| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0283/Э |
| Дугаар | 299 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 299
2020 04 14 2020/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Д.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Г-т холбогдох эрүүгийн 2011 00700 0301 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын г-505 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Боржигон овогт Д.Г, регистрийн дугаар / /,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамжны 505 тоот гэртээ эхнэр Б.Энхзаяатай "мөнгө өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд “баруун зовхи, зүүн зовхи, хацар, шанаа, баруун бугалга, тохой, шуу, гуянд цус хуралт, дух, баруун хөмсөгний доод хэсэг, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эхнэртэйгээ хамт амьдраад 2 жил болж байна. Би ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр амархан согтдог. Тухайн болсон үйл явдлыг би сайн санахгүй байгаа. Цаашдаа архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэхгүй амьдарна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энхзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим өөрийн найзыгаа төрсөн учраас хүүхдийг нь эргэх зорилгоор Модны хоёрт байх гэрт нь очсон юм. Орой 21 цагийн орчим би нөхөр Д.Г-ийн утас руу нь залгаад ажил чинь тарж байвал намайг ирээд авчих гэж хэлээд дуудсан. Удалгүй нөхөр маань ирж авсан бид хоёр 21:30 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-505 тоот гэртээ ирсэн...Удалгүй манай нөхөр намайг сэрээгээд мөнгө байна уу? гэхээр нь би түүнийг нэмж архи уух гэж байна гэж бодоод мөнгө байхгүй, би бүх мөнгөө үрээд дуусгачихсан гээд хэлчихсэн юм. Тэгтэл миний урдаас чи тэр байрны түрээсийн мөнгө аваад ир гээд мөнгө нэхээд уурлаад, чанга орилж хашгичаад, агсраад эхэлсэн. Тэгэхээр нь би хүү Төгөлдөр /эр 13 настай/-ийг миний хүү цагдаа дууд гэж хэлээд өөрийнхөө утсыг хүүдээ өгтөл утсыг нь булааж аваад хананд савчихсан. Тэгэхээр нь би уурлаад Д.Г руу яахаараа утас авч шиддэг юм гэх зэргээр уурлатал Д.Г миний хүзүү хэсгээр сугандаа хавчуулж байгаад, нөгөө гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа маш хүчтэй цохисон. Тухайн үед би их өвдөөд гарыг нь тавиулахын тулд түүний зүүн суганы доод хэсэгт хазаж түүнээс холдсон. Тухайн үед миний хамарнаас цус гараад, нүд, хацар, шанаа хэсэг газруудаар хавдчихаар нь би уур хүрээд түүний нуруу хэсэгт хазсан. Уг хэрүүл маргаан, зодоон болж байх үед гаднаас манай төрсөн эгч Энхбайгаль орж ирсэн. Энэ үед Д.Г манай эгчээс айгаад шууд хүү Гантогтохыг аваад гараад явчихсан. Манай эгч Энхбайгаль нь манай хажуу хашаанд амьдардаг юм. Тухайн хэрэг болсон өдөр би эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад хандалгүйгээр гэртээ хоносон. 2020.03.05-ны өглөө 06 цагийн орчим Д.Г ирээд машины түлхүүр хаана байна гэж хайж байгаад гараад явсан. Би босоод толинд өөрийгөө харахад миний нүүр битүү хавдартай, танигдахын аргагүй болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж юм ойлгуулъя, шалгуулъя гэсэн зорилгоор цагдаа дуудсан...Надад одоо гомдол, санал, хүсэлт байхгүй. Нөхөртэйгөө ярилцаж учраа олсон, хоорондын гэр бүлийн харилцаа хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би түүнийг хойш нь түлхээд, нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3337 дугаартай “...Б.Энхзаяагийн биед баруун зовхи, зүүн зовхи, хацар, шанаа, баруун бугалга, тохой, шуу, гуянд цус хуралт, дух, баруун хөмсөгний доод хэсэг, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/
Шүүгдэгч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд ажлаа тараад эхнэр Б.Энхзаяагийн гар утас руу залгахад, би Модны хоёрт найзындаа байна ирээд авчих гэж ярьсан. Тухайн үед манай эхнэрийн хэл ам нь ээдэрчихсэн, архи уучихсан байдалтай байсан. Би 21 цагийн орчимд Модны хоёрт байх “Бөмбөөлэй” гэх цэцэрлэгийн орчимоос эхнэрээ очиж авсан. Тухайн үед манай эхнэр согтчихсон байдалтай байхаар нь би түүнд хандаж би мөнгө олох гэж зовж байхад чи ингээд ууж идээд яваад байх юм гэтэл миний урдаас яадаг юм гээд урдаас ам зөрөөд маргалдах гээд байхаар нь би юм хэлэлгүй орхичихсон юм. Ингээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-505 тоотод гэртээ ирсэн ба эхнэрийгээ гэртээ оруулчихаад, би гэртээ орохгүй шууд дэлгүүр яваад 200 граммын Хараа нэртэй архи авч талыг нь гадаа уучихаад орсон. Гэрт ороход хоёр хүү болох Г.Гантогтох /эр-13/, М.Төгөлдөр /эр-13/ нар нь унтаж байсан. Намайг гэрт ороход манай эхнэр би дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд гарсан ба, орж ирэхдээ 1 том савтай пиво, ундаа чипс зэргийг авчихсан орж ирсэн. Эхнэр бид хоёр уг пивоо хувааж ууж дуусгасан ба эхнэр унтлаа гээд орон дээрээ гараад хэвтсэн. Би үлдсэн тал шилтэй архиа уучихаад эхнэрийнхээ хажуугаар орж хэвтсэн. Орондоо орчихоод би эхнэртээ хандаж хоёулаа байр түрээсэлж олдог мөнгөө дундаа эзэмшиж байя гэтэл үгүй ээ, би өөрөө санхүүгээ барина гээд дургүйцсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж чи дандаа л ажлынхаа хүмүүстэй орж гараад, ууж идэж байдаг биздээ гэтэл миний урдаас огцом уурлаад хашгичхаар нь би түүнийг орноос түлхэж унагаагаад өөрөө орноос босоод түүний нүүрэн тус газарт 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл эхнэр бүр уурлаад орилж хашгичаад миний цээж, нуруу хэсгээс хазсан. Ингээд бид хоёр орилж хашгичаад муудалцаж байх үед гаднаас нэг хашаанд амьдардаг хадам эгч Энхбайгаль орж ирэхээр нь би хүү Г.Гантогтохыг авч гараад 5 шард оршин суух аавынхаа гэрт очиж хоносон. 2020.03.05-ны өглөө 07 цагийн үед би гэртээ ирэхэд эхнэр Б.Энхзаяагийн баруун нүд шанаа зэрэг нь хөхрөөд хавдчихсан байсан ба намайг гар зайл гээд хөөхөөр нь би дахиад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 31/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 32/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаар тогтоол /хх 46/, шүүгдэгч Д.Гийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 44/, хохирогч Б.Энхтуяагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 43/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамжны 505 тоот гэртээ эхнэр Б.Энхзаяатай "мөнгө өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд “баруун зовхи, зүүн зовхи, хацар, шанаа, баруун бугалга, тохой, шуу, гуянд цус хуралт, дух, баруун хөмсөгний доод хэсэг, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 34-35 дугаар хуудас/, хохирогч Б.Энхзаяагийн “...Удалгүй манай нөхөр намайг сэрээгээд мөнгө байна уу? гэхээр нь би түүнийг нэмж архи уух гэж байна гэж бодоод мөнгө байхгүй, би бүх мөнгөө үрээд дуусгачихсан гээд хэлчихсэн юм. Тэгтэл миний урдаас чи тэр байрны түрээсийн мөнгө аваад ир гээд мөнгө нэхээд уурлаад, чанга орилж хашгичаад, агсраад эхэлсэн. Тэгэхээр нь би хүү Төгөлдөр /эр 13 настай/-ийг миний хүү цагдаа дууд гэж хэлээд өөрийнхөө утсыг хүүдээ өгтөл утсыг нь булааж аваад хананд савчихсан. Тэгэхээр нь би уурлаад Д.Г руу яахаараа утас авч шиддэг юм гэх зэргээр уурлатал Д.Г миний хүзүү хэсгээр сугандаа хавчуулж байгаад, нөгөө гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа маш хүчтэй цохисон. Тухайн үед би их өвдөөд гарыг нь тавиулахын тулд түүний зүүн суганы доод хэсэгт хазаж түүнээс холдсон. Тухайн үед миний хамарнаас цус гараад, нүд, хацар, шанаа хэсэг газруудаар хавдчихаар нь би уур хүрээд түүний нуруу хэсэгт хазсан. Уг хэрүүл маргаан, зодоон болж байх үед гаднаас манай төрсөн эгч Энхбайгаль орж ирсэн...Надад одоо гомдол, санал, хүсэлт байхгүй. Нөхөртэйгөө ярилцаж учраа олсон, хоорондын гэр бүлийн харилцаа хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Д.Г-ийн “...би түүнийг хойш нь түлхээд, нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3337 дугаартай “...Б.Энхзаяагийн биед баруун зовхи, зүүн зовхи, хацар, шанаа, баруун бугалга, тохой, шуу, гуянд цус хуралт, дух, баруун хөмсөгний доод хэсэг, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/, шүүгдэгч Д.Г-ийн “...би түүнийг орноос түлхэж унагаагаад өөрөө орноос босоод түүний нүүрэн тус газарт 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл эхнэр бүр уурлаад орилж хашгичаад миний цээж, нуруу хэсгээс хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Энхзаяа нь “...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ