| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 151/2017/0129/э |
| Дугаар | 2017/ДШМ/49 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2017/ДШМ/49
|
|
Д.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Оч /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг
хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Янжмаа
нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолтой Д.Эрдэнэ-Очирт холбогдох 2017 1900 0058 дугаартай 227 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 23-нд Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянголд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овгийн Дэмбэрэлийн Эрдэнэ-Очир /РД:НБ77052331/.
Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очир нь 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар баг Нарстайн 4-1 тоотод арх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эгч Д.Энхтуяаг өмөөрч хүргэн ах Б.Амарсанааг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,
шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Эрдэнэ-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар ялтан Д.Эрдэнэ-Очирт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэ-Очироос 1.528.833 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Амарсанаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Янжмаа нарт олгож, хохирогч Б.Амарсанаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хяанан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
ялтан Д.Эрдэнэ-Очир нь хохирогч Б.Амарсанаад нийт 4.060.000 төгрөгийн хохирол төлсөн, ялтан Д.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжпэгдсэн “нокиа 3310” маркийн хуучин гар утасны битүүмжлэлийг шүүгдэгч Д.Эрдэнэ-Очир нь хохирогч Б.Амарсанаад хохирол төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие давж заалдах шатнаас Д.Эрдэнэ-Очирын өмгөөлөгчөөр ажиллаж дор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Д.Эрдэнэ-Очир нь 1998 онд нутаг орныг хамарсан гал түймрийн дайчилгаанд эр зориг, чин сэтгэлээсээ явж байгаад зам тээврийн осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авч олон хоног ухаангүй байснаас хөдөлмөрийн чадвараа 60-70 хувиар алдаж, группэд орж сэтгэцийн өвчтэй болжээ. Тийм боловч чадах ядахаараа хөдөлмөрлөж, төрсөн эгч Д.Энхтуяа түүний хүүхдүүдийг тэжээн тэтгэж байсан ба сум орондоо нэр хүндтэй нутгийн олон түмнийхээ хайр талархлыг хүлээсэн хүн юм. Төрсөн эгчтэй нь хүргэн Б.Амарсанаа нь ширүүн харьцсан үед өмөөрч түүнтэй муудалцахад хүргэн ах нь цохих гэхэд нь бултахад тэр зуухан дээр унаж нүүр толгойдоо гэмтэл авч түүнээсээ шалтгаалж гэрээс гарч маргалдан эргэж гэртээ орцгоожээ. Хавтаст хэрэгт Б.Амарсанаа хохирогчоор, ээж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож Д.Эрдэнэ-Очир Б.Амарсанаагийн толгойн тус газар өшиглөж зодож хүнд гэмтэл учруулснаар тогтоогджээ. Д.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр Б.Амарсанаагийн толгойн тус газар өшиглөж зодоогүй харин өөрөө зуух болон яндан дээр унаснаас тархиндаа гэмтэл авсан талаар тогтвортой мэдүүлжээ.
Батсүмбэр нутгийн удирдлага болон иргэдээс Д.Эрдэнэ-Очирын хувийн байдлыг тодорхойлж хүн зодож тийм хэрэг үйлдэхгүй хүн гэдгийг нь нотолсон байна. Д.Эрдэнэ-Очир нь хохирогч нарын нэхэмжилсэн 5 588 833 төгрөгнөөс 4 060 000 төгрөгийг нь өөртөө байсан мал, халамжийн мөнгө зэрэг бүх боломжоо шавхаж төлж 1 528 833 төгрөг үлджээ. Энэ хохирлын мөнгөнд шууд биш зардал 2 өмгөөлөгчийн сая төгрөг орсон байна. Д.Эрдэнэ-Очир хохирлын мөнгө 528 833 төгрөг өмгөөллийн хөлс сая төгрөг бүгд 1 528 833 төгрөгийг төлж хохиролгүй болгохоо илэрхийлсэн болно. Д.Эрдэнэ-Очирын үйлдэл эргэлзээтэй, хохирогчид хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн болно, биеийн эрүүл мэндийн байдал нь муу, 60 хувийн хөдөлмөрийн чадварын алдалттай учир байнгын групптэй, ял эдлэхэд сэтгэл санаа эрүүл мэндийн хувьд туйлын эргэлзээтэй, орон нутгийн засаг захиргааны удирдлага иргэдээс гаргасан хүсэлт зэргийг давж заалдах шатны шүүх анхааран үзэхийг хүсэж байна.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж хохирогч Б.Амарсанаагийн тархи толгойд Д.Эрдэнэ-Очир цохиж гэмтэл учруулсан биш тэр Д.Эрдэнэ-Очирыг цохих гэтэл нь бултсанаас зуух яндан дээр унаж хүнд гэмтэл авсан байж болохоор байгаа тул Д.Эрдэнэ-Очирын үйлдлийг хэрэгсэхгүй болгох буюу хэрэв зайлшгүй буруутай гэж үзвэл 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж нэг жилээс дээшгүй хугацаагаар ял ноогдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очир нь 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар баг Нарстайн 4-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж хүргэн ах Б.Амарсанааг зодож, түүний бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь:
хохирогч Б.Амарсанаагийн “...Гэртээ ороод хөргөгч дээрээс тамхи аваад зогсож байхад хэл амаар доромжлоод дайраад байхаар нь бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн чинь намайг цохиж унагаагаад гэрийн гадна чирч гаргаад зодчихоод буцаагаад гэр лүү оруулсан” гэх /хх-25-27/,
гэрч Д.Энхтуяагийн “...Би гэртээ ганцаараа унтаж байхад орой 00:00-00:01 цаг өнгөрсөн байхад гаднаас Амарсанаа согтуу орж ирээд намайг өшиглөөд “дүү чинь сайхан зодолдож чадахгүй, намайг ингэж зодож хорчихлоо, алив чи бос, би Дархан явлаа” гэж хэлсэн. Түүний нүүр ам болон хувцас хунар нь авах юм байхгүй цус болсон, толгой нь хоёр талдаа язарч цус гоожиж байсан, түүний нүүр ам нь авах юмгүй хавдаж хөхөрсөн байсан...танай дүү зодчихлоо би явлаа гээд цустай хувцас хунараа тайлаад байсан...Өмнө гэр бүлийн маргаанаас болоод намайг ганц хоёр удаа цохиж зодож байсан, гэхдээ миний биед гэмтэл учирч байгаагүй, агсам согтуу тавиад байдаг тэр болгоныг Эрдэнэ-Очир бодож байгаад согтуудаа гаргасан байх” гэх /хх-29-31/ мэдүүлгүүд болон хохирогчид анхны эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч Б.Ганчимэг /хх-32/, гэрч Р.Янжмаа /хх-38-39/, нарын мэдүүлэг, хохирогч Б.Амарсанаагийн бие махбодид Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарах болохыг тогтоосон 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 37 тоот Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, /хх-43/, шүүхийн шатанд нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолоор томилогдсон 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 295 тоот шинжээчийн дүгнэлт /хх-161-162/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-103/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очироос 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ “...Амарсанаа зуух мөргөөд түүний толгойноос цус гарсан санагдаад байна юм” гэж /хх-57-58/, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа “...хамт гэртээ ирэхэд Амарсанаа эхнэрээ бос гэж хэлээд өшигчөөд байсан. Би түүнд хандаж та унтаж амраач гэхэд тэр хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд нэг мэдсэн Амарсанаа намайг цохих гэж байгаад зуухны ирмэг мөргөөд цустайгаа холилдсон байна. Бид хоёр зууралдаад байсан юу болсныг санахгүй байна.” /хх-59-60/ гэж мэдүүлсэн боловч хохирогч Б.Амарсанаа зуух мөргөж өөрөө өөртөө хүнд гэмтэл учруулсан байх нөхцөл байдал гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Д.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд шүүхээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, гэж заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэ-Очирт ял шийтгэл оногдуулсан нь зөв байна.
Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэ-Очирын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан 5-7 жилийн хугацаагаар хорих ялтай “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй тохирсон, тухайн зүйл хэсэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ нь багассан байх тул Д.Эрдэнэ-Очирын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхэд шийтгэх тогтоолд тусгагдсан 1 528 833 төгрөгийг бүрэн барагдуулсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын засаг дарга, мөн сумын 3-р багийн иргэдийн тодорхойлолт, Д.Эрдэнэ-Очирын эрүүл мэндийг байдлыг тодорхойлсон баримтуудыг тус тус ирүүлсэн байх боловч шүүх эдгээр баримтад тулгуурлан шүүгдэгчийн хорих ялыг багасгах боломжгүй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Д.Эрдэнэ-Очирт анхан шатны шүүхээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан, Д.Эрдэнэ-Очирын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж нэг жилээс дээшгүй хугацаагаар ял ногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “...хорих ялыг хөнгөрүүлж нэг жилээс дээшгүй хугацаагаар ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай .
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Т.ЭНХМАА