Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч П.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөрхүү овогт П.Т-д холбогдох эрүүгийн 2011 00603 0317 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужаан хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хг-11-7 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Хэнтий, Баян-Адарга, 1 дүгээр баг, Сайхан/,

-урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сар, 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 666 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, ял биелэгдсэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлсэн ба 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, ял биелэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,

Мөрхүү овогтой П.Т, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 04 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хг-11-7 тоотод хадам ээж болох хохирогч Р.Цэцэгмааг агсам тавихаа боль гэхэд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн модон сандлаар зүүн гарын бугалга, шуу, зүүн чамархай, шанаа руу цохиж, эрүүл мэндэд нь "зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн суганы шарх, цус хуралт, зүүн тохойны зулгаралт, зүүн шууны зулгаралт, шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэний цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Миний бие нь сард 2.000.000-3.000.000 төгрөгийн орлоготой. Өмнө нь агсам согтуу тавьж байгаагүй. Хадам ээжийгээ 10 хоног асрамжинд хэвтүүлсэн. Эхнэртэйгээ суугаад 10 жил болж байгаа эрт үеэс эхлэн хамт амьдарч байгаа. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй, маш их өртэй зээлтэй байгаа. Гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3296 дугаартай “...Р.Цэцэгмаагийн биед зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн суганы шарх, цус хуралт, зүүн тохойны зулгаралт, зүүн шууны зулгаралт, шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хохирогч Р.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 2 дугаар сарын 20-ны орой манай хүргэн П.Т, охин Дуламхорол нар нэг хашаанд амьдардаг найзуудынхаа гэрт орж пиво уугаад, наргиж, цэнгээд байх шиг байсан. Би тэдний хоёр хүүхдийг нь хараад гэрт нь амарч байсан. Гэтэл шөнө 04 цагийн орчим П.Т, Дуламхорол нар гэртээ орж ирсэн ба П.Т их согтуу, хөл дээрээ ч тогтож чадахгүй орж ирээд гартаа барьсан савтай пиво гэр дотор шидэж асгаад, гэрийнхээ эд зүйлийг өшигчөөд, юм хэлж, ярихгүй хэрнээ л эд зүйлээ өшигчөөд агсамнаад байхаар нь би түүнд хандаж болиоч яагаад байгаа юм бэ гэтэл жижиг модон сандал барьж аваад миний зүүн гарын бугалга, шуу, толгойн зүүн хэсэгт буюу чих, чамархай, шанаа руу дайрч намайг зодож байгаад өөрөө болиод гэрээс гараад, гадаа ална гээд орилоод яваад байсан. Миний зүүн гарын шуунд 1, зүүн чихэнд 21 оёдол тавьсан. Зүүн нүд хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Шөнийн 04 цагийн үед гэрийн гадна талд ална, тална гээд орилолдон сонсогдсон. Дараа нь манай хаалгыг нүдээд байхаар нь би гараад хэн бэ гэсэн чинь П.Т ах нь байна гээд хаалга онгойлготол танайх руу оръё гээд байхаар нь би оруулахгүй гээд түлхээд хөдөлгөөнийг нь хорьсон. Тэгээд гэрлүү орж хадам ээж рүүгээ ойртох гээд байхаар нь тайвшруулаад тамхи татаад суугаад байж байтал нэг л эвгүй болоод байхаар нь аваад гарч байтал цагдаа нар ирж П.Т-ийг авч явсан. Намайг орж ирэхэд Цэцэгмаа эгч зүүн чихрүүгээ заагаад ярьж чадахгүй байсан. Цохиулсан бололтой цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар хуудас/;

Гэрч Ц.Дуламхорол нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гэртээ ороход ээж Цэцэгмаа миний гурван хүүхэдтэй унтаж байсан. Манай нөхөр орчхоод ээжид хандан та манай ах, дүү нарт яахаараа тэгж ханддаг юм гээд үглээд, агсраад байсан. Учир шалтгаан нь уг хэргээс 10 орчим хоногийн өмнө манай нөхрийн ах, дүү нар хөдөөнөөс манай гэрт ирэхэд ээж тэд нарт дургүйлхээд, аашлаад явуулчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ээж Цэцэгмаагий нүүр, ам нь хөх няц болчихсон байсан ба эхнэр надад хандаж чи ээжийг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 36/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 37/, Хаан банкны дансны хуулга /хх 38-46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 95 дугаар тогтоол /хх 51/, шүүгдэгч П.Т-ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 74/, хохирогч Р.Цэцэгмаагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 75/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч П.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 04 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хг-11-7 тоотод хадам ээж болох хохирогч Р.Цэцэгмааг агсам тавихаа боль гэхэд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн модон сандлаар зүүн гарын бугалга, шуу, зүүн чамархай, шанаа руу цохиж, эрүүл мэндэд нь "зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн суганы шарх, цус хуралт, зүүн тохойны зулгаралт, зүүн шууны зулгаралт, шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэний цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3296 дугаартай “...Р.Цэцэгмаагийн биед зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн суганы шарх, цус хуралт, зүүн тохойны зулгаралт, зүүн шууны зулгаралт, шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хохирогч Р.Цэцэгмаагийн “...П.Т их согтуу, хөл дээрээ ч тогтож чадахгүй орж ирээд гартаа барьсан савтай пиво гэр дотор шидэж асгаад, гэрийнхээ эд зүйлийг өшигчөөд, юм хэлж, ярихгүй хэрнээ л эд зүйлээ өшигчөөд агсамнаад байхаар нь би түүнд хандаж болиоч яагаад байгаа юм бэ гэтэл жижиг модон сандал барьж аваад миний зүүн гарын бугалга, шуу, толгойн зүүн хэсэгт буюу чих, чамархай, шанаа руу дайрч намайг зодож байгаад өөрөө болиод гэрээс гараад, гадаа ална гээд орилоод яваад байсан. Миний зүүн гарын шуунд 1, зүүн чихэнд 21 оёдол тавьсан. Зүүн нүд хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч Г.Отгонбаатарын “...Шөнийн 04 цагийн үед гэрийн гадна талд ална, тална гээд орилолдон сонсогдсон. Дараа нь манай хаалгыг нүдээд байхаар нь би гараад хэн бэ гэсэн чинь П.Т ах нь байна гээд хаалга онгойлготол танайх руу оръё гээд байхаар нь би оруулахгүй гээд түлхээд хөдөлгөөнийг нь хорьсон. Тэгээд гэрлүү орж хадам ээж рүүгээ ойртох гээд байхаар нь тайвшруулаад тамхи татаад суугаад байж байтал нэг л эвгүй болоод байхаар нь аваад гарч байтал цагдаа нар ирж П.Тийг авч явсан. Намайг орж ирэхэд Цэцэгмаа эгч зүүн чихрүүгээ заагаад ярьж чадахгүй байсан. Цохиулсан бололтой цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Ц.Дуламхоролын“...Гэртээ ороход ээж Цэцэгмаа миний гурван хүүхэдтэй унтаж байсан. Манай нөхөр орчхоод ээжид хандан та манай ах, дүү нарт яахаараа тэгж ханддаг юм гээд үглээд, агсраад байсан. Учир шалтгаан нь уг хэргээс 10 орчим хоногийн өмнө манай нөхрийн ах, дүү нар хөдөөнөөс манай гэрт ирэхэд ээж тэд нарт дургүйлхээд, аашлаад явуулчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, шүүгдэгч П.Тийн “...Ээж Цэцэгмаагий нүүр, ам нь хөх няц болчихсон байсан ба эхнэр надад хандаж чи ээжийг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Р.Цэцэгмаа нь “...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч П.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч П.Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөрхүү овогт П.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч П.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ