Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/50

 

 

 

 

 

                                                                               

 

Б.Батбилэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Оч /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                                    Б.Сувд-Эрдэнэ

хохирогчийн өмгөөлөгч                                            Ц.Ган-Од

нарийн бичгийн дарга                                               О.Нямдорж нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 631 дугаар шүүгчийн захирамжтай Б.Батбилэгт холбогдох 1734 0022 90064 дугаартай 111 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Жимстэй гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Баатар овгийн Батцэнгэлийн Батбилэг /РД:ТГ94101330/.

Яллагдагч Б.Батбилэг нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг “124-ийн даваа” гэх газар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд 2017 оны 8 сарын 13-ний өдөр өөрийн эзэмшлийн 51-23СЭА улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Х.Сарантуяагийн бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 631 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар овогт Батцэнгэлийн Батбилэгт холбогдох эрүүгийн 1734002290064 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

яллагдагч Б.Батбилэгт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж,

Энэ захирамжийг хүлээн авснаас хойш прокурор ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “... Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 631 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа Б.Батбилэгт холбогдох эрүүгийн 1734002290064 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Шүүгдэгч Б.Батбилэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд хамаарагдаж байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1,17.2,17.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан хэрэг мэтээр ойлгож дээрх хуулийн заалтыг буруу хэрэгжүүлж, үндэслэлгүй дүгнэлт хийж прокурорт буцаажээ.

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн Х.Сарантуяаг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоож, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг нь тайлбарлаж, эрхээр нь хангасан бөгөөд Х.Сарантуяа эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх талаар хүсэлтээ гаргаж хэрэгт хавсаргагдаж шүүгдэгч Б.Батбилэг 696,800 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн байна.

Мөн хохирогчийн эрх ашгийг хангаж, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу яллагдагч Б.Батбилэгийн эзэмшлийн 51-23СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болно.

Шүүгдэгч Б.Батбилэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлосон байхад үндэслэлгүй хуулийн заалт баримтлан буцаасан байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

            Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 төрлийн хөнгөн гэмт хэрэгт мөрдөгч мөрдөн байцаалтыг явуулах, хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг хүлээн авч шүүхэд шилжүүлэх, шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх зэрэг ажиллагаа ба хугацааг хялбарчилж хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан байна.

Үүгээрээ энэ хуулийн зүйл, хэсэг, заалтын зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-аас ялгаатай болно.

Иймээс шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдэд заасан яллагдагчийн хүсэлт, хохирол нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдсан эсэх зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргийн хувьд шийдвэрлэхэд шаардахгүй онцлог зохицуулалтай ажээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарагдаж байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Төв аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Батбилэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж хүргүүлсэн хэргийг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.        

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 631 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Батбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдсугай .

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БОЛОРМАА

                       ШҮҮГЧИД                                          Ц.ОЧ

                                                                                            Т.ЭНХМАА