Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 271

 

 

 

 

 

 

 

 

2020        04          07                                   2020/ШЦТ/271

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтантуул,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнууд овогт Д.Н-д холбогдох эрүүгийн 1911 03127 0167 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Манайхан” СӨХ-д орцны жижүүр ажилтай, ам бүл 6, ээж, дүү, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 2-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл,

Олхонууд овогт

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Н нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн хүүхэд 2 нас 1 сартай Б.Оюун-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх түргэн үйлчилгээний цэг дотор орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би ээжийн гэрээс гэртээ харилаа гээд хүүхдээ тэврээд гарсан. Манай гэр манай нөхрийн эгчийнх нь хашаанд амьдардаг байсан. Гэртээ очтол 4 ханатай гэрийг минь хураагаад тавьчихсан байсан. Тэгээд Хайлаастад байдаг найзынхаа гэр рүү очсон боловч гэр нь цоожтой байсан. Буцаад автобусанд явж байхдаа УСУГ-н ажилтан эгчтэй таарсан. Тухайн үед би хөлөө гэмтээгээд доголсон байдалтай пиво уучихсан явж байсан. Тэр хүн чамаас архи үнэртээд байна гээд хүүхдийг маань авчихаад өгөхгүй байсан. Миний хүүхдийг тэврээд автобуснаас буугаад түргэн үйлчилгээний цэгрүү орсон. Тэгээд би тэр хүнээс хүүхдийг маань өгөөч гээд зөндөө гуйсан. Тэр хүн өгөхгүй, чамайг цагдаа дуудаж өгнө, хүүхдийг чинь 108 дуудаж өгнө гэж хэлсэн. Би бие засъя гэж гараад нэг танихгүй хүнээс намайг цагдаа дуудаж өгнө, хүүхдийг маань 108 дуудаж өгнө гээд байна гэж асуухад торгуулийн мөнгө төлж авна гэхээр нь мөнгө олохын тулд ажил хайж, ажилд ороод хугацаа алдсан нь миний буруу. Фасебүүкээр хүүхдээ харсан, дүү маань эхлээд харсан байсан. Тэгээд өөрөө би цагдаа дээр очсон. Одоо би СӨХ-д ажилд орсон байгаа, сард 400 000 төгрөгийн цалин авдаг. Хүүхэд маань одоо манай ээжийн хараа хяналтад байгаа. Яг тэр үедээ бол эх байх үүргээсээ зайлсхийсэн. Одоо бол үүргээ биелүүлнэ. Дахиж архи амсахгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтантуул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хүүхдийн талаарх мэдээллийг харъялалын дагуу Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст дамжуулсан. Манай байгууллагаас байнга холбогдож мэдээллийг нь авдаг. Эх нь хүүхдээ төөрүүлээд 1 сар гаруй хугацаанд орхисон. Одоогийн байдлаар тухайн хүүхэд эмээ болох Дуламжавын асрамжинд байгаа.Тухайн үед хүүхэд ямар нэгэн шарх сорвигүй байсан. Манай байгууллагын зүгээс хүүхдийг шүүгдэгчийн ээж болох Дуламжавд асран хамгаалуулах саналтай байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтантуул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг хүүхдийг Хан-Уул дүүргийн түр хамгаалах байранд байлгаж байгаад энэ хугацаанд хүүхдийн эцэг, эх, гэр бүлийн гишүүдийг хайж гарч ирэхийг хүлээсэн боловч гарч ирээгүй болохоор 3 хоногийн дараа буюу Даваа гаригт эргүүлж авч ирж Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагааг хийлгэж хүүхдийг хүүхэд хамгаалах 108 төвд хүргэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Тэгээд уг хүүхдийн нөхцөл байдлын талаар сонсоход 32-н автобусны буудал дээр согтуу эмэгтэй Б.Оюун-Эрдэнэ гэх /2 нас 1 сартай/ хүүхдийг тэвэрч явахад нь нэг настай эгч согтуу байна. Цагдаа дуудаж хүлээлгэж өгнө гэхэд нь би шээчихээд ирье гэж хэлээд тэр чигээрээ алга болж байгаад сүүлд Цагдаагийн хэлтсээс олон нийтэд зарлаж эмээ нь болон гэрийнхэн нь мэдэж олж ирсэн. Тэгээд сүүлд цагдаагийн хэлтэс дээс уг хүүхдийн ээж Д.Н өөрөө ирж болсон хэргийн талаар хэлсэн байсан. Одоогийн байдлаар Б.Оюун-Эрдэнийг Д.Н-ийн эх Дуламжавд шүүхийн шийдвэр гартал хариуцуулж хүлээлгэн өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Г.Буянхишиг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр 8 дугаартай түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг юм... 2019.11.29-ний өдөр ажил дээрээ байж байтал нэг настай эмэгтэй, бас нэг хүүхэд дагуулсан эмэгтэйтэй орж ирсэн. Араас нь бас нэг согтуу эмэгтэй орж ирээд хүүхдээ авъя... би дахиж архи уухгүй, хүүхдээ гэр рүүгээ аваад явъя гэхэд нөгөө хүүхдийг нь авч орж ирсэн эмэгтэй цагдаа 108 дуудчихсан байгаа, хүүхдийг чинь өгч явуулахгүй гээд байсан. 1 нас гарантай хүүхэд байсан. Ээж нь гэх эмэгтэй би цагдаа дээр очмооргүй байна, цагдаад өгөх мөнгө төгрөг байхгүй, намайг цагдаа нар ирээд хоривол яах юм гээд хүүхдээ авч явах талаар зөндөө гуйгаад өгөхгүй болохоор нь бие засчихаад ирье гэж гарч яваад ирээгүй...хүүхдийн эх гэх эмэгтэйн амнаас нь архи үнэртэж байсан. Гэхдээ хүүхдээ аваад явчих хэмжээний согтолттой байсан... улаан өнгийн өвлийн куртик, хар өнгийн гуталтай 30-35 орчим насны эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч М.Баасангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019.11.29-ны өдөр найз Болор-Эрдэнэтэй хамт 57 дугаар сургуулиас хүүхдээ авчихаад найз Болор-Эрдэнийг автобусанд суулгаж өгөх гээд 32-ын буудал дээр зогсож байтал Шархад Зунжингийн автобуснаас нэг эмэгтэй бууж ирсэн, араас нь хүүхэд тэвэрчихсэн нэг эмээ бууж ирээд хүмүүсээ туслаарай, энэ согтуу эмэгтэй автобусанд хүүхдээ дарж уначихаад одоо авч явна гээд байна гэхээр нь би очоод юу болсныг асуухад энэ согтуу эмэгтэй хүүхдээ авч явах чадваргүй байна гэхээр нь тэгвэл цагдаа дуудъя гээд найзынхаа 99932467 дугаараас дуудлага өгөөд хүүхдийг нь даарчихна гээд бид хэд ТҮЦ рүү орсон. Манай найз яваад өгсөн. Би ТҮЦ-ний худалдагч эмэгтэйн утсаар дахин дуудлага өгсөн. Тэгээд 20 орчим минутын дараа цагдаа нар ирсэн. Цагдаа ирэхийн өмнө тэр хүүхдийн ээж гэх эмэгтэй бие засчихаад ирье гэж гараад эргэж ирээгүй, би тухайн үед тэр эмэгтэйг хайгаад олоогүй. Бор царайтай, баруун хацар нь улайж шалбарсан, зүүн нүд нь хөхөрсөн байдалтай, улаан өнгийн курткатай 30 орчим настай эмэгтэй байх шиг байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Н.Алтантуул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хүүхэд хамгааллын ажилтан хийдэг. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ахмад Баярцэцэг утсаар залгаж бага насны хүүхэд олдсон талаар мэдэгдсэн. Тэгээд манай ахлах мэргэжилтэн, хүүхэд хамгааллын ажилтан бид нар ирэхэд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч хэн болох нь тодорхойгүй байсан тул цагдаагийн байгууллага эцэг, эхийг нь эрэн сурвалжлахаар болж хүүхдийг Хан-Уул дүүргийн түр хамгааллын байранд аваачиж өгсөн. Тэнд 3 хонуулаад хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх 108 төв рүү хүүхдийг хүргэж өгөөд өнөөдрийг хүртэл 108 төвд асран хамгаалж байна. Одоо хүүхдийн эх, эмээ гэх хүмүүсийг олсон байгаа тул эмээ Дуламжавын оршин суух хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс рүү хандаж, хүүхдийг гэр бүлд нь нэгтгэх эсвэл асрамж халамжийн газар руу шилжүүлэх асуудлыг Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хорооны хамтарсан баг судалж шийдвэр гаргаснаар уг хүүхдийг гэр бүлд нь өгөх эсэх асуудал шийдэгдэнэ. Одоо бол нөхцөл байдлын үнэлгээ хийх болон хамтарсан багийн хурлын үйл ажиллагаа явагдаж байгаа...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бага насны хүүхдийг хүлээж авахад эрүүл, биеийн гадна хэсэгт шарх, гэмтэл, сорви байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хауудас/,

Гэрч Л.Дуламжав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өнөөдөр хүү Мөнхдэлгэр над руу залгаад Дэдэгийн зураг фейсбүүк дээр байна, та 17-ын тэнд байх цагдаагийн хэлтэс дээр очоод уулз гэхээр нь ирлээ. Энэ хүүхэд миний төрсөн охин Д.Н-ийн бага охин юм. Нэрийг нь Оюун-Эрдэнэ гэдэг, бид нар Дэдэ гэж дууддаг юм. Оюун-Эрдэнэ охин маань эх Д.Н, эцэг Батдэлгэр, эгч Оюунчимэг, Оюунболор, ах Будхүү нарын хамт Шархадны эцэст Батдэлгэрийн том эгчийн хашаанд амьдардаг байсан. Д.Н ер нь байнга шахуу нөхөртэйгээ архи уудаг юм. Тэр 2 эрхэлсэн тодорхой ажилгүй, холбоо барих утасгүй, одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байна...Би ач охиноо ингэж явж байгаа талаар нь мэдээгүй байсан. Д.Н, Батдэлгэр нар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж чадахгүй юм байна. Миний охин Үүрцайх Оюун-Эрдэнийг Д.Н өсгөж чадахгүй, би өөр дээрээ аваад харж хандъя гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ганболдын 493 дугаартай “...ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээр Д.Н нь Б.Оюун-Эрдэнийн биологийн эх байх магадлал 99,9 хувь байна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дугаар хороонд салсан нөхөр Батдэлгэртэй уулзах гэж өөрийн охин болох Б.Оюун-Эрдэнийг дагуулж хашааны гаднаас харахад манай амьдарч байсан гэр байхгүй буйр нь байхаар нь хашаа руугаа орохгүй нөхөр Батдэлгэр байхгүй болохоор нь эргэж явж байгаад шархадны эцэс орчимд дэлгүүрээс пиво аваад ганцаараа уугаад өөрийн охин Оюун-Эрдэнийг тэврээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Хайлаастад байдаг урьд өмнө МТ шатахуун түгээх станцад ажиллаж байсан найз болох Мартын гэрийг мэддэг болохоор тэдний гэрт очиход гэрт нь хүн байхгүй эзэнгүй байсан болохоор нь эргэж автобусанд суугаад явж байгаад 32-н автобусны буудал дээр Март найзын ах нь машинтай зогсдог болохоор түүнтэй уулзах гээд автобуснаас буух гэж байхад миний хажуухан талд сууж байсан настай эгч намайг буух үед миний охин Оюун-Эрдэнийг алив наад хүүхдээ өг би тэврээд буулгаад өгье гэж хэлээд буусан би араас нь буухад нөгөө Ус сүваг гэсэн бичигтэй куртиктэй хүн буунгуутаа манай хүүхдийг өгөхгүй чи согтуу байна архи үнэртээд байна цагдаа дуудаж хүлээлгэж өгнө, хүүхдийг 108 төвд өгнө гэхээр нь тухайн үед би гэнэт юун цагдаа сэргийлэх болчихов гэж бодоод тухайн үедээ халамцуу байсан тэгээд миний шээс хүрээд байхаар нь тэр би шээгээд ирье гэж хэлээд явж байгаад танихгүй хүн таарахаар нь түүнд учир явдлаа хэлсэн чинь чамайг эрүүлжүүлэх саатуулах байранд хийнэ, тэгээд хүүхдийг чинь 108 төвд дараа нь чи очиж торгууль авахуулж байж хүүхдээ авна гэж хэлэхээр нь би айгаад тухайн үедээ архиныхаа халуунд орхиод яваад өгсөн юм. Тэгээд маргаашнаас нь хүүхдээ авахдаа торгууль төлж байж авдаг гэхээр нь хоосон очиж байхаар торгуулиа олоод очиж хүүхдээ авъя гэж бодоод ажил хайж байгаад ажилд ороод байж байхад хэд хоногийн дараа фэйсбүүк дээр манай охины зургийг тавьсан байхыг хараад мөн манай гэрийнхэн бас хараад манай ээж түрүүлээд ирсэн байсан тэгээд би тухайн үедээ яг яах учраа олохгүй эмээгээд байсан тэгж байгаад цагдаагийн хэлтэс дээр өөрөө ирж уулзаж учир явдлаа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, Д.Н-ийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 57-60/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 66/, ажлын газрын тодорхойлолт /хх 72/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн хүүхэд 2 нас 1 сартай Б.Оюун-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх түргэн үйлчилгээний цэг дотор орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтантуулын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Г.Буянхишигийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч М.Баасангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Н.Алтантуулын мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хауудас/, гэрч Л.Дуламжавын мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ганболдын 493 дугаартай “...ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээр Д.Н нь Б.Оюун-Эрдэнийн биологийн эх байх магадлал 99,9 хувь байна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Нийн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж /хүүхэд хамгаалах 108 төвд тэртээ тэргүй очно, мөнгө олохоороо очиж авна гэсэн санаа бодолтой, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-26.2.4-т заасан тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн, түүний төрсөн охин мөн болох нь төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож / хүүхдийг орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийг болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ: Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д зааснаар Д.Н-ийн эх байх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах санал гаргасан, дүгнэлт болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Н нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргаж, улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүний эх байх эрхийг хасах ялыг хэрэглэхгүйгээр 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Мөн хүүхдийн асрамжийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаянцагаан 2 дугаар гудамж 18 тоотод Лувсанийн Дуламжавын гэрт зээ охин Б.Оюун-Эрдэнэ нь /2нас 1 сартай/ “Хүүхэд хамгаалал” 108 төвийн хамгаалах байрнаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эмээ Л.Дуламжавын асран хамгаалалтанд хамтарсан багийн хурлаас түр шилжүүлэгдсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт ...Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална...гэж заасан, мөн 25.9-д заасан ... сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно,

25.10.Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар 2 нас 1 сартай охин Б.Оюун-Эрдэнийн асрамжийн асуудлыг тухайн хүүхдийн оршин суугаа дүүргийн засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Олохнууд овогт Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаянцагаан 2 дугаар гудамж 18 тоотод эмээ Лувсангийн Дуламжавт түр асран хамгаалуулахаар шилжүүлсэн зээ охин /2 нас 1 сартай/ охин Б.Оюун-Эрдэнийн асрамжийн асуудлыг тухайн хүүхдийн оршин суугаа дүүргийн засаг дарга шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ