Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0233/з |
Дугаар | 221/МА2021/0426 |
Огноо | 2021-08-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0426
“С” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Л.Б, Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нарт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 15 дугаар зүйлийн 15.9, Зөрчлийн тухай хуулийн /2017/ 11.19 дүгээр зүйлийн 1.2, 4-д заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0295186 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “С” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.Б нар давж заалдах гомдолдоо: “...Зөрчлийг тогтоогоогүй, тооцоолол буруу гэж маргаж байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Гомдол гаргагч 2016 оны 159 649 461 төгрөгийн зөрчил, 2017 оны 281 145 600 төгрөгийн зөрчил хэрхэн гарсан нь тодорхойгүй байхад шүүх үүнд дүгнэлт өгөөгүй.
Нийт худалдан авалтын дүн, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогын нийт борлуулалтад эзлэх хувийг “С” ХХК зөвшөөрч байна. Гагцхүү шалгалтаар “нийт худалдан авалт”-ын дүнг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, тайлангаас өгсөн дүнгээс ямар учраас хасагдсан, компанийн аль худалдан авалтуудыг тооцоогүй зэрэг нь ойлгомжгүй байгаа тул “С” ХХК нь гомдолтой байна. Нийт худалдан авалтын дүнг үнэн гэж тооцох тохиолдолд хамгийн ихдээ 2016, 2017 оны зөрчилд 26 709 985,5 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги тооцох учиртай юм. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын нийт борлуулалтад эзлэх 39.85%, 40.7%-ийг хэрхэн хэрэглэж, ямар дүн, тоотой хувь тэнцүүлэн, ямар дүн, тоо гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.
Татвар төлөгч “С” ХХК-ийн тайлангаар өгсөн дүнд хамаарах худалдан авалтуудын алийг нь хассан, яагаад багасгасан гэдэг нь огтоос ойлгомжгүй байгаа тул зөрчлийг тогтоогоогүй гэж үзэж байна.
Шүүх 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэжээ. Энэ нь зөрчлийн тухай хуулийг хэрэглэх журмыг тогтоогоогүй. Ийнхүү хуулийг тайлбарлаж байгаа нь дээр дурдсан Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтуудтай зөрчилдөнө. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол ...2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасан нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үргэлжилж буй эрх зүйн харилцаанд Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэх журмыг тодорхойлсон болохоос 2016, 2017 онд нэгэнт болоод дуусчихсан татварын харилцаанд Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буцаан хэрэглэх журмыг зохицуулсан заалт огт биш юм. “С” ХХК нь 2016-2017 оны эхний хагасын хугацаанд зөрчил гаргасан байсан ч энэ нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх зөрчил биш юм.
Татварын хяналт шалгалтын томилолтыг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 22 хоног олгосон, 27-ны өдөр дууссанаас хойш 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй, 10 дугаар сарын 04-ний өдрөөс 15 хоногоор сунгасан гэж бичсэн ч 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гэсэн нь ойлгомжгүй байхад эдгээрт дүгнэлт өгөлгүй, хариуцагч илэрхий алдаа гаргаж, хууль зөрчсөн байхад хариуцагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвтгөсөөр байгаад гомдолтой байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гомдол гаргагчийн үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй бөгөөд хууль хэрэглээний алдаатай, хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх “С” ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0295186 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Л.Б нар “С” ХХК-ийн 2014-2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтөд шалгалт хийж, татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 461111643.4 төгрөгийн зөрчилд 69166746,4 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0295186 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан ба гомдол гаргагч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.
Уг маргаан таслах зөвлөл 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20/63 дугаар албан бичгээр “...Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.2.6-д “Татвар төлөгч нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах эрх, үүрэгтэй оролцоно”, 3.2.6-д “Татварын ерөнхий хуулийн 47.3-т заасан дүнг төлж баримтыг гомдолд хавсаргах”, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гомдолд дараах нотлох баримтыг хавсаргана” 4.4.2-т “энэ журмын 3.2.6-д заасан мөнгөн дүнг төлсөн баримт” гэж заасан байх тул хуулийн шаардлагыг хангаж гомдлоо гаргана уу” гэх хариуг,
“С” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин 90/20/236 дугаар албан бичгээр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсаныг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20/181 дүгээр албан бичгээр “...Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авах хугацааг сэргээх боломжгүйг мэдэгдэе” гэх хариуг тус тус өгсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1 “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж,
Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй”, 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.1-д заасан гомдлыг дараах харьяаллын дагуу шийдвэрлэнэ:”, 47.5.1-д “аймаг, нийслэлийн татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг тухайн аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл;”, 47.19-т “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд авч үзвэл, гомдол гаргагч “С” ХХК нь маргаж буй татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах бөгөөд уг маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг гардан аваад эс зөвшөөрөл 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 20/63 дугаар албан бичгээр “...хуулийн шаардлага хангуулж гомдлоо гаргах” талаар хариуг өгсөн, гомдол гаргагч уг хариуг эс зөвшөөрч тухайн зөвлөлд холбогдуулан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4970 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Уг цаг хугацаанаас хойш гомдол гаргагч дахин Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсаныг тухайн зөвлөл гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авах хугацааг сэргээх боломжгүйг мэдэгдсэн байх тул гомдол гаргагч “С” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/181 дүгээр албан бичгийг гардан авсан өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс тооцох үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул маргаан бүхий захиргааны актын агуулга болон хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР