Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

  2020       04          08                                  2020/ШЦТ/275

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Халиун, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Ц.Батбямба,

шинжээч С.Одончимэг,

иргэдийн төлөөлөгч Ё.Хүүхэн,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч М.Идэрхангай /ҮД:0487/, Ш.Төгсгэрэл /ҮД:2733/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.М-т холбогдох эрүүгийн 2011 00000 0016 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2-150 тоотод оршин суух хаягтай,

-урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогтой Ж.М, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамжны 50 тоот хашаанд байрлах хувийн сууцанд иргэн Д.Төрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоолойг нь боож хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Эхлээд ус асгаад дээрээс унаад ирсэн.Тэр үед уурандаа тэгсэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүх хуралдаанд шинжээч эмч С.Одончимэг мэдүүлэхдээ:   

Бор ногоон агууламж гэдсэнд шимигдэн боловсруулагдсан байсан байна.Химийн шинжилгээгээр спирт илрээгүй нь гадагшилсан эсхүл шимигдэж бие эрхтэнд шингээгүй үед үхэл явагдсан байж болно.Талийгаачийн биед учирсан гэмтлүүд Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Боржигон овогтой Дашдаваагийн Төрбат /рд:ХМ-77060710/ 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нас барсныг мөн өдөр нас барсны бүртгэлийн 229 дугаарт бүртгэж олгосон гэрчилгээний хуулбар;

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 272 дугаартай “...Д.Төрбатын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрхи оношийн хэсэгт дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хурц амьсгал бүтэлтэнд орсон даруй шууд үхэлд хүрнэ. Д.Төрбат нь хурц амьсгал бүтэлтэнд орж шууд үхэлд хүрсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-64 дүгээр хуудас/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уулзсан. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.Төрбатыг нас барсан талаар мэдсэн. Манай том хүү 1998 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, бага хүү 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Би гомдолтой байна. Миний зүгээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Төртогтох нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр манай дүү Ж.М 96652518 дугаарын утаснаас над руу залгаад Д.Төрбат ахын бие хөшчихсөн нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн. тэгээд би гэрээсээ гараад Төрбатын байх гэрт нь ирэхэд дээшээ хараад хэвтэж байсан ба нас барчихсан байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ж.Сарантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө би найз Ж.Мын гэрт хоносон. Шөнө дунд гэнэт Батаа ах миний нуруу руу өшиглөхөд Ж.М босоод намайг өмөөрөөд Батаа ахтай барьцалдсан юм. Батаа ах гэрт янхан авч ирлээ гэх зүйл яриад л байсан. Тэгээд Батаа ах, Ж.М 2 бие биенийхээ энгэрээс хоёр гараараа барьсан байсан ба дараа нь бие биенээсээ уучлалт гуйгаад тавиад Ж.М миний хажуугаар ороод унтсан. Би ах, дүү хоёрын хооронд орох шаардлагагүй гэж бодоод орноосоо босоогүй бөгөөд өөрөөр хэлбэл хэн нэгэн салгах гэж оролдоогүй. Харин бие биенийгээ хоёр гараараа заамдаж байгаад боогоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26- 29 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Энхээ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Ж.Мын гэрт Сарантуяа, Сугармаа бид 3 ирж хоносон. Шөнө дунд Ж.М нь Батаа гэдэг ахтайгаа маргалдаад байх шиг байсан. Тухайн үед гэрэл унтраатай зурагтны гэрэл байсан болохоор Батаа ах, Ж.М нарыг сайн харж чадаагүй. Гэтэл удаагүй Ж.М нас барчихлаа гээд орилоод байсан. Би босоод харахад Батаа гэдэг хүн дээшээ харсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Гэрч Б.Сугармаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Энхээ, Сарантуяа бид 3 Ж.Мынд хоносон. Нэг мэдэхэд Ж.М Батаа гэдэг ахтайгаа маргалдаад байх шиг байсан. Ж.М чи яв гээд байх шиг байсан. Гэтэл удаагүй Ж.М нас барчихлаа гээд орилоод байсан. Би босоод харахад Батаа гэдэг ах нь дээшээ харсан хэвтэж байсан. Ж.М та нар одоо яв гэж хэлсэн, бид нар айгаад шууд гэрээс нь гарсан. Энэ үед 07 цаг болж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-34-36/,

Шинчээч эмч С.Одончимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...талийгаач Д.Төрбатын бие, цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний, хоолой, ам дарагдсан хурц амьсгал бүтэлт, дээд, доод уруул, хэл, хоолой, нүдний зовхи, багалзуур, төвөнх, уушигны уг болон гадаргуугийн нялтан доорхи, дэлбэн хооронд үнхэлцэг хальс зүрхний гадаргуу голтын хэсгийн олон тооны цэгчилсэн цус хуралтууд, хүзүүний арьс булчинд цус харвалт, тархины эдийн гинтосийн биеэр уушгины цуланд үүссэн харвалт, голомтыг, өвчтөний зүрхний ховдлын чичирхийлэл, элэг, ходооны архаг үрэвсэл, дагзны хуйханд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Төрбат нь хурц амьсгал бүтэлтэнд орж нас барсан. Төрбатын хоолой нь ташуу хэлбэртэй цус хуралт үүссэн. Уруулын дотор талд цус хуралт, доод уруулын гадна талд цус хуралт үүссэн байна. Уг гэмтэл, шарх нь цамцны захаар хоолой боох, мөн гараараа ам дарах үед үүснэ. Төрбатын биед үүссэн гэмтэл нь гараараа түлхэх үед үүсэх боломж байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Төрбат ах дээрээс унаад, та цаашаа бай гэж хэлээд гараараа цээж хэсэгт нь түлхсэн, ах орны урд талаар хэвтээд өгсөн. Тэгээд 05 цагийн үед биеэ засах гээд босоход ах газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 128/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 126/, шүүгдэгч Ж.Мт холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 131-135/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамжны 50 тоот хашаанд байрлах хувийн сууцанд иргэн Д.Төрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоолойг нь боож хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Боржигон овогтой Дашдаваагийн Төрбат /рд:ХМ-77060710/ 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нас барсныг мөн өдөр нас барсны бүртгэлийн 229 дугаарт бүртгэж олгосон гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 272 дугаартай “...Д.Төрбатын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрхи оношийн хэсэгт дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хурц амьсгал бүтэлтэнд орсон даруй шууд үхэлд хүрнэ. Д.Төрбат нь хурц амьсгал бүтэлтэнд орж шууд үхэлд хүрсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-64 дүгээр хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюуны “...Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уулзсан. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.Төрбатыг нас барсан талаар мэдсэн. Манай том хүү 1998 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, бага хүү 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Би гомдолтой байна. Миний зүгээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Д.Төртогтохын “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр манай дүү Ж.М 96652518 дугаарын утаснаас над руу залгаад Д.Төрбат ахын бие хөшчихсөн нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн. тэгээд би гэрээсээ гараад Төрбатын байх гэрт нь ирэхэд дээшээ хараад хэвтэж байсан ба нас барчихсан байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ж.Сарантуяагийн “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө би найз Ж.Мын гэрт хоносон. Шөнө дунд гэнэт Батаа ах миний нуруу руу өшиглөхөд Ж.М босоод намайг өмөөрөөд Батаа ахтай барьцалдсан юм. Батаа ах гэрт янхан авч ирлээ гэх зүйл яриад л байсан. Тэгээд Батаа ах, Ж.М 2 бие биенийхээ энгэрээс хоёр гараараа барьсан байсан ба дараа нь бие биенээсээ уучлалт гуйгаад тавиад Ж.М миний хажуугаар ороод унтсан. ...Харин бие биенийгээ хоёр гараараа заамдаж байгаад боогоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26- 29 дүгээр хуудас/, гэрч Ч.Энхээгийн “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Ж.Мын гэрт Сарантуяа, Сугармаа бид 3 ирж хоносон. Шөнө дунд Ж.М нь Батаа гэдэг ахтайгаа маргалдаад байх шиг байсан. Тухайн үед гэрэл унтраатай зурагтны гэрэл байсан болохоор Батаа ах, Ж.М нарыг сайн харж чадаагүй. Гэтэл удаагүй Ж.М нас барчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, гэрч Б.Сугармаагийн “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Энхээ, Сарантуяа бид 3 Ж.Мынд хоносон. Нэг мэдэхэд Ж.М Батаа гэдэг ахтайгаа маргалдаад байх шиг байсан. Ж.М чи яв гээд байх шиг байсан. Гэтэл удаагүй Ж.М нас барчихлаа гээд орилоод байсан. Би босоод харахад Батаа гэдэг ах нь дээшээ харсан хэвтэж байсан. Ж.М та нар одоо яв гэж хэлсэн, бид нар айгаад шууд гэрээс нь гарсан. Энэ үед 07 цаг болж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-34-36/, шинчээч эмч С.Одончимэгийн “...Уг гэмтэл, шарх нь цамцны захаар хоолой боох, мөн гараараа ам дарах үед үүснэ. Төрбатын биед үүссэн гэмтэл нь гараараа түлхэх үед үүсэх боломж байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.М-ын “...Төрбат ах дээрээс унаад, та цаашаа бай гэж хэлээд гараараа цээж хэсэгт нь түлхсэн, ах орны урд талаар хэвтээд өгсөн. Тэгээд 05 цагийн үед биеэ засах гээд босоход ах газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.М-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 8 жил 6 сарын хугаагаар нээлттэй хорих байгууллагад ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Харин хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй /хөнгөрүүлэх байр суурьнаас оролцож гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсонг, төлөх төлбөргүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт зааснаар 3/2 хэтрүүлэхгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү/ тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ

Шүүх, шүүгдэгч Ж.М-т ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.М нь нийт 88 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ

                              ШҮҮГЧИД                                Б.ХАЛИУН

                                                                               С.БАТГЭРЭЛ