Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0458

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 405 дугаар шийдвэртэй, “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалтын улсын байцаагч Р.Б, Ц.З нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7, Татварын ерөнхий /2208 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Б, Ц.З нарын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 250013046 дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий “Л” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “..нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн. Тус хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутад товлосон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулан товлохдоо 1 өдрийн дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 00 минутад товлосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар нь хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох буюу бусад ажлаа зохицуулах, шүүх хуралдаанд бэлдэх боломжтой болох юм. Гэвч шүүх хуралдааныг хойшлуулж товлохдоо хуулийн дээрх зохицуулалт, хугацааны журмыг зөрчиж, хурлын товыг нэг өдрийн өмнө мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үйлчлүүлэгчтэй хийх уулзалттай давхацсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон бөгөөд энэ тухайгаа  тайлбарлаж тус шүүхэд бичгээр хүсэлтээ өгсөн байдаг. Гэвч шүүхээс хүсэлтийг хангахгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчин хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хэргийн байдлыг талс бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй. Нэхэмжлэгчээс нэр бүхий компаниуд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн эсэхийг Татварын ерөнхий газраас, “Л” ХХК-д нөхөн татвар ногдуулж акт тавихдаа үндэслэл болгосон баримтууд, гэрээ, хөндлөнгийн мэдээллийг Сүхбаатар дүүргийн татварын газраас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Татварын ерөнхий газраас баримт гаргуулах хүсэлтийг өмнө гаргаж байсан мэтээр дүгнэж, тус хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Падааныг хий бичилттэй гэдгийг тогтоохдоо тухайн компани ажил, үйлчилгээ худалдаж авсан эсэх, түүний хариуд төлбөр төлсөн эсэхийг тухайн компаниудтай байгуулсан гэрээ, дансны хуулга болон бусад хөндлөнгийн мэдээлэлд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр тогтоох боломжтой юм. Гэвч шүүхээс прокурорын тогтоолд авагдсан тайлбар, тэмдэглэл зэргийг үндэслэл болгож, тухайн падааныг хий бичилттэй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтоож чадаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э, Ц.З нар “Л” ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт  төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийх явцад нэр бүхий компаниудаас нийт 1,073,409,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар  бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд хасалт хийж төсөвт төлөх албан татвараа бууруулсан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д зааснаар эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 250030 дугаартай дүгнэлтийг гаргасан бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “...мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад улсад төлөх ёстой төлбөрөөс 40 сая төгрөгийг төлж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр “Л” ХХК-ийн захирал Н.Ө-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

          Хариуцагч татварын улсын байцаагч нар 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 250013046 дугаар актаар “Л” ХХК-д 1,073,409,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 107,340,900 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

          Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 05 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, тайлангаар нэхэмжлэгч дээрх үнийн дүнгээр худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тусгасан болох нь тогтоогдож байх бөгөөд “Л” ХХК нь бодит худалдан авалт хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч үүнийгээ нотлох анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

          Анхан шатны шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 18.1.13-т заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нотлох баримтыг цуглуулаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар давж заалдах гомдол гаргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “холбогдох падаануудыг албан татварын тайландаа тусгасан эсэхийг ... компаниудаас тодруулж, албан татвар төлсөн эсэх талаарх баримтыг гаргуулах” тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8475 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 897 дугаар тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          Нэхэмжлэгчээс дээрх нэр бүхий компаниуд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэхийг Татварын ерөнхий газраас тодруулах хүсэлтийг гаргахад анхан шатны шүүх “уг хүсэлтийг өмнө гаргаад шийдвэрлэсэн гэх үндэслэлээр” хүлээн аваагүй бөгөөд нэр бүхий компаниуд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн эсэх нь энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн эсэхийг хаанаас тодруулахаас илүүтэй, төлсөн эсэх нь тухайн хэрэгт хамааралгүй талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

          Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл болсон баримтуудыг шаардан гаргуулсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “шүүхэд гаргасан нэхэмжлэл, ...-ын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ...үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаас үзвэл нэр бүхий компаниудтай гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч уг гэрээгээ өөрөө шүүхэд гаргаж өгөх боломжтойгоос гадна үүрэгтэй, хариуцагч актын үндэслэл болсон баримтуудыг шүүхэд гарган өгсөн тохиолдолд цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг долоо хоногийн өмнө талуудад мэдэгдсэн, тухайн өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг тогтоосон байх байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  

          Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                      С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР