| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2016/00758/И |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00758/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанаар:
Г.Нарантуяагийн хүсэлттэй, "хариуцагчаар оролцвол зохих Төрбатын Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Нарантуяа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Төрбатын Пүрэвдоржтой гэр бүл болж 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү П.Маргад-Эрдэнийг төрүүлсэн юм. 2012 оны 11 дүгээр сард Т.Пүрэвдорж нь Улаанбаатар хотод ажил хийнэ гэж яваад 2013 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод дахин гэр бүлтэй болсноос хойш хүү бид хоёртой ямар ч холбоо харилцаа байхгүй сураггүй болсон юм. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч хүү маань Т.Пүрэвдоржоор овоглодог байсан. Т.Пүрэвдоржийн төрсөн аав нь нас барсан ба хойд аав, төрсөн ээж хоёр нь Норовлин суманд мал маллаж амьдардаг. Мөн дүү нь Хэнтий аймгийн Норовлин суманд малчин, нэг ах нь хотод байдаг. Анх хотод байдаг ахыгаа түшиж очсон юм. Би өчигдөр Т.Пүрэвдоржийн найзаас нь утасны дугаарыг асуухад “88787416” гэсэн дугаарыг өгсөн. Би хүүдээ тэтгэлэг тогтоолгох гэж шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаана байгаа нь тодорхойгүй байна.
Иймд Төрбатын Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Г.Нарантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1 тал) улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай
хүсэлт гаргагч Г.Нарантуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 7 тал), хариуцагчаар оролцвол зохих Т.Пүрэвдоржийн гэрэл зураг, (хх-ийн 8 тал), хүсэлт гаргагч Г.Нарантуяагийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 9 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Нарантуяа нь хариуцагчаар оролцвол зохих Төрбатын Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Төрбатын Пүрэвдорж нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагч Г.Нарантуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1 тал), хариуцагчаар оролцвол зохих Т.Пүрэвдоржийн гэрэл зураг (хх-ийн 8 тал) хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулах тухай Г.Нарантуяагийн хүсэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Т.Пүрэвдоржийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СП-83031710 регистрийн дугаартай Төрбатын Пүрэвдоржийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймаг дахь цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ