Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 341

 

                              

 

 

 

 

 

2020        04          28                                    2020/ШЦТ/341

     

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овгийн Цэрэндуламын Мд холбогдох эрүүгийн “1911025700305” дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Дархан-Уул аймгийн дархан сумын 2 дугаар хороолол, 14 дүгээр баг, 40 дүгээр байрны 18 тоотод оршин суух хаягтай,

 урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэгдсэн, Харчу овогтой Цэрэндуламын М /РД:ТА ___/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” төвийн Солонгос хоолны газар хохирогч Б.Оюунцэцэгийн “Самсунг А-50” маркийн гар утсыг яриад өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө нь Чингэлтэй дүүргийн 5-р хороо “Оранж” төвд 2019 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын сүүл хүртэл 2 сар зөөгчөөр ажилласан. Энэ хугацаанд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай ажилд барменаар ажиллаж байсан Оюунцэцэгийн “Самсунг галакси А5” загварын гар утсыг ярьчихаад буцаагаад өгье гэж хэлж аваад гараад дахиж очоогүй. Тухайн үед би ажлаа хийж байсан. Тэр гар утсыг нь “Теди” худалдааны төвийн орчим гадаа зогсож гар утас авдаг хэн гэдгийг нь мэдэхгүй хүнд 380,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хувийн хэрэгцээнд зарцуулж ПС тоглоом тоглосон. Дахиж Оюунцэцэгтэй холбогдоогүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, дахиж гэмт хэрэг үйлдээгүй. Ажлаасаа гараад Дархан уул аймагт эмээтэйгээ хамт амьдарч байгаа...” /хх-ийн 34-35х/,

Хохирогч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” гэх нэртэй Солонгос хоолны газар буюу өөрийн байран дээрээ байж байхад гаднаас хамт ажилладаг Ц.М орж ирээд эгчтэйгээ утсаар ярих гэсэн юм, нэг яриулаач гэхээр нь би зөвшөөрөөд, тэгээд цаашаа яваад арын өрөөнд цай хийгээд байж байсан. Тэгээд удаад байхаар нь гайхаад гартал гараад явчихсан байсан. Ажлын хүний 88758907 дугаарын утаснаас өөрийн 88951344 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Ц.М нь манай ажлын зөөгч бөгөөд ажилд ороод 2 сар гаран болж байгаа. Сууж байсан компьютер дээр нь фэйсбүүк группд ороод “Самсунг А-50” маркийн гар утасны үнэ харж байгаад гарсан юм байна лээ...” гэх /хх-ийн17-18х/,

Гэрч Ц.Самбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өдөр ажил дээрээ байсан. Цайны цагийн үеэр санагдаж байна, хүн ихтэй ажиллаж байхад Оюунцэцэгийн гар утсыг М аваад явчихсан гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш М ажил дээрээ ирээгүй...” гэх /хх-ийн 26х/

  1. Дамно ХХК-ны 2020 оны З дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

“...Самсунг А-50 маркийн хэрэглэж байсан гар утас 1 ширхэг 691,455 төгрөг...” гэх /хх-ийн 28-29х/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Ц.Мыг  2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” төвийн Солонгос хоолны газар хохирогч Б.Оюунцэцэгийн “Самсунг А-50” маркийн гар утсыг яриад өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                  

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овогтой Цэрэндуламын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

  4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

             5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.АРИУНБОЛД