Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2017/0019/з |
Дугаар | 03 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******нд холбогдох,
“Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил” ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хустайн шил” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон 2018 оны 02, 05 дугаартай албан бичгүүддээ: “...Манай компани захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 08 сарын 10-ны өдөр зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил ӨМ2017/141 дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтад тендерийн материалыг хуульд нийцүүлэн, өгөгдлийн дагуу бүх материалыг 100 хувь бүрдүүлж, тухайн ажлын төсвийг маш зөв тооцоолон, улсын төсөвт ашигтайгаар, хэрэглэгч иргэдэд ээлтэй байдлаар боловсруулан хүргүүлсэн боловч захиалагч байгууллагаас 2017 оны 10 сарын 06-ны өдөр 2-2096 тоот албан бичгээр “үнэлгээ хийгдэн гэрээ байгуулах боломжгүй” талаар мэдэгдэл өгсөн, захиалагчийн энэхүү шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Сангийн яаманд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан бөгөөд үүний хариуг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Уг тендерт нийт 6 компани оролцсоноос хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Говийн очир огтлоч” ХХК нь НДШимтгэл төлөөгүй, өгөгдлийн хүснэгтэнд шаардсан зарим материал бүрдүүлээгүй шалтгаанаар хасагдаж, үнийн саналаар 2-т байсан “Хустайн шил”ХХК-ийг шалгаруулсан бөгөөд уг компани нь тухайн ажлын төсвийг ямарч үндэслэлгүй төлөвлөн тендер сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх ажлыг хийсвэр үнэ зохиож авсан байж болзошгүй байна гэж манай компани үзэж байна.
Манай аймаг Улаанбаатар хотоос 600 км, Дэрсэн Ус баг нь аймгийн төвөөс 185 км, Улаанбаатар хотоос 785 км, Ганц мод хилийн боомтоос 280 км зайтай байдаг, мөн Өмнөговь аймагт 1 тонн цементийн үнэ 220.000-240.000 төгрөг, ердийн тоосгоны үйлдвэр Номгон суманд хамгийн ойр нь 185 км зайтай байдаг. “Хустайн шил” ХХК нь эрүүл ахуйн болон барилгын чанар, стандартын шаардлагад нийцсэн барилга барих гэж байсан эсэх, түүнчлэн тендерийн өгөгдлийн хүснэгтэнд шаардагдсан материалуудыг бүрэн гүйцэт ирүүлсэн эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн үнэлгээний хороо хуульд заасан журам, үндэслэлээр, шударгаар уг компанийг үнэлж чадаагүй гэж үзэж байна. Манай дотоодын давуу эрх тооцохоор тендерийн материалд тусгасны дагуу барилгын зарим материалыг дотоодын үйлдвэрээс зах зээлийн доод үнээр худалдан авч, барилгыг барихаар төлөвлөсөн байхад үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг баримталж үнэлээгүй, тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлахгүйгээр мөн хуулийн 28, 55 дугаар зүйлийг зөрчин шийдвэр гаргасан, үнэлгээний хорооны шударга бус, хууль бус үнэлгээний улмаас уг тендер сонгон шалгаруулалтад шалгарч чадаагүй бөгөөд тус тендерийн үнэлгээний хороо нь уг худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүйгээс...тендер сонгон шалгаруулалтад өрсөлдөх тэгш боломж алдагдаж, үнэн шударгаар өрсөлдөж орон нутгийн өмчөөр ажил, үйлчилгээ худалдан авах эрх, ашиг зөрчигдсөн гэж үзэж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны “Хустайн шил" ХХК-ийг шалгаруулсан 2017оны 10 сарын 06-ны өдрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгон, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас уг тендерийн ялагчтай байгуулсан 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн ӨМ2017/141 дугаартай гэрээг хүчингүй болгож, тухайн тендерийн үнэлгээг дахин хийхийг дээрх тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү... нэхэмжлэлийн шаардлагаа “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус байсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай” гэж өөрчилж байна...
“*******” ХХК тус шүүхэд ...өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хустайн шил” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлагыг орхигдуулсан байна.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хустайн шил” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Номгон сумын Дэрсэн ус багийн соёлын төвийн барилга шинээр барих тендерт хуульд заасан шаардлагыг хангаж 100 хувь материалыг бүрдүүлж өгсөн. Тухайн ажлын төсвийг мэргэжлийн байгууллагаар улсын төсөвт ашигтай, иргэдэд ээлтэй байдлаар боловсруулж хүргүүлсэн. Захилагч байгууллага 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч компанид үнэлгээ хийсэн гэрээ байгуулах боломжгүй гэсэн мэдэгдэл ирсэн. Тухайн тендер хууль бус явагдсан учраас энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Үүний хариу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Энэ шийдвэрийг гардаж аваад нэхэмжлэгч компани Сангийн яамыг хариуцагчаар татаж, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч харьяалалын бус байна гээд хүлээн авахаас татгалзаж, харьяалалын дагуу Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд шилжиж ирсэн.
Сангийн яам яагаад хариуцахгүй гэхээр тус хуулиар шийдвэрлэгдэх урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тухайн материалыг хянасан болохоос биш Сангийн яамны эцсийн шийдвэр биш гэсэн. Энэ тендер бол Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлагдаж явагдсан учраас харьяалалын дагуу энэ шүүхэд хандах шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянуулахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани шүүхэд эхлээд нэхэмжлэлийн гурван шаардлагыг гаргаж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газраас яллагч компани болох “Хустайн шил” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, тухайн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийлгэхийг үнэлгээний хороонд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан боловч хэрэг хэлэлцэх явцад тухайн тендерийн үйл ажиллагаа явагдаж дуусаад, барилгын ажил баригдаад дууссан учраас тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн “Хустайн шил” ХХК-ийг шалгаруулсан хууль бус шийдвэрийг хууль бус байсныг хүлээн зөвшөөрүүлэх тухай болгож өөрчилсөн. Хуулинд хүлээн зөвшөөрүүлэх гэж байхгүй тул хууль бус байсан болохыг тогтоолгох болгон, аймгийн Засаг даргын Тамгын газраас яллагч компанитай байгуулсан гэрээ болон нэмэлт гэрээнүүдийг мөн хууль бус байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тендерийн хороо тендерийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй байсан компанийг ялагчаар сонгон шалгаруулж гэрээг байгуулсан. Банкны тодорхойлолтыг тендерийн баримт бичигт шаардсан байхад банкны тодорхойлолтгүй компанийг сонгон шалгаруулалтанд оролцуулсан.
Тендерт шалгарсан компани нь “Хустайн шил” ХХК боловч нийгмийн даатгалын баримт бичиг дээр бол “Баян чандмань Хустайн шил” ХХК гэсэн нэртэй баримтыг тендерийн материалд өгсөн. Энэ нь хоёр өөр компани байх эргэлзээтэй байдал байхад лавлагаа тодруулага аваагүй, өртэй байхад сонгон шалгаруулалтанд оруулсан нь ойлгомжгүй. Эрх бүхий албан тушаалтнаас авсан тодорхойлолт дээр өргүй гэсэн байгаа. Програмаас авсан лавлагаан дээр 2 сая гаруй төгрөгний өртэй компанийг сонгон шалгаруулсан нь зөрчилтэй байна. Тухайн тендерт шалгарсан компани барилгын ажлыг төсвийг боловсруулахдаа бодит байдлаар гаргаагүй. Бүрдүүлж өгсөн баримтаас харж байхад тухайлбал банз модыг 108 километрээс татаж авчирна гэсэн байна. Энэ 108 километрээс хаанаас ямар сумаас татах нь ойлгомжгүй. Говийн нутаг өөрөө мод боловсруулах газаргүй. Бэлэн модыг бол Улаанбаатар хотоос мод боловсруулдаг захаас авдаг. Бодит байдалд нийцээгүй төсөв хийсэн байхад төсөвт үнэлгээ өгсөн байдал нь тодорхойгүй байгаа. Бодит бус төсөв хийгээд шалгарсан байгаа нь аймгийн Засаг даргын Тамгын газраас хууль зөрчиж нэмэлт гэрээ байгуулснаар нотлогдож байгаа. Тухайлбал 150 сая төгрөгний төсөвт өртөгтэй тендерийн ажлын төсвийг гүйцээгээд авсан байна. Энэ байдлаас харахад тендер шударга явагдсан уу, тендерийг шалгаруулж байгаа тендерийн үнэлгээний хороо улсад ашигтай иргэдэд ээлтэй байдлаар шийдсэн эсэх эргэлзээ төрүүлж байна.
Үндэслэлгүй гаргасан үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар “Хуштайн шил” ХХК-тай гэрээ байгуулж байгаа нь хууль бус байна. Тухайн компанийн гаргасан ажлын төсөв нь бодит байдалд нийцээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, төсөвт нь нарийвчилсан үнэлгээ хийгээгүй гэрээ байгуулсан. Дахиад нэмэлт гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн. Хоёр тохиолдолд тендерийн нэмэлт гэрээ байгуулдаг. Удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд хугацааны хувьд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Зах зээлийн үнэ гэнэт эрс өссөн тохиолдолд нэмэлт гэрээг байгуулдаг. Гэтэл энэ компанитай байгуулсан гэрээний хувьд ийм асуудлууд үүсээгүй байхад нэмэлт гэрээг хууль зөрчиж байгуулсан.
“Хустайн шил” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээг байгуулсан. Нэмэлт гэрээ байгуулах хооронд хугацаа хэтрүүлэн ажиллаж байсан. Гэрээний хугацаа хэтрүүлэн ажиллаад, найдваргүй гүйцэтгэгч болох нь харагдаж байхад дахин хуулиа зөрчиж нэмэлт гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл болж байна. ******* тендерт оролцсон тухайн 6 компанийн материал дээр тус бүрчлэн үнэлгээ хийх ёстой байхад үнэлгээ хийгээгүй. *******ны хурлын шийдвэрээс харж байхад хурлын тэмдэглэл дээр үнэлгээний хорооны дарга эхлээд “Хустайн шил” ХХК-ийг шалгаруулах саналтай байна гэж хэлсэн байгаа. Энд бас ашиг сонирхлын зөрчил харагдаж байна. “Говийн очир огтлогч” ХХК-ийг шалгаруулах санал гарч энэ хоёр компанийн асуудал яригддаг. Гэтэл хуулиараа тендерт шалгарч оролцож байгаа бүх компани дээр үнэлгээ хийх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Хуулийн дагуу үнэлгээг хийсэн юм бол яагаад 6 дугаар маягтыг бөглөөгүй юм. Мөн гэрээ байгуулах гэж байгаа компани өөрөө банкны баталгаагаа гаргаж өгөх ёстой.
Тендерийн бүрдүүлэх баримт бичигт бичигдсэн байгаа мөртлөө банкны баталгаа гаргаж өгөөгүй байгаа. Гэх мэтчилэн хууль зөрчсөн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслээд гэрээ байгуулж байгаа нь өөрөө хууль бус байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Тендер хууль бус явагдаж гэрээ байгуулсан учраас тендерийг шударгаар явуулж шалгарсан компанитай гэрээг байгуулахыг шаардаж байгаа. Тендер шударгаар явагдсан бол “*******” ХХК шалгарсан байхыг үгүйсгэхгүй, бодитоор хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж зүйл алга, эрх ашиг бол зөрчигдөж байгаа. Тендерт шалгарсан бол олох ёстой байсан ашиг орлогоороо хохирч байна.
Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 10-аас дээш хүнийг авч ажиллуулна гэж баримт бичигт заасан, Өмнөговь аймгийн Нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтсийн тодорхойлолтыг Номгон сумын Засаг дарга төлөөлж гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Номгон суманд хөдөлмөрийн хэлтэс гэж байхгүй. Тендерийн бичиг баримт дээр гэрээ гэж байхгүй байгаа боловч тухайн байгууллагын чиг үүргийн дагуу тодорхойлолт авахад Өмнөговь аймгийн Нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтэстэй хийсэн гэрээ байгуулсан байхыг шаардаж байгаа. Тендерийн баримт бичгийн 5.2-ыг зөрчсөн байгаа. Нийгмийн даатгалын тодорхойлолт тайлан ирүүлсэн байна. Тодорхойлолт ирүүлсэн боловч тайлан дээрээ өртэй компани байгаа. “Хустайн шил” ХХК тендерийн баримт бичгийн 5.2-н е, ж-г зөрчсөн. Тендерийн гэрээ хүчинтэй байх хугацаанд тухайн гүйцэтгэгч компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх ёстой. Гэтэл “Хустайн шил” ХХК нь гэрээ байгуулаад хэдхэн хоногийн дараа тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дууссан байсан. Тусгай зөвшөөрөл нь дуусан байхад барилгын ажил гүйцэтгэж байгаа нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд тендерийг үнэлэх талаар тодорхой заасан байхад үүний дагуу үнэлгээг хийгээгүй.
“Хустайн шил” ХХК нь улсын төсөвт ашиггүй, бодит зах зээлийн ханшнаас хэт бага хийсвэр төсвийг хийж ирүүлсэн гэж миний зүгээс үзэж байна гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын тендерийг холбогдох хууль, журмын дагуу зарласан. Уг тендерийн шалгаруулалтанд нийт 6 компани материал ирүүлж оролцсоны дагуу тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо үнэлгээ хийж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-д тус тус заасныг үндэслэн үнэлгээ хийсэн. Уг тендерт оролцсон компаниудаас хамгийн бага үнийн саналыг тухайн үед “Говийн очир огтлогч” ХХК-иас ирүүлсэн боловч тус компани тендерийн өгөгдлийн хүснэгтэд заагдсан зарим материалыг ирүүлээгүй болон ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, бусад шаардлагуудыг хангаагүй байсан тул дараагийн бага үнийн санал ирүүлсэн “Хустайн шил” ХХК-ийг шалгаруулж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ӨМ2017/141 дугаар “Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих” ажлын гэрээг байгуулсан. Уг тендерийг хэрхэн үнэлж гүйцэтгэгч компанийг шалгаруулсан хууль зүйн үндэслэлийн талаар “*******” ХХК-нд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2-2096 дугаар албан бичгээр мэдэгдсэн. “*******” ХХК-иас тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний талаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу уг тендерийн материалыг татан авч хянан үзсэн.
Сангийн яамны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/6045 тоот албан бичигт “Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил” ӨМ2017/141 дугаар бүхий тендер шалгаруултанд оролцсон “Хустайн шил” ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн байх тул захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжүүлэх нь зүйтэй байна” гэсэн чиглэл өгсөн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Сангийн яамнаас “*******” ХХК-ийн гомдлыг хянан шалгаад гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байна.
Гэтэл “*******” ХХК-иас тус шүүхэд хандаж тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр болон гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, нээлттэй тендерийн үнэлгээг дахин хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна... 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн байдлаар “Хустайн шил ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байгаа бөгөөд шүүхээс уг компанитай байгуулсан гэрээ болон тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гарвал Дэрсэнэ-ус багийн нийт иргэдийн эрх ашиг шууд байдлаар хөндөгдөж, соёлын төвийн барилгын үйл ажиллагааны гүйцэтгэл зогсох нөхцөл байдал үүсвэл Дэрсэнэ-ус багийн иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасан соёл урлагийн үйл ажиллагаа явуулах, 16.16-д заасан багийн нийтийн хуралд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, цуглаан хийх зэрэг үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөж нийтийн эрх ашиг сонирхолд илтэд хохирол учрах тул хариуцагч талын хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэж байна. “*******” ХХК-иас ******* болон тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзэж эцсийн шийдвэр гаргасан Сангийн яаманд холбогдуулан харьяаллын дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах нь зүйтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан үндэслэлээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү..." гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбарууд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газраас Номгон сумын Дэрсэнэ ус багийн соёлын төвийн барилга барих нээлттэй тендерийг зарлаж, Ганзуузай даргаар ахлуулсан тендерийн үнэлгээний хороог байгуулсан. ******* тендерт оролцогчдыг сонгон шалгаруулж шийдвэрээ ирүүлсэн. Энэ шийдвэрийг үндэслэж “Хустайн шил” ХХК-тай гэрээг байгуулсан. Тухай гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахаас өмнө “*******” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас бол үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн байна гэдэг хариуг ирүүлсэн. Энэхүү ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлэн явуулах агуулгатай хариу ирсэн учраас үүнийг үндэслээд гүйцэтгэгч компанитай гэрээг байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ нь эцсийн шийдвэр байна гэж байгаа.
*******ны шийдвэр хууль зөрчөөгүй байна гэдэг эцсийн шийдвэрийг Сангийн яам гаргасан учраас энэ шийдвэрийг үндэслэж гэрээг байгуулсан. Сангийн яам эцсийн шийдвэрээрээ тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан бол тендерийн сонгон шалгаруулах процессыг эхнээс нь явуулах байсан. Хариуцагчаар яагаад аймгийн Засаг даргын Тамгын газрыг татаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар “Хустайн шил” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээний улмаас энэ компанийн ямар хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд байгаа талаар нотлох баримт байхгүй байна. ******* хариуцагч байх боломжтой. “Хустайн шил” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр нэмэлт ажлын гэрээг байгуулсан. Нэмэлт гэрээгээр ямар ажил гүйцэтгүүлсэн талаар үнэлгээний хорооны дарга тодорхой тайлбарласан.
Нэмэлт гэрээгээр шалны ажил, цонхны тавцангийн ажил, котелийн тосолын ажил хийгдсэн. Тендерийн үндсэн ажлын тоо хэмжээн дээр энэ ажлууд байгаагүй учраас нэмэлт гэрээгээр хийлгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байтал одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* /Үнэлгээний хорооны дарга/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбарууд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-иас *******, ӨМ2017/141 дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны “Номгон сумын Дэрсэнэ ус багийн Соёлын төвийн барилга барих ажилд “Хустайн шил” ХХК-г сонгон шалгаруулсан 2017 оны 10 сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан, нэхэмжлэгчээс энэ шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байгаа.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 сарын 08-ны өдрийн а/147 дугаар тушаалаар “Номгон сумын Дэрсэнэ ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулагдаж, батлагдсан зураг төсөв, ажлын тоо хэмжээний хүрээнд мөн оны 08 сарын 10-ны өдөр тендер зарлаж, 9 сарын 11-ний өдөр тендерийг нээсэн. Тендерт нийт 6 компани материал ирүүлсэн байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хянан үзэхэд “Говийн очир огтлогч” компанийн тендер нь шаардлагад нийцээгүй байсан тул тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцсэн 5 тендерт үнэлгээ хийсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь үнэ байх бөгөөд шаардлагад нийцсэн оролцогчдоос “Хустайн шил” ХХК нь 134677935 төгрөгийн үнийн саналаас 3 хувийн хөнгөлөлт үзүүлж 130637597 төгрөгийн үнийн санал ирүүлж, дээрх хуулийн 28.7.3, 28.7.4-т заасны дагуу хамгийн бага үнэтэй, “хамгийн сайн” тендерээр үнэлэгдсэн. Харин “*******” ХХК 146763325 төгрөгийн үнийн саналаас 8 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болж, 135022259 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан. Үнэлгээний хорооны “Хустайн шил” ХХК-г шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч “*******” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус компаниас гаргасан гомдлыг хянан үзээд Сангийн яамнаас “Хустай шил” ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн, захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй, тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх талаар 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 6-1/6045 албан бичгийг ирүүлсэн.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Сангийн яамны шийдвэр нь эцсийн шийдвэр тул захиалагчийн зүгээс тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 24 дүгээр зүйлийн 24.5-д тус тус заасныг баримтлан тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээг байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн талаарх мэдээлэл, нотлох баримтыг ирүүлэх ёстой байтал тус компаниас ирүүлсэн материал нотлох баримтын шаардлага хангаагүй, давуу эрх олгож үнэлэх боломжгүй байсан. “*******” ХХК нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр албан бичгээр гэрээ байгуулахыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн хэдий ч холбогдох хуулийн зохицуулалтын хүрээнд боломжгүй талаарх хариуг 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 2-2325 албан бичгээр хариуг хүргүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д тендерийн баримт бичигт тавигдах шаардлага, шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавигдах шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, ажлын даалгаварыг тусгана гэсэн хуулийн заалттай. Тендерийн баримт бичгийн 9.1-д зааснаар тендерийн баримт бичиг нь өөрөө тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендер шаргаруулалтын өгөгдлийн хүснэгт, ажлын шаардлага, техникийн тодорхойлолт, гэрээний ерөнхий нөхцөл гэсэн гурван хэсэгтэй. Энэ заалтаар тендерт оролцогчдод ямар шаардлага тавих, ямар үзүүлэлтээр шалгаруулах талаар тодорхойлогдож байгаа.
Цахим тендерт оролцож байгаа бол цахим баталгааг ирүүлнэ гэж тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 21-д заасан байгаа учраас тендерийн баталгаа цахим хэлбэрээр ирсэн. Цахим хэлбэрээр баталгаа ирээгүй бол тендер нээхэд тендерийн баталгаа ирүүлсэн эсэх гэсэн цонх байгаа. Энэ цонх онгорхой байх юм бол үнэлгээ хийхгүйгээр шууд хүчингүйд тооцдог. Нийгмийн даатгалын шимтгэлд өөр нэртэй баримт өгсөн гэж байсан. Үүнийг бид үнэлгээ хийхдээ анзаарсан. Тухайн компанийн нэр өөр боловч регистрийн дугаар, захиралын нэр, улсын бүртгэлийн дугаарыг тулга үзэхэд таарч байсан. Нотлох баримтаас харахад тийм л байгаа.
Тендерийн баримт бичгийн 5.2-д нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, тайлан ирүүлэхийг шаардсан. Бусдаар өртэй байна уу үгүй юу гэдгийг шаардаагүй. Татварын тодорхойлолт буюу тендер зарласан өдрөөс хойш татварын өргүй байхыг шаардсан, өргүй. Үнэлэх аргачлалтай асуудлууд яригдаж байна. Хаанаас хэдэн километрийн зайнаас банз, тоосго татах асуудал бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д тодорхой зааж хуульчилж өгсөн байгаа. Энэ тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан. Бид нараас тендерийн баримт бичиг дээр хаанаас татах бэ гэдэг талаар тусгаагүй, хуулинд тодорхой заасан байгаа. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-д захилагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан хангаж байгаа нь түүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Нэмэлт гэрээ байгуулсан үндсэн гэрээний хугацаа дууссан асуудал яригдаж байна. Гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээг байгуулсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад байгаагүй. Мөн иргэдэд ээлтэй байна гэдэг нь худалдан авах ажиллагааны зарчимд иргэдэд ийм ээлтэй байна гэдгийн заагаагүй бид үүнийг үнэлэх боломжгүй. Зөвхөн үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталж үнэлэх ёстой. *******ны дарга шууд саналаа хэлсэн 6 дугаар маягтын бөглөөгүй асуудал дээр үнэлгээний хороо ажиллах Сангийн сайдын журамд үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө үнэлгээгээ 6 маягтын дагуу хийж ирээд тайлбарлах ёстой. Гишүүд бөглөөгүй байгаа нь үнэлгээний хорооны гишүүдийн асуудал болохоос биш үнэлгээний хорооны материал дотор орох асуудал бол биш юм. Банкны баталгаа гээд байгаа энэ бол гүйцэтгэлийн баталгаа юм шиг байна. Энэ хуулинд зааснаар гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулах эрх олгогдсон дараа тухайн аж ахуй нэгж тухайн ажлыг хийх баталгаагаа болгож ирүүлдэг зүйл байгаа.
Тендерийн баримт бичигт бол орж ирэх материал бишээ. Сонгогдох шалгарах үгүйг мэдэхгүй байгаа учраас тендерийн баримт бичигт ирүүлэхгүй. Гүйцэтгэлийн баталгааг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө ирүүлнэ гэж заасан. Бид аль ч аж ахуй нэгж дээр дотоодын давуу эрхийг тооцоогүй. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй 5-10 хүнийг ажлын байраар хангана гэсэн болохоос биш хөдөлмөрийн хэлтэстэй гэрээ байгуулна гэсэн асуудал биш, гэрээг шаардаагүй юм. ”Хустайн шил” ХХК-ийн хувьд аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй Номгон сумын иргэдээс авч ажиллуулахаар тодорхойлолтыг ирүүлсэн байгаа.
“Хустайн шил” ХХК дотоодын давуу эрх тооцох хүсэлт ирүүлээгүй. “*******” ХХК дотоодын давуу эрх тооцуулах нотлох баримт болох гэрээ ирүүлсэн боловч тоосгоны гэрээнд менежерийг орлоод өөр хүн гарын үсэг зурсан, вакум цонхны гэрээнд гарын үсэг зурагдаагүй зөрчил байсан учраас үнэлээгүй.
Маргаан гараагүй бол тухайн аж ахуй нэгж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гэрээт ажлыг гүйцэтгээд дуусгах боломжтой байсан. Худалдан авах ажиллагаа тусгай зөвшөөрлийн хугацаа хоёрыг хооронд нь холбосон хуулийн зохицуулалт байхгүй. Хуулийн 41 дүгээр зүйлийг ярьж байна энэ зүйлд нэмэлт гэрээ байгуулах асуудал биш гэрээнд өөрчлөлт оруулах асуудал байгаа. Тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д нэмэлт гэрээ байгуулах асуудлыг зохицуулсан. Тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг хийх тохиолдолд илүү санал ирэхгүй бол нэмэлт гэрээ байгуулна гэж заасан. Нэмэлт гэрээг босго үнийн 15 хувьд багтаагаад хийсэн. Сүүлд гурван үндсэн зүйл дээр нэмэлт гэрээг байгуулсан. Шалны ажил, цонхны тавцангийн ажил, котелийн тосолын ажлууд тендерийн ажлын тоо хэмжээн дээр энэ ажлууд байгаагүй учраас нэмэлт гэрээгээр хийсэн. Иймд “*******” ХХК-ийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “Хустайн шил” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Соёлын төвийн барилга шинээр барих” ажлын тендер шалгаруулалтад оролцож 2017.10.06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авч 2017.10.23-ны өдөр ӨМ2017/141 тоот гэрээг байгуулсан. ******* ХХК-иас тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний талаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу уг тендерийн материалыг хянан үзсэн болно. Гэрээний дагуу барилгын ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд захиалагч байгууллагад хүглээлгэн өгсөн. Бид дээрх ажлын тендерийн баримт бичиг болон барилга угсралтын ажлыг захиалагч байгууллагаас тавьсан шаардлагын дагуу болон монгол улсын хууль дүрэмд нийцүүлэн чанартай, үнэн зөв гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Иймд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******т болон *******нд холбогдуулан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих тендерийн ялагчтай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ӨМ2017/141 дугаартай гэрээг, тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Хустайн шил” ХХК-ийг шалгаруулсан хууль бус шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Номгон сумын Дэрсэн ус багийн соёлын төвийн барилга шинээр барих ажил ӨМ2017/141 дугаар бүхий нээлттэй тендерийн үнэлгээг дахин хийхийг тухайн тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус байсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай” гэж өөрчилж,[1] мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил” ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хустайн шил” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, хэмжээг ихэсгэсэн[2] байна.
Шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар гуравдагч этгээд “Хустайн шил” ХХК-ийн захирал Т.Ганхуягт мэдэгдэхэд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй...” хүсэлтийг[3] шүүхэд ирүүлсэн, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зарласан ӨМ2017/141 дугаар бүхий “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 50 минутанд интернетээр www.tender.gov.mn хаягаар нээхэд “Толин хотхон” ХХК, “Говийн очир огтлогч” ХХК, “Марзат цамхаг” ХХК, “*******”ХХК, “Эрхэст баянговь” ХХК, “Хустайн шил” ХХК гэсэн 6 компаниас материал ирүүлсэн байснаас мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/147 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Хустайн шил” ХХК-ийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шалгаруулж 130 437 597 /Нэг зуун гучин сая дөрвөн зуун гучин долоон мянга таван зуун ерэн долоо/ төгрөгөөр гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх санал, зөвлөмжийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн, үүнийг үндэслэн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас “гэрээ байгуулахыг зөвшөөрсөн” мэдэгдлийг “Хустайн шил” ХХК-д, “хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй ...гэрээ байгуулах боломжгүй болсон” мэдэгдлийг “*******” ХХК-нд тус тус албан бичгээр мэдэгдсэн нь Тендерийн урилга, Үнэлгээний хорооны 2017 оны 08 дугаар сарын 10, 09 дүгээр сарын 11, 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд, Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд, зөвлөмж, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2-2094, 2-2096 тоот албан бичиг зэрэг[4] хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Уг тендерт оролцсон “Толин хотхон” ХХК, “*******” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн Яамнаас гомдлыг хянаад “...захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй, тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй...” гэсэн хариуг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/6045 тоот албан бичгээр[5] “Толин хотхон” ХХК, “*******” ХХК-д болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт өгсөн байх бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн “Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ыг “Хустайн шил” ХХК-тай “Гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай” А/1069 дугаар захирамжийг[6] гаргасан байна.
Дээрх зөвлөмж, захирамжийн дагуу нэг талаас ******* /цаашид захиалагч гэх/, нөгөө талаас “Хустайн шил” ХХК /цаашид гүйцэтгэгч гэх/ 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож “Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих” ажлын ӨМ2017/141 дугаар гэрээг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих” нэмэлт ажлын ӨМ2017/141-02 дугаартай гэрээг тус тус байгуулсан[7], гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлж дууссан нь “Хустайн шил” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны А/1404 дүгээр захирамж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[8] тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас “...тендерийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй /“Баян чандмань Хустайн шил” ХХК гэсэн өөр нэртэй баримт өгсөн, нийгмийн даатгалд өртэй, барилгын ажлын төсөв нь бодит байдалд нийцээгүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 10-аас дээш хүнийг түр ажлын байраар хангахаа нотлосон холбогдох байгууллагын тодорхойлолт, гэрээгүй, гүйцэтгэлийн баталгаа банкны тодорхойлолт ирүүлээгүй, Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан зэрэг/ хуульд заасан шаардлагыг хангаагүй баримт өгсөн байхад тодруулж шалгаагүй, давуу эрх тооцоогүй, үнэлгээ хийх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад хууль зөрчиж “Хустайн шил” ХХК-тай гэрээ, нэмэлт гэрээ байгуулсан, тендерт шалгарсан бол олох ёстой байсан ашиг орлогоороо хохирч байна...”,
Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...холбогдох хууль, журамд заасны дагуу тендер шалгаруулалтыг явуулж, гэрээ байгуулсан, хууль зөрчөөгүй, Сангийн яамнаас гомдлыг хянаад захиалагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй талаар хариу ирүүлсэн тул “Хустайн шил” ХХК-тай гэрээ байгуулсан, “*******” ХХК-ийн дотоодын давуу эрх тооцуулах нотлох баримт болох тоосгоны гэрээнд менежерийг орлоод өөр хүн гарын үсэг зурагдсан, вакум цонхны гэрээнд гарын үсэг зурагдаагүй зөрчил байсан учраас үнэлээгүй, маргаан гараагүй бол тухайн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гэрээт ажлыг гүйцэтгээд дуусгах боломжтой байсан, хуулинд тендерийг үнэлэхэд тусгай зөвшөөрлийн хугацааг тооцох зохицуулалт байхгүй, шалны ажил, цонхны тавцангийн ажил, котелийн тосолын ажлууд тендерийн ажлын тоо хэмжээнд байгаагүй учраас хуулийн дагуу нэмэлт гэрээ байгуулсан...”,
Гуравдагч этгээдээс “...тендер шалгаруулалтад оролцон шалгарсан, гэрээний дагуу барилгын ажлыг бүрэн хийж дуусган захиалагч байгууллагад хүглээлгэн өгсөн, тендерийн баримт бичиг болон барилга угсралтын ажлыг захиалагч байгууллагаас тавьсан шаардлагын дагуу болон монгол улсын хууль дүрэмд нийцүүлэн чанартай, үнэн зөв гүйцэтгэн хүлээлгэн өгсөн...” гэж тус тус маргасан.
“Номгон сумын Дэрсэн ус багийн соёлын төвийн барилга шинээр барих ажил” гүйцэтгүүлэх тендерийн баримт бичиг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /цаашид ТОӨЗ гэх/-ны 30.1-д “Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө дараахь шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлана. (а) ТОӨЗ-ны 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх, (г) тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэх”, 30.2-т “ТОӨЗ-ны 30.1 дэх хэсгийн (а)-(е) дэх заалтыг хангаж буй тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 30.4-т “Захиалагч шаардлагад үл нийцсэн гэж тогтоогдсон тендерээс татгалзана. Харин тендерт оролцогч түүнд засвар хийж шаардлагад нийцсэн болгож болохгүй”, 34.1-д “Захиалагч зөвхөн ТОӨЗ-ны 30 дугаар зүйлийн дагуу хянан үзээд шаардлагад нийцсэн гэж тогтоосон тендерүүдийг үнэлж, харьцуулна” гэж тус тус заажээ.
Дээрх тендерт нийт 6 компани тендерийн баримт бичиг ирүүлснийг ******* Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Тендерийн баримт бичигт заагдсаны дагуу тендерийн баримт бичиг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж, тендерийг үнэлж, харьцуулжээ.
ТОӨЗ-ны 5.2-т “Хэрэв захиалагч урьдчилан сонголт явуулаагүй бөгөөд ТШӨХ-д өөрөөр заагаагүй бол бүх тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадварыг тогтоохтой холбогдуулан захиалагчийн шаардсан мэдээллийг нотлох баримт болгон тендерийн хамт ирүүлнэ” гэж шаардсан, “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /цаашид ТШӨХ гэх/”-д тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэхээ “Тусгай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Харилцагч банкны тодорхойлолт /...хугацаа хэтэрсэн өргүй байх/, Нийгмийн даатгалын тодорхойлолт, тайлан /ИТА-д голлох мэргэжлийн ажилчид өөрийн компанийн ажилтан байх/, Шүүхийн тодорхойлолт, шүүхийн ерөнхий архиваас авах /иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй байх/, Татварын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш авсан байх, татварын өргүй байх/” зэргээр нотлохоор тусгайлан заасан байх бөгөөд “Хустайн шил” ХХК-ийн “Номгон сумын Дэрсэн ус багийн соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын тендерт ирүүлсэн баримт бичгийг /цаашид ТББ гэх/ хянан үзэхэд тус компаниас гэрээг хэрэгжүүлэх чадварыг тогтоохтой холбогдох баримтуудаа ирүүлсэн, дээрх шаардлагыг хангасан болох нь Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн БУ27-317/14 дугаартай, барилга, угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх Тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн БУ27-317/14 дугаартай гэрээ, Төв аймгийн Баянчандмань суманд байрших “Хустайн шил” ХХК-ийн /регистрийн дугаар 3856291/ Улсын бүртгэлийн 000057202 дугаартай гэрчилгээ, Харилцагч банкны тодорхойлолтууд, Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 211 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны тайлан, тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 08 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Үндэсний татварын албаны 1709050435844 дугаар тодорхойлолт /2017 оны 09 дүгээр сарын 05-ны/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн төрөлжсөн архивын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9861 тоот албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/1589 тоот албан бичиг, Төв аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 323 тоот албан бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон CD-д хадгалагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Мөн “Хустайн шил” ХХК-д БУ27-317/14 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон, уг хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байх боловч захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд харилцан тохиролцож “Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих” ажлын ӨМ2017/141 дугаар гэрээг байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Тендерийн үнэлгээ хийхдээ энэ хуулийн 10.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ тухай тендерийн баримт бичигт тодорхой заах бөгөөд давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн талаархи мэдээлэл, эсхүл энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.7-д заасныг нотлох баримтыг ирүүлнэ” гэж заасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...ТШӨХ-д дотоодын давуу эрхийн зөрүү тооцно гэж заасны дагуу тооцсон бол манай компани хамгийн бага үнийн санал авах боломжтой байсан...”, хариуцагчаас ”...нэхэмжлэгч компаниас дотоодын давуу эрх тооцуулахаар ирүүлсэн “Галтууд” ХХК-тай байгуулсан 2017 оны 48 дугаар, иргэн Б.Батбаяртай байгуулсан 49 дугаартай нүхтэй зузаан тоосго болон вакум цонх үйлдвэрлэлд нийлүүлэх тухай гэрээнүүдэд эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй зөрчилтэй нотлох баримтын шаардлага хангаагүй, давуу эрх олгож үнэлэх боломжгүй байсан учраас үнэлээгүй” гэж тус тус тайлбарласан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, “*******” ХХК-ийн “Номгон сумын Дэрсэн ус багийн соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын тендерт ирүүлсэн баримтуудыг хянан үзэхэд “Худалдах, худалдан авах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээнүүдэд[9] эрх бүхий этгээдээс гарын үсэг зураагүй, уг гэрээний 5.1-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй гэрээ ирүүлсэн нь тогтоогдож байна.
Тиймээс Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх...” гэж зааснаар тухайн ТББ, ТОӨЗ, ТШӨХ зэрэгт заасны дагуу Үнэлгээний хороо нь хуулиар өөрт олгогдсон чиг үүргийнхээ дагуу тендерийн баримт бичиг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж, үнэлгээг хийжээ гэж үзлээ.
Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлага нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4 “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг харьцуулан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Хустайн шил” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчөөгүй, хариуцагч захиалагч байгууллага, тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна”, 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3-т ”үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу тендерийн захиалагч нь тус тендерт шалгарсан “Хустайн шил” ХХК-тай гэрээ байгуулах эсэх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй тул захиалагч гуравдагч этгээдтэй “Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих” ажлын ӨМ2017/141 дугаар гэрээг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, нэмэлт ажлын ӨМ2017/141-02 дугаартай гэрээг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Иймд дээрх үндэслэл, дүгнэлтүүдээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил” ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хустайн шил” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил” ӨМ2017/141 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хустайн шил” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ