| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0289/Э |
| Дугаар | 309 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 309
2020 04 15 2020/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хябаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Б-д холбогдох эрүүгийн 1811 00759 0281 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн 6 дугаар баг үндсэн тосгон 85 брак гудамж, 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 18-53 тоотод түр оршин суудаг,
урьд нь 2006 оны 12 сарын 22-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүилййн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж 1 жил хойшлуулсан,
-2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял оногдуулсан 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хугацаанаас 10 сар 19 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
-2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 100а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасанаар 5 жил 3 сар хорих ял оногдуулж 2 жил хойшлуулсан,
-2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулсан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдасан.
Боржигон овогт О.Б, регистрийн дугаар /МЮ91121319/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кола-Кебаб" түргэн хоолны газарт орох гэж байсан М.Болортуяагийн халааснаас “lphone-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625,000 /зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв....” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэн М.Болортуяагаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч М.Болортуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 18 тоот гэрээсээ 17 цаг 50 минутын орчим гараад найз Укатай уулзахаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Кока кола кебаб” түргэн хоолны газар руу явах хоорондоо Ука руу залгаад хаана байгаа талаар асуучихаад куртканыхаа зүүн халаасанд утсаа хийчихээд “Кока кола кебаб” түргэн хоолны газрын хаалгыг татах хооронд миний халаас руу гараа хийх шиг болохоор нь халаасаа тэмтэрч үзтэл халаасанд байсан утас байхгүй болчихсон байсан ба эргээд харсан чинь нэлээн олон хүн байхаар нь хэнийг нь авсныг мэдэхгүй миний гар утсыг өгөөч гэсэн чинь бид нар аваагүй чинь ар талд 3 залуу явж байсан тэр 3 авсан байх гэж хэлсэн ба “Кока кола кебаб” руу орж камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд 1 дэх нь хар малгай, хар курткатай, нөгөөх нь сайн харагдахгүй байсан ямар ч байсан 26-27 насны 3 эрэгтэй хүний хар малгайтай, хар курткатай эрэгтэй хүн нь миний араас дагаж явж байгаад миний халаасанд байсан гар утсыг аваад өөрийнхөө халаасанд хийчихээд яваад өгсөн бичлэг байхаар нь би 102 дугаарын утас руу залгаж цагдаа дуудсан юм...Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Б нь гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 02 сарын 27-ны 17 цаг өнгөрч байхад Мөнгөнзавъяагийн автобусны буудал дээр найзтайгаа уулзчихаад УИД-ийн урд талаас салаад манай найз циркрүү би мэргэжилтний 20-ын автобусны буудал орохоор алхсан юм. Тэгтэл миний урд нэг эмэгтэй урт куртканыхаа баруун халаасанд гар утсаа хийчихсэн алхаж байгаа нь харагдсан юм. Тэр эмэгтэй Кола кебаб руу орох гээд хаалга татах үед нь би гар утсыг нь халааснаас нь авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Эд зүйл хурааж авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 онд сар, өдрийг санахгүй байна Хүнсний 20 дэлгүүрийн хажуу талын “Кола Кебаб” гэх хоолны газрын ойролцоо байхдаа уг хоолны газар луу орж явсан ганцаараа явж байсан нэг эмэгтэйн зүүн талын халааснаас нь Айфоне-6 маркийн цагаан билүү саарал өнгийн гар утсыг хулгайлж авсан. Улмаар тэр гар утас нь дэлгэц нь хагархай кодтой байсан болохоор “Тэди” төвийн гадаа үл таних ченж бололтой нэг хүнд 50.000 төгрөгөөр зарсан ба тэр мөнгийг нийтийн байрныхаа төлбөрт өгсөн. Улмаар 3 хоногийн дараа цагдаагийн байгууллагад баригдаж ирсэн ба улмаар 1 сарын дараа хохирогч эмэгтэйд өөрөөсөө 650.000 төгрөгөөр “Тэди” төвөөс Айфоне-6 маркийн гар утсыг худалдаж авч өгөн хохирлыг бүрэн барагдуулсан. Худалдаж авч өгсөн гар утас нь дэлгэц нь бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй шинэ утас байсан. Энэ хэргээ шийдүүлэх гэж явж байгаад 2018 оны 04 дүгээр сард Оросын Холбооны Улсын Москва хотод аялаад явж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг хүнийг гэмтээгээд улмаар Москва хотын шоронд 10 гаруй сар хоригдож байгаад 3-4 сар тэндээ дахин амьдарч байгаад Монголдоо 2019 оны 02 дугаар сард ирсэн. Тухайн үед Монголд ирээд ажил хийгээд нийтийн байранд амьдарч байгаа ба 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллагаас огт дуудаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Б-гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 88/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 70/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 71/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дугаар тогтоол /хх 109/, шүүгдэгч О.Б-гийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 107/, хохирогч М.Болортуяагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 105/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кола-Кебаб" түргэн хоолны газарт орох гэж байсан М.Болортуяагийн халааснаас “lphone-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625,000 /зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 19 дүгээр хуудас/, хохирогч М.Болортуяагийн “...“Кока кола кебаб” руу орж камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд 1 дэх нь хар малгай, хар курткатай, нөгөөх нь сайн харагдахгүй байсан ямар ч байсан 26-27 насны 3 эрэгтэй хүний хар малгайтай, хар курткатай эрэгтэй хүн нь миний араас дагаж явж байгаад миний халаасанд байсан гар утсыг аваад өөрийнхөө халаасанд хийчихээд яваад өгсөн бичлэг байхаар нь би 102 дугаарын утас руу залгаж цагдаа дуудсан юм...Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/, шүүгдэгч О.Б-гийн гэрчээр өгсөн “...Би 2018 оны 02 сарын 27-ны 17 цаг өнгөрч байхад Мөнгөнзавъяагийн автобусны буудал дээр найзтайгаа уулзчихаад УИД-ийн урд талаас салаад манай найз циркрүү би мэргэжилтний 20-ын автобусны буудал орохоор алхсан юм. Тэгтэл миний урд нэг эмэгтэй урт куртканыхаа баруун халаасанд гар утсаа хийчихсэн алхаж байгаа нь харагдсан юм. Тэр эмэгтэй Кола кебаб руу орох гээд хаалга татах үед нь би гар утсыг нь халааснаас нь авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, эд зүйл хурааж авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-32 дугаар хуудас/, шүүгдэгч О.Б-гийн “...2018 онд сар, өдрийг санахгүй байна Хүнсний 20 дэлгүүрийн хажуу талын “Кола Кебаб” гэх хоолны газрын ойролцоо байхдаа уг хоолны газар луу орж явсан ганцаараа явж байсан нэг эмэгтэйн зүүн талын халааснаас нь Айфоне-6 маркийн цагаан билүү саарал өнгийн гар утсыг хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хохирогч М.Болортуяа нь “...О.Б нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч О.Бг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч О.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарлав.
Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ