Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                 Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Баяндун сумын ... дугаар багт оршин суух Н-ийн О-ийн нэхэмжлэлтэй,  

                 Хариуцагч: Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

                 Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Баяндун сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн ажил, албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

                 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Хишигт, түүний өмгөөлөгч В.Давааням,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Нэхэмжлэгч Н-ийн О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.О нь ойн аж ахуйн инженер, нягтлан бодогч мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжлээрээ БОНХЯ-ны харьяа “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөнд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь МОН 12-301” төслийн Баян-Уул, Баяндун сумдыг хариуцсан зохицуулагчаар 2012 оноос 2016 оныг дуустал 4 жилийн хугацаанд ажилласан.

                Төрийн албаны шалгаруулалтанд орох болзол журмыг би эзэмшсэн мэргэжил, ажилласан туршлагаараа ч бүрэн хангасан. Үүнийг нотлох баримт болох Сумын засаг дарга Х.Хүрэлчулууны 2017 оны 02 дугаар сарын 01-ний 1/66, 1/68, Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Хишигтийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2/69 дугаартай тодорхойлолтоор  нотлогдсон болно.

                2017 оны 6 сард төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд орж 62 оноогоор тэнцэж төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд 5 дугаарт бүртгэгдсэн. Миний өмнө орсон 4 хүн болох Цагаачийн Гөнтөгс, Ванжилын Мягмар, Гөлгөөгийн Мягмарсүрэн, Дагвадоржийн Мөнхцэцэг нар нь Баяндун сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалыг эрхлэхгүй талаараа төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдсэн байсан. Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаартай албан бичгээр төрийн албаны зөвлөлийн тогтоол, түүний хавсралтыг над руу ирүүлсэн.

                Уг баримтыг сумын Тамгын газрын дарга Д.Хишигтэд танилцуулахад “Засаг даргатай зөвшилцөж чадахгүй байна, чамайг ажилд битгий ав” гэсэн гэж хэлсэн. Би энэ асуудлаар сумын Засаг дарга болон Тамгын газрын даргатай удаа дараа уулзахад Д.Хишигт дарга “Чиний бичиг баримтыг авлигатай тэмцэх газар руу явуулна, урдаас чамайг албан тушаалд нь томилооч” гэсэн хариу хэлсэн гэж хэлсэн. “Хэрвээ авлигатай тэмцэх газар чиний баримт бичгийг үзээд хүлээн зөвшөөрөх юм бол сумын Засаг дарга юу ч гэсэн хамаагүй” гэсэн. Би Д.Хишигт даргад өгч байгаа хариугаа бичгээр өгөхийг шаардахад чамд бичгээр өгөх албагүй гээд миний ажилд авах тушаалыг гаргаж өгөхгүй намайг хохироож байна. Ийм учир би Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд аль алинд нь гомдол гаргахад Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1290 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шилжүүлсэн бөгөөд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 120 дугаартай албан бичгээр “төрийн албан хаагчийг томилох асуудал нь тухайн байгууллагын даргын эрх хэмжээний асуудал болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг ирүүлсэн. Энэ албан бичгийн дагуу ажилд орохоор очиход мөн л би чамайг ажилд авч чадахгүй гэж  хариу өгсөн.

                 Иймд намайг ажилд томилохгүй байгаа Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын даргад Н.О намайг Баяндун сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил, албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэв.

                 Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Хишигт шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Н.О-ийн гаргасан тайлбартай санал нийлэхгүй байна. Сумын Тамгын газрын даргын хувьд тэтгэвэрт гарсан ойн байцаагчийн сул орон дээр сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ Дорнод айм аг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд явуулсан. Үүний дагуу Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн албан хаагчийн шалгалт зарласан. Тухайн шалгалтанд нэхэмжлэгч Н.О нь 5 дугаар байрт орсон юм. Түүнчлэн Н.О нь сул орон тоонд ажиллах ажилтны тавигдах шаардлагыг хангаагүй байсан. Тухайн шаардлагад мэргэжлээрээ төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байхыг тусгасан юм. Харин Н.О нь төрийн албанд нэг ч жил ажиллаагүй иргэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

                 Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тухайн орон тоонд орж тэнцсэн хүмүүсээс хамгийн өндөр оноо авсан хүнийг ажилд томилох ёстой байсан. Гэтэл Н.О нь хамгийн өндөр оноо авсан хүн биш юм. Түүнчлэн эхний дөрөвт орсон хүмүүс тухайн сул орон тоонд ажиллахгүй гэдгээ Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд одоог хүртэл мэдэгдээгүй юм. Тухайн албан тушаал сул байсныг нөхөх зорилгоор, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Байгаль хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан заалтуудыг тус тус удирдлага болгон Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын  Байгаль орчин хяналтын улсын байцаагчаар Сүхбаатарын Болдмааг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилсон байдаг. Түүнчлэн Н.О нь сул орон тоонд тавигдсан шаардлагыг хангаагүй юм. Иймд шүүхээс хүсэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

                 Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд “Дорнод аймгийн Баяндун сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн ажил, албан тушаалд томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

                 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.                                                  

                1. Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байрны сул орон тооны захиалга, түүнд тавигдах шаардлагын хамт хүргүүлсэн байна.

                Ийнхүү дээрхи албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж, шалгалтанд оролцсон иргэдээс  Ц.Гантөгс 66, В.Мягмар 66, Г.Мягмарсүрэн 64, Д.Мөнхцэцэг 63, Н.Отгонзаяа 62 оноог тус тус авсан байна.

                Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж хуульчилжээ.

                Дээрхи хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар  Дорнод аймгийн Баяндун сумын Тамгын газрын Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн сул орон тоонд өрсөлдсөн иргэдийг онооны дэс дарааллаар нь  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, тус сумын Тамгын газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                Гэвч дээрхи хуулийн дагуу тухайн албан тушаалд өрсөлдсөн иргэдээс хэнийг нь ч тухайн албан тушаалд томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд нэр дэвшүүлээгүй байна.

                Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... миний хувьд нийлбэр оноогоороо 5-д жагссан бөгөөд миний өмнө жагссан 4 хүн бүгд тухайн албан тушаалд орохгүй гэдгээ төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдсэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайлбал Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн зарлагдсан албан тушаалд 66 оноогоор нэгээр жагссан Ц.Гантөгс нь тухайн албан тушаалд орохгүй гэдэг хүсэлтээ гаргаагүй болох нь Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар албан бичиг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалттай зөрчилдөж байна.

               2. Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017, 2018 оны тус тус А/01 дүгээр “Бүтэц орон тоог батлах тухай” тушаалаар тус суманд Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн 1 орон тоо  батлагдсан байна.

               Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заажээ.

               Дээрхи хуулийн заалтыг үндэслэн Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин хяналтын улсын байцаагчаар Сүхбаатарын Болдмааг томилжээ. Энэхүү тушаалын талаар зохигчид маргаагүй болно.

              Ажиллаж байгаа байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай юм.

              Иймд нэхэмжлэгчийн “Дорнод аймгийн Баяндун сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн ажил, албан тушаалд томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.О-ийн Дорнод аймгийн Баяндун сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн ажил, албан тушаалд томилохыг даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч буюу өмгөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.АМАРЖАРГАЛ