Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 01

 

,

                  Б.Нийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны   12 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2016/00336 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чд холбогдох

Гэм хорын хохирол 2879750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Б.Чийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.У, хариуцагч Б.Ч, нарийн бичгийн дарга Б.Баярмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016.08.27-ны өдөр Эрээн хотод ажлынхаа нэрийн хуудсыг тараагаад 3 дугуйт хүн тэргэнд суугаад буцаж явж байхад *** ДГА улсын дугаартай жолооч Б.Чараас машинаараа хүчтэй мөргөж миний бие хүн тэрэгний дотор талыг 3 удаа мөргөсөн ба буугаад толгой нуруугаар өвдөөд сууж байхад орхиод явсан. Манай нөхөр Д.С 2016.08.28-ны өдөр 14 цагийн орчим Замын-Үүдээс Эрээн хотод ирж *** ДГА машины жолооч Чийн найзынх нь хятад дугаар руу залгаж ярьсны эцэст орой 20 цагийн үед ирж уулзсан. 2016.08.29-нд 11 цагийн үед Эрээн хотын Замын цагдаа дээр очиж уулзаад эмчилгээний талаар ярихад шийдтэй хариу хэлээгүй. Б.Н миний бие өвдөөд ажлын байр луугаа буцаж очиж хэвтсэн. Тэр хооронд жолооч Чтаньдаг Өвөрмонгол хүнээрээ яриулаад тухайн ослыг хаалгасан байсан.

8 сарын 29-нд Замын-Үүд орж ирсэн өдрөөсөө эхлэн цефазлин тариа 10 сая, 0,9  натри 250 гр витамин В комплекс 3 ш 5 удаа залгасан, метрогель 100 гр 5 удаа залгаж эмчилгээ хийлгэсэн. Эрээн хотод толгойны зураг авахуулсан 237 юань, Замын-Үүд рүү буцсан зардал 240 юань, бариач 100 юань, утас 50 юань, такси 46 юань, томограф, эхо, компьютер нийт 1500000 төгрөг болсон. Тухайн ослоос болж 11 хоногийн ажил алдагдсан /5200000/, 2016.09.05-ны өдөр хүртэл жолооч Чнь өдөр болгон утсаар ярьж намайг эндээс салгаад өгөөч, би  Замын-Үүд рүү оронгуутаа эмчилгээний зардал, бусад хохирлыг барагдуулж өгнө гээд байхаар нь өөрийн нөхрийн хамт Чийн эхнэртэй Эрээн рүү гарсан. Эрээн рүү явах замд бие муудаж, бөөлжиж байхыг эхнэр нь мэдэж байгаа. 2016.09.05-ны өдөр жолооч Чийг цагдаагаас салгаж өгсөн. Чнь 2016.09.07-ны өдөр хохирлыг бүрэн төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл сураггүй байна. Одоогийн байдлаар миний бие хоол унданд муу, идсэн ууснаа бөөлжиж гаргадаг хэвээр, толгой байнгын өвдөнө. Жаахан босож явахаар толгой эргээд нүд бүрэлзэн, ууц нуруугаар өвддөг болсон. Хурдан хугацаанд хот орж эмчлүүлмээр байна. Тухайн үед жолооч Чнь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хятад талын хохирлыг барагдуулсан хирнээ намайг авч хэлэлцэхгүй байна.

Эрүүл саруул ажлаа хийж байсан намайг ийм болгочихоод хохирол барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Миний бие Жи-Ти-Эл-Ти ХХК-нд кассер ажилтай. Одоогийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгөн ажлаас гарсан. Тухайн жолоочоос 2247000 төгрөг нэхэмжилснээс 500000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 1747000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нэхэмжлэл болон тайлбартаа: … Б.Чийг гуйсны дагуу асуудлаа тухайн улсын хуулийн дагуу биш бид харилцан тохиролцож эрүүл мэндийн эмчилгээний зардалд 4450 юань буюу 1500000 төгрөгийг Б.Чтөлөхөөр харилцан тохиролцож, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Хариуцагч Б.Чнь бидэнд учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулна, Нийг Улаанбаатар хотод онош тодруулах болон шаардлагатай эмчилгээг бүрэн хийлгэх болно гэж 4450 юань буюу Монгол мөнгөөр 1500000 төгрөг төлнө гэсэн боловч хохирлыг барагдуулсангүй. Одоогоор Нийн толгой өвдөж зовиуртай байгаа бөгөөд Замын-Үүд сумын эмнэлэгт үзүүлэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж онош тодруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч  бид мөнгө санхүүгийн улмаас хот орж үзүүлэх боломжгүй байсаар байна.

Түүнчлэн энэхүү осол болох үеэр нэхэмжлэгч жирэмсэн байсан бөгөөд ослын улмаас цус алдаж ураг зулбасан гэдгийг бид саяхан мэдэж, Улаанбаатар хотын Эх нялхаст очиж үзүүлээд ирлээ. Энэхүү үйл явдал бидэнд асар их сэтгэлийн хямрал авчирсанд хариуцагчид гомдолтой байна. Хэрэв тухайн үедээ харилцан тохиролцож эмчилгээний төлбөрийг төлж хохирлыг барагдуулсан бол эртхэн оношлогоо хийлгэж, өөрсдийн хүүхдээ аврах боломж байсныг үгүйсгэх аргагүй юм. Осолд орсны дараагаас Н  Жи Ти Эл Ти ХХК-ийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болж ажлаасаа гарсан бөгөөд энэ хугацаанд авах ёстой байсан цалин болох 1760000 төгрөг, Улаанбаатар хотруу очиж эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхтэй холбогдсон зардал, хятад хэлснээс баримт орчуулсан 119750 төгрөг, нийт 1879750 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 747000 төгрөгнөөс татгалзаж, нийт 2879750 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Чшүүхэд гаргасан тайлбартаа: 2016.08.27-нд 16 цагийн орчим БНХАУ-ын Эрээн хотод явж байгаад хүн тээвэрлэсэн 3 дугуйт тэрэгний буруу үйлдлээс болж араас нь мөргөсөн. Тухайн үед 3 дугуйт нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин 2-р замаар явж байгаад гэнэт зогссон. Унадаг дугуй болон моторт дугуй нь 1-р замын баруун гар талаарх зориулалтын замаар зорчих ёстой ба хэрэг гарсан даруйд цагдаа дуудан ирж хэмжилт хийн 2 машиныг хоёуланг нь журамд хийж хятад жолооч бид 2-ыг Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт очиж цусны шинжилгээ өгүүлэхэд хятад жолооч архи уусан байна гэж илэрсэн. Ингээд журмын хашаанд 9 хоносон.  Энэ хугацаанд буюу 8 сарын 28-нд Н Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт тархи толгойн дэлгэрэнгүй зураг авахуулсан ба энэ зурганд бэртэл, гэмтэл, доргилт байхгүй, хэвийн гэж оношлогдсон. 8 сарын 29-нд Замын-Үүд явсан. Энэ хугацаанд манай эхнэр Нийн гэрт очиж улзаад эмнэлгээр явж үзүүл, биеэ бод гэж хэлсэн боловч эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд эмчилгээний мөнгө гэж нэхсээр байсан.

Ингээд харилцан ярилцаж, тохиролцсоны эцэст 500000 төгрөг өгсөн. 9 сарын 5-нд Эрээн хот орж цагдаад очсон. Тэр үед нөхөр С намайг 4450 юань надад өг, тэгэхгүй бол гарын үсгээ зурахгүй гэж шахамдуулсан учир би 4450 юань өгнө гэж бичсэн. Ингээд Замын-Үүдэд ирснээс хойш Нийн гэрт 3 удаа очиж уулзсан, энэ хүртэл хугацаанд нөхөр С нь мөнгө хурдан өг гэж удаа дараа дарамталж бүр сүүлдээ гэрт ирж цохиж аван мотоциклоор намайг авч яван хээр талд аваачин чамтай би цусаа гартал үзнэ гэж айлгаж сүрдүүлж, мөн танихгүй хүнтэй утсаар яриулж дарамталсан байдаг. Үндэслэлгүйгээр мөнгө нэхээд нөхрөөрөө дарамтлуулсан  болохоор би шуналын сэдэлттэй гэж ойлгож байна. Ийм учир би нэхсэн мөнгийг өгч чадахгүй. БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн торгууль 1000 юань, 3 дугуйн засварт 1500, хятад цагдаагийн жолооч цагдаагийн торгууль1000 юань, хашааны мөнгө 500 юань тус тус төлсөн болно.  Хэрэг гарах үед Н нь жирэмсэн байсан гэдэг нь худал юм. 2016.10.13-нд 4-5 недельтэй байсан гэхээр 2016.09.10-ны үед жирэмсэн болсон байна. Зулбасан нь эмнэлэгт үзүүлээгүй, оношгүйгээр бариулсан, мөөгтэй шөл уулгаснаас болсон байх гэж би бодож байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Чоос 1879750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийнх ураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 87928 төгрөгийн 74638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13290 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Чоос улсын тэмдэгтийн хураамжинд 45026 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Чдавж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг БНХАУ-ын хуулиар бүрэн шийдвэрлэсэн. Тухайн үед Нийн биеийн байдал хэвийн байсан. Н нь Жи Ти Эл Ти ХХК-нд ажилладаг гэсэн боловч ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, нийгмийн даатгал төлж байсан баримт байхгүй. Мөн хотод явж эмнэлэгт үзүүлсэн гэсэн 2 талын вагоны билет байх боловч эхо зураг нь өөр хүний нэртэй байна. Иймд энэ хэргийг дахин нягтлан үзэж, буруугүй гэдгийг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: ...Одоо хүртэл эхнэр Нийн толгой, нуруугаар өвдөж байна. 2016.10.01-нээс 13-ны хооронд доошоо цус алдсан. Олон хоног үргэлжлэхээр нь Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Энхтуяа, Баатаржав нарт үзүүлэхэд зулбалт гэж оношилж зулбалт зогсоох эм бичиж өгсөн. Бичсэн жорын дагуу эм уулгаж цус нь тогтохгүй болохоор дахин үзүүлсэн. Эмч Баатаржав хэлэхдээ 10 гаруй хоног цус алдсан болохоор эрүүл хүүхэд төрөхгүй, гаргах хэрэггүй гэж зөвлөсөн. Тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн. 13 А маягт гаргуулан авч Улаанбаатар хот 1-р төрөхийн хажууд байрлах Бүжинлхам эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзлэг хийлгэж ЭХО зураг авахуулахад умайн амсар нээлттэй гэсэн онош тавиад ЭХЭМҮТ рүү явуулсан. тэнд ирж үзүүлэхэд Бүжинлхам эмнэлэгт үзүүлсэн ЭХО зураг болон оношийг үзээд дахин доогуур үзлэг хийж бүрэн зулбасан гэсэн онош тавьж эмчилгээ бичиж өгсөн. Осол болсон өдөр юунаас болж осол гарсан талаар БНХАУ-ын Эрээн хотын Замын цагдаагаас өгсөн хэргийн үйл явдал тодорхой байгаа зүйлийг Чнь үгүйсгэн манай гэр бүлийг шуналын сэдэлттэй, цагаан мөөг ууж үр хүүхдээ өөрсдөө зулбуулсан гэх мэтээр доромжилсон. Миний эхнэр Н нь 3 удаа төрөхөд ямар ч зулбалтгүй эрүүл саруул төрсөн. Энэ ослоос болж миний эхнэрийн хэвлий дэх бяцхан үр минь эндсэнд эхнэр бид 2 их гомдолтой байна. Эхнэр бид хоёр өөрсдийн үр хүүхдээ зулбуулах хатуу сэтгэлтэй эцэх, эх биш.  Нэг зулбасан эх дараагийн жирэмслэлтэндээ зулбасан ойндоо дахин зулбах эрсдэл ихтэй. Авто ослын битүү гэмтэл нь нас ахиж, жил өнгөрөх тусам улам хор уршиг ихтэй байдаг. Хариуцагч Чийн яриад байгаа цагаан мөөг нь зулбалт явуулах үйлчилгээтэй бэлдмэл биш юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу ”...хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж” шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтад тулгуурлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан эрхийн хүрээнд, өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Чид холбогдуулан гэм хорын хохиролд 1747000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сгээс Улаанбаатар хот руу очиж эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхтэй холбогдсон зардал, орчуулгын төлбөр 119750 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1760000 төгрөг, өмнөх шаардлагаас 747000 төгрөгөөс татгалзаж, 1000000 төгрөг,  нийт 2879750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Чэс зөвшөөрч “...2016-08-27-нд БНХАУ-ын Эрээн хотод зорчиж явахдаа 3-н дугуйтын жолоочийн буруутай үйлдлээс болж би араас нь очиж мөргөсөн. Тухайн үед дотор нь сууж явсан Б.Нийн биеийн байдал хэвийн байсан, Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт тархи, толгойн дэлгэрэнгүй зураг  авахуулахад өөрчлөлт, доргилт байхгүй гэсэн. 9 сарын 5-нд би Б.Н, Д.С нарт 500000 төгрөг өгье ирээд гарын үсгээ зураад өг гэхэд “4450 юань өг” гэсэн бичиг хийлгэж, тэгэхгүй бол гарын үсгээ зурахгүй гэж дарамталсны улмаас уг бичгийг бичиж өгсөн, энэ хэргийг            БНХАУ-ын хуулиар бүрэн шийдвэрлэсэн. Б.Н нь Жи Ти Эл Ти ХХК-нд ажилладаг гэсэн боловч хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, нийгмийн даатгал төлж байсан баримт байхгүй,  эхо зураг өөр хүний нэрээр байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.    

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.5-д заасан гэм хор  учруулснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх ба иргэний эрх, үүрэг үүсгэх зорилгоор талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийгдсэн байна.

Тодруулбал нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан байж болзошгүй хохирол /гэм хор/-ыг тогтоолгохыг шаардсан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал буюу хариуцагчаас хүлээн авч, төлбөрийг урьдчилан төлөхийг зөвшөөрснөөр түүнд үүрэг үүссэн байна.  Харин дээрх хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заажээ.

Хариуцагч Б.Ч ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй улмаар зам тээврийн осол түүний буруугаас болоогүй гэх өөрийн татгалзлыг баримтаар нотолж чадаагүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ хүрээнд холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх бөгөөд харин ч түүний буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан болох нь хятад хэлнээс хөрвүүлсэн “Авто ослын” тодорхойлолт /хх-29/, “...автын осолд өртсөн Б.Нийн эмнэлэг, эмчилгээний зардлыг бүрэн төлж, хохиролгүй болгох” тухай хариуцагч Б.Чийн бичсэн баримт /хх 7-9/,  хэргийн оролцогч нарын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч Б.Чоос баримтыг, нэхэмжлэгч, түүний нөхөр Д.С нарыг 4450 юань буюу 1500000 төгрөг өг гэж шахамдуулж, дарамталж бичүүлсэн гэх хэдий ч талууд харилцан тохиролцож төлбөрийг тогтоон хариуцагчаас уг баримтыг үйлдэн гарын үсэг зурж, хурууны хээгээ даржээ. Улмаар хохирогчоос, цагдаа дээр хохирол төлбөрийг харилцан тохиролцсон, гомдол саналгүй, гэснээр холбогдох хэргийг дуусгавар болгосон /хаалгасан/ байх тул  4450 юань буюу 1500000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичсэн баримтыг хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “Хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй юм.

Зохигч талууд 2016-09-05-нд Б.Чийн хүссэний дагуу харилцан гомдолгүй болсон гэж Эрээн хотын цагдаад мэдэгдэж, энэ хэргийг хаалгасан, хариуцагч 1500000 төгрөгөөс 500000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, уг төлбөрөөс хохирогч /нэхэмжлэгч/ Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт толгойны зураг авахуулж, бариа хийлгэсэн, Замын-Үүд рүү гэр бүлийн хамт буцсан нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар,  авто замын ослын талаарх “...Чнь *** дугаарын жижиг тэрэг жолоодож яваад Сү Ин Ли Ту-н 3 дугуйтын /дотор нь Н сууж явсан/ ард талаас мөргөж, Нт бэртэл учруулан, 2 машин гэмтсэн осол гарсан. Чнь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зохих хэмжээний зайг барьж яваагүйгээс үүдэн осол гарсан тул тухайн ослын хариуцлагыг бүрэн хүлээнэ. Чнь Нийн гэмтлийн нөхөн төлбөрийг хоорондоо харилцан тохиролцож хохирлыг барагдуулах, талууд харилцан гомдолгүй болсон тохиолдолд хэргийг хаах”  гэсэн тодорхойлолт/хх-29/  зэргээр тогтоогдож байна.

Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т  зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй бөгөөд талууд харилцан тохиролцсоноор хариуцагч, хохирогчийн эрүүл мэнд, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлөхөөр харилцан тохиролцож улмаар осол гаргасан буруутай жолоочид гомдолгүй гэж мэдүүлж, хэргийг хаалгасан гэх тэдгээрийн тайлбар бодит байдалтай нийцжээ.

Харин хариуцагч Б.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн орчуулга хийлгэсэн 20000 төгрөгийн төлбөрийн баримт, “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас” /хх-22,23,25/-аар Замын-Үүдээс Улаанбаатар хот руу онош тодруулахаар явсан замын зардал 69750 төгрөг, хэт авиан үзлэгийн үнэ 30000 төгрөг зэрэг, нийт 119750 төгрөгийн нотлох баримтыг зөвшөөрөхгүй, төлөхгүй гэж маргаагүй болно.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй хэдий боловч хариуцагч Б.Чийн гэм буруутай үйлдлээс Б.Нийн эрүүл мэнд хохирсон/ураг зулбасан/, хөдөлмөрийн чадвар буурсан, ажил эрхлэх боломжгүй болсон, гэмтэл учирснаас үүдэн эмчийн зааврын дагуу зайлшгүй шаардлагатай эмчилгээ, эм тариа, бариа засал  хийлгэсэн болох нь тус тус нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл 2016-08-27-ны өдрийн ослоос хойшхи хугацаанд бий болсон хохирлыг хариуцагч Б.Чид хариуцуулах гол үндэслэл нь түүний  хууль бусүйлдэл ба хохирлын хооронд шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байхыг шаардана.     

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс түүнийг “Жи Ти Эл Ти” ХХК-нд кассирын ажил эрхэлж, нэг сарын 880000 төгрөгийн цалин авч байсныг нотлох баримт болох нийгмийн даатгалын дэвтэр, авч байсан цалин хөлсний цэс,  данс, бүртгэлийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх ба анхан шатны шүүхээс зөвхөн тодорхойлолт /хх-43,61/ болон гэрч Ц.Насанцэцэг /хх-49/-ийн “...кассир хийдэг, нэг гараандаа 40000 төгрөг гэж бодоод хэдэн өдөр гарна, түүгээрээ бодож цалин авдаг байсан” гэсэн мэдүүлгийг үндэслэж, ажилгүй байсан хугацааны цалинд 1760000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 1760000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1000000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, энэхүү шаардлагад орчуулга /хх-27/-ын үнэ 20000 төгрөг, УБ хот руу онош тодруулах зорилгоор явсан зардал 69750 төгрөг /хх-32,33/, хэт авиан шинжилгээ /хх-35/-ний үнэ 30000 төгрөг/нийт 119750 төгрөг/-ийг оруулж тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2016/00336 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ 228 дугаар зүйлийн 228.4” гэж нэмж,  “...1879750 төгрөг гаргуулж,” гэснийг “1000000 төгрөг” гэж, ”...1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “1879750 төгрөгийг” гэж,

2 дахь заалтын “...56.1...” гэснийг “....56.2...”,  “... 74638...” гэснийг “...61026...“ гэж, “...13290...гэснийг “...26902” гэж, “...45026” гэснийг “...28550” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Чоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                          Н.БОЛОРМАА