| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0301/Э |
| Дугаар | 329 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 329
2020 04 24 2020/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Э.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх сартуул овогт Э.Т-т холбогдох эрүүгийн 2011 00000 0322 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хорооллын 11 дүгээр байрны 57 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Халх сартуул овогтой Э.Т, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Бөртэ" оёдлын үйлдвэрийн баруун талын авто замд дээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашин ачиж байсан хохирогч Н.Бат-Эрдэнийг миний авто машиныг буулга гэх шалтгаанаар маргалдан, улмаар зүүн шанаа хэсэгт нь 4 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би зах дээр хулдаас зардаг. Сарын орлого 1.000.000-1.500.000 төгрөг олдог.Хохиролд 200 000 төгрөг төлсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3561 дугаартай “...Н.Бат-Эрдэнийн биед зүүн хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Бөртэ” оёдлын үйлдвэрийн баруун талын автомашины зам дээр олон нийтийн цагдаа Тилегений зөвшөөрлөөр 95-95 УАА улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг зогсоол дээр давхарлаад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд оруулан байрлуулсан байсан тул чанга яригчаар 3 удаа зарлан дуудсан боловч уг автомашины жолооч нь гарч ирэхгүй байсан. Тийм болохоор ачлагын машинаар ачиж байтал уг тээврийн хэрэгслийн жолооч гэх залуу ирээд би жолооч нь байна. Манай машиныг буулга, цагдаагийн алба хаагч нь хаана байна вэ гэхээр нь би цагдаагийн алба хаагч нь тэр явж байна гэж хэлсэн чинь тухайн залуу над руу бухимдаж дайраад байхаар нь би чи одоо яаж яриад байгаа юм бэ гэтэл нөгөө залуу намайг заамдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад автал миний зүүн шанаа руу 4-5 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь аав нь гэх настай эрэгтэй хүн гарч ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Ч.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед би төрсөн хүү Э.Т-ийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” оёдлыг үйлдвэрийн урд машин зам дээр 95-95 УАА улсын дугаартай Ланд-200 маркийн автомашинаа байршуулчихаад 8-н шарга валют арилжааны газар луу орох гээд явж байхад хажуугаар машин ачлагын хүн зөрөөд явсан. Манай машиныг ачлагын машин ачиж байхаар нь манай хүү Э.Т очоод уулзаад болиулах гэсэн боловч тэр хүнтэй маргалдаад, нэг мэдсэн зууралдаад авсан байсан. Би салгах гэж байсан боловч Э.Т тэр залууг цохичих шиг болсон. Яг хаана нь цохисон гэдгийг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Е.Тилеген нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ачигч машины залуу намайг цохичихлоо, надад гэмтэл учруулчихлаа, одоо яах вэ над дээр ирээд хэлсэн. Тухайн зодсон гэх залуу хажууд нь та нар яагаад хүний машин ачдаг юм бэ гэж хэлээд уурлаад байхаар нь би хэв журмын цагдаа дууд, биедээ гэмтэл авсан бол дуудлага өг хэлэхэд ачлагын машины жолооч энэ залуу миний өвдөж байсан шүд руу цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Н.Бат-Эрдэнийн биед учирсан зүүн хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний машиныг ачиж байхаар нь би машин ачиж байгаа хохирогч Н.Бат-Эрдэнэ гэх залуутай маргалдаад, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 49/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 50/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 51/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 90 дугаар тогтоол /хх 66/, шүүгдэгч Э.Т, хохирогч Н.Бат-Эрдэнэ нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 64/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Бөртэ" оёдлын үйлдвэрийн баруун талын авто замд дээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашин ачиж байсан хохирогч Н.Бат-Эрдэнийг миний авто машиныг буулга гэх шалтгаанаар маргалдан, улмаар зүүн шанаа хэсэгт нь 4 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3561 дугаартай “...Н.Бат-Эрдэнийн биед зүүн хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч Н.Бат-Эрдэнийн “...тухайн залуу над руу бухимдаж дайраад байхаар нь би чи одоо яаж яриад байгаа юм бэ гэтэл нөгөө залуу намайг заамдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад автал миний зүүн шанаа руу 4-5 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь аав нь гэх настай эрэгтэй хүн гарч ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Ч.Энхбатын “...Манай машиныг ачлагын машин ачиж байхаар нь манай хүү Э.Т очоод уулзаад болиулах гэсэн боловч тэр хүнтэй маргалдаад, нэг мэдсэн зууралдаад авсан байсан. Би салгах гэж байсан боловч Э.Т тэр залууг цохичих шиг болсон. Яг хаана нь цохисон гэдгийг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Е.Тилегенийн “...Ачигч машины залуу намайг цохичихлоо, надад гэмтэл учруулчихлаа, одоо яах вэ над дээр ирээд хэлсэн. Тухайн зодсон гэх залуу хажууд нь та нар яагаад хүний машин ачдаг юм бэ гэж хэлээд уурлаад байхаар нь би хэв журмын цагдаа дууд, биедээ гэмтэл авсан бол дуудлага өг хэлэхэд ачлагын машины жолооч энэ залуу миний өвдөж байсан шүд руу цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Н.Бат-Эрдэнийн биед учирсан зүүн хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Тийн “...миний машиныг ачиж байхаар нь би машин ачиж байгаа хохирогч Н.Бат-Эрдэнэ гэх залуутай маргалдаад, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь “...Би өөрт учирсан хохирол болох 200.000 төгрөгийг Э.Тээс авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э.Т нь миний хохирлыг барагдуулсан...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх сартуул овогт Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ