Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

2020        04          15                                   2020/ШЦТ/303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч О.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Г-д холбогдох эрүүгийн 2011 00000 0292 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, нуур 2 дугаар гудамж 1б тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-53 тоотод түр оршин суудаг,

-урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,

Боржигон овогт О.Г, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамжны 53 тоотод иргэн Ц.Нарангоог "найз нөхөдтэй минь ярьлаа" гэх шалтгааны улмаас хоолойг нь гараараа боох, уруул руу нь цохих, хөлөөрөө толгойн тус газар өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөрийн машинаар таксинд явдаг, сард 500 000 төгрөг олдог.Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Нарангоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хамтран амьдрагч Гантулгын гэрт нь маргалдсан бөгөөд маргаан үүссэн шалтгаан нь өөр хүүхэнтэй харьцдаг байсан бөгөөд тэр хүүхэн нь над руу яриад маргасан мөн дээрээс нь нэмээд архи дарс ууснаас болоод маргалдсан. Тэр өдөр Хан-Уул дүүрэгт гэртээ байж байгаад 7-н буудалд Гантулгын гэрт ирсэн бөгөөд гэрт нь ортол архи уучихсан байдалтай орондоо хэвтэж байсан. Тэгтэл намайг аятайхан байгаарай найз нөхөд рүү утсаар ярьлаа, зайл гэж хэлсэн. Би хэрүүл хийгээд яахав ээ маргааш хагалгаатай байж архи дарс уулаа гээд орон дээр хэвтэж байхаар нь орных нь хөлөнд очоод суутал хөлөө миний баруун талын гуя руу 1 удаа тийрээд зайлаач хүний найз нөхөдтэй яриад гэж хэлсэн. Би О.Г-д хандаад чиний л хийсэн ажил шүү дээ гэж хэлсэн. Би орны хөлд нь сууж байтал зайлаач гэж хэлээд босоод ирсэн бөгөөд би 2 хөлнийх нь шилбэ хэсгээс нь 2 гараараа барьсан. Тэгээд намайг битгий хөлнөөс бариад бай гэж хэлээд хоолой руу гараараа түлхээд арагшаа унасан. Би уначихаад О.Г-д чи намайг унагаагаад хаячихлаа шүү дээ гэж хэлтэл миний толгойны баруун тал руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад унасан. Нэг сэртэл Гантулгын ээж ирчихсэн сэрээрэй гэж байсан. Тэгээд надад унааны 5.000 төгрөг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 3535 дугаартай “...Ц.Нарангоогийн биед уруул, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03-р сарын 07-ний орой 18 цагийн үед би гэртээ ганцаараа хэвтэж байтал танилцаад удаагүй уулздаг эмэгтэй Нарангоо орж ирээд чи одоо архи уухаа болиоч өөр хүнтэй яваад байгаа юм уу гэж хэлсэн. Би Нарангоод хандаад надад тийм асуудал байхгүй би найз нөхөдтэй хүн найз нөхөдтэйгээ уулзаж болно биздээ гэж хэлсэн мөн хоёулаа болиё би ийм хартай хүнтэй байж чадахгүй гэж хэлсэн бөгөөд Нарангоо би чамаас салмааргүй байна салах юм бол амиа хорлоно гэж хэлж байсан. Би орноосоо босоод гарах гэтэл 2 хөлнөөс тэвэрчихээд би үхмээр байна гээд байсан бөгөөд би чи юу яриад байгаа юм намайг тавь гээд гарных нь 2 булчингаас бариад өөрийнхөө биенээс салгах гэж түлхсэн. Бид хоёр 3-5 минут хоорондоо ноцолдоод Нарангоо ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би сэрээх гээд хацар руу зөөлөн 2 удаа алгадсан. Ингээд байж байтал гаднаас манай ээж Очирбат орж ирээд юу болоод байна гээд гэж хэлсэн бөгөөд би болсон зүйлийн талаар хэлсэн. Ээж үнэртэй ус үнэртүүлээд хамарны доод хонхорхой дээр дарсан. Тэгээд би тамхи татах гээд гарсан. 5-6 минут болоод эргээд гэртээ ортол Нарангоо хоол цай идэж уугаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 24/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 39/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 86 дугаар тогтоол /хх 60/, шүүгдэгч О.Г-н гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/, хохирогч Ц.Нарангоогийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамжны 53 тоотод иргэн Ц.Нарангоог "найз нөхөдтэй минь ярьлаа" гэх шалтгааны улмаас хоолойг нь гараараа боох, уруул руу нь цохих, хөлөөрөө толгойн тус газар өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Ц.Нарангоогийн “...2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хамтран амьдрагч Гантулгын гэрт нь маргалдсан ...хэвтэж байхаар нь орных нь хөлөнд очоод суутал хөлөө миний баруун талын гуя руу 1 удаа тийрээд зайлаач хүний найз нөхөдтэй яриад гэж хэлсэн. Би О.Г-д хандаад чиний л хийсэн ажил шүү дээ гэж хэлсэн. Би орны хөлд нь сууж байтал зайлаач гэж хэлээд босоод ирсэн бөгөөд би 2 хөлнийх нь шилбэ хэсгээс нь 2 гараараа барьсан. Тэгээд намайг битгий хөлнөөс бариад бай гэж хэлээд хоолой руу гараараа түлхээд арагшаа унасан. Би уначихаад О.Г-д чи намайг унагаагаад хаячихлаа шүү дээ гэж хэлтэл миний толгойны баруун тал руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад унасан. Нэг сэртэл Гантулгын ээж ирчихсэн сэрээрэй гэж байсан. Тэгээд надад унааны 5.000 төгрөг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 3535 дугаартай “...Ц.Нарангоогийн биед уруул, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/, шүүгдэгч О.Г

“...2020 оны 03-р сарын 07-ний орой 18 цагийн үед би гэртээ ганцаараа хэвтэж байтал танилцаад удаагүй уулздаг эмэгтэй Нарангоо орж ирээд чи одоо архи уухаа болиоч өөр хүнтэй яваад байгаа юм уу гэж хэлсэн...Би орноосоо босоод гарах гэтэл 2 хөлнөөс тэвэрчихээд би үхмээр байна гээд байсан бөгөөд би чи юу яриад байгаа юм намайг тавь гээд гарных нь 2 булчингаас бариад өөрийнхөө биенээс салгах гэж түлхсэн. Бид хоёр 3-5 минут хоорондоо ноцолдоод Нарангоо ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би сэрээх гээд хацар руу зөөлөн 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Хохирогч Ц.Нарангоо нь “...О.Г нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч О.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ