| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0080/э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 82
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х.Цд холбогдох 2030000710100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1976 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х.Ц.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны орой Баруун-Урт сумын 3 дугаар баг Тэмүүлэлийн 18-12 тоотод согтуугаар хохирогч У.Гтай маргалдаж түүний толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн чамархайн урд хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030000710100 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Г, Э хоёртой хамт 2 шил архи хувааж ууцгаасан юм. Орой 17 цагийн орчим Гтай адуу мал ярьж байгаад хоорондоо маргалдаж толгойг нь архины шилээр цохисон. Би өөрөө бол тэр талаар санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь цус гараад байна гэж надад хэлсэн бөгөөд би толгойг нь боож өгөөд эмнэлэг рүү хүргэж өгсөн. Яаж байгаад цохисон талаар би мэдэхгүй байна. Маргааш нь асуухад архины шил хагарсан гэж байсан. У.Г бид хоёр хоорондоо эвлэрсэн. Надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р хуудас/
Хохирогч У.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16-17 цагийн хооронд Энхбаатар ахын гэрээр ортол тэнд Х.Ц ах, Энхбаатар ах хоёр архи ууж байсан. Тэрийг нь хамт хувааж уугаад дараа нь 2 шил архи дэлгүүрээс авчирч хувааж ууцгаасан юм. Сүүлийн шилтэй архиа ууж байхад Энхбаатар ах тасраад унтаад өгсөн. Би ч тухайн үед нэлээн согтуу байсан бөгөөд гэнэт л Х.Ц ах миний толгой руу архины шилээр цохисон. Миний толгойноос их цус гарсан бөгөөд Х.Ц ахтай хамт аймгийн нэгдсэн эмнэлэг явж боолт хийлгэсэн юм. Миний хувьд ямар нэгэн санал, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 04-05-р хуудас/
Гэрч Х.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр Х.Ц бид хоёр нэг шил архи авч түүнийгээ хувааж ууж байтал гаднаас У.Г гэдэг залуу орж ирж бид гурав дахи нэг шил архи авч хувааж ууж дуусгасан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан бөгөөд архиндаа согтоод тасраад унтаад өгсөн. Тэгээд өглөө сэртэл Х.Ц, У.Г хоёр байхгүй байсан. Өглөө 10 цагийн үед У.Г, Х.Ц хоёр цуг манайд ирж болсон асуудлын талаар хэлсэн. Гэрийн баруун орны доод хэсгээс үүдний хаалга хүртэл цус дусалсан байсан бөгөөд архины шилний хагархай зүүн орны доор байсан. Намайг сэрүүн байхад хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-09-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101 дугаартай: “1. У.Ггийн биед зүүн чамархайн урд хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 12-р хуудас/,
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 21-р хуудас/
- Шүүгдэгч Х.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 26-р хуудас/
- Шүүгдэгч Х.Цгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 24-р хуудас/
- Шүүгдэгч Х.Цгийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 27-р хуудас /
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 35 дугаартай санал /хх-ийн 31-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Ц согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны орой Баруун-Урт сумын 3 дугаар баг Тэмүүлэлийн 18-12 тоотод хохирогч У.Гтай маргалдаж түүний толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн чамархайн урд хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Цгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч У.Г, гэрч Х.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Цд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Цгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Х.Цгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Цгийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Х.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Цд ял шийтгэл оногдуулахад анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Х.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Х.Цд оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Х.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА