Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/54

 

 

 

 

                                                                                                                    

                                                                              

   

Г.Хосбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Оч /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                        Т.Нансалмаа,

шүүгдэгч                                                        Г.Хосбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ж.Энх-Амгалан

нарийн бичгийн дарга                                   О.Нямдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолтой Г.Хосбаярт холбогдох 1734 0002 20013 дугаартай 71 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батсүмбэр сум дахь Улсын асрамжийн дэргэдэх амралт сувиллын төвд малчин ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамтаар Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Баянгол гэх газарт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ганзоригийн Хосбаяр /РД:НБ93110714/.

Шүүгдэгч Г.Хосбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 17-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутагт гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Б.Жавзанхорлоотой маргалдан улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Хосбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Хосбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Хосбаяр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж ирүүлээгүйг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Хосбаяр, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар давж заалдах гомдолдоо: Миний бие өөрийн ээж Дашшарав овогтой Отгонгаажидтай хоёулаа Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт оршин суудаг, ээж маань 2015 оноос ходоодны хорт хавдартай Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтанд байдаг. Цаашид эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэрийн нөхцөлд, эмнэлгийн хяналтанд байнга байлгах шаардлагатай тул би ээжээ асран харах шаардлага гарсан тул 2017.10.10-нд эрхэлсэн ажлаа өгч, чөлөө авсан байгаа. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж таван зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, ЭХ-ийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасны дагуу ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Хосбаяр нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутагт хамтран амьдрагч Б.Жавзанхорлоотой маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хосбаярын “...би хүүхэд шидлээ гэж уурлаад Б.Жавзанхорлоогийн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх- 23/,

хохирогч Б.Жавзанхорлоогийн “...Г.Хосбаяр намайг хэл амаар доромжилсон, миний үснээс зулгаагаад толгой тархи руу цохитол Төмөрөө найз нь Хосбаяраа боль гэтэл Төмөрөө чамд хамаагүй энэ муу гичийг энд нь алаад хаячихъя гээд миний баруун талын гуя руу өшиглөсөн. Хосбаяр намайг нэг биш нилээн олон удаа зодож байсан. Би гомдолтой байна” /хх-10-11/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Жавзанхорлоогийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан тухай Шүүхийн шинжилгээний албаны №360 дугаар дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тухайн үйл баримт тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заасан байдаг бөгөөд Г.Хосбаярын үйлдэл нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн тохирох зүйлээр зүйлчлэх байтал Төв аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлгүй, ийнхүү зүйлчлэхдээ мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцлөөр зүйлчилж, Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцсон, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйлээр зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг илт дордуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах замаар хууль хэрэглээний алдааг засах боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Хосбаярын 2017 оны 06 сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Б.Жавзанхорлоог хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж, харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь хөнгөрсөн байх тул уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх замаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс Г.Хосбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжээр торгох ял оногдуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Хосбаярыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөр байдлаар буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, давж заалдах шатны шүүхээс мөн түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, харин тогтоох хэсгийн бусад заалтад зохих өөрчлөлтийг оруулахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Хосбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Хосбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хосбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

         ШҮҮГЧИД                                      Ц.ОЧ 

                                                                                                                    Г.БОЛОРМАА