Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 323

 

 

                                                           

 

 

 

   

2020        04          23                                2020/ШЦТ/323           

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,  

шүүгдэгч М.Ч, Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тосон овгийн Мягмаржавын Ч, Цагаановоо овгийн Эрдэнэбатын Н нарт холбогдох эрүүгийн 2011006900279 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, өвөө, эцэг, эх, эгчийн хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А69 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Цагаан Овоо овогт Эрдэнэбатын Н, /РД: ____________

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо, Зүүн тасган 9-1076 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Тосон овогт Мягмаржавын Ч, /РД: ____________/,

Шүүгдэгч М.Ч, Э.Н  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А 3-69 тоот хашааны гадна иргэн М.Чтай маргалдаж, улмаар зодож зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А 3-69 тоот хашааны гадна иргэн Э.Нтай маргалдаж, улмаар толгойн тус газарт пивоны шилээр цохиж баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16:00 цагийн үед харихаар найз Мянгуутай явж байгаад Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалчдын А 3-69 тоот хашааны гадна танихгүй залуутай таараад нэг мэдэхэд зодолдчихсон байсан. Би юу болсныг санахгүй байна...” гэх /хх-ийн 53х/,

Шүүгдэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 05-ны 16:00 цагийн үед би гэр болох Чингэлтэй дүүргийн 7-р хороо  Хувьсгалчдын А 3-69 тоот хашаанаасаа гараад дэлгүүр орохоор явж байтал хашааны үзүүрт зогсож байсан 2 согтуу танихгүй залуугийн намайг цохисон залуу энийг зодчих уу гэж хэлэхээр нь би юу яриад байгаан тэнэг юм уу гэж хэлсэн чинь гүйж ирээд ууж байсан пивоныхоо шилээр миний дух хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад тэр залуугийн баруун, зүүн нүд уруул хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгтэл буцаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон...” гэх /хх-ийн 48х/,

Хохирогч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цагт Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000 орчим таньдаг Мянгуугын гэрт найз цуг ажилладаг Жээгий, Тэгшээ нарын хамт “Хараа” нэртэй 0,75 литрийн архи хувааж уучихаад гэртээ харих гэтэл Мянгуу дөхүүлээд өгье гээд цуг гарсан. Явж байгаад дэлгүүрээс 0,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво хоёрыг аваад нэг нэгийг уусан. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А 3-69 тоот хашааны гадна танихгүй залуутай таараад нэг мэдэхэд зодолдчихсон байсан. Би юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирээд намайг аваад явчихсан ... Би тэр залуутай шалтгаангүй маргалдаад пивоны шилээр цохих үед хажууд хүн байгаагүй. Би санахгүй байна ... миний биед зүүн нүдний хөхөрсөн, баруун нүдний зовхинд зулгаралт, уруул шархалсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн..." гэх /хх-ийн 12-13х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 3446 дугаартай дүгнэлтэд:

М.Чын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Дээрх шинэ гэмтлүүд байна ...” гэх /хх-ийн 25х/,

Гэрч Б.Түвшинсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А 3-69 тоотын үүдэнд хоёр залуу зодолдож нэгнийхээ толгойг хагалчихсан байхаар нь салгаад 102-т дуудлага өгч, 103-т бас дуудлага өгсөн. Намайг ирэхэд нэг залуу харж зогсож байгаад яваад өгсөн. Өөр хүн байгаагүй..." гэх /хх-ийн 18х/,

 Хохирогч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байтал манай хашааны буланд танихгүй хоёр согтуу залуу нэг нэг “Сэнгүр” нэртэй пиво барьчихсан зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрөх гэтэл намайг цохисон согтуу танихгүй залуу цуг явж байгаа хүндээ энийг зодчих уу гэж хэлэхээр нь би юу яриад байна тэнэг юм уу гэж хэлчихээд явах гэтэл намайг цохисон залуу гүйж ирээд ууж байсан пивоны шилээрээ миний дух хэсэгрүү нэг цохичихоор нь би өөрийн биеэ хамгаалаад тэр залуугийн зүүн нүдрүү нэг удаа, баруун нүд орчим нэг удаа уруул хэсэгрүү нэг удаа нийт 4-5 цохичихсон. Буцаад миний баруун нүдрүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед тэр залуутай цуг явсан гэх залуу бид хоёрыг зодолдож байх хооронд алга болчихсон байсан. Тэр үед гудамжинд явж байсан цагдаа хувцастай хүн бид хоёрыг салгаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг дагуулаад явсан ... би гэртээ Нийслэл нэртэй 0,5 литрийн пиво хоёр ширхэгийг уучихаад дэлгүүр орж пиво авах гэж гараад хүнд зодуулсан. Миний баруун нүдрүү нэг удаа, дух хэсэгрүү пивоны шилээр нэг удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн... намайг эхлээд пивоны шилээр дух хэсэг рүү цохихоор нь би зөрүүлээд тэр залуугийн зүүн, баруун нүд орчим, уруул хэсэгрүү 1 удаа тус тус цохисон ...” гэх /хх-ийн 9-10х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 3451 дугаартай дүгнэлтэд:

Э.Нын биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна ...” гэх /хх-ийн 26-27х/,

Шүүгдэгч М.Ч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 57х/,

Шүүгдэгч Э.Н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 56х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Шүүгдэгч М.Ч, Э.Н нарыг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогчоор мэдүүлэхдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул тэдгээрт торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал “Сэнгүр” гэх бичигтэй, 0,5 литрийн амсар хэсэг нь хагарсан 1 ширхэг пивоны шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цагаан Овоо овогт Эрдэнэбатын Н, Тосон овогт Мягмаржавын Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч, Э.Н нарыг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 4. Шүүгдэгч  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Сэнгүр” гэх бичигтэй, 0,5 литрийн амсар хэсэг нь хагарсан 1 ширхэг пивоны шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД