| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0269/Э |
| Дугаар | 312 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 312
2020 4 16 2019/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар соён овгийн Аюурзанын Ут холбогдох эрүүгийн “2011005300235” дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 9 дүгээр байрны 44 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 4 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Хар соён овогт Аюурзаны У, /РД: _______/,
Шүүгдэгч А.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч А.У нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар байрны 186 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ариунзаяатай маргаж, нүүрэн тус газар нь цохих, унагааж чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх
Шүүгдэгч А.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би нэлээн согтчихсон байсан, болсон үйл явдлыг санахгүй байна. Сүүлд найз Отгонбаатараас сонсоход Ариунзаяа нь Билгүүн бид 2-ыг наад архиа уу гээд толгой тархи руу цохиод байсан гэсэн, Билгүүн бид хоёр нэлээн согтчихсон байсан учраас эхлээд тоогоогүй юм шиг байгаа юм. Тэгээд сүүлд нь Ариунзаяа намайг хэл амаар доромжлоод хэрэлдээд байхаар нь яагаад толгой тархи руу цохиод байгаа юм бэ гээд уур хүрээд түүнийг алгадчихсан юм шиг байна лээ. Би түүний шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан байгаа. Түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” /хх-ийн 34-35х/,
Хохирогч Д.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад...танил Отгонцэцэг надруу залгаад манай нөхөр согтуу байна, чи завтай бол хүрээд ирээч, найз нь сэтгэл санаа тавгүй байна, хань болооч гэхээр нь...500 гр нэг шил архи, нэг том “Нийслэл” пиво аваад ороход Отгоогийн нөхөр согтуу унтаж байсан. Тэгээд Отгоо миний авчирсан архийг задлаад өөртөө 2, 3 хийж уугаад, би пиво задлаад 2 стакан хавьцаа ууж байхад гаднаас зүс таних Билгүүн гэх залуу, үл таних нэг найзтайгаа согтуу нэг шил архи, пивотой орж ирсэн...би явъя даа гэж бодоод ариун цэврийн өрөө рүү ороод гар нүүрээ хүйтэн усаар шавьшаад зогсож байтал Билгүүн гэх залуугийн найз нь араас орж ирээд хойноос хөхнөөс барьж, дээгүүр хувцсыг минь тайлах гэхээр нь чи одоо яагаад байгаа юм бэ гэхэд сүртэй ш дээ нэг их удахгүй ш дээ гэсэн. Тэгэхээр нь эргэж хараад чи яасан намайг юу гэж бодоод байгаа юм бэ гээд хацар руу нь алгадсан чинь миний үснээс зулгаагаад арктай өрөө рүү чирч оруулаад зүүн чамайрхай хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод байхаар нь нүүрээ хамгаалаад газар хажуугаараа хэвтэхэд чи ямар зэвүүн гичий вэ гээд миний хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн....би урьд өгсөн мэдүүлэг дээрээ тэр залууд зодуулсандаа бухимдаад намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох гээд зодсон гэж мэдүүлсэн. Үнэндээ тэр залуу миний хөхнөөс бариагүй, цамц тайлах гэж оролдоогүй. Намайг ариун цэврийн өрөөнд ороход араас орж ирээд нүүрээ угаачихаад гарах гэтэл чи яахаараа намайг зүгээр байхад цохидог юм бэ гэхээр нь чи л эмэгтэй хүнд гар хүрдэггүй, цохиод үз гээд байсан биз дээ гээд цааш нь түлхээд дахин нэг алгадсан чинь миний үснээс зулгаагаад буйдангийн урд ирэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо хартал үснээс зулгааж миний нүүрийг дээш нь харуулж байгаад зүүн чамархай руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон” гэх /хх-ийн 13-14х/
Гэрч Н.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ариука өөрөө согтчихоороо ер нь агсам зантай, урьд нь манай гэрт хэд хэдэн удаа манай нөхрийн найз нартай ууж байсан. Тэр үед бас л манай нөхрийн эрэгтэй найз нар луу ямар ч шалтгаангүй уурлаад толгой тархи руу нь цохиод байдаг байсан. Тэр өдөр ч гэсэн Билгүүн, У нарыг ямар нэг шалтгаангүй толгой тархи руу нь цохиод байхаар нь би өмнөөс нь санаа зовоод эрэгтэй хүнийг ингэж цохиж болдог юм уу гэж хэлж байсан. Уыг өөрөө цохиж байгаад зодуулсан байх гэж бодож байна...” гэх /хх-ийн 20-21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2552 дугаартай дүгнэлтэд:
Д.Ариунзаяагийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун цавины зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,
Гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх /хх-ийн 25-26х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд, шүүгдэгч А.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар соён овогт Аюурзаны Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД