Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 94

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Эт холбогдох 2030000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, “Х” ХХК-д менежер ажилтай,  ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 7 дугаар хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Э.Э.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “С” бейкери төвийн гадна 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих  шөнө хохирогч Э.Гийг зодож, түүний эрүүл мэндэд “хамар ясны муруйлт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, цус хуралт, дээд уруулын дотор гадна талд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

    Эрүүгийн 2030000000138 дугаартай хэргээс:

    Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ангийн найзууд Гб, О, Э нартай уулзаж Гийн гэрт 18 цагийн орчимд очсон. Дараа нь найз Бийн ажил дээр 2 шил архи хувааж ууцгаасан. Нэг мэдсэн Г, Б хоёр хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед би дундуур ороод болиулж байгаад Г үгэнд орохгүй байхаар нь Гийн нүүр рүү нэг удаа цохисон. Гийн биед хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Г ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Эмчилгээний мөнгө өгсөн байгаа” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29-р хуудас/

    Хохирогч Э.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн үед гэртээ байхад манай найзууд болох Э, Гб, О нар Эийг хотоос ирсэн гээд шууд манайд ирсэн. Манайхаас гараад машинд 2.5 литрийн пиво нэгийг хувааж уугаад Б найзынх руугаа явсан. Бийнд 3 шил архи хувааж уусан. Би согтчихсон байсан. Э намайг цохиод байсан. Тэгээд бид хоёр гадаа гарч хоорондоо маргалдаж байхад цагдаа ирж бид хоёрыг салгасан. Хэн нэгэн нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Э.Э намайг нэг удаа цохисоноос болж хамар баруун тал руугаа муруйж, дээд уруул дотор талдаа язарсан шарх авсан. Миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06-р хуудас/

Гэрч Э.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн үед Э, Гб, Э нар манайд ирээд дараа нь найз Гийн гэр рүү явсан. Тэгээд Бийн ажил дээр очиж архи ууцгаасан. Гэтэл Г, Б хоёр хоорондоо маргалдаж байхад голоор нь Э орж Гийг цохисон. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Гийн хамар нь бага зэрэг муруйж, уруул нь хавдсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирчихсэн байсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-р хуудас/

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед найзууд болон Г, Э, О, Э нар ирж нийт 3 шил архи хувааж ууцгаасан. Архи ууж байхад Г надтай БНХАУ-ын Эрээн хотод таарч 100 юань өгсөн талаар ярьж хоорондоо маргалдаж муудаад больсон. Гэтэл Э сайн барилддаг гэхэд Г би чөлөөт бөхийн хүн гээд хоорондоо маргалдаж байгаад Э нь Гийн нүүр рүү нэг удаа цохисон. Гийн хамар нь муруйсан байсан ” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р хуудас/

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 175 дугаартай: Э.Гийн биед хамар ясны муруйлт, зөөлөн эдийн няцрал, хамар зулгаралт, цус хуралт, дээд уруулын дотор гадна талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо  хүчин  зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 15-16-р хуудас/

-  Шүүгдэгч Э.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 30-р хуудас/

- Шүүгдэгч Э.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     32-р хуудас/

 - Шүүгдэгч Э.Эийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39-р хуудас /

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 45 дугаартай санал /хх-ийн 41-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “С” бейкери төвийн гадна 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих  шөнө хохирогч Э.Гийг зодож, түүний эрүүл мэндэд “хамар ясны муруйлт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, цус хуралт, дээд уруулын дотор гадна талд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Г, гэрч Э.О, Б.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Э.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Эийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Э.Эийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Эийн хөнгөн гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Эт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдал   болно.

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Э.Эт оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА