Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 91

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Дд холбогдох 2030001240120 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засварын ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Э.Д.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн үед хохирогч Б.Бийг зодож, түүний эрүүл мэндэд “ баруун талын нүдний гадна хэсгийн болон дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    
                            
    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

    Эрүүгийн 2030001240120  дугаартай хэргээс:
    
    Шүүгдэгч Э.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны оройн 20  цагийн үед Мөнххаан сумын Хонхорын байранд байх өөрийн дугуй засвар дотроо байхад эхнэр Т.Н ирээд дүү Тийг Б зодоод байна гэж надад хэлэхээр нь төрсөн дүү Тийн гэрт ирэхэд Б нь согтуу агсам тавьсан байдалтай байсан. Тухайн үед хүргэн Б нь намайг нэг удаа мөргөхөөр нь би Бийг гэрээс авч гараад 2-3 удаа нүүрэн хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

    Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед найз Етэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд эхнэр Ттэй маргалдсан.  Аав Бы гэрт байхад гаднаас Л.Д эхнэртэйгээ орж ирээд намайг чи яагаад архи уугаад байгаа юм гэж хэлэхээр нь би Л.Дг нэг удаа хальт цохисон. Л.Д намайг гэрээс авч гараад миний хоолойг боож нүүрэн хэсэгт 2-3 удаа цохисон. Миний баруун талын хөмсөгний баруун талд язарч 2 оёдол тавиулсан. Надад гаргах санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/,

Гэрч Т.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед гэртээ байхад миний гар утас руу хадам Загдсүрэн залгаад Б агсам тавиад, Д та хоёр хурдан ир гэж хэлэхээр нь нөхрийн хамт хадам аав Бы гэрт ороход Б согтуу байсан. Манай нөхөр Бт хандаж юу болоод байгаа юм бэ? хүүхэд битгий дарамтлаад бай чи яв гэж хэлэхэд Б чи намайг хөөлөө гэж хэлээд манай нөхрийг заамдаж аваад нэг удаа нүүрэн хэсэгт мөргөсөн. Тэгээд тэр хоёр гадаа гарч маргалдаад байсан. Би цагдаа дуудахаар явсан. Дараа нь манай нөхөр Л.Д би Бийг 2-3 удаа цохисон гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р хуудас/,

          Гэрч Б.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Б нь гэртээ найз Етэй нэг шил архи хувааж уусан.Тэгээд миний өнгөрсөн амьдралын талаар яриад надтай маргалдаж над руу аяга шидээд  аргалын авдартай аргал зэргийг асгаад агсам тавиад байсан. Хадам аав Бы гэрт байхад манай ах Л.Д орж ирсэн. Манай нөхөр ахтай бид хоёрын амьдрал чамд хамаагүй гээд маргалдаад ахын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр гэрээс гараад зодолдоод байхаар нь Дгийн эхнэр Н эгч бид хоёр салгасан. Манай нөхрийн нүүрний баруун талд язарсан байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/,

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай: “1.Б.Бийн биед баруун талын нүдний хэсгийн болон дээд уруулд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ.  2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 17-18-р хуудас/,

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/

-  Шүүгдэгч Э.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 32-р хуудас/

- Шүүгдэгч Э.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     31-р хуудас/

 - Шүүгдэгч Э.Дгийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 40-р хуудас /

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 43 дугаартай санал /хх-ийн 42-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн үед хохирогч Б.Бийг зодож, түүний эрүүл мэндэд “ баруун талын нүдний гадна хэсгийн болон дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Дгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Б, гэрч Т.Н, Б.Т нарын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 141 дүгээр дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Э.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Дгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Э.Дгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Дгийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч Э.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Дд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдал   болно.

Шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Э.Дд оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Э.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА