Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 4

 

2018 оны 01 сарын 31 өдөр           Дугаар 127/ШШ2018/0004                        Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 127/2017/0014/3

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “ДПХ”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга болон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг дарга нарт холбогдох

            Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны NE-026507 тоот өргөдөлтэй холбоотой 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоотын “ДПХ”  ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ДПХ”  ХХК-ийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын мэргэжилтэн Г.М, хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Ц, түүний өмгөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “ДПХ”  ХХК-ийн захирал Ричард Сауер шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Гурвалж” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026507 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Дээрх шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай  зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "...Аймаг. нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ", 19.5-д "...Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 9-д "...Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл хэсэгт заасан "... хариу ...”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө.

Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг “мэдэгдэл” ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Хэнтий аймгийн Засаг дарга Ж.О Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Хэнтий аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Сумын ИТХ-ын шийдвэрээр Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газартай давхцаж байгаа” гэсэн байдаг. Энэ нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр “Тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол” байна гэсэн дээрх Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна. Ийнхүү аймгийн Засаг даргын гаргасан санал нь үндэслэлгүй юм” гэжээ.

            Нэхэмжлэгч “ДПХ”  ХХК-ийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд: “Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны NE-026507 тоот өргөдөлтэй холбоотой 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоотын “ДПХ”  ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  гэсэн шаардлага байгаа. Хэнтий аймгийн Засаг дарга дэмжихгүй гэсэн саналын үндэслэл нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газартай давхцалтай байгаа гэсэн үндэслэлээр санал гаргасан байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна” гэж заасан байдаг. Тэгээд саналыг авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгнө гэсэн хуулиар зохицуулсан заалттай.

....Тухайлбал: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30.1.13-т аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн санал өгнө гэж заасан байдаг. 2015 оны Хэнтий аймгийн Засаг даргын санал бол холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахгүйгээр, дангаараа гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай 30.1.13-т заасныг зөрчиж дангаараа санал өгсөн байна гэж үзнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг. Мөн үүнийг Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 10-т “…татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг /мэдэгдэл/ төрийн захиргааны байгууллага хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.

Үүнээс үзвэл Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон, хязгаарласан эсвэл нөөц болон тусгай хэрэгцээнд авсан байхыг ойлгож байгаа юм. Гэтэл энэхүү хайгуулын зөвшөөрөл хүссэн талбайг яг ямар тогтоолоор хэзээ тусгай хэрэгцээнд, нөөцөд авсан тухай огт дурдаагүй. Зөвхөн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хэд хэдэн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд 10 хоногийн дотор холбогдох байгууллагад нь бүртгүүлэх ёстой. Ашигт малтмалын газраас ирүүлсэн лавлагаагаар Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаас зөвхөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол бүртгэгдсэн гэдэг нь харагддаг. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол нь манай хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлөөс олон сарын дараа гарсан нь илт байна. Аймгийн Засаг дарга саналаа 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явуулсан. Энэ үед 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол гараагүй байсан учраас татгалзах эрх зүйн үндэслэл байгаагүй. Аймгийн Засаг даргын санал нь хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчийн саналыг аваагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т заасан татгалзах үндэслэл тогтоогүй байхад санал гаргасан нь үндэслэлгүй. Мөн шүүхээс шинжээч томилоход тухайн газар нь давхцалгүй гэсэн дүгнэлт гарсан байсан.

Хариуцагчийн зүгээс иргэдийн газар эзэмших эрхийн талаархи захирамжуудыг өгсөн байсан. Гэтэл 2015 оны Засаг даргын татгалзсан санал маань ямар ч газар эзэмших эрхтэй холбоотой зүйл байхгүй.

... Дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоотын “ДПХ”  ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах байгаа. Хуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нар аймгийн Засаг даргад санал гаргахаар заасан. Сумын Засаг дарга аймгийн Засаг даргад санал хүргүүлэхээр огт заагаагүй. Орон нутагт явагддаг практик бол аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргад албан бичиг явуулаад сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлээд явдаг. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлэх байтал Жаргалтхаан сумын Засаг дарга өөрөө бие даан санал өгсөн нь өөрийнхөө эрх хэмжээнд олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан. Ийм учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг дурдсан. Ашигт малтмалын хайгуулын өргөдөлд санал өгөх процесс нь: Ашигт малтмалын газраас хүсэлт явуулаад аймгийн Засаг даргад очиж, аймгийн Засаг даргын санал Ашигт малтмалын газарт ирдэг байгаа. Манайх өргөдлөө 2015 оны 12 дугаар сард өгсөн ба аймгийн Засаг даргаас татгалзсан санал ирсэн учраас тодорхой хугацаанд шийдэгдээгүй байсан.

“ДПХ”  ХХК нь аймгийн Засаг даргын татгалзсан хариуг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хуулбар даруулж авсан. Түүнээс өмнө ямар нэгэн байдлаар гардаж аваагүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөх тохиолдолд шүүх Ашигт малтмалын газраас манайд ирүүлсэн захиргааны актыг, Ашигт малтмалын газраас лавлагаагаар тодруулж болно.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тоологдоно. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг маань бүрэн хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7932 тоот албан бичгийг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Үүний дагуу шүүлт хийж үзэхэд Жаргалтхаан сумын 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/33 дугаар тогтоол, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/19 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газартай давхцал үүссэн байсан. Ашигт малтмалын тухай хууль 2014 онд шинэчлэгдэн найруулагдахаас өмнө Ашигт малтмалын Газрын кадастрын хэлтэст бүртгэлд ороогүй байж болох юм. Энэ газруудыг нийлүүлээд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор талбайн хэмжээг тогтоогоод 12.491,06 гектар талбайн зургийг материалд хавсаргасан. Нэхэмжлэгчийн хүссэн талбайд сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн А/70 дугаар захирамжаар иргэн Батбилэгийн өвөлжөөний газар, 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн А/93 дугаар захирамжаар олгогдсон иргэн Доржсүрэнд, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр захирамжаар олгогдсон Эрдэнэ-Очирт, 2006 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр захирамжаар олгогдсон Энхбаярт, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/36 дугаар захирамжаар олгогдсон Ундралд, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар олгогдсон Эрдэнэ-Очир нарын өвөлжөө хаваржааны газар давхцсан. Эдгээрийг нотлох баримтаар өгсөн байгаа.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хамтран хариуцагч Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хамтран хариуцагч Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Ц-ын өмгөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тусгай зөвшөөрлийн саналыг аймгийн Засаг дарга, сумын Засаг даргад хүргүүлж, сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна гэсэн зүйл ярьж байна. Хэзээ ч ийм шат дамжлага байдаггүй. Мөн хэзээ ямар практикаар хуульчлагдсан гэдгийг мэдэхгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заалтууд байдаг.

... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т орон нутаг, аймгийн Засаг дарга 30 хоногийн дотор саналаа ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг дэмжсэнд тооцно гэсэн байдаг. Сүүлийн мэдэгдэл 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. Тухайн албан бичиг нь бүртгэлээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орсон байдаг. Үүнээс хойш 30 хоног гэж тооцвол 01 сарын 28-ны өдөр хугацаа дууссан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

... Жаргалтхаан сумын засаг дарга эрх мэдлээ хэтрүүлж албан бичигт хариу өгсөн гэж байна. Энэ албан бичигт ямар нэгэн эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байхгүй, хуульд заасны дагуу хариу хүргүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын захиргааны актын мэдэгдэл он, сар, өдөр байхгүй, энэ нь өөрөө хүчингүй болох ёстой гэж яриад байна. Энэ бол одоогоор хүчинтэй үйлчлэл нь зогсчихсон акт юм. Захиргааны актыг амаар болон бичгээр гаргаж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“ДПХ”  ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны NE-026507 тоот өргөдөлтэй холбоотой 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоот албан бичгийн “ДПХ”  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026507 дугаарт бүртгэгдсэн “Гурвалж” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, “NE-026507 дугаарт бүртгэгдсэн өргөдөлтэй холбогдуулан, Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоот албан бичгээр өгсөн санал,  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоот албан бичгийн “ДПХ”  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.[1]

Тухайн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн “санал”-ын талаар нэхэмжлэгч “ДПХ”  ХХК нь Ашигт малтмал,  газрын тосны газрын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 7/3136 тоот албан бичгийг, 08 дугаар сарын сүүлээр хүлээн авч мэдсэн гэж тайлбарласан бөгөөд уг захиргааны актын талаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад дараахи үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “ДПХ”  ХХК нь төрөөс зарлагдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, NE-026507 өргөдөл гаргасны дагуу, Ашигт малтмалын газраас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Гурвалж” нэртэй 4801,66 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргаас санал авахаар, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7932 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.

Тусгай зөвшөөрөл хүссэн дээрхи газар нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт хамаарах бөгөөд тухайн талбай байрших Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2 дугаар тогтоол, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 37 дугаар тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А/33 дугаар тогтоол, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А/19 дүгээр тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А/04 дүгээр тогтоолуудыг[2] тус тус гаргаж байжээ.

Дээрхи тогтоолуудыг нэгтгэн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хуралдаанаараа “Газар нутгийн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” №01 тоот тогтоол[3] гаргасан ба түүнийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн байна.

 Энэ тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан “Байц бүрдэн дэнж” нэртэй 12491.6 гектар талбайтай, нэхэмжлэгч “ДПХ”  ХХК-ны хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Гурвалж” нэртэй талбай нь тодорхой хэмжээгээр давхцалтай болох нь хариуцагч нарын тайлбар, Ашигт малтмал, Газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8/24 тоот албан бичиг[4], зурагт буулгасан координатаар тогтоогдож байна.

Хэдийгээр дээрх тогтоол нь цаг хугацааны хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 дугаар санал хүргүүлснээс хойш гарсан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг харъяалах нутаг дэвсгэртээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналаа гаргасан гэж үзэхээр байна. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “...Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа тул  тус сумын “Байц бүрдэн дэнж” нэртэй газрыг  орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар гэж үзнэ.

 Мөн Жаргалтхаан сумын Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн №18 дугаар захирамж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №39 дүгээр захирамж, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №А/39 дүгээр захирамж, 2014 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн А/75 дугаар захирамж[5]-уудаар газар эзэмших эрх нь нээгдсэн малчдын хаваржаа, өвөлжөөний бэлчээрийн гол нутагт, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Гурвалж” нэртэй газар хамрагдсан байгааг,

Ашигт малтмал, Газрын тосны газрын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 7/3136 тоот албан бичиг[6] болон  Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрт “...танай компаниас гаргасан ХА-019506-001-NE /NE-026507/ дугаартай өргөдлийг  хянан үзээд  Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг мэдэгдье. Таны хүсэлтэд дурдсан талбай тусгай хэрэгцээний газартай давхцалтай байна” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М: Хэнтий аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдэгдлийг хүлээн аваад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай саналыг авахаар Хөгжлийн бодлогын хэлтсээрээ дамжуулан Жаргалтхаан сумын Засаг даргад албан бичиг хүргүүлсний дагуу сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоот албан бичгээр хариу ирүүлсэн гэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “з”-д зааснаар, сумын Засаг дарга нь газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж Хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхтэй. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “е”-д заасан, “...нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хуульд заасны дагуу санал өгөх” бүрэн эрх сумын Засаг даргад ч хамааралтай байна.

Дээрхи үндэслэлүүдээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг дарга нь “Гурвалж” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг “...дэмжихгүй...” талаархи саналаа аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Улмаар Хэнтий аймгийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн “Гурвалж” нэртэй 4801,66 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “...дэмжихгүй...” талаарх саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцэж байна. Тэрээр дэмжихгүй саналын үндэслэлээ: Тус талбайд ...малчдын бэлчээрийн гол нутаг, өвөлжөө, хаваржаа, хадлан, тариалангийн бүс нутаг хамрагдсан, ...түүх соёлын үл хөдлөх дурсгалын газар болон орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай байна гэжээ.

Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 дугаар албан бичгээр өгсөн санал, тус аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоот саналууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “..ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1.13-д “...харъяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “...Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх” гэснийг зөрчөөгүй байна.

Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоот албан бичгээр өгсөн санал,  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоот албан бичгийн “ДПХ”  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч ““ДПХ”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч “ДПХ”  ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАЯСГАЛАН

 


[1] Хавтаст хэргийн 68-р хуудас

[2] Хавтаст хэргийн 31-48-р хуудас

[3] Хавтаст хэргийн 105-107-р хуудас

[4] Хавтаст хэргийн 114-115-р хуудас

[5] Хавтаст хэргийн 82-109-р хуудас

[6] Хавтаст хэргийн 6-7-р хуудас