| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0309/Э |
| Дугаар | 326 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 326
2020 04 23 2020/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Н.Ж /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугтан овогт Н.Ж-д холбогдох эрүүгийн 1910 01666 0317 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, их сургуулийн гудамж 35 дугаар байр 504 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хилл сайд хотхон 4-101 тоотод оршин түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,
Их тугтан овогт Н.Ж, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Ж /РД: / нь 2018 оны 10 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Алтангэрэл, Д.Өсөхгэрэл нарт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Өсөхгэрэлээс 3.279.700 төгрөгийг Худалдаа хөгжпийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Одоогоор Сүхбаатар дүүргийн 6 хороо Их сургуулийн гудамж 35-503 тоотод амьдарч байгаа.Банк бус санхүүгийн байгууллагаар приүс-30 маркын автомашин авсан, түүгээрээ таксинд явдаг.Сард 1 сая орчим төгрөг олдог.Хохирол төлбөрийг манай дүү Лхангаа бүрэн барагдуулсан.Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.Хүнийг хуурч мэхэлж эрүүгийн хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна.Цагдан хоригдож байхдаа маш их зүйл мэдлээ.Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Өсөхгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Н.Ж-тай тааралдаад Солонгосын виз гаргуулах ажилтай байгаа талаараа хэлэхэд Н.Ж визийг асуудалгүй гаргаж өгнө, би гаргаж өгье гэж хэлсэн. Түүнээс хойш Н.Жтай 2-3 удаа виз гаргуулах талаар уулзаж ярилцсан. Н.Ж асуудалгүй гаргаж өгнө, эхний ээлжинд 3 сая төгрөг өгчих, виз гарсны дараа нэмж 2 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Энэ яриа 2018 оны 9 сарын сүүлд болсон. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Н.Ж над руу утсаар залгаж материалынхаа мөнгийг явуулчих гэж анх 200.000 төгрөг авсан. Энэ мөнгийг СУИС-ийн тэнд байдаг Солонгос хоолны газар Н.Жтай уулзаж байхдаа интернет банкаар шилжүүлсэн. 3 хоногийн дараа Н.Ж над руу утасдаж одоо асуудалгүй болсон, одоо мөнгөө шилжүүлчих гээд 3 сая төгрөг шилжүүлж авсан. Би интернет банкаар шилжүүлье гэхээр 1 саяаас дээш байхаар хонож ордог учраас 999.900 төгрөгөөр 3 удаа шилжүүлэг хийсэн. Цагийн дараа ахиад 80.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 4 удаагийн гүйлгээг Хаан банк дахь данснаасаа Н.Жгийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Энэ үед Н.Ж надад 12 дугаар сарын 5-ны хооронд гаргаж өгнө гэж ярьсан байсан. Би энэ хооронд юу болж байна, яаж байна гэж утсаар ярьж шаардаж байсан...Миний нэхэмжилж буй 3.279.700 төгрөгнөөс Н.Ж 500.000 төгрөгийг надад бэлнээр өгч төлсөн. Өөр төлсөн зүйл байхгүй. Одоо үлдэгдэл 2.779.700 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хохирлоо барагдуулж төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30 дугаар хуудас/,
Гэрч Д.Алтангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Өсөхгэрэл нь урьд өмнө Солонгос улсын визэнд орж бичиг баримтын зөрчилтэй гээд түдгэлзүүлсэн хариу авч байсан. Тэгээд Н.Ж-д өгвөл бүтчих байх гэж бодоод 2018 оны 9 дүгээр сарын дундуур манай нөхөр Н.Ж-д виз гаргуулахаар болоод санал тавьсан. Өсөхгэрэл бид 2-ын визийг гаргуулахаар санал тавьсан гэсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын эхээр бичиг баримтын мөнгө гэж 200.000 төгрөгийг бид нараас авсан. Тэрний дараа нэг өдөр орой Н.Ж манай нөхөр рүү утасдаж одоо 3 сая төгрөгөө хийчихээ гэж хэлсэн байсан. 1.000.000 төгрөг шилжүүлэхээр банк хооронд хоноод ордог учир 999.000 төгрөгөөр 3 удаа шилжүүлсэн. Н.Ж хоол унданд орж байна, нөгөө хүнтэй уулзаж байна та хоёр 100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 80.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Өсөхгэрэлээс виз гаргахад хэрэглэх урьдчилгаа мөнгө гэж 3.279.700 төгрөгийг авсан. Авсан мөнгөө би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 53 дугаар хуудас/,
Хаан банкны дансны хуулгууд /хх-ийн 54-57 дугаар хуудас /,
Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 60-75 дугаар хуудас /,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 94/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 111/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 116/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 127/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дугаар тогтоол /хх 164/, шүүгдэгч Н.Ж-ы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 163/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Ж /РД: / нь 2018 оны 10 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Алтангэрэл, Д.Өсөхгэрэл нарт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Өсөхгэрэлээс 3.279.700 төгрөгийг Худалдаа хөгжпийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Өсөхгэрэлийн “...Н.Ж над руу утсаар залгаж материалынхаа мөнгийг явуулчих гэж анх 200.000 төгрөг авсан. Энэ мөнгийг СУИС-ийн тэнд байдаг Солонгос хоолны газар Н.Ж-тай уулзаж байхдаа интернет банкаар шилжүүлсэн. 3 хоногийн дараа Н.Ж над руу утасдаж одоо асуудалгүй болсон, одоо мөнгөө шилжүүлчих гээд 3 сая төгрөг шилжүүлж авсан. Би интернет банкаар шилжүүлье гэхээр 1 саяаас дээш байхаар хонож ордог учраас 999.900 төгрөгөөр 3 удаа шилжүүлэг хийсэн. Цагийн дараа ахиад 80.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 4 удаагийн гүйлгээг Хаан банк дахь данснаасаа Н.Ж-гийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Энэ үед Н.Ж надад 12 дугаар сарын 5-ны хооронд гаргаж өгнө гэж ярьсан байсан. Би энэ хооронд юу болж байна, яаж байна гэж утсаар ярьж шаардаж байсан...Миний нэхэмжилж буй 3.279.700 төгрөгнөөс Н.Ж 500.000 төгрөгийг надад бэлнээр өгч төлсөн. Өөр төлсөн зүйл байхгүй. Одоо үлдэгдэл 2.779.700 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хохирлоо барагдуулж төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30 дугаар хуудас/, гэрч Д.Алтангэрэлийн “...2018 оны 10 дугаар сарын эхээр бичиг баримтын мөнгө гэж 200.000 төгрөгийг бид нараас авсан. Тэрний дараа нэг өдөр орой Н.Ж манай нөхөр рүү утасдаж одоо 3 сая төгрөгөө хийчихээ гэж хэлсэн байсан. 1.000.000 төгрөг шилжүүлэхээр банк хооронд хоноод ордог учир 999.000 төгрөгөөр 3 удаа шилжүүлсэн. Н.Ж хоол унданд орж байна, нөгөө хүнтэй уулзаж байна та хоёр 100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 80.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Ж-ы “...Би Өсөхгэрэлээс виз гаргахад хэрэглэх урьдчилгаа мөнгө гэж 3.279.700 төгрөгийг авсан. Авсан мөнгөө би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 53 дугаар хуудас/, Хаан банкны дансны хуулгууд /хх-ийн 54-57 дугаар хуудас /, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 60-75 дугаар хуудас / зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.Өсөхгэрэл нь “...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Н.Ж нь миний хохирлыг барагдуулсан...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Н.Ж нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Н.Ж нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 23 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас хасаж, нийт 155.000 төгрөгийн торгох ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Н.Ж нь 23 хоног цагдан хоригдсон. Энэ хэрэгт хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их тугтан овогт Н.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 23 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас хасаж, нийт 155.000 төгрөгөөр торгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч Н.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ