Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

2020        04         16                                   2020/ШЦТ/311

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.М-т холбогдох эрүүгийн 1911 03244 0264 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 16 дугаар гудамжны 409 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Боржигон овогт Г.М, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 15 тоотод согтуугаар Б.Баярдэлгэртэй хэрүүл маргаан үүсгэн, гэрээс нь хөөгдөж гарахдаа гадна зогсоолд тавьсан 07-55 УБС улсын дугаартай "Porsche Cayenne" загварын тээврийн хэрэгслийн урд болон зүүн хойд хаалганы шилийг чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас Б.Баярдэлгэрт бага хэмжээнээс дээш буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Ахтайгаа хамт барилгын ажилд тусалдаг. Засал чимэглэл хийдэг. Би сард 600,000-700,000 төгрөг авдаг. Хохирол төлбөрт 800,000 төгрөг төлж барагдуулсан. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Б.Баярдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 15 тоотод байх манай гэрт хамт фитнесст хичээллэж танил болсон Г.М гэх залуу ирсэн. Араас нь удалгүй манай найз Ган-Илд ирээд пиво уугаад сууж байтал Г.М үг сөргөөд жоохон маргах шинжтэй болохоор нь чи боль, үгүй бол яв гэсэн чинь над руу уурлаж эхлэхээр нь манайхаас зайл гээд хөөгөөд явуулсан. Гарахдаа та хоёрыг хоёуланг нь алнаа, гөлөгнүүдээ гэх зэргээр занаад гарсан. Ямар нэг зодоон цохион болоогүй. Тэгээд 22 цагийн үед найз Ган-Илдийг таксинд суулгаж өгөхөөр гараад иртэл байрны гадаа тавьсан миний машины урд салхины шил цуурч хагарсан, зүүн хойд хаалганы шилийг бүр цөмлөөд хагалчихсан байсан. Дотроос нь ямар нэг эд зүйл алдагдаагүй, зүгээр заналхийлж хорссон байдалтай нь мэдэгдсэн тул Ган-Илд нөгөө пацаан чинь хагалчихсан байна даа гэж байсан. Манай байранд хяналтын камер байдаггүй, Мөнхтамир намайг 07-55 УБС улсын дугаартай машин унадагийг мэднэ, надад 900.000 төгрөгийн хохирол учирснаас 800.000 төгрөгийг төлсөн, одоо санал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 дугаар хуудас/,

07-55 УБС улсын дугаартай “Porsche Cayenne” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед над руу Баярдэлгэр ах залгаад манайд хүрээд ирээч гэсэн тул би ЧД-ийн 6-р хороо 24-15 дугаар байранд очсон. Тэгээд би Баярдэлгэр ахын гэрт очиход Баярдэлгэр ах ганцаараа согтуу байсан ба бид хоёр хамтдаа 2 литрийн 1 том пиво хувааж уугаад сууж байтал гаднаас Баярдэлгэр ахын найз Ган-Илд гээд залуу ирсэн ба бид 3 нийлээд пиво уугаад сууж байтал Баярдэлгэр ах найзтайгаа маргалдаад хэрүүл өдөж байгаад гэнэт Баярдэлгэр ах согтуурахаад намайг давар гээд надруу уурлаад эхэлсэн ба намайг давраад байгаарай гөлөг минь гэхээр нь би тоглоод байна гэж ойлгоод байж байтал янз бүрийн зан гаргаад байхаар нь миний бас дургүй хүрээд хоорондоо үйл ойлголцол үүсээд маргалдсан чинь Баярдэлгэр ах намайг зайл лалар минь гэж хэлээд надруу дайраад цохих гээд байхаар нь би Баярдэлгэр ахтай муудалцаад хоорондоо зодолдож магадгүй гэж бодоод Баярдэлгэр ахын гэрээс гадуур хувцсаа өмсөөд гараад явсан ба тухайн үед миний уур маш их хүрч байсан тул гадагшаа гарахад байрны гадаа зам дагуу зогсоол дээр Баярдэлгэр ахын Порше Кайнне маркийн 07-55 УБС услын дугаартай автомашин байхаар нь би архи уусан согтуудаа болон уурандаа газраас чулуу аваад Баярдэлгэр ахын автомашины урд талын цонхруу шидэж цонхыг нь хагалсан. Тэгээд автомашины зүүн талын цонхыг бас чулуугаар шидээд хагалсан юм. Тэгээд би гэрлүүгээ замаас такси бариад харисан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 15 тоотод согтуугаар Б.Баярдэлгэртэй хэрүүл маргаан үүсгэн, гэрээс нь хөөгдөж гарахдаа гадна зогсоолд тавьсан 07-55 УБС улсын дугаартай "Porsche Cayenne" загварын тээврийн хэрэгслийн урд болон зүүн хойд хаалганы шилийг чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас Б.Баярдэлгэрт бага хэмжээнээс дээш буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Баярдэлгэрийн “...Г.М үг сөргөөд жоохон маргах шинжтэй болохоор нь чи боль, үгүй бол яв гэсэн чинь над руу уурлаж эхлэхээр нь манайхаас зайл гээд хөөгөөд явуулсан. Гарахдаа та хоёрыг хоёуланг нь алнаа, гөлөгнүүдээ гэх зэргээр занаад гарсан. Ямар нэг зодоон цохион болоогүй. Тэгээд 22 цагийн үед найз Ган-Илдийг таксинд суулгаж өгөхөөр гараад иртэл байрны гадаа тавьсан миний машины урд салхины шил цуурч хагарсан, зүүн хойд хаалганы шилийг бүр цөмлөөд хагалчихсан байсан. Дотроос нь ямар нэг эд зүйл алдагдаагүй, зүгээр заналхийлж хорссон байдалтай нь мэдэгдсэн тул Ган-Илд нөгөө пацаан чинь хагалчихсан байна даа гэж байсан. Манай байранд хяналтын камер байдаггүй, Мөнхтамир намайг 07-55 УБС улсын дугаартай машин унадагийг мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 дугаар хуудас/, 07-55 УБС улсын дугаартай “Porsche Cayenne” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-30 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Мын “...Баярдэлгэр ахын гэрээс гадуур хувцсаа өмсөөд гараад явсан ба тухайн үед миний уур маш их хүрч байсан тул гадагшаа гарахад байрны гадаа зам дагуу зогсоол дээр Баярдэлгэр ахын Порше Кайнне маркийн 07-55 УБС услын дугаартай автомашин байхаар нь би архи уусан согтуудаа болон уурандаа газраас чулуу аваад Баярдэлгэр ахын автомашины урд талын цонхруу шидэж цонхыг нь хагалсан. Тэгээд автомашины зүүн талын цонхыг бас чулуугаар шидээд хагалсан юм. Тэгээд би гэрлүүгээ замаас такси бариад харисан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ:Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Харин хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.М нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Б.Баярдэлгэр нь “...би хохирол болох 800.000 төгрөгийг барагдуулан авсан. Надад гомдол, санал байхгүй...” гэх тул шүүгдэгч Г.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ