Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01062

 
 

   2018           06             21

           001/ХТ2018/01062

                   Б-ийн нэхэмжлэлтэй

                   иргэний хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1278 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалтай

            Б-ийн нэхэмжлэлтэй,

            З ХХК-д холбогдох

        Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 141,803,770 төгрөг гаргуулах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, худалдах-худалдан авах гэрээнүүдийн дагуу шилжүүлэх байсан барилгын бичиг баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.            

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б , Б.Баярсайхан бид нэг гэр бүл бөгөөд амьдрал ахуйгаа дээшлүүлэх, өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй болох зорилгоор 2015 оны 02 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн 5 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай хоёр давхар үл хөдлөх хөрөнгийг “Даконконстракшн” ХХК болон З ХХК-иас тус бүр худалдан авсан. Ингэхдээ Б.Баярсайхан нь “Даконконстракшн” ХХК-иас Дархан сум, 5 дугаар баг, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах 2 давхар объектын 2 давхарт 180 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-2003011385 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв-ыг 1,050,000 төгрөгөөр тооцон нийт 189,000,000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Б  нь “З” ХХК-аас дээрх объектын 1 давхарт байрлах 180 м.кв Улсын бүртгэлийн Ү-2003013544 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв-ыг 1,050,000 төгрөгөөр тооцон нийт 189,000,000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл уг объектыг худалдан авснаас 5 сарын дараа Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас хийсэн Барилгын зураг төсөлд хяналт хийх тухай дүгнэлтээр нийт талбайн хэмжээ 138.19*2=276.38 м.кв буюу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн талбайн хэмжээнээс 83.62 м.кв дутуу болох нь тогтоогдсон. Бидний зүгээс өөрсдийн унадаг машинаа арилжаалах, хадгаламжаа гаргах, зээл авах гэх зэргээр бүхий л аргаа хэрэглэн нийт 378,000,000 төгрөгийг худалдагч нарт шилжүүлэн Худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад худалдагч “Даконконстракшн” ХХК, З ХХК түүний төлөөлөгч этгээдүүд анхнаасаа биет байдлын доголдолтой хөрөнгөө мэдсээр байж түүний доголдлыг нуун дарагдуулж бидэнд худалдсан. Мөн үйлчилгээний зориулалтаар ашиглахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх үүргийг худалдагч тал хариуцах ёстой буюу гэрээнд заасан шинжээр ашиглах боломжгүй бол эд хөрөнгийн доголдол болох бөгөөд ийнхүү доголдолтой хөрөнгөө нийлүүлснээр бид тус объектод нэмэлтээр нийт 23,641,410 төгрөгийн засан сайжруулалт хийсэн нь Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн хохирлын асуудал болох тул энэ хэмжээний төгрөгийн хохирол амсаад байна. Өөрөөр хэлбэл, дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хэвийн ашиглахад зайлшгүй чухал шаардлагатай нөхцөл болох ашиглалтын хэрэгцээг хангасан объектыг анх худалдаж авсан бөгөөд хэрэв өнөөдрийнх шиг тог, цахилгаан, усны асуудал яригдах байсан бол тухайн үед бүхий л эд хөрөнгөө худалдан байж энэхүү объектыг авахгүй байх боломжтой байсан юм. Иймд талбайн зөрүү болох 87,790,500 төгрөг, доголдлоос үүдэлтэй хохирол болох 23,641,410 төгрөг, нийт 111,431,910 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй хууль бус үйлдлүүд болох цэвэр бохир усны шугамнуудыг тасалж буй үйлдлүүдийг зогсоохыг мөн Худалдах-худалдан авах гэрээнүүдийн дагуу шилжүүлэх байсан барилгын холбогдох бүхий л бичиг баримтуудыг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хэрэг хянан шидвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хууль бус үйлдэлтэй гэм хорын хохирол төлбөрт 30,371,860 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

          Хариуцагч З ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага нь талбайн зөрүү 87,797,500 төгрөгийг нэхэмжлилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг сонсоход гэрээний дагуу 180 м.кв-тай гэсэн боловч бага байсан гэж танилцуулж байна. Анх 2015 оны 02 сарын 12-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. З ХХК-ийг төлөөлж Энхзориг, худалдан авагч Б , “Даконконстракшн” ХХК-ийг төлөөлж Ариунболд, худалдан авагч Б.Баярсайхан нар гэрээ байгуулж худалдан авсан байдаг. Эдгээр хүмүүс нь энэхүү 2 давхар обьектыг давхар тус бүрээр нь 185,000,000 төгрөгөөр худалдан авсан. Нэг давхар обьектын хэмжээ 180 м.кв байсан. Ингээд 360 м.кв талбайтай 2 давхар обьектын үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь үнэлээд 370,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед энэхүү 2 давхар эд хөрөнгө маань хэвийн үйл ажиллагаа явагдаж, ашиглаж байсан. Уг барилга нь стандарын дагуу баригдаж чанар сайн байсан гэдгийг хоёр тал ярилцсан. Нэхэмжлэлийн яриад байгаа шиг м.кв-ыг нь үнэлсэн тохиролцоо байгаагүй. Ерөөсөө 2 давхар обьектыг бүхэлд нь 370,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газар 2015.07.01-ний өдөр Барилгын зураг төсөлд хяналт тавьж дүгнэлт гаргасан. Түүнээс барилгын талбайн хэмжээ болон үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг хэмжсэн зүйл байхгүй. Мөн Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газар нь үл хөдлөх эд хөрөнгийн талбайд хэмжилт хийх эрх бүхий этгээд мөн эсэхийг анхаарах нь зүйтэй. Ийм учраас анхнаасаа тохиролцоогүй талбайг анх тохиролцсон мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн доголдолтой хохирол 23,640,410 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү обьект худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед 2 давхар байсан. Одоо харин 3 давхар болсон байгаа. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн 2 дахь хуудсанд хийгдсэн хүснэгт, хэрэгт хавсаргаж өгсөн гэрээнүүдийн үнийг харах юм бол тус байгууллагыг 3 давхар болгохын тулд гаргаж байгаа зардал харагдаж байна. Үүнд: Суурин хучилт хийх ажил гэж байна. Энэ суурийн даац байгаа эсэх, барилгын зураг төсөл нь гурван давхрын зураг төслийг зохиохын тулд гаргасан зардал байгаа. Үүнийг зөвхөн гэрээгээр эд хөрөнгийг доголдлоос үүдэлтэй гэж хариуцагч үзэхгүй байна. Яагаад гэвэл өөрсдөө сайн дурандаа нэг давхрыг нэмж барихын төлөө гаргасан зардал болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ийм учраас 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гуравдахь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэлэхэд хууль бус үйлдэлтэй холбоотой гэм хорын хохирол нэхэмжилж байна. Хариуцагчийн зүгээс 2017.10.07-ны өдөр дулааныг өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 09 сарын 26-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.5-т зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасан. Хүсэлтэд худалдаж авсан обьектын цэвэр, бохир дулааны шугамыг нээх эсвэл хаахгүй байхыг даалгуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх 2017.10.10-ны өдрийн 4536 дугаартай захирамжаар хангаж шийдсэн. Уг захирамжийг биелэгдэх боломжгүй гэж үзээд гомдол гаргасан боловч шүүхийн тогтоолоор хэвээр үлдээсэн. Нэгэнт шүүгчийн захирамж гарсан учраас хүсэлтийг биелүүлж дулааныг хаасан учраас нээгээгүй. Өөрсдөө сайн дурандаа дулааны асуудлыг шийдээд үүнтэй гарсан зардлаа нэхэмжилж байна гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т зааснаар баримт бичгүүдийг нэхэмжилж байна. Гэхдээ уг барилгыг комисс хүлээж аваад байнгын ашиглалтанд орчихсон. Энэхүү баримт бичгүүд худалдагч компанид байхгүй. Тус барилгыг улсын комисс хүлээж аваад баримтыг нь архивт хадгалдаг. Тиймээс хариуцагчийг буруу тодорхойлж нэхэмжилсэн байна гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1278 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.3, 254.6, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч З ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Б-ийн гаргасан 141,803,770 төгрөг гаргуулах, худалдах-худалдан авах гэрээнүүдийн дагуу шилжүүлэх байсан барилгын бүхий л бичиг баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б  нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,095,120 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1278 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 2 давхар барилгын нэр бүхий 11 баримт  бичгийг гаргуулж, нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлээс 141,803,770 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн “нэхэмжлэлээс 141,803,770 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгчийн талбайн хэмжээ 360 м.кв байхаас хэмжилтээр 276.38 м.кв болох нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хяналтын дүгнэлтээр тогтоогдсон 83.62 м.кв талбайн зөрүүд 87,790,500 төгрөг, гэрээний дагуу үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй байснаас давхар нэмэхэд гарсан зардал 23,641,410 төгрөг тус тус гаргуулах шаардлагын талаар дүгнэжээ. Ийнхүү хянахдаа талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүйг дүгнээд “ ... харин нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг 2015 оны 02 сарын 13-нд шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор буюу 2015 оны 08 сарын 13-ны дотор доголдлыг арилгуулахаар гомдол гаргах эрхтэй байсан 2015 оны 07 сарын 01-ний өдөр доголдлыг илрүүлсэн боловч 2017 оны 06 сарын 13-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар шаардлага гаргах эрхээ алджээ” гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн доголдлыг зургаан сарын дотор илрүүлсэн ч шүүхэд 2017 оны 06 сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 254.6-д “баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зохицуулжээ. Уг зүйлд талууд гэрээндээ баталгаат хугацаа тогтоогоогүй бол үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой доголдлыг зургаан сарын дотор илрүүлэх ба ийнхүү доголдлыг илрүүлсэн тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилж өгсөн болно. Нөгөөтэйгүүр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь хуульд заасан зургаан сарын дотор доголдлыг илрүүлээд зохих шаардлагыг тавьдаг байсан ч хариуцагчийн зүгээс халуун, хүйтэн, цэвэр бохир усны хоолойг хаах, цахилгаан таслах байдлаар шаардлагыг хүлээж авдаггүй байсан.

Иймээс Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 254.6-д заасныг буруу тайлбарласан, улмаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл юм.

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн гуравдахь шаардлага болох гэм хорын төлбөр болох 30,471,860 төгрөгийг хянаад шийдвэрлэх боломжгүй хэмээн орхижээ. Нэхэмжлэгчийн зүгээс үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад болж буй үйлдлийг таслан зогсоохыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлээр шүүхийн шийдвэрийг баталгаажуулахаар хүсэлт гаргаж улмаар 2017 оны 10 сарын 10-ны өдөр 4536 тоот захирамж гарсан байдаг. Уг захирамжид хариуцагчийн зүгээс гомдол гаргаж тус шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдөр 88 тоот тогтоол гарч захирамжийг хэвээр үлдээсэн. Улмаар хариуцагчийн зүгээс шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хоёр объектын хооронд байх халаалт, халуун хүйтэн ус, бохирын хоолойг хаахгүй байхыг даалгаж захирамж гаргасаар атал бүх шугамыг хаасан ба улмаар хүйтний улиралд шугам хоолойг хөлдхөөс сэргийлж, мөн түрээслэгч байгууллагуудыг гэрээгээ цуцлан объектоос гарахаас сэргийлж өөрийн зардлаар халаалт, халуун хүйтэн усны шугам шинээр татаж, үүний зардалд 30,471,860 төгрөгийн бодит зардал гарсан ба энэ нь Иргэний хуулийн 510, 497.1-д зааснаар хууль бусаар санаатай учруулсан гэм хор тул гэм хорыг арилгасан төлбөрийг нэхэмжилсэн болно. Гэтэл шүүх уг гэм хор учруулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрлэх боломжгүй хэмээн тайлбарлаж дүгнэсэн нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Тиймээс Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 19 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

              Нэхэмжлэгч Б  нь З ХХК-д холбогдуулан үйлчилгээний зориулалтаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 87,790,500 төгрөг,  гэрээний зүйлийн доголдлыг арилгахад гаргасан зардал 23,641,410 төгрөг, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, худалдаж авсан барилгын холбогдох бичиг баримтыг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, харин хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлээс учирсан хохирол 30,371,860 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

           Хариуцагч З ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... Б , Б.Баярсайхан нар гэрээ байгуулж 360 м.кв талбайтай, 2 давхар обьектыг бүхэлд нь 370,000,000 төгрөгөөр авсан, м.кв-ыг үнэлж гэрээ хийгээгүй, 23,641,410 төгрөгийн шаардлага нь тухайн барилгыг 3 давхар болгохын тулд гаргасан зардал тул хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдсэн ба байрны дулааныг хаасан байсан учраас нээгээгүй тул 30,371,860 төгрөгийн хохирол нэхэмжлэх боломжгүй, барилгыг улсын комисс хүлээж аваад баримтыг архивт хадгалдаг учраас гаргаж өгөх баримт байхгүй гэж маргажээ.

           Анхан шатны шүүх нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагч З ХХК-иас Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 2 давхар барилгын нэр бүхий 11 баримт бичгийг гаргуулж, нэхэмжлэгч Б д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

        2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, Дархан сумын 5 дугаар багт байрлах 2 давхар, үйлчилгээний зориулалттай  нийт 360 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн 2003011385, 2003013544 дугаарт тус тус бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 180 м.кв-ыг  Б  нь “Зоригконструктор” ХХК-иас, Б.Баярсайхан нь үлдэх 180 м.кв-ыг “Дакон констракшн” ХХК-иас нийт 370,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, худалдан авагч нар нь төлбөрийг төлж, худалдагч тал нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн буюу 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Баярсайхан, Б  нар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан, талууд энэ талаар маргаагүй байна.

          Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

           Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Барилгын зураг төсөл хяналт хийсэн тухай дүгнэлт”-ийг үндэслэн 83,62 м.кв дутуу, талбайн зөрүү 87,790,500 төгрөг гаргуулна гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон ба тус газар нь үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжилт хийх эрхтэй эсэхийг нотлосон баримт хэрэгт байхгүй байна.

       Б  нь худалдан авсан дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2015 оны 02 дугаар сарын 13-нд шилжүүлэн авсан, тэрээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талбайн зөрүүг илрүүлсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж анхан шатны шүүх дүгнэн, 83.62 м.кв талбайн зөрүүд 87,790,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл 2 давхар барилга байсан, нэхэмжлэгч уг барилгыг 3 давхар болгож байгаа үйл баримт тогтоогдсон байх бөгөөд давхар нэмсэнтэй холбогдуулан гаргасан зардлыг хариуцагчтай байгуулсан гэрээний зүйлийн доголдолд хамааралгүй гэж шүүх дүгнэж, 23,641,410 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

        Нэхэмжлэгч нь “...худалдаж авсан обьектын цэвэр, бохир ус, дулааны шугамыг нээж, хаахгүй байх”-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагчид даалгахаар 2017 оны 09 дүгээр сарын 26-ны  өдөр гаргасан хүсэлтийг шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4536 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн захирамжийг зөрчиж, хүйтний улирал эхэлсэн байхад дулааны шугам хааснаас барилгын шугам хоолой угсрахад 30,371,860 төгрөгийн зардал гаргасан гэж гэм хорын хохирол нэхэмжилсэн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлжээ.

           Дулааны шугамыг хүчээр хааж, тасалсаны улмаас нэхэмжлэгч нь 30,371,860 төгрөгийн зардал гаргаж, дулааны шугам шинээр татсан нь хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан гэм хор гэж шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б  нь өөрийн өмчлөлийн барилгын дулаан, цэвэр усны шугамыг татаж, зардал гаргасан нь хариуцагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй гэж дүгнэснийг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 497 дугаар зүйлийн 497.1-д нийцсэн гэж үзнэ.   

            Нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх байсан барилгын холбогдох бүхий л бичиг баримтуудыг гаргуулах гэж шаардлага гаргахдаа   Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримтуудыг нэрлэсэн байна.

      Анхан шатны шүүх дээрх баримтууд хариуцагчид байгаа эсэх нь тодорхойгүй гэж дүгнэн, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, харин нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох барилга байгууламжийг ашиглалтад оруулахад хавсаргадаг 11 төрлийн баримт бичгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

           Харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргуулах 11 төрлийн баримт бичгийг магадлалын тогтоох хэсэгт нэрлэн заагаагүй нь учир дутагдалтай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгож, хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулав.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1.  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...барилгын нэр бүхий 11...” гэснийг “...барилгад холбогдох Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримтуудыг” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Нэхэмжлэгч Б-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН