Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Данзангийн Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхагвасүрэнгийн Баасансүрэн

         Улсын яллагч Амарсанаагийн Оргилбаяр

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-н Б

         Шүүгдэгч Г-н Н, түүний өмгөөлөгч Жаргалсайханы Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Г-н Над холбогдох 1916003510160 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, Ж овогтой Г-н Н гэв.

 Яллагдагч Г.Н нь 2019 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн нутаг “Дунд нуруу” гэх газраас ховор амьтан болох нэг тооны янгир ямаа /Capra sibirica/-г зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 2.700.000 төгрөгний хохирол учруулсан, улмаар түүхий эд болох нэг гуяыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг ... тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлэхэд шүүгдэгч Г.Н нь 2019 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн нутаг “Дунд нуруу” гэх газраас ховор амьтан болох нэг тооны янгир ямаа /Capra sibirica/-г зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 2.700.000 төгрөгний хохирол учруулсан, улмаар ховор амьтны гаралтай түүхий эд болох 5 кг 940 гр жинтэй нэг гуяыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг ... тоотод байх гэртээ хөлдөөгчид хадгалсан үйлдэл нь хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Н гэм буруутай болох нь:

 

         Шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 сарын эхээр хонь хариулж яваад Дунд нуруу гэдэг газраас агнасан. Тухайн үед явган явж байсан учраас нэг хөлийг нь авч гэртээ хадгалсан байсан. Хохиролд 2.300.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдлийг ноолуур гарахаар 05 сарын 10-ны үед төлнө. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хөдөө байдаг, сургууль төгсөөгүй. Хуулийн мэдлэг байхгүйгээс ийм хэрэгт холбогдож байна. Гэм буруугаа зөвшөөрч байна. Надад 200 гаруй ямаа байгаа. Ямаагаа самнаж байгаад хохирлоо төлнө. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

          Хохирогч Мэргэжлийн хяналтын газрын хууль ёсны төлөөлөгч  Г.Б-ны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Янгир ямаа нь ховор амьтны жагсаалтад орсон. Монгол оронд 2009 он, 2010 оны тооллогоор 36.000 янгир ямаа байна гэсэн тооллогын дүн мэдээ гарсан байдаг. Үүнээс 30 хувь нь Говь-Алтай аймгийн Алтайн нуруу, Монгол Алтайн нуруунд тархсан байдаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуулиар 1980-аад оноос агнахыг хориглосон байдаг. Сүүлийн үеийн хуулиудад ховор гэсэн статуст хэвээр үлдээсэн байгаа. Хамгийн сүүлд 2013 оны Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. Ховордох үндэслэл нь малын бэлчээрийн давхцал, удаа дараагийн ган, цаг уурын нөхцөл хулгайн ан зэргээс нөлөөлж ховордсон байгаа. Энэ үүднээс дэлхийн байгаль хамгаалах холбоо, Монгол Улсын улаан номд ховор амьтнаар ангилж, тухайн бүс нутагт ховордож болзошгүй гэдэг байдлаар ангилсан байгаа. Байгальд байх ач холбогдлоор нь Засгийн газрын тогтоолоор 2.700.000  төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байдаг. Үүнийг хууль бусаар агнасан тохиолдолд гэм буруутай этгээдээс нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж авах ёстой. Одоогоор шүүгдэгч нөхөн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй гэж ойлгож байна. Нөхөн төлбөр бүрэн төлөх ёстой гэсэн байр суурьтай байна. ...Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хууль бусаар агнасан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг 2 дахин өсгөж төлүүлнө гэсэн хуулийн үндэслэлээр үндсэн төлбөр болох 2.700.000 төгрөгийг 2 дахин өсгөж 5.400.000 төгрөг нэхэмжилж байна. Тэгэхээр үлдсэн төлбөр болох 3.100.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,  

 

         Гэрч Б.Г, Т.Г нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн үед 7048102 дугаараас миний өөрийн дугаарлуу залгаад Баяншанд баг ... тоотод хүн агсам согтуу тавиад байна гэх дуудлагаар очсон. ...Тухайн үед “Галт зэвсэг 2019” арга хэмжээ явагдаж байсан. Гэрийн эзэн нь хөлдөөгчин дээр байсан юмнуудаа буулгаад хөлдөөгчөө онгойлгосон. Тэгсэн чинь хөлдөөгчнөөс нэг ширхэг тарвага, ангын мах бололтой нэг ширхэг гуя гарч ирсэн. Тэгээд зөрчлийн хэрэг бүртгэгчийг дуудаж, тухайн буунуудыг хураан авч цагдаагийн байгууллага дээр авч ирсэн...” гэсэн мэдүүлгүүд /хх39, 42-рт/ болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-4-рт/, галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх18-20-рт/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх21рт/, янгир ямааны мах мөн болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт /хх60-рт/ зэрэг яллах болон өмгөөлөх талын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож,  байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж  дүгнэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

          Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүх Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсний дагуу шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүйгээр агнасан янгир 1 ширхэгийн хохирол 2.700.000 төгрөгийг хоёр дахин өсгөж, 5.400.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн төлсөн 2.300.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3.100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Мэргэжлийн хяналтын газрын 100050000954 тоот дансанд олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

 Шүүхээс шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 1 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Миний үйлчлүүлэгчийн тухайд үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн нотлох баримт хавтаст хэрэгт байгаа...” гэх боловч энэ талаар нотлох баримт хэргийн хэддүгээр хуудсанд авагдсан талаар шинжлэн судлуулаагүй, хэргийн материалд нотлох баримт байхгүй байх бөгөөд амьтны аймагт учруулсан хохирол нь биет байдлаар нөхөн сэргээгдэхгүй хохирол байна гэж үзэв.

Иймд өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж, ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд шүүх шүүгдэгч Г.Над ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, хуульд заасан хорих ялыг сонгож, хамгийн бага хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.Над оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.     

         Шүүхээс шүүгдэгч Г.Ныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.150.000 төгрөгний үнэлгээ бүхий ОП-СКС маркийн ОХУ-д үйлдвэрлэсэн, УА6735И гол төмрийн дугаартай, УА6735 замагны дугаартай бууг шүүгдэгч Г.Н нь Зоригоо гэх хүнээс худалдаж авсан гэж мэдүүлдэг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, харин хэрэгт хураагдаж ирсэн ЦЕГ-002563 дугаартай гэрчилгээгээр тухайн буу нь Банзрагчийн Мөнх-Эрдэний нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.Нын өмчлөлийнх болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...тухайн буугаар хохирлыг төлүүлэх хуулийн боломж байгаа учраас үлдэгдэл хохирлыг 2.150.000 төгрөгөөр төлүүлэх боломж байвал энэ байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангахгүй орхиж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бууг ЦЕГ-002563 дугаартай гэрчилгээний хамт Галт зэвсгийн тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Н нь шинжилгээний хураамжид 320.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Г-н Ныг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Над оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Наас гэм хорын хохирлын үлдэгдэл 3.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 100050000954 тоот дансанд олгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч  Г.Ныг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан УА6735И гол төмрийн дугаартай, УА6735 замагны дугаартай, 2.150.000 төгрөгний үнэлгээ бүхий ОП-СКС маркийн ОХУ-д үйлдвэрлэсэн бууг ЦЕГ-002563 дугаартай гэрчилгээний хамт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 5 кг 940 гр янгирын гуя махыг устгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Н нь шинжилгээний хураамжид 320.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА