Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0429

 

“МҮИС” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Б.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 419 дүгээр шийдвэртэй, “МҮИС” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 419 дүгээр шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0059286 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “МҮИС” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж давж заалдах гомдолдоо: “...хариуцагч нь “МҮИС” НҮТББ-ыг Зар сурталчилгааны тухай хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн буюу хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад зохицуулсан хориглосон зар сурталчилгаа явуулсан гэдгийг тогтоогоогүй. Шийтгэлийн хуудсаар ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь огт харагдахгүй байгаагийн зэрэгцээ улсын байцаагчийн зөрчил гэж үзэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэнд хэрхэн ямар хохирол учирсан нь тодорхойгүй юм.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар “МҮИС” НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргыг эсхүл түүнээс олгосон итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах ёстой байсан. Гэвч эдгээр этгээдийн алийг ч оролцуулаагүй ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангийн алинаас нь ч итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн мэдээллийг харж болохоор байсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг зөрчил үйлдсэнийг нотлохгүйгээр шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч “МҮИС” ХХК нь фэйсбүүк цахим хуудсанд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “МҮИС Монголын хамгийн том сургууль” гэж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Монголын хамгийн том-МҮИС” гэж байршуулсан, нийтийн тээврийн хэрэгслээр түгээж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 0059286 дугаар шийтгэлийн хуудсаар 5000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

          Үүнийг гомдол гаргагч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ““МҮИС” ХХК гэж байхгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий этгээдийг оролцуулаагүй, ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь огт харагдахгүй байгаагийн зэрэгцээ улсын байцаагчийн зөрчил гэж үзсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэнд хэрхэн ямар хохирол учирсан нь тодорхойгүй” гэж тайлбарлан маргажээ.

          Анхан шатны шүүх “...улсын байцаагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд “МҮИС” ХХК гэх нэртэй хуулийн этгээд байхгүй байхад түүнд шийтгэл оногдуулсан нь зөрчлийн тухай хуулийг зорилгод нийцээгүй, хуулийн этгээдийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг үнэн зөвөөр тогтоож, зөрчлийг шийдвэрлэх байсан” гэх дүгнэлт хийж, маргаж буй захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

          Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч гэж үзсэн этгээд “МҮИС” ХХК гэх хуулийн этгээдийн гэрчилгээ, “МҮИС” гэх бланктай 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/239 дүгээр албан бичгээр олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн бөгөөд “МҮИС” ХХК-ийн гэрчилгээ нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй болохыг, одоо хуулийн этгээдийн улсын бүртгэлд “МҮИС” ХХК нь “МҮИС” НҮТББ болж өөрчлөгдсөн болохыг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.М болохыг хариуцагч тус тус нягтлан шалгахгүйгээр маргаж буй шийтгэлийн хуудсаар “МҮИС” ХХК-д төлбөр ногдуулсан нь буруу юм.

          Дээр дүгнэсэнчлэн “МҮИС” ХХК нь “МҮИС” НҮТББ болж өөрчлөгдсөн байх тул огт хамааралгүй хуулийн этгээдэд шийтгэлийг хуудсыг оногдуулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хариуцагч холбогдогчийг зөв тодорхойлж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, “фэйсбүүк цахим хуудсанд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “МҮИС Монголын хамгийн том сургууль” гэж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Монголын хамгийн том-МҮИС” гэж байршуулсан, нийтийн тээврийн хэрэгслээр түгээж байгаа” гэх үйлдэлд хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

          Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болохоор хуульчилсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг хянан шийдвэрлэх боломжит дээд хугацаа 58 хоног байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2 /хоёр/ сар” гэснийг “58 хоног” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жинжиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР