Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 110/2021/0023/з |
Дугаар | 221/МА2021/0422 |
Огноо | 2021-08-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2021/0422
С.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч К.Е нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар шийдвэртэй, С.Б-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр 4.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн г/, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.4, 32.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Б-ийг Баяннуур сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч С.Б-ийг 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар “...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна” гэсэн заалтын дагуу 2016 оны 11 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэн, томилуулах санал гаргаж, томилуулсан учраас, тухайн хурлын бүрэн эрхийн хугацаа 2020 оны 11 дүгээр сард дуусгавар болсон тул шинээр сонгогдсон 2020 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан, 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдож, үйл ажиллагаа явуулж буй Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд өмнөх Засаг даргын С.Б-т холбогдох “Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, түүнд хариуцлага тооцох” эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Засаг дарга С.Б-ийг ажлаас чөлөөлөх асуудлыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, санал дүгнэлтийг аваагүй” гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “Хурлаас ...сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, санал гаргах” гэж заасан нь тухайн шатны хурлын мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын г-д заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд “томилуулах” санал гаргаж байсан “Засаг даргад хамааралтай” зохицуулалт учраас өмнөх бүрэн эрх дуусгавар болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал гаргаж томилуулж байсан, одоогийн байдлаар бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгон С.Б-т холбогдох асуудалд огт хамааралгүй юм. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, чөлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хурлын дарга, Тэргүүлэгчдийг шинээр сонгож томилсон, ээлжит бус хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зарлан хуралдуулж, Баяннуур сумын Засаг даргад И.Дөрветханы нэрийг дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан зэрэг үйл баримтууд нотлогдсон тогтоогдож байхад өмнөх Засаг дарга С.Б-ийг одоогийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь авч хэлэлцээгүй, чөлөөлөх тухай санал дүгнэлт гаргаагүй байна гэж шүүх дүгнэсэн нь анхан шатны шүүхээс нотлох баримтыг “хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар” үнэлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, И.Дөрветханы нэрийг Засаг даргаас дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан шийдвэр гаргасан нь өмнөх Засаг дарга С.Б-ийг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн санал гаргасныг нотолж байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас удаа дараа сумын Засаг даргыг томилуулахаар тогтоол ирүүлсэнтэй холбогдуулан Засаг дарга нь үүрэгт ажлаа цалгардуулан сумыг эзгүйдүүлж, сумын хэмжээнд Ковидын дэглэмийг алдагдуулсан тул Баяннуур сумын Засаг дарга С.Б-ийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр Засаг дарга томилох хүртэл хугацаанд сумын Засаг даргын бүрэн эрхийг орлогч А.С-д шилжүүлжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар сумын засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг дарга түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь шууд чөлөөлөхөөр, Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргад хүргүүлсний дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуульчилжээ.
Нэхэмжлэгч С.Б эрүүл мэндийн байдал болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон баримт байхгүй, хариуцагч түүнийг хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдгийг хангалттай тогтоогоогүй байна.
Түүнчлэн дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлээгүй, мөн хурал сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулгүй байх тул маргаж буй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны Б/10 дугаар захирамжийг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэн С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил бөгөөд 2020 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдож, үйл ажиллагаа явуулж буй Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд өмнөх Засаг дарга С.Б-т холбогдох “Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, түүнд хариуцлага тооцох” эрх зүйн зохицуулалт байхгүй байна.” гэж дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн хувьд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлсний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар хуулийн дагуу томилогдсон тул Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу дараагийн Засаг дарга томилогдох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой.
Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтаас үзвэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь түүний бүрэн эрхийг хугацааг дуусгавар болсон гэх үндэслэл болохгүй, маргаж буй албан тушаалд И.Д-ы нэрийг дэвшүүлэхээр Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж, дээд шатны Засаг даргад тухайн саналыг хүргүүлснийг С.Б-ийг огцруулах, эсхүл чөлөөлөх саналыг хүргүүлсэн гэж үзэж дүгнэх боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР