар гудамж, 60 тоотод оршин суудаг гэх албан ёсны бүртгэлтэй одоогоор Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууцны 3 дугаар гудамж,185 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Тавхааны Батсайхан /РД:АВ87072917/,

Яллагдагч Ц.Мөнхтөр, Ц.Дэлгэржаргал, О.Батдорж, Т.Батсайхан нар нь бүлэглэн, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарын амны “Чулуун пинт” гэх газраас 2017 оны 5 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд хууль бусаар ойд 2.224м3 нойтон хус мод бэлтгэн тээвэрлэж, 317.362 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр, Боржгин овгийн Очирбатын Батдорж, Боржгин овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал, Боржигон овгийн Тавхааны Батсайхан нарыг ойн тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр, ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр, Боржгин овгийн Очирбатын Батдорж нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар
хорих ялаар,

шүүгдэгч Боржгин овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал, Боржигон овгийн Тавхааны Батсайхан нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр, Боржгин овгийн Очирбатын Батдорж нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг,

шүүгдэгч Боржгин овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал, Боржигон овгийн Тавхааны Батсайхан нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр, Боржгин овгийн Очирбатын Батдорж, Боржгин овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал, Боржигон овгийн Тавхааны Батсайхан нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг,

мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ц.Мөнхтөрийн эзэмшлийн “ISUZU BIGHORN” маркийн 22-01 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг,

мөн Ц.Дэлгэлжаргалын эзэмшлийн “NISSAN TERRANO” маркийн 59-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг,

мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр О.Батдоржийн эзэмшлийн “SКҮ” маркийн хар өнгийн гэртэй, дэлгэцэндээ мэдрэгчтэй хуучин гар утас битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг

мөн Т.Батсайхан эзэмшлийн “SAMSUNG-1” маркийн хар өнгийн гэртэй, дэлгэцэндээ мэдрэгчтэй хуучин гар утас битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож,

бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Мөнхтөрийн эзэмшлийн “ISUZU BIGHORN” маркийн 22-01 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00731724 дугаартай гэрчилгээг,

шүүгдэгч Ц.Дэлгэржаргалын эзэмшлийн “NISSAN TERRANO” маркийн 59-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01294500 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр, Боржгин овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал нарт буцаан олгохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн, хуучин цахилгаан хөрөө 1 ширхэгийг, модон иш бариултай, хуучин сүх 2 ширхэгийг, хуванцар бариултай, хуучин, нимгэн төмөртэй гар хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,

Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн Ц.Мөнхтөр, О.Батдорж, Ц.Дэлгэржаргал, Т.Батсайхан нарын хууль бусаар бэлтгэсэн 80 хос буюу 160 ширхэг нойтон хус модоор хийсэн эмээлийн хавтас модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржгин овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал, Боржигон овгийн Тавхааны Батсайхан нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн цагдаагийн газарт, мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт тус тус даалгаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр, Боржгин овгийн Очирбатын Батдорж нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Мөнхтөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Би найз О.Батдоржийн хамт 2017 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр дэх Чулуун пинт гэх газарт очиж ойгоос эмээлийн бэлдэц болох хус модны бэлдэж, өөрийн дүү Ц.Дэлгэржаргал, нутгийн дүү Т.Батсайхан нараар туслуулан 2.224м3 мод бэлтгэн өөрийн эзэмшлийн 22-01 УНП улсын дугаартай, дүү Ц.Дэлгэржаргалын эзэмшлийн 59-91 АРХ улсын дугаартай авто машинуудад ачиж тээвэрлэж яваад Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн ажилтанд баригдсан. Миний зүгээс гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хувийн амьдралын хувьд 3-15 насны 3 хүүхэдтэй, эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, жирэмсэн, 70 гарсан хөгшин настай эхээ асарч амьдардаг.

Цаашид дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй байж чадна гэдгээ бүрэн илэрхийлж, маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч О.Батдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “Би найз Ц.Мөнхтөрийн хамт 2017 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр дэх Чулуут пинт гэх газраас очиж ойгоос эмээлийн бэлдэц болох хус модыг бэлдэж Ц.Дэлгэржаргал, Т.Батсайхан нараар туслуулж, тээвэрлэж яваад Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн ажилтанд баригдсан. Миний зүгээс гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хувийн амьдрал эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, бага насны хүүхэдтэй зөвхөн би ажил хийж, ар гэрээ амьдралаа авч явдаг. Цаашид дахин хэрэг зөрчил үйлдэхгүй байж чадна гэдгээ илэрхийлж маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдолдоо: “Ц.Мөнхтөр, О.Батдорж нар нь зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 17. 18-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр дэх Чулуун пинт гэх газарт очиж ойгоос 7 ширхэг босоо нойтон хус мод унагаж, Ц.Дэлгэржаргал, Т.Батсайхан нараар туслуулан 40 сантиметрээр тайран 80 хос эмээлийн хавтас бэлтгэн, ачиж, тээвэрлэн 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар ч, шүүхийн хэлэлцүүлгээр ч нотлогдсон.

Шүүгдэгч нар нь Төв аймгийн Банчандмань сумын хэсгийн төлөөлөгчид баригдмагцаа бүх үнэнээ анхнаасаа чин шударгаар мэдүүлж, хэргийн газарт дагуулж очиж үзлэг хийлгэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшин байгаль экологид учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу 3 нугалж төлсөн.

Мөн хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Төв аймгийн Баянчандмань сумын тамгын газрын эрх зүйч мэргэжилтэн О.Оюунчимэг “хохирол 100 төлөгдсөн. гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдээс нэхэмжлэх зүйлгүй, цаашид гаргах санал, гомдол байхгүй” гэж хохирогч талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг уучилж санал бодлоо илэрхийлсэн. /Хавтас хэргийн 44, 121 дүгээр хуудас/

Тухайн хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэн 2015 оны эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх өөрчлөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна.

Гэвч шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч Ц.Мөнхтөр, О.Батдорж нар хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн ч 1 дүгээр мужид хамаарах хамгаалалтын бүсийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг нойтон хус модыг тайрч бэлтгэсэн үйлдэл нь байгаль экологид асар их хохирол учруулж, хор уршиг бий болгож байгаа зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж тэдгээрт тус бүрт нь 1 жил 2 сарын хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүхийн “...байгаль экологид асар их хохирол учруулж, хор уршиг бий болгож байгаа зэргийг харгалзан ...” гэсэн дүгнэлт нь буцаан хэрэглэж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал биш бөгөөд экологийн хохирлыг үнэлж тооцсон мэргэжлийн байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлттэй зөрчилдсөн шүүгдэгч нарт сөрөг нөлөө үзүүлж буй дүгнэлт гэж үзэж байна.

Харин ч Ц.Мөнхтөр, О.Батдорж нарын үйлдэлд мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугаа тэр даруйдаа ухамсарлан хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүнийг сайн дураараа дагуулан очиж үзлэг хийлгэсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн ... зэрэг ял шийтгэл ноогдуулахдаа хөнгөрүүлэх талаас нь харгалзан үзэхээр олон нөхцөл байдал бий.

Иймээс миний үйлчлүүлэгч нарыг анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсныг хэвээр үлдээж, харин мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзахаар тогтоож өгнө үү.

Мөн 2015 онд шинэчлэн найруулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” заасан хуулийн зарчмын ойлголт талаас нь, буцаан хэрэглэж буй хуулийн заалттай харьцуулж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзвэл зохих гол үндэслэл болж байгаа тул хэдийгээр бидний шүүгдэгч нарт ашигтай гэж буцаан хэрэглэж буй хуулийн заалт биш ч гэсэн эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх ашгийг хамгаалах зарчмын ойлголт гэдэг талаас нь харгалзан үзэж, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 243 тоот шийтгэх тогтоолын тогтоох нь гэсэн хэсгийн Ц.Мөнхтөр, О.Батдорж нарт ял оногдуулсан хэсгийг хөнгөрүүлж, өөрчлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.11, 38.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтуудыг тус тус баримтлан гомдол гаргаж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

              Шүүгдэгч Ц.Мөнхтөр, Ц.Дэлгэржаргал, О.Батдорж, Т.Батсайхан нар нь бүлэглэн, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарын амны “Чулуун пинт” гэх газраас 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд хууль бусаар ойд 2.224м3 нойтон хус мод бэлтгэн, шүүгдэгч Ц.Мөнхтөрийн эзэмшлийн “Исузу Бигхорн” маркийн 22-01 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ц.Дэлгэржаргалын эзэмшлийн “Ниссан террано” маркийн 59-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэж, 317.362 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Мөнхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын нутгаас 4-үүлээ, 2 машинаар мод бэлдсэн. 4 ширхэг мод тайрч, 40 сантиметрийн урттай бэлдэн цуулж, хэлбэрт оруулж, 80 ширхэг эмээлийн хавтаст бэлдсэн. Гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан”, шүүгдэгч О.Батдоржийн “...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ц.Мөнхтөртэй ярилцаж байгаад Төв аймгийн Баянчандмань сумаас эмээлийн мод бэлдэхээр болж, Т.Батсайхан, Ц.Дэлгэржаргал нарыг туслуулахаар авч явсан. 2017 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд модоо бэлдэж, ачиж оруулж ирэхдээ цагдаад баригдсан” гэсэн шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Батсайханы мөрдөн байцаалтын явцад өгсөн “...Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарын амын “Чулуут пинт” гэх газраас Ц.Мөнхтөр, О.Батдорж, Т.Батсайхан, Ц.Дэлгэрсайхан нар 2017 оны 05 дугаар сарын 17-18-ны өдөр бэлтгэсэн байсан, модыг О.Батдорж хөрөөдөж унагааж, Ц.Мөнхтөр цагаалсан гэж ярьж байсан. Ц.Мөнхтөр, О.Батдорж, Т.Батсайхан, Ц.Дэлгэрсайхан нар нь модны гарал үүслийн бичиг авалгүй хууль бусаар мод бэлтгэсэн байсан” гэсэн,

              гэрч Ж.Отгонбуянгийн “...Байгаль орчин аялал жуучлалын сайдын 394 тоот тушаалын нэгдүгээр хавсралтанд ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нэгдүгээр мужид хус мод 1м/куб нь 120.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн мэдүүлгүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-15/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Ц.Мөнхтөр, О.Батдорж, Ц.Дэлгэржаргал, Т.Батсайхан нарын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Шүүгдэгч нарын 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр 2.224м3 нойтон хус мод бэлтгэн тээвэрлэж, ойн санд 317.362 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д “бүлэглэж” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжид хамаарч байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Үүнээс үзвэл хуучин хуулийн оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн байх тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ц.Мөнхтөр, О.Батдорж, Ц.Дэлгэржаргал, Т.Батсайхан нарын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэрэглэсэн нь зөв байна.  

Шүүгдэгч нарын 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 18-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэх ёстой байтал Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт /хх-176-177/ үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтай нийцэхгүй байна.  

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан 952 896 төгргийг бүрэн төлж барагдуулсан талаарх Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын тамгын газрын албан тоот, / хх-104/  хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хувийн байдлуудыг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ц.Мөнхтөр, О.Батдорж нарын “...дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй байж чадна гэдгээ бүрэн илэрхийлж, маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Мөнхтөр, Ц.Дэлгэржаргалын нарын эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Мөнхтөрийн эзэмшлийн “Исузу Бигхорн” маркийн 22-01 УНП улсын дугаартай, шүүгдэгч Ц.Дэлгэржаргалын эзэмшлийн “Ниссан террано” маркийн 59-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хураан авч зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Мөнхтөр, О.Батдорж, тэдний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2002 оны...” гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж,

      тогтоох хэсгийн 6 дахь заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржгин овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал, Боржигон овгийн Тавхааны Батсайхан...” гэсний дараа “...шүүгдэгч Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр, Боржгин овгийн Очирбатын Батдорж ...” гэж тус тус нэмж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Мөнхтөрийн эзэмшлийн “ISUZU BIGHORN” маркийн 22-01 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00731724 дугаартай гэрчилгээг, шүүгдэгч Ц.Дэлгэржаргалын эзэмшлийн “NISSAN TERRANO” маркийн 59-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01294500 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Боржигин овгийн Цэнд-Аюушийн Мөнхтөр, Боржгин овгийн Цэнд-Аюушийн Дэлгэржаргал нарт буцаан олгохыг тус тус дурдаж” гэснийг хасч,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4...” гэж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх,  хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн, хуучин цахилгаан хөрөө 1 ширхэгийг, модон иш бариултай, хуучин сүх 2 ширхэгийг, хуванцар бариултай, хуучин, нимгэн төмөртэй гар хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу...” гэсний дараа “...шүүгдэгч Ц.Мөнхтөрийн эзэмшлийн “ISUZU BIGHORN” маркийн 22-01 УНП улсын дугаартай, шүүгдэгч Ц.Дэлгэржаргалын эзэмшлийн “NISSAN TERRANO” маркийн 59-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хураасугай” гэж нэмж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Мөнхтөр, О.Батдорж, тэдний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хангасугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

       ШҮҮГЧИД                                     Ц.ОЧ

                                                                           Г.БОЛОРМАА