Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 93

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Гд холбогдох 2030000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1982 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газарт оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 352 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Л.Г.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч  Л.Г нь согтуугаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хохирогч П.Мийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхины болон нүдний алимны салстын цус хуралт, нүдний алимны доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
      
    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Алтан овооны тахилга болсон. Тэр өдөр эхнэр болон нэг найзтайгаа хамт явж байсан. Тэгээд эхнэртэйгээ маргалдаж цохисон гэв.

Эрүүгийн  2030000000109 дугаартай хэргээс:

Хохирогч П.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Уулбаян сумын Алтан овооны наадам болсон. Наадам дээр манай нөхөр хүмүүстэй архи уусан. Тэгээд гэр рүүгээ явах замдаа би, Ат хандан манай нөхөр та хоёр эр эмийн харилцаатай байдаг гэж надад хүн хэлсэн. Чи манай нөхрийн хүүхдийг гаргасан юмуу гэж асуухад А гэнэт уурлаад манай машинаас буугаад явсан. Манай нөхөр машинаасаа буугаад Аийн араас явж байгаад буцаж ирээд “чи намайг найз нөхөдгүй болголоо, хүн зүгээр явуулахгүй хардаж сэрдлээ” гээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Миний баруун нүд хөхөрч хавдан хамраас их цус гарсан. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр намайг Улаанбаатар хот руу авч явж 08 дугаар сарын 27-ны өдөр нүдний эмнэлэгт үзүүлсэн. Манай нөхөр надаас уучлалт гуйхгүй байгаад нь гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-09-р хуудас/
          
 Гэрч У.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэдний өдрийг нь би сайн санахгүй байна. Уулбаян сумын “Алтан овоо”-ны наадам дээр П.М бид хоёр найзуудтайгаа 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 2 ширхэгийг уусан.  Тэгээд наадам тараагаад Л.Ггийн машинтай П.М бид гурав Уулбаян сум руу явсан. Уулбаян сум руу явж байх үедээ Л.Г П.М хоёр хоорондоо маргалдаад байсан. Уулбаян суманд ирээд П.Мийн таньдаг айлд очсон. Машинд унтаж явж байгаад миний архи гараад сэрээд харахад П.Мийн баруун нүд нь хөх алаг болсон байсан. Тэгээд би П.Моос чиний баруун нүд чинь яагаад хөхөрчихсөн юм гэж асуухад манай нөхөр намайг цохичихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18-р хуудас/

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 150 дугаартай: П.Мийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхины болон нүдний алимны салстын цус хуралт, нүдний алимны доргилт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/

-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар засаг даргын 2020.03.23-ны өдрийн 84 дугаар тодорхойлолт  /хх-ийн 46-р хуудас/

-Шүүгдэгч Л.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас /

-Шүүгдэгч Л.Ггийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 49-р хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Г нь согтуугаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хохирогч П.Мийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхины болон нүдний алимны салстын цус хуралт, нүдний алимны доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Ггийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч П.М, гэрч У.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Ггийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Л.Ггийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Ггийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч Л.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Гд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх  нөхцөл байдал болно.  

Шүүгдэгч Л.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн болон  бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гг 700 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Л.Гд оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Л.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Л.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА