| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Пагма |
| Хэргийн индекс | 172/2020/0057/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 61
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин
Улсын яллагч Л.Солонго
Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг
Хохирогч Н.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал
Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-д холбогдох эрүүгийн 2028000130022 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын оператор, жолооч, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, урьд нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 122 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 09 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан,
Яллагдагч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Их-Уулын 24-03 тоотод иргэн Н.Т-тай маргалдан улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ машин ачих гээд байж байхад утсаар О, Н.Т хоёр намайг дуудсан. Тэгэхээр нь Энхбаатар, Эрдэнэчулуун бид гурав цуг Отгонхүүгийнд очоод архинаас уугаад сууцгаасан. Гэрт нь хоол хийж идсэн. Хоол унд ид гээд аяга тавьчихсан байсан. Н.Т нөгөө аягаа бариад А.О ах гээд над руу ойртоод, архи ойр ойрхон аягалж өгч байснаа чиний тэр бөө байх чинь хамаагүй шүү, би хувилгаан хүн шүү гээд шууд шаазангаар миний толгой дундуур цохисон. Тэр үед миний нүд харанхуйлаад, зөрүүлээд өмнө байсан архины шилээр толгой дундуур нь цохисон. Энэ үйлдэлдээ би маш их гэмшиж байна.” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед архи аваад ир гээд А.О-г дуудсан. Найзтайгаа цуг архи уугаад байж байхад А.О нэг хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид хоёр муудалцаад би А.О рүү аяга шидсэн. Аяга шидсэн чинь тэр миний дагз руу архины шилээр цохисон. Тэгээд босч ирэхээр нь эхнэр салгасан. ...Өмнөговь аймгийн эмнэлгээс Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв хүртэл эмнэлгийн зориулалтын тээврийн хэрэгслээр хүргүүлсэн зардал 760.000 төгрөг, эмчилгээний зардал 1.335.861 төгрөг, Улаанбаатар хотод байрласан буудлын хөлс 800.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.698.125 төгрөг, нийт 4.593.986 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн эмчилгээний зардалд төлсөн 1.200.000 төгрөгийг хасаад нийт 3.393.986 төгрөг нэхэмжилж байна. Одоо ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвар алдаад группэд орох болоод байна. Гомдолтой байна.” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ байж байтал манай найз Отгонхүү ах намайг дуудаад “гэрт хүрээд ир, мөнгө байна уу, шартаж үхлээ” гэхээр нь би өдөр 12 цаг өнгөрөөгөөд эхнэртэйгээ хамт Отгонхүүгийнд очсон. Отгонхүү гэртээ 2 охинтойгоо байсан. Тэгээд би Отгонхүүд 10.000 төгрөг өгсөн чинь Отгонхүү дэлгүүр явж нэг шил 0.5 литрийн архи авчирсныг Отгонхүү бид хоёр хувааж уусан. Тэгээд архи дуусаад дахин архи авчирч ууж байснаа санаж байна. Тэгж байгаад нэг мэдэхэд А.О ирчихсэн байсан, тэгээд би А.О-тэй юм ярьж байгаад чи манай эхнэрийг оролдсон тэгж болохгүй биз дээ гэж хэлж маргалдаж байсан. Тэгэхэд А.О архины шилээр толгойн ар тал руу цохисон. Тэгээд миний гэдэс рүү өшиглөөд байсан. Тэгэхэд хажуугаас эхнэр салгаж байгаа бололтой байсан. Түүнээс хойш би ухаан алдсан байх. Болсон зүйлийг санахгүй байгаа. Нэг мэдэхэд гадаа харанхуйд эхнэртэйгээ хөтлөөд гэр лүүгээ явж байсан. Маргааш нь гэртээ толгой өвдөөд хэвтсээр байгаад шөнө нь бүүр толгой өвдөөд байсан. Түүний маргааш ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. ...Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Би 01 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгээд ирсэн. Эм тарианы болон замын зардлаа нэхэмжилнэ.” гэжээ. /хх-ийн 15-18-р хуудас/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...А.О манай нөхрийг дахиад нэг шил архи аваад өг гэсэн чинь манай нөхөр үгүй гэсэн чинь А.О уурлаад манай нөхөртэй муудалцаад хэрэлдээд байсан. Манай нөхөр хажуудаа байсан цай ууж байсан шаазан аягыг А.О рүү шидсэн чинь аяга нь хагарсан. Тэгсэн чинь А.О миний толгой руу цохилоо гээд уусан архиныхаа хоосон шилийг бариад Н.Ты толгойны ар тал руу нэг удаа цохисон. Тэгэхэд шил нь хагарч бутраад унасан. Тэгээд Н.Ты нүүр лүү гараараа цохисон чинь хамраас нь цус гараад газар унасан. Тэгэхэд А.О босоод Н.Ты гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би боль гээд арай гэж салгасан...” гэжээ. /хх-ийн 19-21-р хуудас/
Гэрч Ч.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Н.Т А.О рүү залгаж дуудаад, дараа нь надтай бас яриад Отгонхүүгийнд байна, хүрээд ир гэхээр нь бид 3 хамтдаа Отгонхүүгийн гэрт очсон. Тэнд очиход нар дөнгөж шингэсэн байсан, цаг 19 л дөхөж байсан байх. Отгонхүү, Н.Т 2 нэг шил архи хувааж уугаад талд нь оруулчихсан, хажууд нь Н.Ты эхнэр нэг том савлагаатай пиво уучихсан сууж байсан. Отгонхүүгийн 2 охин нь байж байсан. Тэгээд бид нар тал архийг нь ууж дуусгаад дахиад 0.75 литрийн архи Н.Т авч ирээд задалж ууцгаасан. Архи ууцгааж байхад Н.Т, А.О нар нь хоорондоо маргалдаж муудалцах шиг болсон. Н.Т хажуудаа байсан аягыг А.О рүү шидсэн. Тэр аяга А.О-гийн өмссөн саравчтай малгайнд онох шиг болсон. Тэгээд аяга нь газар унаад хагарсан. Тэгсэн чинь А.О уурлаж босоод Н.Т-ы нүүр лүү цохиод хамраас нь цус гаргасан. Тэгээд тэр хоёр барилцаж авахаар нь би босч салгасан. Тэгээд би гэрийн зүүн талд хэвтэж байгаад унтчихсан, нэг сэргэхэд шөнө болчихсон, би гэр рүүгээ явж байсан. Тэгээд харьж амарсан” гэжээ. /хх-ийн 26-27-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...орой 21 цаг өнгөрч байхад Н.Т, А.О хоёр хоорондоо юм ярьж байгаад муудалцаад Н.Т ах А.О ах руу шаазан аяга шидсэн чинь А.О ахын саравчтай малгайны саравчин дээр нь оноод аяга нь газар унаж хагарсан. Тэгсэн чинь А.О ах уурлаад нүүр лүү нь өвдөглөөд дараа нь хажуудаа байсан архины шилээр толгой руу нь цохисон. Тэгсэн чинь Н.Т ах өмнөөс нь зодолдохгүй, харин өдөөд чи намайг барахгүй шүү гэж хэлсэн чинь зодох гээд байсан. Тэгснээ гэдэс рүү нь өшиглөж, нүүр лүү нь өшиглөсөн. Аав босч хорьж салгаад тэд нар хоорондоо юм яриад эвлэрсэн...” гэжээ. /хх-ийн 23-р хуудас/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.Т, А.О нар хоорондоо юм яриад муудалцаад байх шиг болсон. Тэгж байгаад гэнэт Н.Т хажуудаа байсан шаазан аягыг аваад А.О лүү шидсэн чинь аяга нь А.О-гийн малгайны саравчийг оноод газар унахдаа хагарсан. Тэгсэн чинь А.О уурлаад зөрүүлээд Н.Т-ы толгой руу архины хоосон шилээр нэг удаа цохисон чинь архины шил нь хагарч бутраад шалаар нэг хагарсан шил тарж бутарсан. Тэгснээ А.О босч очоод Н.Т-ыг өшиглөхөөр нь бид нар салгасан...” гэжээ. /хх-ийн 30-31-р хуудас/
Шинжээч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтэл нь өөрөө хойшоо унах ойчих үед үүсэх боломжгүй. Харин толгойн урд хэсэгт хүч үйлчилсний улмаас хойш арагш унах үед үүсэх боломжтой. Мөн баруун зулай хэсэгт мохоо зүйлээр цохих үед үүсэж болно. Толгойн урд хэсэгт шилээр цохиход баруун зулайн дагзанд гэмтэл үүсэх боломжгүй ба толгойн урд хэсэгт шилээр цохиулаад арагш унах үед дээрх гэмтэл нь үүсэж болно” гэжээ. /хх-ийн 79-80-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1338 тоот дүгнэлтэд:
1. Н.Т-ы биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, баруун хажуу ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 36-37-р хуудас/
А.О-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 98/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/
Гэрч Т.Отгонхүүгийн мэдүүлэг /хх-ийн 22/
Гэрч Б.Намнангийн мэдүүлэг /хх-ийн 28-29/
Н.Т-ы Өмнөговь аймгийн БОЭТ-д эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 45-58/
Н.Т-ы Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 60-74/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101/
А.О-гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 102/
А.О-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 103/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/
Н.Т-ы цагдаагийн газар гаргасан нэхэмжлэл, хохирлын баримтууд /хх-ийн 134-141/
А.О-гийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 158-162/
А.О-гийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 163-171/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай албан бичиг /хх-ийн 183/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны даргын Б/67 тоот тушаал /хх-ийн 184/
Н.Т-ы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 185-186/
А.О-гээс хохирол төлсөн тухай орлогын мэдүүлэг /хх-ийн 188/
А.О, Н.Т нарын байгуулсан Эвлэрлийн гэрээ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар гялгар бүтээлэг, аяганы хагархай, архины шилний хагархай зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А.О-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.О нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Их-Уулын 24-03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Т-тай маргалдан улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж, түүний биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, баруун хажуу ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Т-ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...А.О-тэй юм ярьж байгаад чи манай эхнэрийг оролдсон тэгж болохгүй биз дээ гэж хэлээд маргалдаж байтал А.О архины шилээр толгойн ар тал руу цохисон. Тэгээд миний гэдэс рүү өшиглөөд байсан…” гэх мэдүүлэг, гэрч А.С-ийн “...Манай нөхөр хажуудаа байсан цай ууж байсан шаазан аягыг А.О рүү шидсэн чинь аяга нь хагарсан. Тэгсэн чинь А.О миний толгой руу цохилоо гээд уусан архиныхаа хоосон шилийг бариад Н.Т-ы толгойны ар тал руу нэг удаа цохитол шил нь хагарч бутраад унасан. Тэгээд Н.Т-ы нүүр лүү гараараа цохисон чинь хамраас нь цус гараад газар унасан...” гэх, насанд хүрээгүй гэрч О.Э “...Н.Т ах А.О ах руу шаазан аяга шидсэн чинь А.О ахын саравчтай малгайны саравчин дээр нь оноод аяга нь газар унаж хагарсан. Тэгсэн чинь А.О ах уурлаад нүүр лүү нь өвдөглөөд дараа нь хажуудаа байсан архины шилээр толгой руу нь цохисон...” гэх, гэрч Б.Э-ын “...Н.Т хажуудаа байсан шаазан аягыг аваад А.О лүү шидсэн чинь аяга нь А.О-гийн малгайны саравчийг оноод газар унахдаа хагарсан. Тэгсэн чинь А.О уурлаад зөрүүлээд Н.Ты толгой руу архины хоосон шилээр нэг удаа цохисон…” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1338 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж өгсөн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Дээрх гэмтэл нь өөрөө хойшоо унах, ойчих үед үүсэх боломжгүй. Харин толгойн урд хэсэгт хүч үйлчилсний улмаас хойш арагш унах үед үүсэх боломжтой. Мөн баруун зулай хэсэгт мохоо зүйлээр цохих үед үүсэж болно. Толгойн урд хэсэгт шилээр цохиход баруун зулайн дагзанд гэмтэл үүсэх боломжгүй ба толгойн урд хэсэгт шилээр цохиулаад арагш унах үед дээрх гэмтэл нь үүсэж болно” гэх мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Намнангийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч А.О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч А.А.Огийн үйлдлийн улмаас хохирогч Н.Т-ы биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, баруун хажуу ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1338 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн “...Дээрх гэмтэл нь өөрөө хойшоо унах, ойчих үед үүсэх боломжгүй. Харин толгойн урд хэсэгт хүч үйлчилсний улмаас хойш арагш унах үед үүсэх боломжтой. Мөн баруун зулай хэсэгт мохоо зүйлээр цохих үед үүсэж болно. Толгойн урд хэсэгт шилээр цохиход баруун зулайн дагзанд гэмтэл үүсэх боломжгүй ба толгойн урд хэсэгт шилээр цохиулаад арагш унах үед дээрх гэмтэл нь үүсэж болно” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.О-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Авирын А.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.О-гийн хохирогч Н.Т-ы толгойн тус газарт архины шилээр цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, баруун хажуу ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд хохирогч Н.Т нь гэмтлийн улмаас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ухаан алдан унаж Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж үзүүлэн сэхээн амьдруулах тасгаас шууд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмнэлгийн зориулалтын тээврийн хэрэгслээр хүргүүлж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тархины мэс засалд орсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 2020 оны 01 дүгээр сарын 16-наас 22-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад хэвтрийн дэглэм сахих шаардлагатайгаар эмнэлгээс гарчээ.
Хохирогч Н.Т нь шүүгдэгч А.О-гээс Өмнөговь аймгийн эмнэлгээс Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв хүртэл эмнэлгийн зориулалтын тээврийн хэрэгслээр хүргүүлсэн зардал 760.000 төгрөг, эмчилгээний зардал 1.335.861 төгрөг, Улаанбаатар хотод байрласан буудлын хөлс 800.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.698.125 төгрөг, нийт 4.593.986 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн эмчилгээний зардалд төлсөн 1.200.000 төгрөгийг хасаад нийт 3.393.986 төгрөгийг шүүх хуралдаанд нэхэмжилжээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал төлбөрт 1.182.457 төгрөгийн, шатахууны үнэд 147.004 төгрөгийн, нийт 1.329.461 төгрөгийн баримт /хх-ийн 49, 135-141-р хуудас/-ыг гаргаж өгсөн байна. Хохирогч Н.Н.Т нь Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ажил эрхлээгүй талаарх баримт болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай албан бичиг /хх-ийн 183/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны даргын Б/67 тоот тушаал /хх-ийн 184/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 185-186/ зэргийг шүүхийн шатанд гаргаж өгсөн байна.
Хохирогч Н.Т нь гэмтлийн улмаас Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тархины мэс засалд орж, хэвтэн эмчлүүлж байгаад үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн, цаашид хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан учраас түүний ажиллаагүй хугацааны цалин хөлс 1.698.125 төгрөг, эмчилгээ, шатахууны зардал 135.861 төгрөг, Өмнөговь аймгийн эмнэлгээс Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв хүртэл эмнэлгийн зориулалтын тээврийн хэрэгслээр хүргүүлсэн зардал 760.000 төгрөг, нийтдээ 2.593.986 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсэн заалтыг тус тус үндэслэн шүүгдэгч А.О-ээс гаргуулж, буудлын хөлс 800.000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нь тархины гэмтлийн улмаас ажил эрхлэх чадваргүй болж хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгохоор эмнэлэгт хандсан гэж мэдүүлж байх тул цаашид хийлгэх эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас үүсэх хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасныг хүлээн авч хэлэлцэхгүй орхисон буудлын хөлс 800.000 төгрөг болон цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас үүсэх хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэхүү гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар гаргасан шүүхийн шийдвэрийг шүүгдэгч А.О хүлээн зөвшөөрч гэм буруугийн шүүх хуралдаанаас 5 минутын завсарлага авч шүүгдэгч А.О хохирогч Н.Т-тай ”Шүүгдэгч А.О би хохирогч Н.Т-тай хохирол төлбөр болох 2.593.986 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний дотор 1.296.993 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сарын 21-ний дотор 1.296.993 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болно” гэх Эвлэрлийн гэрээг байгуулсан болохыг дурдах нь зүйтэй юм.
Шүүхээс шүүгдэгч А.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.О-гийн хувийн байдлын тухайд 39 настай, эрэгтэй, хүнд механизмын оператор, жолооч, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа мужаан, гагнуурын үйл ажиллагаа эрхэлж орлого олдог, ам бүл ганцаараа, урьд өмнө ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, мэргэжлийн үнэмлэхийн хуулбарууд, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ял дээр нэмж зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх болон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүгдэгч А.О нь гэм буруугийн шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч хохирогчтой хохирол төлөх талаар эвлэрлийн гэрээ байгуулсан, эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлсөн, тодорхой хэмжээний хөрөнгө орлого олдог зэрэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар бүтээлэг, аяганы хагархай, архины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Т-д эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.О нь хохирогч Н.Т-д гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн төлбөрт 2020 оны 05 дугаар сарын 21-ний дотор 1.296.993 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 21-ний дотор 1.296.993 төгрөг, нийт 2.539.986 /хоёр сая таван зуун гучин есөн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.О-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.О-д хяналт тавихыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь хохирогч Н.Н.Тд эмчилгээний зардалд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Н.Т-ы нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон буудлын хөлс 800.000 /найман зуун мянга/ төгрөг, цаашид гаргах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар А.О-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар бүтээлэг, аяганы хагархай, архины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА