| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0081/э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 81
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Эт холбогдох эрүүгийн 2030000510102 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1980 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт “М” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй Б.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “М” гэх газраас хохирогч Б.Аын 8 ямаа, 3 хонь нийт 11 бог малыг хулгайлж 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030000510102 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-оор /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ манай хонинд айлын 38 хонь, ямаа нийлсэн байсан. Маргааш нь би уг малаас томуудыг нь буюу 8 ямаа, 3 хонийг “Буян” овоонд нутаглах Д гэдэг хүнд өглөгөнд өгчихсөн юм. Удалгүй Б.А гэдэг залуу малаа алдсан гээд манайхаар эрээд сураглаад ирэхээр нь манайд нийлсэн 27 хонь ямааг бас Даас 8 ямаа, 3 хонийг буцаагаад авч өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/
Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн малчин айл юм. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр /яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна/ манайх том жижиг нийлсэн 38 бог малаа алдсан. Тэгээд эрж сураглаж яваад Б.Э гэдэг айлынхаар малаа алдснаас хойш 2 хоногийн дараа очиход тэрээр манай хонинд нийлсэн гэж хэлээд хонио ялгахад 27 хурга, ишиг голдуу мал байсан. Манай алдсан малаас 11 мал дутаад би дахиад малынхаа эрэлд явсан. Тэгсэн Буян овоо гэх газар нутаглах Д гэдэг хүний малд миний алдсан мал бүгдээрээ байсан. Би Д гэдэг хүнтэй уулзахад Б.Э нь надад зарсан гэж хэлсэн. Би Б.Этай уулзахад тэрээр тиймээ би өгсөн гэж хэлсэн. Б.Э нь өөрийнхөө малнаас Д ахад өгөөд би Д ахаас өөрийнхөө малыг авсан. 8 ямаа, 3 хонь байсныг бүрэн авсан. 3 эм хонь, 3 шүдлэн эр ямаа, 5 эм ямаа байсан. Би алдсан малаа зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Манайх Б.Эынхаас 10 орчим км хол зайтай байдаг. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энхбаатар нь надаас уучлалт гуйсан бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн хохирлын ямар нэгэн маргаангүй болсон тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шалгаж шийдэж өгөхийг хүсч байна. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 04-05-р хуудас/
Гэрч П.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Сүхбаатар сумын М гэх газарт нутаглах Энхбаатар гэдэг залуу зун надаас 11 хонины мөнгө авсан. 2019 оны 09 дүгээр сард Энхбаатар надад хонь байхгүй, танд ямаа өгье гээд 8 ямаа, 3 хонь өгсөн. Энхбаатар өөрийнхөө хонийг хурааж авчраад минийх гэж гэж хэлээд өгсөн юм. Тэгсэн маргааш нь А надаас манайх хонь алдлаа, танай хонинд манай хониноос өгсөн хүн байна уу гэж утсаар асуухаар мэдэхгүй байна, өөрөө ирж үз гэж хэлэхэд тэрээр ирж үзээд Энхбаатарын өгсөн хонь, ямаануудыг манай мал байна гээд аваад явсан. Харин Энхбаатар нь надад өгөх ёстой малаа сүүлд нь өөрийнхөөсөө гаргаж өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-р хуудас/
-“Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-21-р хуудас/
- Шүүгдэгч Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 32-р хуудас/
- Шүүгдэгч Б.Эын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 40-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 42-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “М” гэх газраас хохирогч Б.Аын 8 ямаа, 3 хонь нийт 11 бог малыг хулгайлж 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.А, гэрч П.Д нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Эын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халДгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Эын бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Э нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Эыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Эийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хатиган овогт Батхүүгийн Энхбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА