Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 280

 

 

 

 

 

 

 

 

2020        04          09                                   2020/ШЦТ/280

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Д.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар урианхан овогт Дарьсүрэнгийн Д.А-д холбогдох эрүүгийн 2011 00000 0283 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик, дулааны инженер мэргэжилтэй, “NBIK” ХХК-д механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11-157 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Хар урианхан овогт

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11-157 тоотод эхнэр Ж.Бямбажаргалыг бусадтай хардан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Бямбажаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2011 оноос эхлэн Д.А-тэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд одоо 2 хүүхэдтэй. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 20 цаг 43 минутанд Д.А над руу залгаад би найзындаа байна чи ирээд авчих, архи их уусан тасрах гээд байна гэсэн юм. Тухайн үед яриаг нь сонсоход нилээн согтуу байсан. Тэгээд би гэрээс гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 27а байрны гадаа ирээд залгасан цаг харахад 22 цаг 42 минут болсон байсан. Тэгээд манай нөхөр Д.А гарч ирээд машинд суусан. Тэгээд намайг хүнтэй хардаж хэл амаар доромжилж эхэлсэн. Чи Тэмүүжинтэйгээ унтаад яваад ирсэн, эсвэл тэр цагаан өнгийн приус 10-тай залуутайгаа унтаж байгаад ирсэн үү гэх мэтээр дайрч эхэлсэн ба миний үснээс зулгаагаад толгой руу цохиж эхэлсэн. Тэгээд чи муу яг одоо гэр рүү харь гэж хэлээд миний утсыг булаагаад авсан. Би тухайн үед машин бариад явж байсан ба миний хажуу талд Д.А сууж явсан. Тэгээд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би замдаа зогсох гэтэл яах гэж зогсоод байгаа юм гэр рүү яв, би чамайг алчихна шүү гэх мэтээр орилж байсан. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нуурын 11 дүгээр гудамжинд ирээд машинаа зогсоосон. Тэгээд Д.А машинаас намайг толгойноос үсдээд буулгасан бөгөөд гэр рүү чирсэн. Би тухайн үед битгий л дээ намайг цохихоо болиоч хоёулаа зүгээр ярилцья гэж зөндөө гуйсан. Тэгтэл улам дайрсан. Тухайн үед манай хажуу талын хашааны хөрш айлын хүн машин дотроо хараад сууж байсан. Тэгээд намайг үсдэж чирээд гэрт оруулаад гарвал ална шүү гэж хэлээд 1 цаг орчим зодуулсан. Тухайн үед манай хүүхдүүд гэрт байсан. 8 настай Мөнх-Аялгуу, 6 настай Энэрэл нар маань уйлаад л хараад байсан. Д.А хоёр хүүхдийг өрөө рүүгээ орцгоо гэж орилоод тэгээд л зодож эхэлсэн. Гурилын элдүүрээр цохиж, үсдээд, толгой руу өшиглөж гараараа ч цохиж байсан. Сүүлдээ бүр хутга барьж дайраад ална шүү гэсэн. Надад хандаж чи тийм гэж хэлээд аль чи тэр приустэй залуутай унтсан биздээ манай дүү надад хэлсэн мэдэв үү гэх мэтээр орилж эхэлсэн. Тэгээд би зугтаах гэж оролдоод хашааны үүдэнд баригдчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

“...Манай нөхөр намайг өмнө нь зодож цохиж байгаагүй. Намайг хий хоосон бусадтай хардаж уурлаад согтуу байсан болохоороо намайг цохиж зодсон. Одоо надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн №3267 дугаартай: “...Ж.Бямбажаргалын биед зүүн зовхи, зүүн бугалга, шуу, хоёр хөх, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр/,

Шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хотод амарч байсан бөгөөд манай ажлынхан миний сэтгэлийг засаж намайг гэр бүлийнхээ асуудлыг шийдэх талаар зөвлөж ярилцангаа Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 120 орчим нэг найзындаа 2 том сав пиво, 1 шил 0.75 л-ийн архи 1 шил 0.5 л-ийн архийг тавуулаа хувааж уусан. Орой 23 цагийн орчим Бямбажаргал намайг авахаар машинтай ирсэн. Бид хоёр хамтдаа гэр лүүгээ явах замд би согтуу байснаасаа болоод түүнийг намайг байхгүй хойгуур гадуур гэр бүлийн харилцаатай байдаг талаар нь ярилцаад бид хоёр маргалдсан. Би түүн рүү чанга дуугаар уурлаж хашхираад уурандаа түүний нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Ингэж явсаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 11-157 тоотод байрлах гэрийнхээ гадаа машинтайгаа ирээд Бямбажаргалыг машинаас буу гэсэн чинь уйлаад машинаасаа буухгүй суугаад байхаар нь түүнийг буулгах гэж куртиканых нь захнаас нь зулгааж татах үед түүний үс нь хамт зулгаагдаад бууж ирсэн. Энэ үед хажуу талын хашааны орчим нэг машин зогсож байгаад дотроос нь нэг хүн бууж ирээд намайг болиоч гэх шиг болохоор нь би түүнд машиныхаа гэрлийг унтраагаач нүд гялбаад байна гэж хэлчихээд тэр чигээрээ Бямбажаргалыг чирч явсаар гэр лүүгээ орсон. Гэрт манай 2 хүүхэд сэрүүн байсан. Гэрт ороод Бямбажаргалтай хэрэлдэж байгаад би “үнэхээр тэр хүн чинь чамд хэрэгтэй юм бол тэр хүнтэйгээ хамт яв” гэсэн чинь “уг хүн чинь надад хамаагүй” гээд худлаа яриад байхаар нь би уурандаа Бямбажаргалын нүүрэнд нь 2 удаа алгадаж, над руу сарвагнаад байхаар нь хоёр гарнаас нь чангаар базаж барьж байгаад түүний гар болон хөл рүү нь гар хөлөөрөө нилээн хэдэн удаа цохиж, хөлөөрөө ч ганц нэг удаа өшиглөсөн санаж байна. Тухайн үед уурандаа яг хаана нь хэрхэн цохиж өшиглөснөө сайн санахгүй байна. Тэгээд Бямбажаргалыг түлхэж унагасан. Хажууд хүүхэд уйлаад байхаар би аргадчихаад гадаа машинаа түжилгүй үлдээсэн ээ санаад гараад машинаа түгжиж байтал манай эхнэр хажуугаар гараад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 33/, эд хөрөнгийн лавлагаа /хх 34/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 35/, ажлын газрын тодорхойлолт /хх 36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тогтоол /хх 49/, шүүгдэгч Д.Агийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 47/, хохирогч Ж.Бямбажаргалын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 46/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11-157 тоотод эхнэр Ж.Бямбажаргалыг бусадтай хардан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Ж.Бямбажаргалын “...Тэгээд намайг үсдэж чирээд гэрт оруулаад гарвал ална шүү гэж хэлээд 1 цаг орчим зодуулсан. Тухайн үед манай хүүхдүүд гэрт байсан. 8 настай Мөнх-Аялгуу, 6 настай Энэрэл нар маань уйлаад л хараад байсан. Д.А хоёр хүүхдийг өрөө рүүгээ орцгоо гэж орилоод тэгээд л зодож эхэлсэн. Гурилын элдүүрээр цохиж, үсдээд, толгой руу өшиглөж гараараа ч цохиж байсан. Сүүлдээ бүр хутга барьж дайраад ална шүү гэсэн. Надад хандаж чи тийм гэж хэлээд аль чи тэр приустэй залуутай унтсан биздээ манай дүү надад хэлсэн мэдэв үү гэх мэтээр орилж эхэлсэн. Тэгээд би зугтаах гэж оролдоод хашааны үүдэнд баригдчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, “...Манай нөхөр намайг өмнө нь зодож цохиж байгаагүй. Намайг хий хоосон бусадтай хардаж уурлаад согтуу байсан болохоороо намайг цохиж зодсон. Одоо надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн №3267 дугаартай “...Ж.Бямбажаргалын биед зүүн зовхи, зүүн бугалга, шуу, хоёр хөх, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр/, шүүгдэгч Д.Агийн “...Бямбажаргалын нүүрэнд нь 2 удаа алгадаж, над руу сарвагнаад байхаар нь хоёр гарнаас нь чангаар базаж барьж байгаад түүний гар болон хөл рүү нь гар хөлөөрөө нилээн хэдэн удаа цохиж, хөлөөрөө ч ганц нэг удаа өшиглөсөн санаж байна. Тухайн үед уурандаа яг хаана нь хэрхэн цохиж өшиглөснөө сайн санахгүй байна. Тэгээд Бямбажаргалыг түлхэж унагасан. Хажууд хүүхэд уйлаад байхаар би аргадчихаад гадаа машинаа түжилгүй үлдээсэн ээ санаад гараад машинаа түгжиж байтал манай эхнэр хажуугаар гараад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Хохирогч Ж.Бямбажаргал нь “...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар урианхан овогт Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ