Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг Дарьганга сумын 4 дүгээр баг, “Овоот”-ын 42 тоотод оршин суух, /РД:ЛГ62072005, утасны дугаар 95774884, 90444909/, Сөнөд овогт Боргилын Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг Дарьганга сумын “Дарьганга Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга, /РД:ЛГ83011911, утасны дугаар 99933844/, Зээрднүүд овогт Ренчиндоржийн Алдарбат

Хариуцагч: Сүхбаатар аймаг Дарьганга сумын 4 дүгээр багт оршин суух, /РД:ЛЕ71080207, утасны дугаар 96507108/, Адуучин овогт Максимын Болормаа нарт холбогдох

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 536 240 төгрөг, 10 дугаар сарын нэмэгдэл хөлс 158 305 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хөлс 441 783 төгрөг, 2016 оны ур чадварын нэмэгдэл 1 899 660 төгрөг, ээлжийн амралтын нөхөн төлбөрт 552 228 төгрөг гаргуулах, М.Болормаад хариуцлага тооцуулах, нэр төр сэргээлгэх, гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунтуяа, хариуцагч Дарьганга сумын “Дарьганга Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГазрын дарга Р.Алдарбат, М.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс “Дарьганга Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын нябогоор ажиллаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө ажилдаа ирэхэд миний ширээн дээр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас халсан тушаал, ажил хүлээлцэх комисс томилсон албан тоотын хуулбарыг тавьсан байсан. Энэ байгууллагад ажиллах явцдаа ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах, ажилчдаа яавал цалинтай байлгах талаар янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн байгууллагын даргын сумын засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, тусгай захиалгат бүтээгдэхүүнийг биелүүлэх ажлыг сайн гүйцэтгэж ирсэн. Би байгууллагынхаа бичээч зохион байгуулагчийн ажлыг 2013 оны 5 дугаар сараас давхар хийж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 2015 оны 1 дүгээр сараас байгууллагын даргын тушаалаар үндсэн цалингийн 25 хувиар нэмэгдэл цалин авдаг байсныг дарга М.Болормаа нь “чи миний бизнес төлөвлөгөөг гаргаж, бичиж өгөөгүй учраас чамд 2016 оны 10 дугаар сараас эхлэн хавсран ажилласны нэмэгдэл цалин олгохгүй” гэсэн. М.Болормаатай 2016 оны 9 дүгээр сараас эхлэн нүүрс, тээврийн хөлсний гэрээ, нүүрс татан авалт, албан тушаалаа ашиглаж байгаа талаар, мөнгө санхүүгийн зөрчлийн талаар, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний талаар, цаг бүртгэлийн талаар, 10 сард байгууллагад эмх замбараагүй байдал  үүссэн талаар, 10 дугаар сарын 02-ноос зуухны ажил эхлээд байхад ажилчдын хурал нэг ч удаа хийхгүй байгаа талаар хэлэхэд намайг тэтгэвэртээ гарсан ахмад настан, чи тэтгэвэр авчихаад ажил хийх эрхгүй ажлаас чинь хална гэж  дарамтлах, гадуур мөнгө төгрөг идсэн гэж худлаа ярьж гүтгэх, ээлжийн амралтаа биеэр эдэлж дуусаагүй байхад ажлаас халах зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт энэ талаар заасан байгаа. Ээлжийн амралттай байхад ажлын байрыг хэвээр хадгална гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Тиймээс дахин намайг ажилд томилж, мөн 2016.11.03-аас 2017.01.03-н хүртэл 42 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 1 536 240 төгрөг, 10-р сарын нэмэгдэл 158 305 төгрөг, аудитын газрын шалгалтаар илэрсэн ээлжийн амралтын дутуу мөнгө 552 228 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтран гаргасан ур чадварын нэмэгдэл олгох тухай 1996.04.20-ны өдрийн 63/104 тоот тушаал  байдаг. Би 2 жил дараалан ажлаа зөрчилгүй дүгнүүлсэн. Тиймээс ур чадварын нэмэгдэл авах эрхтэй. 2016 оны ур чадварын нэмэгдлийг цалингийн 25 хувиар бодож нэмэгдэл 1 899 660 төгрөгийг авах хүсэлтэй байгаа. Хадлан дээр илүү цаг ажилласан 8 өдрийн  441 783 төгрөгийг олгож өгнө үү гэж хүсэж байна. Мөн Болормаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Монгол улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.3, 15.4.2, 15.5.2, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.1 7.1.2, 7 дугаар зүйлийн 7.2, Нийтлэг үйлчилгээт орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус зөрчсөн тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. М.Болормаа нь намайг 2015 оны 4 дүгээр сард их хэмжээний илүү цагийн мөнгө авсан, “Алтан-Овоо”, “Дуут” нуурын төслөөс 11 000 000 төгрөгийн алдагдалтай ажиллаж мөнгө идсэн, 2016 оны 8 дугаар сард цэцэрлэгийн халаалтын хөлсөөр орсон 5 000 000 төгрөгийг хадлан дээр аваачиж идсэн гэж худлаа ярьж гүтгэж миний нэр төрийг гутаасан. Их хэмжээний хадлан хадаж өвс өөрөө авсан гэж гүтгэсэн. Энэ асуудлыг Аудит шалгасан. М.Болормаа нь намайг удаа дараа гүтгэж Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 111.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан 10 000 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч М.Болормаа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015.10.30-ны өдрөөс эхлэн Дарьганга сумын “Дарьганга Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГазрын даргаар ажилласан. Намайг ажил авахад Оюунтуяа нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэхдээ өндөр насны тэтгэвэртээ гарч тэтгэвэрээ тогтоолгоод ажиллаж байгаа гэдэг байсан. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хууль, бусад хуульд зааснаар тэтгэвэрт гарч тэтгэвэрийн сангаас тэтгэвэрээ авч байгаа, тэтгэвэрт гарахдаа ч бусад тэтгэлгээ авсан учраас цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн. Ер нь хамт ажиллахад хэцүү, ажил хийлгэхгүй байнга байгууллагын өмнөөс шийдвэр гаргаж, хөрөнгө зарцуулж, ажилчдын дунд хов жив хутгаж хэрүүл маргаан хийж хэл амаар доромжилж ажил хийлгэхгүй дарамталж явдаг байсан. Хүү Зоригтбаатарыгаа хүртэл цахилгаанчин, гагнуурчны орон тоон дээр авч ажиллуулж, цалин олгодог. Бусад ажилчиддаа нэмэгдэл олгохгүй байж хүүдээ байнга ур чадварын нэмэгдэл олгодог, хүү нь дуртай үедээ ажилдаа ирж, дургүй үедээ уурхай, хадлан гээд дуртай газраа давхар ажиллаж, үндсэн ажлаа хийхээсээ хийхгүй нь их, дураараа аашилдаг. Оюунтуяаг ээлжийн амралттай байхад нь халсан гэдэг нь худлаа. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан. Амралтын мөнгөө авч биеэр эдэлж дуусаад ажилдаа орсон байсан. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг үндэслэн 2016.11.03-ны өдөр 1/21 тоот тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Харин ажлаас  чөлөөлсөн тушаал гараад байхад ажлаа хүлээлгэж өгөхгүй байгууллага дээр ирж хэрүүл, маргаан хийгээд явдаг. Тийм учраас би Оюунтуяаг хууль бусаар ажлаас халаагүй, өөрийн гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнээс гадна Дарьганга сумын засаг даргын 2016.11.11-ний өдрийн “Албан тушаал бууруулах” тухай а/83 тоот тушаалаар намайг мөн өдрөөс албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн. Ингээд Р.Алдарбатыг байгууллагын даргаар томилсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Оюунтуяаг ажлаас халсан учраас ажилгүй байсан хугацааны цалин олгохгүй. 10 дугаар сарын цалингаа авсан. 15 хоногийн ээлжийн амралтын дутуу мөнгийг өгөхгүй. Хадлангаа буулга гэхэд өөрөө буугаагүй, бороо ихтэй сул байсан ч 29 хоногийн мөнгө авсан. Нэмэгдэл цалингийн мөнгийг тушаалаар гаргаагүй учраас олгох үндэслэлгүй. Гэхдээ 10 дугаар сарын нэмэгдэл хөлс 158 305 төгрөг, эхний 1, 2 дугаар улирлын ур чадварын нэмэгдэл цалин 949 830 төгрөгийг өгч болно. Илүү цагийн мөнгө 441 783 төгрөгийг олгохгүй. Оюунтуяа хадланд гарахдаа байгууллагын даргын зөвшөөрөлгүй хийсэн. Би хариуцлага тооцуулахаар буруу зүйл хийгээгүй. Энэ хүн өөрөө намайг авлигачаар дууддаг. Хэрвээ ийм дээрээ тулвал би ч гэсэн нэр төрөө сэргээлгэнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч “Дарьганга Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГазрын дарга Р.Алдарбат шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байгууллагын даргаар 2016.11.11-нд буюу баасан гарагт томилогдсон. Тэр өдөртөө ажлаа хүлээж аваагүй даваа гарагт буюу 11-р сарын 14-нд ажлаа хүлээн авахад нягтлан бодогчгүй байсан. Нягтлан бодогчоо 11 дүгээр сарын 03-нд ажлаас нь халсан, энэ асуудал шүүхэд очсон гэсэн тайлбар өгсөн. Тиймээс даргаар ажиллаж байсан Болормааг албан тушаал бууруулах тушаалын дагуу нягтлан бодогчоор ажилд авсан. Оюунтуяаг өндөр насны тэтгэвэрт гарсан учраас ажлаас нь халсан гэсэн тайлбар өгсөн. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэх байх гэж бодож байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь хариуцагч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын дарга М.Болормаа, З.Алдарбат нарт холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин       1 536 240 төгрөг, 10 дугаар сарын нэмэгдэл хөлс 158 305 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хөлс 441 783 төгрөг, 2016 оны ур чадварын нэмэгдэл 1 899 660 төгрөг, ээлжийн амралтын нөхөн төлбөрт 552 228 төгрөг гаргуулах, М.Болормаад хариуцлага тооцуулах, нэр төр сэргээлгэх, гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/21 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг үндэслэн Б.Оюунтуяаг тус байгууллагын нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь хариуцагч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын даргатай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь “...миний бие Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс“Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын нягтлан бодогчоор ажилласан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/21 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн заалтыг үндэслэсэн нь үндэслэлгүй...” гэж, хариуцагч М.Болормаа нь “...Б.Оюунтуяа нь өндөр насны тэтгэвэртээ гарч тэтгэвэрээ тогтоолгоод ажиллаж байгаа гэдэг байсан. 2012 оны 9 сард тэтгэвэртээ гарснаа ч өөрөө өргөдөлдөө тодорхой бичсэн. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хууль, бусад хуульд зааснаар тэтгэвэрт гарч тэтгэвэрийн сангаас тэтгэвэрээ авч байгаа, тэтгэвэрт гарахдаа ч бусад тэтгэлэгээ авсан учраас цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн. Тийм учраас би Оюунтуяаг хууль бусаар ажлаас халаагүй, өөрийн гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэж маргаж байна.

 

“Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/21 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хөдөлмөрийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан “тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, 112.2 дахь хэсэгт заасан “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн, мөн ажилтан өөрийн санаачлагаар, хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарсан нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Б.Оюунтуяаг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ....олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн нэг сарын дундаж цалинг цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн сүүлийн 3 сараар тооцвол 2016 оны 8 дугаар сард 404 964 төгрөг, 9 дүгээр сард     791 526 төгрөг, 10 дугаар сард 633 221 төгрөг = 1 829 711 төгрөг :  3 сар = 609 904 төгрөг байна. 

 

Нэг сарын дундаж цалин хөлс 609 904 төгрөгийг сарын ажлын өдрийн дундаж  буюу 22 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс 27 723 төгрөг болно. Нэг өдрийн дундаж цалин хөлс буюу 27 723 төгрөг x 43 хоног /ажилгүй байсан хугацаа/ = 1 192 089 төгрөгний нөхөн төлбөрийг хариуцагч “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгох нь зүйтэй байна.

 

2016 оны 10 дугаар сарын нэмэгдэл хөлс 158 305 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хөлс 441 783 төгрөг, 2016 оны ур чадварын нэмэгдэл 1 899 660 төгрөгний тухайд хариуцагч нар нь 10 дугаар сарын нэмэгдэл хөлс 158 305 төгрөг, 2016 оны эхний хагас жилийн ур чадварын нэмэгдэл 949 830 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд илүү цагийн нэмэгдэл хөлс, ур чадварын нэмэгдэл олгох талаар удирдах албан тушаалтны тушаал, шийдвэр гараагүй, хэргийн материалд энэ талаар баримт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас  илүү цагийн нэмэгдэл хөлс 441 783 төгрөг, сүүлийн хагас жилийн ур чадварын нэмэгдэл 949 830 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

“Дарьганга тохижилт үйлчилгээ ” ОНӨААТҮГазрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 1/8 тоот тушаалаар Б.Оюунтуяа нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 29 хоног амрах тушаал гарсан байна. Нийт 29 хоног амрахаас 14 хоног амарч 15 хоногийн амралт дутуу байхад ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох тушаал, Сүхбаатар аймгийн Аудитын газрын шалгалтын материал зэргээр тогтоогдож байх тул ээлжийн амралтын дутуу мөнгө 552 228 төгрөгийг хариуцагч “Дарьганга тохижилт үйлчилгээ ” ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн олон зүйл заалт,  Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.1 7.1.2, 7 дугаар зүйлийн 7.2, “Нийтлэг үйлчилгээт орон нутгийн өмчит үйлдвэрийн газар”-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул М.Болормаад холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана” гэж заажээ.

 

Нэхэмжлэлийн дээрх шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд хамаарахгүй байх тул энэхүү шаардлагаа түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч М.Болормаа нь намайг 2015 оны 4 дүгээр сард их хэмжээний илүү цагийн мөнгө авсан, Алтан-Овоо, Дуут нуурын төслөөс 11 000 000 төгрөгийн алдагдалтай ажиллаж мөнгө идсэн, 2016 оны 8 дугаар сард цэцэрлэгийн халаалтын хөлсөөр орсон 5 000 000 төгрөгийг хадлан дээр аваачиж идсэн гэж худлаа ярьж гүтгэж миний нэр төрийг гутаасан. Их хэмжээний хадлан хадаж өвс өөрөө авсан гэж гүтгэсэн, Аудит шалгасан. М.Болормаа нь удаа дараа гүтгэж Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 111.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан 10 000 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

 

Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд “Доромжлох”, 111 дүгээр зүйлд “Гүтгэх” гэмт хэргийг зүйлчилжээ.

 

Хариуцагч М.Болормаа нь нэхэмжлэгч Б.Оюунтуяаг доромжилсон, гүтгэсэн  гэмт хэргийг үйлдэж Эрүүгийн хууль зөрчсөн талаар эрүүгийн журмаар шалгагдсан, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж тухайн зүйл ангиудаар ял шийтгэл хүлээсэн эсэх талаар нотлох баримт хавтаст хэргийн материалд хавсаргагдаагүй байна. 

 

Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжилсэн 10 000 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзлээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 60 589 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      

 

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сөнөд овогт Боргилын Оюунтуяаг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны цалин 1 192 089 төгрөг, 10 дугаар сарын нэмэгдэл 158 305 төгрөг, ур чадварын нэмэгдэл 949 830 төгрөг, ээлжийн амралтын нөхөн төлбөрт 552 228 төгрөг, нийт 2 852 452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 344 151 төгрөг, ур чадварын нэмэгдэл 949 830 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хөлс 441 783 төгрөг, М.Болормаад хариуцлага тооцуулах, нэр төр сэргээлгэх, гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Дарьганга тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 60 589 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ