| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 712 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Д.Батдулам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02439 0520 дугаартай хэргийг шүүх 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Булган аймаг Хантай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг тэнсэж байсан,
хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Т.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Б 2019 оны 3 дугаар 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжны 22-449 тоотод оршин суух Д.Отгонбаярын өвлийн орон сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн
шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-20-22/, гэрч Б.Оюундэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч П.Баттөгсийн өгсөн мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч Т.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36-37/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-29/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоол /хх-45-47/, Т.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Б 2019 оны 3 дугаар 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжны 22-449 тоотод оршин суух Д.Отгонбаярын өвлийн орон сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонбаярын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 22-449 тоотод эхнэр, дүүгийн хамт оршин суудаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өглөө бүгдээрээ 9 цагт ажилдаа гарцгаасан. Ингээд өдөр 12 цагийн үед эхнэр Ганцэцэг гэртээ иртэл “үүдний тамбарны цоожыг эвдээд цонхыг хагалаад хүн орчихсон байсан байна” гэж над руу утсаар хэлэхээр нь би удаагүй очиход манай байшингийн гадаа хаалганы тамбарын зүүдэг цоожыг цүүг нь хөшиж эвдчихсэн дотроос эд зүйл алдагдсан байсан. Үүдний тамбарын цоожыг эвдлээд тамбараас 20 литрийн канистар 2 ширхэг шкафанд уутанд хийгээд тавьчихсан байсан. Өвлийн миний өөрийн савхин куртка, эхнэрийн үслэг шуб, сентпонон өвлийн куртка, сувбаро машины цээж утас зэрэг эд зүйлс алдагсан байсан бөгөөд эд зүйлс алдагдсан байсан бөгөөд эд зүйлээ цагдаагийн байгууллагаас буцааж авсан нэхэмжлэх зүйл байхгүй. Эд зүйл хулгайлж байхад манай хажуу айлын эгч хараад цагдаад мэдэгдээд хулгайчийг нь цагдаагийн байгууллагад өгөөд явуулчихсан байсан.” /хх-20-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюундэлгэрийн өгсөн: “...Миний аав Т.Б нь 1971 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Завхан аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй. Манай ээж Б.Дунгармаатай 1991 онд гэр бүл болон 2 хүүхдийг төрүүлж өсгөсөн. Миний аав нь 1995 оноос 2008 оноос хойш хувиараа барилгын ажил хийж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, гэр бүлдээ анхаарал халамж сайн, ажилсаг, үр хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм.” /хх-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Баттөгсийн өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 8 цагаас оройн 20 цагийн хооронд Гачуурт-115 дугаар чиглэлд хөдөлгөөнт эрүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Намайг Гачуурт-115 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжингийн 23 дугаартай гудамжинд хулгай хийж байсан хүнийг барьчихлаа” гэж дуудлаганд очиж шалгахад иргэн Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлсан гэх эд зүйлүүдээ гудамжинд барьчихсан зогсож байсан. Иймд уг Т.Б гэх хүнийг Улиастай 120 эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж өгч, хулгайлсан гэх 20 литрийн хуванцар усны сав 2 ширхэг, Сентпонен өвлийн куртик 1 ширхэг, Субаро маркийн автомашины цахилгааны цээж утас /моторны дээд цахилгааны эд ангиудыг холбодог гол утас/ 1 ширхэг зэрэг эд зүйлсийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тухайн эд зүйлсийн эзэн болх иргэн Д.Отгонбаярт хүлээлгэн өгч ажилласан.”/хх-27/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Б ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 3 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжингийн “Хулан” дэлгүүрийн ойролцоо эзэнгүй айлын хашаа руу ороод хашаан доторх байшингийн тамбурын хаалганы цоожийг эвдэж дотор нь ороод торонд хийсэн хувцас хунар /яг ямар хувцас байсныг нь хараагүй/, шар өнгийн 20 литрийн канистер 2 ширхэг зэрэг эд зүйлсийг аваад хашаанаас гарсанаа санаж байна. Би тухайн үед нилээд их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нэг мэдсэн чинь цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар ирчихсэн. Намайг эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэхээр авч явж байсныг санаж байна. Тухайн үед миний санаж байгаагаар миний хулгайлсан эд зүйлийг эзэн нь авчихсан. Тортой хувцас канистер зэрэг эд зүйлсийг хажуунаа газар тавьчихсан байсан.”/хх-36-37/ гэх мэдүүлэг,
“Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх-29/,
Шүүгдэгч Т.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Т.Б 2019 оны 3 дугаар 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжны 22-449 тоотод оршин суух Д.Отгонбаярын өвлийн орон сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь хохирогч Д.Отгонбаяр, гэрч П.Баттөгс нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Т.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ. Мөн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэрэгт тусгайлах бэлтгэсэн зүйлийг ойлгоно.
Иймд шүүгдэгч Т.Б ын 2019 оны 3 дугаар 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжны 22-449 тоотод оршин суух Д.Отгонбаярын өвлийн орон сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Отгонбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Т.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Б од оногдуулсан хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Т.Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Т.Б од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Т.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС