Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Р.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ... ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-ийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Улсын дээд шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн тогтоолоор 6 сарын баривчлах ял болгон өөрчилж, ялыг биечлэн эдэлсэн, О овогт Р.Ч-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч  Р.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд иргэн М.У-н эзэмшлийн “Самсунг А-9” маркийн гар утсыг гэмтээж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэрийн утас ашиглах боломжгүй болсон учраас шинэ утас авч өгсөн, би одоо ... ажил хийдэг 900 гаруй мянган төгрөгийн цалинтай ажил хийдэг, бас зээл төлдөг, улсын яллагчийн санал болгож байгаа торгуулийг зөвшөөрч байна, 4 сард хувааж төлөх боломжийг олгож өгнө үү“ гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Р.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Миний гар утас эвдэрсэн байсан тул 11 цагийн орчимд эхнэртэйгээ хамт гар утасны засварын газар очиж янзлуулах талаар ярилцаад би хувцсаа өмсөж байхад манай эхнэр “би лав гар утас засвар руу орохгүй шүү чи ороод засуулчих гэж хэлэхэд” чи ороод засуулчих байнга үнэгүй утасаа янзлуулдаг, сайн таньдаг биз дээ гэж хэлэхэд манай эхнэр өөдөөс чи юу яриад байгаа юм бэ? би утсаа янзлуулахдаа мөнгөөр янзлуулдаг чи мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн”. Мөн эхнэр “чи намайг явдалтай хүн шиг бодож байх юм гэж хэлсэн. Тэгээд би эхнэр рүүгээ уурлаад баруун талын гараараа эхнэрийн зүүн талын чих рүү нэг удаа зөөлөн цохьсон. Тэгээд бид хоёр гар утаснаас болж хоорондоо гэрийн баруун талд хэрүүл хийж маргалдаж байхдаа баруун талын ор луу нэг удаа эхнэрийг түлхээд унагаасан. Би эхнэртэй уурласан байсан тул өөрийн болон эхнэрийн гар утсыг гэрийн гол хэсэг рүү шидсэн. Гар утас шидсэн газар эхнэр очоод өөрийн гар утсаа авахаар нь булааж аваад шалан дээр тавьж байгаад хэд, хэдэн удаа дэвссэн чинь дэлгэц нь хагарч, гар утсыг аваад дундуур нь хугалсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн35/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/

Хохирогч М.У-т Самсунг А-9 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Хохирогч М.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “ 2020  оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамт байсан. Өглөө 11 цагийн орчимд манай хамтран амьдрагч буюу нөхөр миний гар утас эвдэрсэн байна засварын газар очиж янзлуулах талаар яриад хувцсаа өмсөж байхаар нь “ би лав гар утас засвар руу орохгүй шүү чи ороод засуулчих гэж хэлэхэд” өөдөөс “чи өөрөө засуулчих байнга үнэгүй  утсаа янзлуулдаг, сайн таньдаг биз дээ гэхээр нь “ би өөдөөс нь чи юу яриад байгаа юм бэ”  гэж  хэлсэн. Нөхөр  над руу уурлаад миний зүүн талын чих рүү  баруун талын гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би чих дүнгэнээд доош суугаад өгсөн. Миний чих арай гайгүй болоод босож ирээд нөхөртэйгээ муудалцаад гэрийн баруун талд  зогсож байхад намайг баруун талын ор  руу түлхэж унагаагаад  би босож ирээд дахин хэрүүл хийж, муудалцаж байхад өөрийнхөө болон миний барьж байсан гар утсыг булааж аваад гэрийн гол хэсэг рүү шидсэн. Тэгээд би гар утас унасан газар очиж өөрийн барьж байсан утсаа харсан чинь дэлгэц нь харласан дуудлага ирж байсан. Тэгээд босох гэж байгаад хамтран амьдрагчийн гар утсан дээр гишгэсэн.  Тэгсэн чинь хамтран амьдрагч миний утсыг булааж аваад шалан дээр тавьж  байгаад дээрээс нь хэд хэдэн удаа дэвсээд байхаар нь  түлхээд гар утсаа авсан чинь дэлгэц нь хагараад бяцарсан  асахгүй болсон байсан. Би барьж байсан утсаа  утсаа хамтран амьдрагч руу миний утсыг эвдлээ гээд шидсэн.  Тэгсэн чинь тэр утсыг барьж аваад голоор нь хугалсан.... Манай ээжийн төрсөн дүү Б-н Э эгчийн надад 2020 оны 03 дугаар сард  бэлэглэж байсан, миний эзэмшлийн гар утас. Самсунг А-9 маркийн гар утас байсан. ... Надад учирсан  450,00 төгрөгийн хохирлыг  төлж барагдуулсан тул ямар нэг хохирлын талаар  санал хүсэлт байхгүй. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2020 оны 03 сарын эхээр өдрийг нь бол сайн санахгүй байна. Самсунг А-9 маркийн ягаан өнгийн гар утсыг дүүдээ бэлэглэсэн. Би тэр утсыг 1,249,950 төгрөгөөр авч байсан.  Харин өдөр нь гэвэл 2019 оны 05 дугаар сарын 08-нд аввч байсан. Анх авахад миний эзэмшлийн эд хөрөнгө байсан. Харин одоо дүүдээ бэлгэлсэн болохоор тэр хүний эзэмшлийн эд хөрөнгө” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ М.У-н биед баруун чихний ар талд зулгаралт, зүүн гарын 4-р хурууны 3-р үений ар талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байна.

3. М.У-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 04/34 тоот дүгнэлт /хх-ийн18-19/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “ Самсунг А-9 маркийн гар утас 450,000 төгрөг” гэсэн №ТХҮ-820/024 тоот дүгнэлт / хх-ийн 25-27/

Шүүгдэгч Р.Ч нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 40-41/

Шүүгдэгчийн ... дугаартай гадаад паспортын хуулбар /хх-ийн 49/

Сүхбаатар дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-63/

Улсын дээд шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 64-65/

Хохирогч М.У Дорноговь аймгийн Замыг-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан ” Миний бие Р.Ч-тай 2014 оноос өдийг хүртэл амьдрахдаа 2 хүүхэдтэй болж өдийг хүртэл амьдарч байна. 2020 оны 03 дугаар сарын 18-нд нөхөр болох Ч-тай муудалцаж миний гар утсыг эвдсэн учраас Замын-Үүд сумын цагдаагийн газар гомдол гаргасан. Ч нь хохирлыг барагдуулж өгсөн учир 2014 оноос өдийг хүртэл буюу  2020 хүртэл зөрчил гаргаж байгаагүй учир та бүхэн хөнгөнөөр шийдэж өгнө үү. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 71/

Шүүгдэгч Р.Ч Дорноговь аймгийн Замыг-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “ Миний бие М.У-тай гэр бүл болоод 6 жил болж байна. Энэ хугацаанд 2 хүүтэй болж өдийг хүртэл амьдарч байна. бид хоёр энэ хугацаанд амьдрахдаа хэрүүл зодоон хийж байгаагүй. 2020 оны 03 сарын 18-ны өдөр эхнэр бид 2 мууудалцсан. Одоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Р.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ хохирогч М.У-тай таарамжгүй харьцаа үүсгэн, түүний эзэмшлийн “Самсунг А-9” маркийн гар утсыг газарт шидэж, дээр нь хэд, хэдэн удаагийн үйлдлээр гишгэж, дараа нь голоор нь хугалж,  450,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэхдээ “” бусдын эд хөрөнгийг гэмтээсэн”  гэж үзсэн байх бөгөөд хэргийн үйл баримтаас үзэхэд Самсунг А-9 маркийн гар утсыг гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

“Гэмтээх “ гэдэг нь засварласны дараа урьдын байдлаар хэрэглэх боломжтой байдлыг хэлэх бөгөөд хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд дахин ашиглах боломжгүй нөхцөл байдалтай болсон, хохирогчид гар утас авч өгсөн  болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “ бусдын эд хөрөнгийн устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн шинж байдлыг буюу гэмтээсэн гэснийг устгасан гэж шүүхээс дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.

Шүүгдэгч Р.Ч нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон түүний энэ мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох хохирогч М.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/, хохирогч М.У-т Самсунг А-9 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6/, Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “ Самсунг А-9 маркийн гар утас 450,000 төгрөг” гэсэн №ТХҮ-820/024 тоот дүгнэлт / хх-ийн 25-27/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу тогтоогдсон, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй этгээд бөгөөд тэрээр хохирогч М.Уугантунгалагат учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн прокурорын газарт гаргасан хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна үйлдсэн  хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээнд торгох ялыг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Р.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийн устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Ч-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ нэгтжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Р.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг  дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Ч-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Р.Ч нь 450,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.Ц