Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 283

 

Э.Хүрэлцогтод холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогч У.Отгонболд, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс,

нарийн бичгийн дарга Б.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 566 дугаар магадлалтай, Э.Хүрэлцогтод холбогдох эрүүгийн 201601070035 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Энхтайваны Хүрэлцогт нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Хүрэлцогтыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 440 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Хүрэлцогт нь эмчилгээний зардалд 1.471.200 төгрөг хохирогчид төлснийг дурдаж, Э.Хүрэлцогтоос 134.400 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Отгонболдод олгож, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдаж, Э.Хүрэлцогтод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, хохирогч У.Отгонболд, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл, мөн хуулийн 246 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүх хуралдаан явагдах ёстой гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болсон гэж дүгнэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бүх нотлох баримт хэрэгт цугларсан, хэргийн зүйлчлэл зөв гэж тайлбарлахдаа нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг өмнө 4 удаа гаргуулсан тул дахин гаргуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг явуулж тогтоол гаргахдаа чухал ач холбогдолтой нотлох баримтыг орхигдуулсан, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хохирогчид учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. Хохирогчийн хараа нь өдөр ирэх тусам муудаж юм харахгүй болж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 602 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хүндэвтэр гэмтэл буюу баруун нүдний хараа 0.06 байсан бол шүүх хурлын өмнөх өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нүдний эмчид үзүүлэхэд 0.02 болж муудсан буюу хөдөлмөрийн чадвар 35 хувийн алдагдалтай болсон. Үүнээс харахад хохирогч нь эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд хохироод үлдэж байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Өмнө нь хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин шинжээчийн дүгнэлт гаргахад хүндэвтэр зэргийн гэмтэл хэвээр гарсан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх “... анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Хүрэлцогт нь 2016 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Аяс” баарны үүдэнд “жирэмсэн эхнэрийг түлхэж унагасан” гэх шалтгаанаар хохирогч У.Отгонболдын толгой руу 1 удаа гараараа цохиж “баруун нүдний алимны доргилт” бүхий гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогчийн баруун нүдний харааны мэдрэлийн хэсэгчилсэн хатангаршил үүсч харааны бууралт 0.05 болж энгийн хөдөлмөрийн чадварыг 30 хувь тогтонги алдагдуулсан хүндэвтэр гэмтэл учруулсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хуульд заасан ялыг оногдуулсан байна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... хохирогч У.Отгонболдын хараа 0.02 болж муудсан, хөдөлмөрийн энгийн чадвараа 35 хувь алдсан” гэх гомдлыг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин шүүхийн тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал буюу шүүгдэгч Э.Хүрэлцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх нөхцөл байдал шинээр илэрсэн гэж үзвэл энэ талаарх гомдол, хүсэлтээ прокурорт гаргаж шалгуулах нь зүйтэй.

Өмгөөлөгчид төлсөн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан хохирогчийн эмчилгээтэй холбоотой зардлын төлөгдөөгүй хэсгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй гэж заасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 566 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

              ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                                             Б.БАТЦЭРЭН

              ШҮҮГЧ                                                             Б.ЦОГТ